| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0058/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/66 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/66
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т- овогтой Б-гийн Г-т холбогдох эрүүгийн 2027000000043 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн “___” гэх газар оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т- овогтой Б-гийн Г- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэж, 2 метрийн урттай, 24 ширхэг болгон бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Г- нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч Н.У-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... 2020 оны 03 дугаар сарын 10-ны хавьцаа байх манай нөхөр Б- хүү болох Г-ийг түлээнд яв гэж хэлсэн. Тэгээд манай Г- гэрийн хойно байх “___” гэх газраас галын түлээ болох 24 ширхэг шинэс мод хийсэн байсан. Унанги мод хийсэн байсан. Тэгээд тухайн модоо түлээнд хэрэглэх гээд уулнаас буулгаж ирээд гэрийн хойд талын жалганд хураачихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Гэрч Н.У-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
"... Машин ашиглаагүй юм байна лээ машин нь эвдрээд мотор нь цохисон гэсэн. Тэгээд гараараа модоо цагаалсан юм байна лээ. Тухайн мод бэлтгэсэн газар нь манай өвөлжөөний ар талд байдаг бөгөөд уулын уруу өнхрүүлээд буулгасан юм байна лээ..., ...Г- нь миний дундах хүүхэд байгаа юм. Эхнэр хүүхэд байхгүй хөдөө маллан амьдардаг тусдаа гараагүй байгаа манайх 400 гаран тооны бог, бод нийлсэн малтай өөр эд хөрөнгө гэх юм бол байхгүй. Миний хүү ер нь бага зэрэг уцаартай л хүн байгаа юм. 2 дугаар анги төгссөн уншиж бичиж чадахгүй муухан л үсэглэдэг эзэмшсэн мэргэжил байхгүй. Элдэв янзын буруу зуршил байхгүй. Мөрийн л хүүхэд байгаа юм. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... Гараараа модоо зөөсөн юм байна лээ. Би хөл муутай болохоор гэрээсээ гардаггүй болохоор машинаар цагаалсан юм болов уу гэж бодсон юм. Тэр мод цагаалсан гээд байгаа машин нь мотор нь цохиод эвдэрчихсэн юм байна лээ...Цагаан сарын дараа би хүү Г-ийг галын түлээ бэлд гэж хэлсэн. Тэгсэн манай хүү Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “___” гэх газраас түлшний мод шинэс бэлтгэсэн. Хэдэн ширхэг мод бэлтгэснийг нь сайн мэдэхгүй байна. Бэлтгэсэн модоо нөхөрлөлийн УАЗ 469 маркийн автомашинаар уулнаас ачуулсан..., ...Г- нь манай 2 дахь хүүхэд байгаа юм. Одоо манайх Бат-Өлзий сумын 4 дүгээр баг ___ гэх газарт мал маллан амьдарч байна. Манайх ам бүл 4-үүлээ амьдарч байна. Манайх бод бог нийлсэн 400 гаран тооны малтай. Манай хүү сургууль соёлд сураагүй хөдөө мал дээр л байдаг хүүхэд байгаа юм. Зан аашийн хувьд дуу цөөтэй даруухан гэр орноосоо гардаггүй л хүүхэд байгаа юм. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай байх 2013 онд Өмнөговь аймагт цэргийн алба хааж байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 47, 52 дугаар хуудас/,
Гэрч Ч.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
"... Манайх Г-ынхтай айл байдаг юм. 2020 оны цагаан сарын баярын дараа байх Г- түлээний мод хийж байгаа гээд манайхны өвөлжөөний хойд талын уулнаас нь түлээний мод бэлтгэсэн байсан. Би бол яг мод бэлтгэж байхыг нь хараагүй. Г- нь бэлтгэсэн модоо уулнаас буулгаад газрын нам руу оруулж ирж байхыг нь бол харсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
"... Г- нь ер нь төлөв даруу архи дарс ер уудаггүй. Аав ээжийнхээ хамтаар Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “___” гэх газар мал маллан амьдарч байгаа цэргийн алба хаасан. Сургуульд сурч байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай
“...Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1-р мужид хамрагддаг. Энэ мод нь нойтон шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 168655 төгрөг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу хэрэглээний модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 1.8-аар тооцдог. Хуурай модны хохиролын үнэлгээ 1.64 шоо метр х 168655 = 276594 х 1.8 = 497869 төгрөг. 1.Б.Г-ийн бэлтгэсэн 24 ширхэг мод нь бүх төрлийн хэрэглээний хуурай модны төрөлд орно. 2.Тухайн модыг бэлтгэсэн гэх 4 дүгээр багийн “___” гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орорхгүй. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 497869 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн .....хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 55 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 15-18 хуудас/,
Шүүгдэгч Б.Г-ийн талаарх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар засаг даргын оршин суугаа газрын болон эд хөрөнгийн талаарх тодорхойлолт, малын А дансны хуулга, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 63, 64-65 дугаар хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн ... хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэж, 2 метрийн урттай, 24 ширхэг болгон бэлтгэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Г- үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Н.У-, Ч.Б-, Ч.Д- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 45, 47, 51-53 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Б.Г-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Б.Г-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 497 869 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 497 869 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 1 493 607 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь энэ хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь дээрх хохирлын мөнгийг Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд төлөх ёстой тул банк хоорондын шилжүүлгийн баримтад тусгагдсан 100100351404 тоот дансанд тушаасан нь зөв данс эсэхийг нягталж хэрэв буруу бол залруулга хийхийг Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан тул хууль бусаар бэлтгэсэн 80 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 24 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Г-ийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 00 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т- овогтой Б-гийн Г-ийг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Б.Г- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бусаар бэлтгэсэн 80 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 24 ширхэг шинэс модыг улсын орлогод оруулж, цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
5. Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Г-ийн хохиролд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1 493 700 төгрөгийг Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд төлөх ёстой тул зөв дансанд тушаасан эсэхийг нягталж залруулахыг Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА