Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01485

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00675 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1209 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Л

         Хариуцагч: НШГГт холбогдох       

         Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Ш.Ц, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-13-ны өдрийн 03928 дугаар шийдвэрийн дагуу 50,130,000 төгрөгийг гаргуулан Ш.Цод олгож шийдвэрлэсэн. Шийдварийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот орон сууцыг 83,703,620 төгрөгөөр үнэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 70% тооцож 58,592,534 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017-01-04-ний өдрийн 3/472 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Би байрыг 195сая төгрөгөөр үнэлж, саналаа өгсөн байхад хариуцагч байрыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн байна. Иймд  орон сууцыг 83 703 620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-05- 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар захирамжаар Б.Л, Б.Мөнх-Эрдэнэ нараас 50,130,000 төгрөгийг гаргуулж, Ш.Ц-д олгох шийдвэрийн дагуу ажиллагаа явуулж Б.Л, Б.Мөнх-Эрдэнэ нарын барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 83 дугаар байрны 20 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-т зааснаар үнийн санал авсан. Б.Л, Б.М нар барьцаа хөрөнгийг 195 сая төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилж үнэлгээ тогтоолгоход 83,703,620 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2017-01-04-ний өдрийн 3/472 тоот албан мэдэгдлээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2017-01-26-ны өдөр 83,703,620 төгрөгийн 70% буюу 58,703,620 төгрөгөөр оруулсан ч борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3 дахь хэсэгт  үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.Нэхэмжлэгч  хугацаандаа гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Гуравдагч этгээд Ш.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Л 2 өрөө байраа 195 сая төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний газар  83,703,620 төгрөг үнэлсэн. байрны бодит үнэ 60-65 сая төгрөгийн дотор хэлбэлздэг юм билээ. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газар нь зах зээлийн бодит үнээс өндөр үнэлдэг юм байна. Б.Л  шалтаг тоочин шүүх хурлыг хойшлуулсаар 1 жил 3 сар боллоо. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш төлбөр төлөгч төлбөр хийгээгүй. Иймд хэргийг үнэн зөв, хурдан шийдэж өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00675 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3-т заасныг баримтлан Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1209 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хүчингүй болгосон  давж заалдах шатны шүүхийн 2018 оны 334 дүгээр  магадлалд  “...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч  үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шийдвэрлээгүй байх бөгөөд  Ш.Ц-д төлбөрийн барьцаанд бариулсан эсэх үйл баримт тодорхой бус байна...”  гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн уг  магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ. Шүүх “... Ш.Ц  2014-12- 26-ны өдрийн  гэрээг  гаргаж өгснөөр  магадлалд тусгагдсан асуудалд зөвтгөгдсөн гэж үзэв” гэсэн нь  илт үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй атал  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн  эрх, ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд  нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Б.Л 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн...” гэсэн үндэслэлээр 83,703,620 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсан байна. /хх 1-1/

         Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж /хх 1-н 17/ маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Б.Л, Б.Мөнх-Эрдэнэ нар Ш.Цод 50,130,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 05 сарын 13-ны өдөр 102/ШШ2016/03928 дугаартай захирамж гаргаж,  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

        Төлбөр төлөгч 50,130,000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

        Хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа  Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 83-р байрны 20 тоот хоёр өрөө орон сууцыг 2016 оны 10 сарын 06-ны өдөр 16/595 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 16/648 дугаар  тогтоолоор хураасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх энэ ажиллагаатай холбоотой гомдлыг төлбөр төлөгч гаргасан баримт хэрэгт байхгүй тул “...захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй...” нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм.  

         Хариуцагч нь төлбөрт хураасан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул “...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн...” гэх  нэхэмжлэл үндэслэлгүй байна. 

         Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00675 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1209 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ