Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/895

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

                                       

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Т.Бд холбогдох 2003003360253 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т.Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Т.Б нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “...” авто сервисийн урд замд “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чи өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4-ийн 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Д.Б жолоочтой “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч З.Бгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6х, 7х, 8х, 9-13х/, хохирогч З.Бгийн мэдүүлэг /хх-ийн 22-23х/, иргэний нэхэмжлэгч Т.Бын мэдүүлэг /хх-ийн 45-46х/, иргэний нэхэмжлэгч З.Чийн мэдүүлэг /хх-ийн 29-31х/, иргэний нэхэмжлэгч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 42-43х/, гэрч Б.Аийн мэдүүлэг /хх-ийн 47х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 846 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 99-100х/, Ашид Билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 90-92х, 95-97х/, иргэний нэхэмжлэгч Д.Бын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хэлцэл, хүсэлт /хх-ийн 118х, 135х/, иргэний нэхэмжлэгч З.Чийн хүсэлт /хх-ийн 119х/, шүүгдэгч Т.Бгийн шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 113х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 114х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 115х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 116х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 117х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120х/, шүүгдэгч Т.Бгийн мэдүүлэг /хх-ийн 132-133х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “...” авто сервисийн урд замд “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4-ийн 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Д.Б жолоочтой “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч З.Бгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учруулсан үйл баримт нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6х, 7х, 8х, 9-13х/,

Хохирогч З.Бгийн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг өнгөрч байхад З.Чийн эзэмшлийн цайвар ногоон өнгийн Тоёота Приус-10 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т.Б нь жолоодон кабинд нь би, Т.Б, охин Б.С, З.Ч нарын хамт Баянхошуунаас машин засварын дэлгүүр орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг ... засварын газрын урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн 2-р эгнээгээр яг хэдэн км/ц-ийн хурдтай явсныг анзаараагүй явж байгаад зүүн гар тийшээгээ эргэж орох үед зүүнээсээ баруун чиглэлтэй явсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд ослын дараагаар би хөдөлж болохгүй байж байтал түргэн тусламжийн машин ирж намайг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Ингээд би эмнэлэгт хэвтсэн. Ослын улмаас миний аарцаг яс хугарсан байсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Бид нар бүгд машинд эрүүл зорчиж байсан. Осол болох үед машиныг Т.Б бариад жолоочийн хажууд Т.Б, арын суудалд би З.Ч, Б.С нарын хамт тус тус сууж явсан. Эсрэг талын машин нь миний сууж явсан талаар ирж мөргөсөн. Надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

Иргэний нэхэмжлэгч Т.Бын: “...Тус ослын улмаас миний 10 настай охин Б.Сын уруулны дотор тал, эрүүн доороо, хацар дээрээ  тус тус оёдол тавиулсан, зүүн эгэм нь цуурсан байсан. Өөр учирсан гэмтэл шархгүй байсан. Одоо биеийн байдал нь сайжирсан, хэвийн болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.Чийн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 20 минутын орчимд миний эзэмшлийн цайвар ногоон өнгийн Тоёота Приус-10 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хамаатны ах болох Т.Б нь жолоодон кабинд нь би Б, Б, С нарын хамт Баянхошуунаас машины засварын газар орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг, ...авто сервисийн урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 10-20 орчим км/цагийн хурдтай зүүн гар тийшээгээ эргэж орох үед зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар замын хойд тал руу шидэгдэж зогссон. Тэгээд тэр үедээ хэсэг шоконд орсон. Нэг ухаан орсон чинь түргэн тусламж болон цагдаагийн байгууллага ирчихсэн байсан. ...Миний машинд ослын улмаас урд салхины шил хагарсан, баруун гар талын урд хоёр хаалга дотогшоогоо чихэгдсэн байгаа. Нэлээн их эвдрэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Бын: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагаас 11 цагийн хооронд би өөрийн эзэмшлийн мөнгөлөг сараал өнгийн Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа Б.А, Б.О, Б.М, Б.Х нарын хамт хорооллоос Баянхошууны Жанцангийн гэр хороолол орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг, ...авто сервисийн урд замд ертөнцийн  зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 50 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас ногоон өнгийн Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийшээгээ  эргээд гэнэт л ороод ирсэн. Би харсан даруйдаа  тоормосоо гишгэсэн боловч  машиныхаа урд хэсгээр  тухайн машины баруун хажуу хэсэг рүү нь мөргөх шиг болсон. Машиныхаа эвдрэл хохирлыг нэхэмжилнэ” гэх  мэдүүлэг /хх-ийн 39, 42-43х/,

Гэрч Б.Аийн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагаас 11 цагийн хооронд төрсөн аав Д.Б нь “...” ХХК-ийн эзэмшилд байдаг мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би Б.О, Б.М, М.И нарын хамт хорооллоос Баянхошууны Жанцангийн гэр хороолол орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн /хороог нь мэдэхгүй гэх/ нутаг Баянхошууны зам ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр яг хэдэн км/цагийн хурдтай явсныг анзаараагүй явж байтал гэнэт л түс тас гэх чимээ гарах шиг болсон. Тэгээд хэсэг шоконд орсон ба нэг ухаан орсон чинь машинаас маань утаа гараад байсан. Ингээд л бид нар бүгд машинаас гарсан. Тэгээд намайг машинаас гарахад манай машин нь бас нэг нөгөө машинтай мөргөлдсөн байсан юм. ...Машины арын суудалд суусан бид нар суудлын бүсээ зүүгээгүй явсан. Харин аав л машин барьж явсан учраас суудлын бүсээ зүүсэн явсан. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 846 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...З.Бгийн биед хоёр талын сүүжний тогооны зөрөөгүй хугарал, баруун умдаг ясны дээд, доод салаа, зүүн умдаг ясны дээд салаа, умдаг яс, ууцны 1-5-р нугалмуудын баруун хэсэг, бүсэлхийн 5-р нугалмын хоёр талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл учирчээ. Эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 99-100х/,

Ашид Билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний: “...... тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ-1.990.000 төгрөг, ... тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ-4.548.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 90-92х, 95-97х/,

Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 132-133х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч З.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт хавсаргуулаагүй, “...надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 22-23х/, мөн иргэний нэхэмжлэгч Д.Б, З.Ч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн /хх-ийн 118х, 119х, 136х/ байх тул шүүгдэгч Т.Бг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч З.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б, иргэний хариуцагч З.Ч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуун нь Т.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулсан, яллагдагч /шүүгдэгч/ Т.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Т.Бг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохиролтой холбоотой зардлыг баримтын хүрээнд барагдуулсан байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Б нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний В ангиллын 968148 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.Бд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч Т.Бгийн В ангиллын 968148 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.Б нь иргэний нэхэмжлэгч Д.Бт 3.500.000 /гурван сая, таван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Чт 2.000.000 /хоёр сая/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч З.Б нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б, иргэний хариуцагч З.Ч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ