Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 324

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М  ХХК

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийн улсын бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус компаний үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Г, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Актив удирдлага гэсэн нэрээр компаниа байгуулах гэсэн боловч манайд тийм бүртгэл байхгүй гээд бүртгээгүй. Бидний зүгээс арга буюу хамгийн түгээмэл байдаг гадаад худалдаа гэсэн нэрээр бүртгүүлсэн. Актив удирдлага гэдэг нь авлага барагдуулах, авлага барагдуулахтай холбоотой хөрөнгийг удирдах гэсэн үндсэн 2 үйл ажиллагаанаас бүрддэг. Бүртгэлийн байгууллагаас зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага л биелүүлэх ёстой гэж шийдвэр гарсны дараах үйл ажиллагаатай холбож буруу ойлгож байна. Бидний үйл ажиллагааны гол чиглэл нь өр барагдуулах, тухайн өрийг хэрхэн барагдуулах боломж байгааг судалдаг. Мөн банк, зээлдэгч хоёрт зэрэг зөвлөгөө өгдөг. Шүүхээр явах хувилбар нь хамгийн муу хувилбар гэдгийг тайлбарлаж, хэрвээ түр зуурын хүндрэл учирсан бол нэмж хөрөнгө оруулаад дундаас нь ашиг хүртэх замаар өр төлбөрөө төлөхөд нь тусалдаг. Шинэ үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагыг дэмжиж үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр нь хангах нь зөв. Өр барагдуулах гэсэн чиглэл нь арай дөхөж очсон болохоор түүнийг нь авахыг хүссэн. Түүнийг авахгүй бол эргээд бид хүнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох гээд байна. Тийм гэрээ хийх юм бол үндсэн үйл ажиллагаанаасаа өөр ажиллагаа хийсэн байна гээд бидний хийсэн гэрээг хүчингүй болгох хууль зүйн эрсдэлийг бий болгож байгаа учраас шүүхэд хандсан. Хариуцагч байгууллагаас өгсөн тайлбар татгалзал дээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах зүйлүүдийг дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл Иргэн, Захиргаа, Эрүү, Зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр, захирамж, тогтоолын биелэлтийг гүйцэтгэх ажиллагаа явуулна гэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа нь тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас эхэлдэг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлж байгаагаар шүүхийн шийдвэр гарахаас өмнөх ажиллагааг тухайн чиг үүргийг нэмж бүртгэснээр манай байгууллагаас хийх боломжтой болно. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа эхэлдэг тул манай байгууллагын үйл ажиллагаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа давхардахгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасан байдаг. Бүрдүүлсэн баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаагүй байвал бүртгэхээс татгалзаж болдог. Гэтэл улсын бүртгэгч нь тухайн зөрчлийг дурдахгүй, ямар ч зөрчил гаргаагүй байхад бүртгэхээс татгалзсан үйлдэл гаргаж байгааг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Мөн компанийн тухай хууль болон Иргэний эрх зүйн хуульд хуулиар хориглоогүй үйл ажиллагааг эрхлэх бүрэн эрхтэй гэж заасан. Бидний хэлээд байгаа өр барагдуулах ажиллагааг хуулиар огт хориглоогүй. Хуулиар хориглоогүй бол эрхлэхийг зөвшөөрсөн зохицуулалттай учраас манай байгууллага тус үйл ажиллагааг эрхлэх эрхтэй. Гэтэл хуулийн этгээдийн улсын бүртгэлээс ямар үндэслэл зааж байгаа нь тодорхойгүйгээр, эрхлэхийг хориглож байгаа нь эрх хэмжээгээ хэтрүүлж, дураараа аашилж байна гэж үзэх боломжтой байна гэв

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М  ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд өр барагдуулах гэсэн чиглэлийг нэмж бүртгэхээр шийдвэрлээд үүнийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө хүргүүлсэн. Гэтэл улсын бүртгэгч өр барагдуулах чиглэлийг танай үйл ажиллагааны чиглэлд нэмж бүртгэхгүй. Ер нь ашгийн төлөө хувийн байгууллагын үйл ажиллагаанд өр барагдуулах гэсэн чиглэлийг нэмж бүртгэх ямар ч боломжгүй, бидний программд тийм бүртгэл байдаггүй гэсэн хариу өгсөн. Бидний хүсэлтэд бичгээр хариу өгнө үү гэсэн хүлээж авалгүй буцаасан. Хуульд заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад энэ талаарх гомдлыг гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гаргасан гомдол болон холбогдох баримтуудыг хавсаргасан байгаа. Гомдлын гол агуулга нь хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаа хуульд заагаагүй үндэслэл зааж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг засаж залруулж өгнө үү гэсэн утгатай байсан. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1/428 дугаар албан бичгээр Улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 11 дүгээр зүйлүүдэд заасны дагуу өр барагдуулах чиглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэгт хамаарна гэсэн. Зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ёстой тул ашгийн төлөө хувийн байгууллагад энэ чиглэлийг нэмж бүртгэх боломжгүй гэсэн утгатай хариу өгсөн. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л  2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хуулиараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байдаг. Нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар банкны өр барагдуулах ажиллагаа явуулна гэж ойлголоо. Нэхэмжлэгч М  ХХК нь Хадгаламж банк ХХК-ийн охин компани. Нэхэмжлэгчийн зүгээс төрийн захиргааны чиг үүргийг манайх хэрэгжүүлнэ гэж хэлж байна. Өр, төлбөр барагдуулах үйл ажиллагааны эрх нь зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгогдсон байдаг. Амьдрал дээр өр төлбөр барагдуулах үйл ажиллагаа явуулах нэрийн доор хүмүүсийг айлган сүрдүүлж, хууль бус ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тийм ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй. Мөн ямар материал авч ирж бүртгүүлэхийг нь мэдэх боломжгүй тул даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзана гэж заасан байдаг. Улсын бүртгэгч нь бүртгэх эсвэл бүртгэхээс татгалзах эрхтэй. Үндэсний статистикийн хорооноос юуг үндэслэж, хэзээ гарсан, хэн гэж сайдын тушаалаар гарсан ямар жагсаалт байгааг би мэдэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа М ХХК-ын улсын бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхийг даалгуулах гэж тодорхойлжээ .

Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр компаний үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмэхээр шийдвэрлэж нэмэгдэж байгаа үйл ажиллагааны чиглэлийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр холбогдох баримтын хамт хүргүүлсэн боловч тус үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд хамаарна гэсэн үндэслэлээр холбогдох баримтыг хүлээн аваагүй тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өр барагдуулах ажиллагааг нэмж бүртгэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг 1/428 дугаартай албан бичгээр өгсөн үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч тал өр барагдуулах үйл ажиллагааны чиглэл нь зөвхөн төрийн байгууллагын чиг үүрэгт хамаардаг гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өр барагдуулах ажиллагаа нь бизнесийн туслах үйл ажиллагаа юм гэж харин хариуцагч тал хуулиар өр, төлбөр барагдуулах чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэгт хамааруулахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

1. М  ХХК-ын улсын бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч компани үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмэхээр шийдвэрлэж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандсаныг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн ахлах мэргэжилтэн хянаад хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д нотлох баримт нь зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан улсын бүртгэгчийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэж хариу өгсөн байна. Ингэхдээ ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйлажиллагаанд иргэний, захиргааны, зөрчлийн, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарахаар, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд шүүхийн шийдвэрийг хуулиар эрх олгогдсон, эсхүл тухайн шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтан гүйцэтгэнэ гэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэхээр хуульчлагдсан байна гэж тайлбарлаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх туай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэлийг заасан, мөн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна гэж, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, 19.1.2-д үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзахаар заасан байх тул хариуцагч талын гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

2. Монголын актив удирдлагын корпорци ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн этгээдийн улсын бүртгэл гэнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.4.1-т хуулийн этгээдийн нэр, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны үндсэн чиглэл-ийн улсын бүртгэл хөтлөхөөр заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-д ...энэ хуулийн 5.4.1-т заасан үйл ажиллагааны үндсэн чиглэлийн улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх эрх нь улсын бүртгэгчид байх тул шүүхээс захиргааны байгууллагад бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан М  ХХК-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан М  ХХК-ийн улсын бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                Д.ЧАНЦАЛНЯМ