Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 10

 

 

 

Ц.Чгийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд оролцогч нартай цахимаар холбогдож хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 137/ШШ2017/00104 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч  -ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 7200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Чгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагч Я.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Замын-Үүд сумын төвд суух Я.Оад 2012 оноос эхлэн 2370.000 төгрөг, 14.975 юань нийт 7761.000 төгрөг зээлдүүлсэн. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Зээл авахдаа банкнаас зээл аваад байшингаа зараад өгнө гэж авсан. Зээлийн гэрээ гарын үсэгтэй баримт бичиг байхгүй. Зээлдүүлсэн /бараа авч өгсөн/ 14.975 юанийг юаниар нь авна. Нийт 7761.000 төгрөг гаргуулахаас 7200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 сая төгрөгийг Я.Оад зээлдүүлсэн, мөн усны олон сав Эрээнээс авахуулахад 20.000 төгрөг, 200-аад ширхэг банз, 13 ширхэг плак, унааны зардал 30.000 төгрөгтэй нийлээд 650.000 төгрөг, банкны зээл 700.000 төгрөгөөр 3 удаа төлсөн. Эрээнээс 2600 юаниар шавар зуурах машин авахуулсан бөгөөд байшингаа зараад мөнгийг нь өгнө гэж байсан. 7000 юаниар зурагт, буйдан авахуулсан бөгөөд ажил хийж байгаад мөнгийг нь өгнө гэж байсан. 480 юаниар халаагуур авсан. Уг халаагуур нь эвдэрсэн байгаа ба одоо надад байгаа. 2450 юань солиулж банкны зээл болох 700.000 төгрөгийг төлүүлсэн. 180 юаниар 380 V надаар авахуулсан. 80 юаниар 3 D плаш авахуулсан. 60 юаниар зурагт тогтоогч авахуулсан. Хаалга, цонх авахад 280 юань дутаад надаас авч байсан. Барилгын захаас хил хүртэлх унааны зардал 50 юань, Хятад улсын цэрэгт 100 юань өгч оруулсан, мотоциклийн запас 115 юань, нууц цоож 80 юань, 1500 юанийг Эрдэнэцолмон ахад нь зээлдүүлсэн ба Эрдэнэцолмон уг мөнгийг буцааж өгөхдөө дүү Я.Оад өгсөн гэдэг. Надад өгч авсан баримт байхгүй учир ээж, ах, дүү, нутгийн хүмүүс худлаа гэрчлээд байна. Эдгээр эд зүйлийг буцааж авахгүй, мөнгө, юанийг нь авах хүсэлтэй байна. Юанийг нь юаниар нь авах тул ханш нөлөөлөхгүй гэж бодож байна гэжээ.

 Хариуцагч Я.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ч нь 2010 оноос 2016 оны дундуур хүртэл миний ээж Ятэй гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай, миний хойд аав болж манайд ирсэн. Энэ хугацаанд нэг гэр бүл гэж явж, олсон орлогоо хамтран дундаа гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэж байсан. Бид элдэв зээл авахдаа гэр бүлдээ дундаасаа авч, дундаасаа зээлээ төлдөг байсан. Миний хувьд Ц.Чг миний ээж Ятэй гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдрахад хамтдаа нэг гэрт байсан бөгөөд 2014 оноос хойш тусдаа амьдрал зохиож гарсан. Энэ хугацаанд миний бие өөрийн гараар барьсан Замын-Үүд сумын 2-р баг, Үүдийн гудамж 3-25 тоотод оршин суух гэрт маань ирж 6 жил гаран амьдран суусан бөгөөд намайг тусдаа гарсны дараа Ц.Ч нь ээжтэй маань цуг амьдрана гэж өөрөө нэхэмжлэлд дурьдаж буй буйдан, гал тогооны тавилга, зурагт гэх зэрэг тавилгуудыг авч ээжтэй маань хамт хоёул амьдрах болсон. Намайг хамт байх үед Ч нь гэр бүлийн хэрэгцээндээ гэж бусдаас зээл авч, авсан зээлийг нь төлөхөд миний ч бас хувь нэмэр орж төлдөг байсан. Үүнийг бид хамтран амьдрах хугацаандаа амьдралдаа л зарцуулж байсан. Миний хувьд Ц.Чтай нэг гэрт хамтран амьдрах хугацаанд аав хүүгийн найрсаг сайхан харилцаатай байсан бөгөөд энэ хугацаанд банкны зээлийн 700.000 төгрөгийг нэг удаа Ц.Ч төлсөн нь үнэн. Гэхдээ тухайн үед аав хүүгийн харилцаатай байсан, нэг гэрт хамтран амьдарч нэг тогооноос хоол идэж байсны хувьд аавын ёсоор надад өгнө гэж хэлдэг байсан ба надаас урьд өмнө нь өгсөн 700.000 төгрөгөө буцааж авна, чамд зээлж байна гэж огт ярьдаггүй байсан. Мөн миний зүгээс Чг ээжтэй маань хамтран амьдарч байхад нь хүүгийн ёсоор өөрийнх нь машин тэрэг нь эвдэрч саатсан үед шөнө оройн цагаар очиж туслан авч ирдэг байсан, хэлсэн бүхэнд нь хүүгийн хувьд бодож тусладаг байсан. Би Чг өөрийн аав шигээ бодож ээжтэй минь хамтран амьдарсан 6 жилийн хугацаанд аав хүү гэж явдаг байсан. Түүнд тус болж байсан удаа олон боловч буцаан хариу төлбөр авна гэж огт бодож яваагүй. Тийм ч зүйлийн талаар огт дурсдаггүй байсан. Нэхэмжлэлд дурьдсан эд зүйлсийг ээжтэй минь хамтран амьдарч байхдаа тэд нар хэрэглэж үр шимийг нь хүртэж байсан учир надад ямар нэгэн байдлаар хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Оаас 700000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Оаас 21350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чд олгож, шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шийдвэр гаргаж иргэн намайг хохироосон тул гомдолтой байна. О нь дараа өгнө гэж мөнгө, юань авч гэр орноо тохижуулсан.Би Оад шаврын машин авч өгсөн. түүнийхээ мөнгийг авмаар байна. Тухайн үед би  2500 юаниар авч байсан. Зурагт, диван 2-ыг ажил хийж байгаад авч байсан, үүнийг О 2014 оны намар өрх тусгаарлаад явахдаа аваад явсан. Байшин барина гээд материал авчирсан байсан, тэгэхэд 600-700 төгрөг нь надаас гарч байсан. Би мөнгөө авъя гэж олон удаа шаардсан.  Зээл төлсөн 700000 төгрөгийг өгнө гэж байсан. Надаас 1 сая төгрөгийг гал тогооны тавилга авна гэж авсан боловч тавилгаа аваагүй, өөрөө л хэрэглэсэн байх.  Нэг нь өгсөн, нэг нь авсан учраас аман гэрээ хийгдэж байгаа. Заавал гэрээ хийгээгүй гэж нэг талыг барьж шийдвэрлэж байгаа нь буруу гэж бодож байна. Энд нэхэмжлээд байгаа 5 сая төгрөгний эд хөрөнгө, мөнгийг Оаас гаргуулаагүй учир шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч Я.Оад холбогдуулан зээлдүүлсэн 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг Хаан банкны арилжааны ханш/хх-4/, мөнгөн шилжүүлэг/хх-32/, зарлагын мэдүүлэг гэсэн баримт/хх37-38/-д үндэслэжээ.  

Харин хариуцагч Я.О нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардлагаас 700 000 төгрөгийг Я.Оаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах нөхцөл байдлыг мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Тодруулбал шийдвэрт нэхэмжлэгч Ц.Ч 2012-02-01-ний өдөр хариуцагч Я.Оад  1 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт/хх-32/ гаргаж байгаа боловч  “...хуульд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан ба нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчаас буцааж төлөхийг шаардаж байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд зохигчид “нэхэмжлэгчийг мөнгө нэхсэнээс болж тэд муудалцаж байсан” агуулга бүхий тайлбар /хх-47/ гаргаж, тэдний хэн аль нь энэхүү тайлбараа үгүйсгээгүйгээс үзэхэд хариуцагч Я.О 1000000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан, нэхэмжлэгч уг мөнгөө буцааж авахаар хариуцагчаас шаардаж байснаас үзэхэд хариуцагч буцааж өгөх нөхцөлтэйгээр мөнгийг зээлж авсан буюу тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

Гэхдээ дээрх нөхцөл байдал нь хариуцагчийн тайлбарт дурдсан зөвхөн банкны зээл төлөхөд зориулж өгсөн гэх 700000 төгрөгийн хувьд болсон үйл баримт гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Мөн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Чтай хамт амьдарч байсан, хариуцагчийн ээж Б.Я нь  “... энэ мөнгийг би аваад гал тогооны тавилга авахад зарцуулсан” гэж шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн байх боловч тэрээр Үндсэн хуульд заасны дагуу үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир түүний мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхийг дүгнэх нь учир дутагдалтай юм.

Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Ц.Ч нь  хариуцагч Я.Оад зээлүүлсэн 1 000 000 төгрөгийг 2015 онд нэхэж байсныг хариуцагч үгүйсгээгүй байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн         76.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэснийг буруу тайлбарлан хэрэглэж,  хариуцагчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь дээрх хуульд нийцээгүй ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагчид мөнгийг зээлүүлэхдээ эргэж төлөх хугацаа заагаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д  зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх нь зээлээ нэхсэнээс хойш 1 сар өнгөрсөний дараа үүсэхээр ойлгогдож байх тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр 1 000 000 төгрөгийг хариуцагч Я.Оаас   нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид түүний төлсөн 94950 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцааж олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 22-ны өдрийн 137/ШШ2017/00104 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...700 000 төгрөг ” гэснийг “...1 700 000 төгрөг” гэж “...6 500 000 “ гэснийг “...5 500 000” гэж,

2 дугаар заалтын “ 21350 ” гэснийг “ 42150” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Чгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                                          Н.БОЛОРМАА