| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0077/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0077/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир /онлайнаар/
Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-д холбогдох 2039... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” гэх зочид буудалд амрахдаа иргэн Б.П гийн ХААН банкны интернет кодыг ашиглан түүний 5949022555 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” гэх зочид буудалд амрахдаа иргэн Б.П-ийн ХААН банкны интернет кодыг ашиглан түүний 5949022555 тоот данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан болох нь:
Хохирогч Б.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн”... 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн танил дүү Наранхүүгийн хамт Хэрлэн сумын 5-р багт байдаг Тулга ахуйн үйлчилгээний караокед ганц нэг пиво уугаад сууж байхад гаднаас Наранхүүгийн найз Ядмаа / бүтэн нэрийг нь мэдэхгүй / нэг эмэгтэйн хамт орж ирсэн тэгээд би дөрөв тэндээ сууж байгаад Ядмаа нэг тийшээ яваад ирье гээд явсан Наранхүү болон Ядмаатай хамт ирсэн эмэгтэй бид гурав 18 цагийн орчим Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хос аялгуу караокед орж суугаад архи, пиво авч уусан тэгээд би нилээд согтоод бараг тасарсан байсан. Тэгээд намайг 23 цагийн орчим караокены зөөгч намайг сэрээсэн намайг сэрэхэд би ганцаараа үлдсэн байсан. Тэгээд би шууд гараад гэртээ ирээд хоносон маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр босоод утсаа хайсан чинь утас маань байхгүй байсан тэгэхээр нь би өөрийнхөө утас руу залгасан чинь Хос аялгуу караокены бармен нь аваад таны утас манайд байна та ирээд аваарай өчигдөр хамт явж байсан хүмүүс чинь өгсөн гэж хэлсэн тэгээд би очиж утасаа аваад хартал Хаан банкны мессеж ирсэн байсан тэгээд харсан чинь миний данснаас 150.000-аар нэг удаа 500.000 төгрөгөөр нэг удаа гаргасан мессеж ирсэн байсан би гайхаад банкнаас лавлагаа аваад хартал миний данснаас нийтдээ 900.000 төгрөг 5407151678 гэсэн данс руу шилжиж орсон байсан. миний санаж байгаагаар би Хос аялгуугаас авсан архи пивоны тооцоо болох 47.000 төгрөгийг төлөх гээд интернет банкаараа хийх гээд чадахгүй байсан тэгэхэд хажууд Наранхүү болон Цэндээ гэх Ядмаатай хамт ирсэн эмэгтэй байж байсан тэр хорын аль нэгээр нь би өөрийнхөө интернет банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг хэлээд төлбөр төлүүлсэн тэгээд тэр хоёрын аль нэг нь миний нэвтрэх нэр, кодыг цээжилсэн байх гэж бодоод Наранхүү рүү залгасан чинь үгүй ээ ах би аваагүй Хос аялгууд тооцоог нь би таны утаснаас хийсэн хажууд Цэндээ байж байсан та Цэндээгээс асуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цэндээгийн утасны дугаарыг нь олж аваад залгасан чинь холбогдохгүй байсан хэсэг байж байгаад залгасан чинь утсаа авсан би чи миний данснаас мөнгө авсан байна гэж хэлсэн чинь би эргүүлээд өгнө өө гэж хэлээд утсаа салгаад тэрнээс хойш холбогдохгүй болсон...М.Ц гэх хүн миний интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг цээжилж данснаас мөнгө хулгайлж авсанд гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/
Гэрч А.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн”... 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим Ядамсүрэн манайд орж ирж үйлчлүүлсэн ирэхдээ нэг эрэгтэй хүн мөн нэг эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Манайд орж ирээд нэг шил 0.75 литрийн Соёрхол архи, ус, даруулга авч өрөөнд ороогүй заалны ширээнд сууцгаасан. Ядамсүрэн гарахдаа надад Самсунгийн нэг ширхэг хар өнгийн гар утас үлдээсэн энийг хүнээс авч ярьсан юмаа хэнээс авсныг санахгүй байна чамаас асуувал өгчхөөрэй гэж хэлээд надад өгөөд хамт явж байсан эмэгтэйтэй хамт гараад явсан. Тэгээд би нэг харсан чинь Ядамсүрэнтэй хамт цуг орж ирсэн нөгөө эрэгтэй нь ширээн дээрээ ширээгээ дэрлээд унтаж байсан. 00 цаг дөхүүлээд хаахаасаа өмнө манайх хаалаа гээд сэрээсэн чинь сэрээд гараад явсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/
Гэрч В.Наранхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн”... 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим Б.П ах над руу залгаад уулзъя гээд бид 2 Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга үйлчилгээний төв рүү орсон тэгээд Пүрэвсүрэн ах ах нь энд нэг юм янзлаад араас чинь орьё гэсэн тэгээд би өрөөндөө ганцаараа юу хийж суухав дээ гээд Ядамсүрэнтэй утсаар ярьсан чинь Ядамсүрэн удалгүй такситай хүрээд ирсэн ирэхдээ миний зүс таних Цэндээ гэх эмэгтэйтэй хамт ирсэн тэгээд бид гурав 2 давхарт караокед нь сууж байсан чинь Пүрэвсүрэн ах орж ирсэн. Бид хэд Улаанбаатар 0.75 литрээс нэг ширхэг, дараа нь 0.5 литрийн архи нэг ширхгийг захиалж уучхаад хэсэг дуулж байсан чинь Ядамсүрэн гараад явсан. Тэрнээс хойш Пүрэвсүрэн ах, Цэндээ бид гурав 20 цагийн орчим гараад Хэрлэн сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хос аялгуу караокед орж зааланд нь сууж 0.75 литрийн архи, даруулга ус ундаа аваад сууж байсан чинь Ядамсүрэн орж ирсэн. Зөөгч та хэд тооцоогоо хий гэж хэлсэн тухайн үед тооцоог Пүрэвсүрэн ах хийх гээд интернет банкныхаа нууц үгийг буруу хийгээд болж өгөхгүй байсан тэгээд би нэг оролдоод Цэндээ хийсэн юм шиг байсан. миний дотор муухайраад би гарч бөөлжөөд тэр чигтээ харьсан. Маргааш нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Пүрэвсүрэн ах манай гадаа ирээд миний данснаас мөнгө авсан байна хэн авсан бэ гэж асуусан би мэдэхгүй ээ та нараас түрүүлээд харьсан гэж хэлсэн. Пүрэвсүрэн ах Ядмаа руу залгаад хамт ирсэн Цэндээ гэх эмэгтэйн гар утасны дугаарыг олж аваад утсаар яриад мөнгө авсан талаар асуусан чинь тиймээ би авсан маргааш эргүүлж өгнө гэж хэлээд утсаа тасалсан”... гэх мэдүүлэг,/хх-ийн 21-23 тал/
Гэрчээр М.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн”...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим би найз Д.Ядмаатай хамт байж байсан чинь Ядмаа найз Наранхүүтэйгээ уулзана гээд тэгээд Тулга ахуйн үйлчилгээний газрын караокед очсон чинь тэнд Пүүжээ ах, Наранхүү хоёр байсан тэгээд бид дөрөв тэнд сууж байгаад Пүүжээ ах, Наранхүү бид 3 тэндээс гараад 17 цагийн орчим Хос аялгуу гэх караокед ирсэн. Хос аялгууд сууж байхдаа би Пүрэвсүрэн ахаас мөнгө хэрэгтэй болоод байна гэж хэлээд 250.000 төгрөгийг нь хэлээд авсан....Тэгээд Хос аялгуу караокеноос гараад би Од зочид буудалд хоносон байсан. Д.Ядмаа намайг хүргэж өгсөн байсан би шөнийн 03 цагийн орчим өөрийн интернет банкаа ашиглаж Пүрэвсүрэн ахын кодыг хийгээд 150.000 аар нэг удаа 500.000 төгрөгөөр дахин нэг удаа найз Болорчимэгийн данс руу шилжүүлж авсан. Тэгээд би маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 15 цагийн орчим Улаанбаатар хот руу очоод Болорчимэгийн дансанд орсон 900.000 төгрөгөөс би хот явахдаа найз Баянцэцэг гэх найзын данс руу Болорчимэгтэй холбогдож 200.000 төгрөгийг нь шилжүүлж бэлнээр гаргуулж авсан, үлдсэн 700.000 төгрөгөөс ээж Сийлэгмаа руу 100.000 төгрөгийг нь шилжүүлсэн, үлдсэн 600.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг нь Болорчимэгт үлдээгээд үлдсэн 400.000 төгрөгийг нь байрны түрээсэнд өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
Б.П-н Хааны банкны 5949022555 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8 тал/
Дулмаагийн Болорчимэгийн Хааны банкны 5407151678 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Ц-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно
Иймд шүүгдэгч М.Ц-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.П нь “...900.000 төгрөгөө авбал өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” /хх-ийн 7, 85 тал/ гэсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.П гийн 5949022555 тоот ХААН банкны данс руу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирол 900.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны дансны хуулгаар /хх-ийн 96 тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ц д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал мөн бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ц-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Ц-д тэнсэгдсэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА