| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0059/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/63 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/63
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Ж.Б-, Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Д-ийн Д-, Х- овогтой Ж-ийн Б- нарт холбогдох эрүүгийн 2027000000051 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн __ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөрөнгө хураахгүйгээр 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогтой Д-ийн Д- /РД:___/,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн “___” гэх газарт мал маллан оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Х- овогтой Ж-ын Б- /РД:____/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт оршин суух хохирогч Т.О-ын хашаанаас ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Т.О-т хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, мөн яллагдагч Д.Д-, Ж.Б- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт оршин суух хохирогч А.Ч-ийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч А.Ч-т хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д- мэдүүлэхдээ:
Би Хархорин сумын төвд явж байгаад Б- найзтайгаа таараад Эрдэнэ зуу хийдийн урд 2 шил архи уусан. Тэгээд Хужирт сум орохоор замын машинд суусан. Тэгээд машинд унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн Бат-Өлзий сумын төвд явна гэсэн тэгээд Бат-Өлзий сумын төвд буусан. Таньж мэдэхгүй газар ирсэн байсан. Гудамж өгсөөд явж байсан чинь хаалга нь онгорхой хашаанаас мотоцикль түрж гаргаж ирээд унаад явсан. Тэгээд хойшоо явж байгаад дахиад нэг айлын гаднаас улаан өнгийн мустанг мотоциклийг аваад явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б- мэдүүлэхдээ:
Би найзтайгаа Хархорин суманд таараад 2 шил архи уусан. Тэгээд Хужирт орох гэж замын унаад суугаад унтаад өгсөн байсан. Тэгтэл нэг эмэгтэй буугаарай гэж хэлсэн. Тэгээд буусан чинь Бат-Өлзий суманд ирсэн байсан. Нэг гудамж өгсөөд явж байсан. Хашаа онгорхой нэг мотоцикль байхаар нь түрж гарч ирээд унаад явсан. Хойшоо явж байгаад мотоциклийн бензин үзсэн чинь бага байхаар нь замын хажууд айл байхаар нь мотоциклиос нь бензин авах гэсэн сав олдоогүй. Тэгээд гэрээс нь холдуулаад унаад явсан. Тэгээд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд очоод эгчийнхээ гэрт очоод унтаад өгсөн. Тэгсэн өглөө нь цагдаа ороод ирсэн гэв.
Хохирогч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийд орчихоод эргээд 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед Бат-Өлзий сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд унаж явсан өөрийн эзэмшлийн мотоциклио хашаан дотроо оруулаад гэрийнхээ зүүн талд байрлуулж тавьчихаад гэртээ ороод унтсан. 02 цаг өнгөрч байхад би сэрээд мотоциклио байгаа үгүйг нь харахаар гэрээс гараад иртэл гэрийн зүүн талд байсан мотоцикль алга болчихсон, хашааны том хаалга онгойчихсон байсан ба мотоциклийн мөр хашааны том хаалгаар гараад хойшоо чиглэлтэй явчихсан байсан.Би мотоциклоо аваад удаагүй шинэвтэр байгаа учраас 1 500 000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Хохирогч А.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 05 дугаар сарын 13-ны өглөөний 5-6 цагийн үед өөрийнхөө “Мустанг-5” маркийн мотоциклийг унаж малаа хариулж байгаад орой 20 цагийн орчим гэртээ ирээд мотоциклио гэрийнхээ зүүн урд талд 2-3 метр зайд данхраадаж тавиад гэрт ороод 23 цагийн үед унтаж амарсан. Тэгээд марагааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн үед аав А- хэлэхдээ мотоцикль чинь алга болчихсон байна гэснээр би гараад мотоциклийнхоо мөрийг 20 км гаруй дагахад хойшоо Архангай аймгийн Цэнхэр сум руу чиглэлтэй явсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
Гэрч Ө.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Саяхан нэг өдөр манай нөхөр мотоциклоо хулгайд алдаж байсан юм. Тухайн шөнийн өмнөх өдөр нөхөр бид хоёр найзуудтайгаа Хархорин сум орчихоод шөнийн 00 цагийн үед эргээд сумандаа ирсэн. Хархорин сум руу явахдаа манай нөхөр өөрийн эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой яваад ирсэн. Тэгээд гэртээ амарч байтал хүүхэд маань уйлаад хөхөө хөхүүлээд байж байтал гэрийн гадна нэг юм сэгсрэх шиг чимээ гарахаар нь би нөхөр О-т хэлж нөхөр маань босоод гэрээс гарсан. Удалгүй эргэж орж ирээд надад хэлэхдээ хашааны том хаалгыг онгойлгоод мотоциклийг маань хулгайлчихсан байна гэж хэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өглөө цагдаагийн байгууллагад хандаж, нөхөр О- цагдаа нартай хамт мотоциклийнхоо араас яваад Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас мотоциклоо олоод ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Б- нь Архангай аймгийн Төвшрүүлэх суманд амьдардаг. Одоогоор гэр бүл зохиож тусдаа гараагүй ам бүл ганцаараа байдаг. Б- нь 2007 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сургуулийг төгсөж бүрэн дунд боловсролтой, мал маллаж байгаа өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Эхнэр бид 2 хүү А.Ч-той айл амьдардаг юм. 2020 оны 05 дугаар сарын 13-нд өдөр манай хүү А.Ч- хонь малдаа яваад оройхон тийшээ ирээд мотоциклоо гэрийнхээ урд талд данхраадаж тавиад гэртээ ороод амарсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өглөө үүрээр би босоод бие засах гээд гэрээсээ гарахад хүү Ч-ийн мотоцикль алга байхаар нь малдаа явчихсан юм байх гэж бодоод Ч-ийн гэр рүү ортол гэртээ унтаж байсан ба хүү А.Ч-ийг сэрээгээд молтоцикль чинь алга болчихсон байна гэж хэлснээр хүү маань босоод мотоциклийнхоо мөрийг дагаад хэсэг хугацааны дараа ирээд Архангай аймгийн Цэнхэр сум руу чиглэлтэй явсан байна гэсээр буцаж ирээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/,
Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай ах Д хотод амьдардаг. Тэнд байдаг байх хааяа манайд ирдэг өөр зүйл сайн мэдэхгүй. Зан байдлын хувьд надад гайгүүл санагддаг жоохон буруу хүмүүстэй нөхөрлөөд байдаг юм шиг байна. Багадаа манай ээж дээр байдаг байсан хүнтэй хэл амаа амархан олдог хэрүүл маргаан зодоон хийгээд байдаггүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 83 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хийсэн мотоциклийн үнэлгээнүүд /хх-ийн 41-42, 93-94 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн засаг даргын Д.Д-ийн оршин суудаг хаягийн талаарх тодорхойлолт, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн засаг даргын Ж.Б-ын эд хөрөнгийн болон оршин суудаг хаягийн талаарх тодорхойлолт, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 103-104, 122-123, 140-141 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт оршин суух хохирогч Т.О-ын хашаанаас ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт оршин суух хохирогч А.Ч-ийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар үйлдсэн болох нь
хохирогч Т.О-, А.Ч- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-26, 72-74 дүгээр хуудас/, гэрч Ө.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хийсэн мотоциклийн үнэлгээнүүд /хх-ийн 41-42, 93-94 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нарын нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр Т.О-, А.Ч- нарын мотоциклийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нар нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тул прокуророос ерөнхий ангийн уг заалтыг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь илүү байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамласан хэсгийг хасч хууль хэрэглээг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Д-, Ж.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэдгээр нь дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
Шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.О-т 1 050 000 төгрөгийн, хохирогч А.Ч-т 1050 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй, дээрх хохирол учирсныг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан, хохирогч нар нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүх, шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Д.Д-, Ж.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогтой Ж-ын Б-, Б- овогтой Д-ийн Д- нарыг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Д.Д-, Ж.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар Д.Д-, Ж.Б- нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Д.Д-, Ж.Б- нарыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Д-, Ж.Б- нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Д-, Ж.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д-, Ж.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА