Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0091/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Б.Бямбасүрэн,

Өсвөр насны шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                                                Ж.Буянхишиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             П.Амаржаргал,

Өсвөр насны шүүгдэгч                                               Х.Т   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т-д холбогдох эрүүгийн 2039...дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Х.Т  нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Улаанцохиурт гэх газарт иргэн Ч.Хын туслах малчнаар ажиллаж байхдаа түүний БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Т  нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Улаанцохиурт” гэх газарт иргэн Ч.Х-ын туслах малчнаар ажиллаж байхдаа түүний БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

 

Хохирогч Ч.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухай мотоциклыг манайд туслах малчин хийж байсан Х.Т  гэх залуу хулгайлж авсан байсныг мэдсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Би наашаа цаашаа явсан бензиний мөнгөө төлүүлмээр байна. Нийт 400.000 төгрөгт бензин хийсэн...” гэх  мэдүүлэг,/хх-ийн 9-10 тал/  

 

Хууль ёсны төлөөлөгч Ж.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд яагаад хүний мотоцикл унаад ирсэн талаар нь асуухад ганцаараа 300 тооны үхрийн баас аваад хэцүү байсан. Энэ талаараа Ч.Хт хэлж чадахгүй мотоциклыг нь унаад ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Ч.Х гэх залуу надтай ирж уулзаад маргааш нь мотоциклыг нь манай хүү унаж аваачиж өөрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал /

 

Гэрчээр Ч.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Улаанцохиурт гэх газарт манай аав Чулуунбаатар нь өвөлжиж байгаа. Туслах малчин хийж байсан Х.Т гэх залуу нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр анх очиж байсан тэгээд мал харж байгаад 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд манай эхнэр Мөнгөнцэцэг бид хоёр малдаа явсан хойгуур Х.Т, манай ээж Цогзолмаа, аав Чулуунбаатар гурав үлдсэн. Намайг малдаа яваад ирсэн чинь манайд туслах малчин хийж байсан Х.Т нь  2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан Даюун нэртэй мотоциклыг маань түлхүүр нь байхгүй байхад асаагаад цүнхтэй хувцсаа аваад унаад явсан байсан. Одоо Х.Т нь Хэнтий аймагт байгаа сурагтай байсан. Х.Т нь анх манайд хонь ямаа харна, үхрийн баас авна гэж очоод эхний сардаа 300.000 төгрөг өгнө сайн ажиллах юм бол цаашдаа 400.000 төгрөг болгож цалингаа өгч болно гэсэн. Намайг урьдчилгаа 100.000 төгрөг өгчих гэхээр нь танихгүй хүн очоод ажиллахгүй гэвэл хэцүү гээд 60.000 төгрөг өгсөн. Би өөрийнхөө мотоциклоо аваад нэг ч унаагүй банк дүүрэн бензинтэй гэрийн гадаа тавьж байсан чинь унаад явсан байсан. Би Х.Тыг хайж 400.000 төгрөгийн бензин зарцуулсан.  Би тэр мөнгөө олж авмаар байна. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

 

Насанд хүрээгүй гэрч Х.Т ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт байх Ч.Хын хонь харахаар сарын 350.000 төгрөгөөр тохиролцож очсон. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө хүйдэс /үхрийн баас/ авахаар гараад  саравчин доторхоо аваад хашаанаас гаднах хүйдсээ надад үлдээгээд яваад өгөхөөр нь дургүй хүрээд цүнхтэй хувцасаа аваад хонь эрлээ гэж худлаа хэлээд шинээр авсан банк дүүрэн бензинтэй мотоциклынх нь кундакторын утсыг сугалж аваад маниулаар нь гишгэж асаагаад хойд зүгт явж байгаад гэрийнх нь зүүн талаар уулын энгэрээр төв замдаа орж яваад шууд аймагт ирээд аавын дүү Хүрэлбаатарын гэрт нь очиж байж байгаад гэртээ хариад байж байсан чинь ээж хөдөөнөөс ирээд сууж байсан чинь Ч.Х ах нэг цагдаа дагуулж ирээд дугуйгаа хараад цагдаа дээр ирсэн. Би мотоциклынх нь хянахын утсыг эвдсэн байсан. тэрнийгээ шинээр сольж хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

 

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгө үнэлгээний 79 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 22  тал/.

 

Насанд хүрээгүй яллагдагч Х.Т ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Ч.Х ах намайг ажиллуулна гэхдээ хамт үхрийнхээ бааснаас авалцаж байна гэж аваачаад надаар олон тооны үхрийн баас авахуулаад байхаар нь би дотроо бухимдаад яахлаарай ганцаараа үхрийнх нь баасыг авах ёстой юм гэж бодоод хийж байгаа ажлаасаа шантраад болих гэсэн энэ талаараа хэлж чадахгүй байж байгаад Ч.Х ахыг юманд явсан хойгуур мотоциклыг нь унаад явсан юм...” /хх-ийн 29-30 тал/, “...Би дахиж  муу зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна..” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Т ын иргэн Ч.Х-н “Даюун” маркийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд өсвөр насны шүүгдэгч Х.Т-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн өсвөр насны шүүгдэгч Х.Т-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Хохирогч Ч.Х нь хохиролд бензин, унааны зардалд 400.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт бүрдүүлж өгөөгүй байна. Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Х.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ч.Х нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Т  нь 16 нас 6 сартай болох нь хэрэгт авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 53 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, түүнд гэм бурууг нь ухамсарлуулах, зан үйлээ засах зэргийг сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргүүдээс хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Х.Т  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Х.Т-г Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Т-д ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 8.1 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Т-д 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг эх Ж.Буянхишигт үүрэг болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Ч.Х нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Х.Т  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Х.Т од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА