| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0007/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг, Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг, Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох 1916003210156 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны01дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөст-Алтай караокений авто зогсоол дээр 46-06 УНВ улсын дугаартай, Toyota Hiluxмаркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигч М.Б-г мөргөж, түүний биед баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг орчимд “Мөст Алтай” караокений авто зогсоол руу баруун талаас орох гэж байтал М.Б миний машиныг мөргөсөн. Би машинтай бараг зогсож байсан. Тухайн үед 2 хүн миний машины хажуугаар зөрөөд явсныг харсан боловч М.Б-ыг хараагүй. Машинд хамт сууж байсан хүн хажуу талаас чинь хүн байна гэж хэлэхэд нь би зогссон. Тэгээд буугаад иртэл зүс таних М.Болдбааатар байж байсан. Бид юу болов гэтэл М.Б-ын эхнэр нь уурлаж эхэлсэн. М.Б-ын эхнэр замын цагдаа дуудаж, тэдгээр хүмүүс хэргийн газрын үзлэг хийсэн гэв.
Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед эхнэр С, зээ У, хүргэн А, найз Б нарын хамт “Мөст-Алтай” караоке баар орсон. Бид дөрөв 0.75 литрийн архи авч уусан бөгөөд архи дуусаагүй гарсан. Мөст-Алтайн зогсоол дээр намайг цагаан өнгөтэй, Toyota Hilux маркийн 46-06 УНВ улсын дугаартай машин тээврийн хэрэгсэл дээрээс буюу ертөнцийн зүгээр баруун талаас эргэж ороод зогсоол дээр мөргөсөн юм. Баруун талаараа миний баруун хөлийг мөргөсөн. Миний баруун хөлийг бүдүүн шилбэний яс өвдөгний доод талд хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-рт/,
Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэндээ бид 0.75 литрийн шилтэй Хараа архи ууж байгаад дуусгалгүй гарсан. Би төв засмал замын ойролцоо явж байхад дээрээс буюу ертөнцийн зүгээр баруун зүгээс нэг цагаан өнгөтэй жийп машин явж байсан бөгөөд гэнэт Мөст-Алтай караокений авто машин зогсоолруу эргээд манай нөхрийг тэр цагаан өнгөтэй жийп машин баруун талаараа мөргөсөн юм. Манай нөхөр Б нь архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-рт/,
Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...ертөнцийн зүгээр баруун зүгээс нэг цагаан өнгөтэй жийп машин явж байгаад Мөст-Алтай караокений авто машины зогсоолруу эргээд Б ахыг баруун талаараа мөргөсөн. Эргээд харах үед тэр машин баруун талаараа Б ахын хөлийг мөргөх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-61-рт/,
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Мөст-Алтай караоке баарны үүдний зогсоол руу орох үед согтуу хүн зөрөхөд би наана чинь согтуу хүн байна шүү гэж хэлсэн. Тэгээд А ах машинаа зогсоогоод буугаад хартал машины баруун талд урд дугуйны хажууд болдоо гээд зүс таних ах сууж байсан. Б.А ах 46-06 УНВ улсын дугаартай, Toyota Hilux маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан. Тухайн машин нь баруун гар талдаажолоотой буюу буруу талдаа жолооны хүрдтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-рт/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 315 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Хохирогч М.Б-ын биед хохирол учирсан байна. М.Б-ын биед баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. М.Б-ын биед учирсан дээрх гэмтэл шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-67-рт/,
Шинжээч Л.Лхагвадоржийн гаргасан дүгнэлт: “...Цагаан өнгийн , 46-06 УНВ улсын дугаартай, Toyota Hilux маркийн авто машины жолооч Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10, Хөдөлгөөний эхлэх болон хөдөлгөөний чиг өөрчлөх 10.3 “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 89-рт/,
Б.Мөнхнасангийн гаргасан дүгнэлт: “...Тухайн осол нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж” замын ойролцоох зогсоол, талбай... зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө буюу замын зэргэлдээх нутаг дэвсгэрт үйлдсэн байх үндэслэлтэй байна. Жолооч Б.А Замын хөдөлгөөний дүрмийн 10, Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3 “Жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн нэмэлт дүгнэлт /хх-ийн 94-рт/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зэм тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-рт/,
Эд мөрийн баримтаар тооцсон Мөст-Алтай ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гадна камерийн бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24-рт/,
Шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн “...Би Мөст-Алтай караокены үүдний зогсоол руу орох үед тухайн караокеноос гарч байсан бололтой хоёр хүн зөрсөн, тэгтэл миний машиныг хүн цохихоор нь тормозоо гишгэж машинаа зогсоогоод машинаасаа буугаад ирэхэд миний машины хажууд зүс таних Б газарт унасан байсан. Би 46-06 УНВ улсын дугаартай Toyota Hilux маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож ярьж байсан, тээврийн хэрэгсэл нь миний өмч, харин “Инвескор” банк бус санхүүгийн байгууллага дээр бүртгэлтэй, авсан зээлээ төлж дуусч байгаа...” гэх мэдүүлэг /хх-105-рт/,
Хохирогч М.Б-ын гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.А-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөст-Алтай караокений авто зогсоол дээр 46-06 УНВ улсын дугаартай, Toyota Hiluxмаркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигч М.Б-ыг мөргөж, түүний биед баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Б.А гэм буруутай болох нь хохирогч М.Б-ын мэдүүлэг, гэрч Ш.С, Б.У, Б.М нарын мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 315 дугаартай дүгнэлт, шинжээч Л.Лхагвадорж, Б.Мөнхнасан нарын дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон Мөст-Алтай ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гадна камерийн бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч М.Б нь: “Шүүгдэгч нь хохирол төлбөрт 1 сая төгрөгийг төлсөн үлдэгдлийг нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны дотор төлөхөөр тохиролцож, гомдолгүй болгохыг харгалзан үзнэ үү. Хохирол барагдуулаагүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмааршийдвэрлүүлнэ” гэсэн хүсэлтийг нотариатаар батлуулж шүүхэд ирүүлсэн байх тул хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд орно гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх. Шүүгдэгч Б.А нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн прокурор 2019 оны12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.А-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна. Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналтай шүүгдэгч Б.А нь танилцаж, гарын үсэг зурсан/хх130-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын гаргасан санал, шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй байдал, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн байдал, хохирол төлбөрийн талаар хохирогчийн гаргасан хүсэлт зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.А-ын үйлдэлд тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхэг, мөн хэргийн хамт шилжүүлсэн рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.000.000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А-д оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.А нь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхэг, мөн хэргийн хамт шилжүүлсэн рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтанаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Б.А нь хохирогч М.Б-т 1.000.000 төгрөг төлсөн, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА