Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0111/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Г. Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Г.Мөнхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                                      Н.А нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох 2039... дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.А 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.А нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэн 04-06 тоотод иргэн Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түүний толгойн тус газарт заазуураар цохиж иргэн Д.Бийн биед зүүн хацар, зулай, зүүн сарвуунд шарх, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн сарвууны тэнийлгэгч шөрмөсний тасрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 04-06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн төрсөн ах Зоригтын гэрт ороход гэрт нь Зоригт ах, Наранхүүгийн эхнэр Оюунгэрэл нар байсан. Би ахынд очихдоо нэг шил архитай очсон. Тэр архиа ууж байхад Төмөрбаатар орж ирсэн. Дараа нь Адъяа орж ирсэн. Тэгээд бид 5 нийлээд архи ууж байгаад би тасарсан. Нэг сэрэхэд эмнэлэгт ухаан орсон. Тухайн үед Адъяа миний дээр гарчихсан толгой руу юмаар цохиод байсан тэр үеийг санаж байна. Мөн би нүүрээ угаагаад байсан. Тэгээд л эмнэлэгт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

 

Гэрчээр Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим нутгийн ах Зоригтын гэрт оронод гэрт нь Д.Б, Зоригт Оюунгэрэл нар байсан. Тэгээд гаднаас Адъяа орж ирсэн. Орж ирээд шууд Д.Бтэй маргалдаж байтал Баянхмөнх нь Адъяаг түрүүлээд гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр маргалдаад байсан байснаа Адъяа нь шүүгээн дээрээс хул шар модон иштэй заазуурыг аваад Д.Бийн толгойн хэсэгт рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Д.Бийн толгойноос их хэмжээний цус алдаж эхэлсэн. Тэгээд би Адъяаг барьж байсан заазуурыг булааж аваад тэр хоёрыг салган, Д.Бийг эмнэлэг явъя гэж хэлэхэд Д.Б “би эмнэлэг явахгүй” гээд байсан. тэгэхээр нь би Д.Бийн нүүрийг нь усаар угаахад толгойных нь цус тогтож өгөхгүй аймар гоожоод байсан. Тэгээд би Д.Бийн цохисон заазуурыг нь аваад Зоригт ахынхаас гараад хашааны хойд хаалгаар нь гараад зүүн талын хашаа руу нь заазуурыг нь шидсэн. Тэгээд би Роза гэх айлд очиж унтсан... би Д.Бийг эмнэлэг явъя гэж хэлэхэд “үгүй ээ би эмнэлэг явах шаардлагагүй” гэхээр нь орхиод явсан. ... Адъяа нь Д.Бийг шар өнгийн модон иштэй заазуураар толгойн хэсэгт нь 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг / хх-ийн 17-19 тал/

 

Гэрч Д.Наранхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой эхнэр Оюунгэрэлийг нутгийн ах Зоригоо гэх айлынхаас авах гээд гэрт нь очиход манай эхнэр Оюунгэрэл нь баруун өрөөний шалан дээр унтаж байсан. Харин Д.Б цусандаа хутгалдсан зүүн өрөөнд хэвтэж байсан. Мөн Адъяа нь Д.Бийн хажуу талын орон дээр унтсан байсан. Гэрийн эзэн Зоригоо ах баруун өрөөндөө байх орон дээр унтсан байсан. Тэгээд би Д.Бийг сэрээгээд чи цус алдаад байна эмнэлэг яв гэж хэлэхэд Д.Б “зүгээрээ ах” гээд буцаад хэвтээд өгсөн. Тэгээд удалгүй эмнэлгээс хүмүүс ирээд Д.Бийг аваад явсан. Тэгээд би эмч нартай хамт Д.Бийг эмнэлэгт хүргэж өгсөн. Ингэж явж байхдаа Д.Б намайг Адъяа ах зодсон гэж хэлж байсан... харин өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 06 цаг өнгөрч байхад Төмөрбаатар нь гаднаас орж ирээд Д.Бийг Адъяа нь заазуураар толгойн тус газарт нь цохисон гэж хэлж байсан. Тэгээд би юу болсныг мэдсэн. Харин Төмөрбаатар нь уг заазуурыг хашаа давуулаад хаясан гэж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 тал /

 

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд гэрээсээ гараад айл руу явж байгаад манай нутгийн ах Зоригт гэх айлын хашаад хүн хашгираад байхаар нь яваад ороход Зоригт гэх айлд Адъяа Наранхүү түүний эхнэр Оюунгэрэл Д.Б нар байсан. Д.Бийн толгойноос нь цус их хэмжээгээр гойжсон байсан. Бусад хүмүүс нь бүгд сууцгааж байсан. Тэгээд би тэд нарт хандаж та хэд эмнэлэгт дуудаж үзүүл. Наад чинь болохгүй шүү гэж хэлчихээд юу болсон талаар асуухад дуугарах хүн байхгүй болохоор нь би Зоригт ахынхаас гараад цагдаагийн байгууллагад мэдэгдээд харьсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 тал /

 

Гэрчээр Н.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын 08-ний орой Улаанбаатар хотоос замын унаанд суугаад Норовлин суманд ирээд шууд Зоригт ахынд очсон... тэгээд ороод юм яриад сууж байтал Д.Б нь архиндаа нэлээн халчихсан “чи ямар том ярьдаг болчихсон юм бэ” гээд надтай хэрүүл хийгээд миний нүд рүү гараараа хатгасан. Тэгэхээр нь би уурлаад шүүгээн дээр байсан байсан улбар шар өнгийн бариултай төмөр заазуурыг аваад Д.Бийн толгойн тус газар нь цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. Нэг мэдэхэд тэр хавиар нэлээд их цус болчихсон байсан. тэгээд би Д.Бийн нүүрийг угаалгаад эмнэлэг рүү яв. Чи надад битгий гай болоорой. Чи өөрөө эхэлсэн шүү гэж хэлсэн. Тэгээд би Зоригт ахынд унтаад өгсөн. ... Төмөрбаатар нь Д.Б бид хоёрыг салгах гэж байгаад миний барьж байсан заазууранд толгой хэсэгтээ зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 тал /

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №152 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Д.Бийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн сарвууны тэнийлгэгч шөрмөсний тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” / хх-ийн 43-44 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг саналыг гаргасан байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хохирогч Д.Б нь хохирол, эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.А нь хохирогчид эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 500.000 төгрөгийг 2020.04.01-ний өдөр хохирогч Д.Баямөнхийн данс руу шилжүүлж төлсөн талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн модон бариултай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

 

3. Шүүгдэгч Н.А-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.А-гээс эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор гаргуулж хохирогч Д.Бөд олгохыг даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн модон бариултай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА