| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0061/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/67 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/67
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: А.Э-, Д.Я- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой А-ы Э-, Ж- овогтой Д-ийн Я- нарт холбогдох эрүүгийн 2026000580050 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуулаач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ баг ___ тоотод оршин суух, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн А-ы Э- /РД:___/,
2. Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ баг ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд, ял шийтгэлгүй, Ж- овгийн Д-ийн Я- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч А.Э-, Д.Я- нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сард өөрийн байгууллагын ажилчдын цалингийн урамшуулал олгох жагсаалтыг ___ А.Э-ын нэр бүхий хуурамчаар үйлдсэн жагсаалтаар сольж, мөнгийг А.Э-ын дансаар авч өөрсдөдөө давуу байдал олгосон,
Мөн А.Э-, Д.Я- нар нь бүлэглэн тус сумын ___-ийн ажилчдад урамшуулал олгох ажилчдын нэрстэй тус сумын Төрийн сангийн тэмдэг бүхий жагсаалтыг буюу эрх олгосон баримт бичгийг сольж А.Э-ын нэр бүхий жагсаалтыг хуурамчаар үйлдэн Төрийн банкинд өгч урамшууллын мөнгийг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч А.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2019 оны сүүлээр байгууллагын цалингийн хэмнэлт үүссэн байсан. Хэмнэгдсэн төсвийг тухайн ондоо багтаагаад шинэ ___-ийн үйл ажиллагаанд зориулж өр их үүсгэсэн байсан. Төрийн сангийн гүйлгээ хаагдахаас өмнө нь өр тавьсан байгууллагуудаас нэхэмжлэл ирээд байсан. Оны эцсээр хэмнэгдсэн цалингаа буцааж татуулахгүй байгууллагын өрийг багасгах гэж Д.Я-тэй ярилцсан. Хэмнэгдсэн цалинг өр дарах гэж хэлж авч болохгүй учир ажилчдын урамшуулал хэлбэрээр гаргаж аваад байгууллагын өр дарах гэж байсан. Тухайн мөнгөө гаргаж авчхаад өр дарж амжаагүй байхад ажилчдын хэл ам гарахаар нь өр дарахаа больё ажилчдадаа урамшуулал хэлбэрээр өгье гэж ажилчдад бүгдэд нь урамшуулал хэлбэрээр өгсөн. Байгууллагын ажилчид үр дүнгийн урамшуулал авах ёсгүй байсан. Хэмнэгдсэн цалингийн төсөв эргээд татагдах ёстой байсан гэв.
Шүүгдэгч Д.Я- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би улсын байгууллагад 32 жил ажиллаж байна. 2 жил ажиллаад тэтгэвэртэй гарна. Шинэ ___- ашиглалтад ороод гадна дотноос хүмүүс ирээд дайллага цайллага болоод их өр гарсан. Өр тухайн байгууллагын зардал дээр тавигдаагүй. Манай байгууллагын ажилчид үр дүнгийн урамшуулал авах ёсгүй. Хэмнэгдсэн цалин буцаагаад татах ёстой. Тэгээд А.Э-тай тухайн мөнгийг өрөндөө өгье гэж тохиролцсон чинь ___-ийн ажилчид үр дүнгийн урамшуулал авъя гэхээр нь та нарт үр дүнгийн урамшуулал авах ёсгүй гэж хэлсэн тэгээд ажилчидтай хоорондоо ярьж өр дарах уу, урамшуулал хэлбэрээр авах уу та нар өөрсдөө мэд гэсэн чинь өр дарья гэсэн бүгд тэгээд сүүлдээ ажилчид бид нар мөнгийг нь авъя гэхээр нь бид хоёр хуваагаад өгсөн. А.Э- бид хоёр хувьдаа авъя гэсэн санаа байгаагүй гэв.
Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 1 сарын эхээр миний танил эмэгтэй над руу залгаад танай урамшууллын мөнгө орсон байна лээ чи зээлсэн мөнгөө өгөх үү гэхээр нь би надад урамшуулал ороогүй асууж байгаад хэлье гэсэн. Тэгээд банкнаас асуусан чинь мэдэхгүй, хамт ажилладаг ажилчдаасаа асуусан чинь урамшуулал ороогүй гэж байсан. Тэгээд би сумын Төрийн сангийн төлөөлөгч М- гэх хүнээс асуусан чинь танай ___-ийн урамшуулал мөнгө орсон гэж хэлсэн. Тэгээд би А-, О- нарын хамт М-тай уулзаж тодруулахад бидний нэр дээр урамшуулал олгохоор тушаал гарч гүйлгээ хийсэн байсан. Тэгээд энэ талаар Э-тай уулзаж асуусан чинь өрөө дарах гээд мөнгө гаргуулсан юм гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Засаг дарга руу орж хэлсэн бөгөөд Засаг дарга Э-ыг дуудаад ажилчдынхаа хохирлыг барагдуул, өргөдлөө авч ирж өгөөд ажлаасаа гар гээд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-156 дугаар хуудас/,
Хохирогч Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 онь 12 дугаар сарын 24, 25-ны үеэр ___ Э-ын өрөөнд уулзах гээд А-ын хамт орсон. Тэгэхэд Э- өөрөө байхгүй ширээн дээр нь ажилчдад урамшуулал олгосугай гэсэн гарын үсэг, тэмдэггүй тушаал байсан. Тэгээд бидэнд урамшуулал олгох юм байна даа гэж бодож байсан. Тэгээд урамшууллын мөнгө ороогүй. 2020 оны 01 сар гаргаад Э- луу бид нар ороод бидэнд урамшууллын мөнгө өгөөгүй юмуу гэтэл өрөндөө өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар Төрийн сангаас тодруулсан чинь бидний нэр дээр урамшуулал олгох тушаал гаргаад Төрийн банкнаас бидэнд олгох мөнгийг авчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 157-161 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Бүрд сумын ___-ийн номын санчаар 2001 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Манай ___ А.Э- нь ажилчдын 2019 оны цалингийн үлдэгдэл буюу хэмнэгдсэн цалин болох 2 274 590 төгрөгийг ажилчдад урамшуулал олгох тушаал гаргаж бидэнд урамшууллыг өгөхгүйгээр өөрөө авсан байсан. Энэ мөнгөнөөс Б.О- гэх хүний цалинг олгосон. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь бид авах ёстой. Энэ талаар би мэдээгүй байж байгаад манай ажилтан А-, Э- нар надад хэлээд би мэдсэн. Тухайн үед бид нар А.Э-аас асуусан чинь өр төлбөрт өгсөн гэж ярьсан бөгөөд бид нарт яагаад хэлээгүй юм бэ гэхэд юм дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164-166 дугаар хуудас/,
Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 оны 12 дугаар сарын сүүлээр ___ А.Э-ын өрөөнд ороход Э- байгаагүй бөгөөд манай төвийн үйлчлэгч О- өрөөг нь цэвэрлэж байсан. Тэгэхэд эрхлэгч Э-ын ширээн дээр ажилчдад урамшуулал олгох тухай тушаал байсан. Уг тушаалыг О- бид 2 уншчихаад “бид нарт жилийн эцсийн урамшуулал олгох гэж байгаа юм байна” гэж ярилцаад гараад явсан. Тэгтэл сарын сүүл цалин дээр урамшуулал ороогүй бөгөөд манай ажилчид “он гараад орох юм байна” гэж хоорондоо ярилцаж байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын үед сумын Төрийн банкинд ороход банкны эрхлэгч нь “танай ажилчид урамшуулал орох ёстой гээд надаас асуугаад байна танайх урамшуулал орох ёстой юмуу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би энэ талаар сумын Төрийн сангийн мэргэжилтэн М-аас асуухад “танай ажилчдын урамшуулал оны өмнө орчихсон ш дээ, та нар аваагүй юмуу” гэсэн. Тэгээд манай ажилчид бөөнөөрөө эрхлэгч Э-аас “урамшуулал орсон гэж байна, бид нарт яагаад урамшуулал өгөөгүй юм бэ” гэж асуухад Э- “та нарт урамшуулал олгох нэрээр уг мөнгийг аваад ___-ийн өрийг дарсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Бүрд сумын ___ А.Э- болон Д.Я- нарыг ажил хэргийн шугамаар танина, нэг суманд амьдардаг учраас танина. Гэхдээ эдгээр хүмүүстэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Бүрд суманд 2019 онд шинэ ___- баригдсан бөгөөд ___-ийн үйлчлэгч дангаараа шинэ болон хуучин ___-ийг хариуцан ажиллахад ачаалал их байсан учир ___- нь хэмнэгдсэн цалингаасаа гэрээтээр ажилласан үйлчлэгчид ажилласных нь хөлс болгож хуулийн дагуу гэрээ байгуулж цалин олгож болно. Харин цалингийн хэмнэгдсэн үлдэгдлээс биш өөр зардлаас буюу шатахуун, бичиг хэрэг, халаалт, цахилгааны зардлаас мөнгө гаргаж цалинжуулж болохгүй. Миний мэдэхээр Б.О- нь хуучин ___-д 2019 оны сүүлээр ажиллаж байсан. Цэвэрлэгээний ажлыг хийж байсан. Б.О- нь тус байгууллагын даргатай гэрээ байгуулан ажилласан бол хөдөлмөрийн хуулиараа цалин авч болно. Банк нь цалингийн жагсаалтын үнэн зөвийг, олговол зохих ажилчдад олгогдож байгаа эсэхийг хянах үүрэг байхгүй, Төрийн банкны хувьд ___ А.Э-ын гарын үсэг, нягтлан бодогчийн гарын үсэг тэмдгийг үндэслээд гүйлгээ хийчихсэн байсан. Ажилчдын цалингийн урамшууллыг өөр зүйлд зарцуулж болохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 173-175 дугаар хуудас/,
Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Бүрд сумын ___-т ___ буюу ___ ажил хийдэг юм. Бүрд сумын ___-ийн цалингийн сангийн үлдэгдэл гээд 2 274 590 төгрөг үлдсэнийг Б.О- гэж хүнд хуучин ___-ийн байр цэвэрлүүлж ажиллуулсны хөлс гэж 533 828 төгрөг цалин гэж өгөхөөр ___ Э-ын тушаалтай, үлдсэн 1 740 762 төгрөгийг ажилчиддаа урамшуулал хэлбэрээр олгох Э- эрхлэгчийн тушаалтай гүйлгээ хийх ажилчдын нэрсийн жагсаалттай манай санхүүгийн албан нягтлан бодогч Я- нь ирж гүйлгээ хийлгээд явсан юм. Гэтэл 2020 он гарсны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдэнд гэдгийг санахгүй байна, ___-д ажилдаг А- над руу залгаад манай байгууллагын урамшуулал цалин гэж бодогдож орсон юм уу гэж асуухаар нь би танай байгууллагын ажилчид урамшуулал цалин авсан ш дээ гэж хэлсэн. Гэтэл сүүлд нь А-, Э-, О- гурав орж ирээд бид нарын дансанд ямар ч урамшуулалын мөнгө орж ирээгүй та асуугаад өгөөч гэсэн би тэгээд Төрийн банк руу залгаад ийм гүйлгээ хийгдсэн байх ёстой хараад өгөөч гэсэн чинь А.Э-ын данс руу 1 740 762 төгрөг орсон, Б.О-гийн дансанд 533 828 төгрөг орсон байна гэж байсан гэж хэлсэн. Тэгээд би ___ Э- нь ажилчдынхаа цалингийн үлдэгдлийг урамшуулал болгож өгөхдөө өөрийнхөө дансаар авсан юм байна гэдгийг мэдсэн. Манай санхүүгийн албанд ирж гүйлгээгээ хянуулахдаа ажилчдын нэрсийг данстай нь жагсаасан жагсаалттай ирээд санхүүгийн албаны төрийн сан гэсэн тэмдгийг даруулаад банк руу гүйлгээ хийлээ гээд гарсан юм. Гэтэл манайхаас гараад төрийн сан гэсэн тэмдэггүй Э-, О- гэсэн 2 нэртэй жагсаалтаар солиод төрийн банкинд аваачиж өгч гүйлгээ хийж мөнгийг Э-ын данс руу хийлгэж авсан байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ А.Э-тай цэвэрлэгээ хийхээр ажиллах гэрээ байгуулсан. Тэгээд манай суманд шинээр ___- баригдсан бөгөөд үндсэн үйлчлэгч нь шинэ ___-ийг цэвэрлэдэг миний хувьд гэрээт ажилтнаар түр хугацаагаар хуучин ___-ийг цэвэрлэх үйлчлэгчээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Тухайн газраас намайг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэсэн би зөвшөөрсөн бөгөөд 2 сарын хугацаанд ажиллаад 533 828 төгрөгийг бөөнд нь нэг удаа дансаар авсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 оны 08 дугаар сард манай суманд шинэ ___- ашиглалтад орсон. Тэгээд хуучин ___- спорт заал нь хариуцах эзэнгүй үлдсэн. Гэхдээ ___-ийн өмч хэвээрээ байгаа юм. ___-ийн ажиллагсад шинэ ___- рүү нүүж орсон бөгөөд хуучин ___-ийг цэвэрлэх ажил гарсан. Тэр үед буюу 2019 оны 11 сард түр ажлын гэрээг Э- Б.О- гэх хүнтэй байгуулж хуучин ___-ийг 2 сар хариуцуулж цалингийн сандаа багтааж түр цалинжуулж болно гэсэн байсан. Үүний дагуу Б.О- гэх гэрээ байгуулж цэвэрлүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
___ нь ТҮ СУ-5 гэсэн ангиллаар явдаг. __-чийн тухайд ТҮ-8 гэсэн ангилал зэрэглэлээр явдаг. ___ийн албан тушаалын тодорхойлолтыг төсвийн шууд захирагч учраас Төрийн албаны зөвлөлд хянуулж санал авна, үүний хүрээнд манайх Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байгаа. Эсхүл яамдаас нь шууд ирвэл баталгаажуулж явуулах юм. ___-ийн албан тушаалын тодорхойлолтын тухайд байгууллагын даргын тушаал, шийдвэрээр баталгаажуулах ёстой юм. Д.Я-ийн тухайд сумын төвийн ___ гэж явж байгаа тул Төрийн үйлчилгээний ТҮ-8 зэрэглэлд хамаарч байгаа нь ___ гэсэн ангиллаар явна. Ажлын байрны тодорхойлолтын ангилал зэрэглэл дээр ТҮ-8 гэсэн байгаа учраас ___ гэж ойлгоно. ___-ийн орон тоон дээр ажиллаж байгаа хүн нь ТҮ-7 гэсэн ангилал зэрэглэлд хамаардаг юм. /1 дүгээр хх-ийн 170-172 дугаар хуудас/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17/18 дугаар мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй, Бүрд сумын ___-ийн 2019 оны 12 дугаар сарын цалингийн жагсаалт, Бүрд сумын ___-ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаар ажил хавсран гүйцэтгүүлсний урамшуулал олгох тухай тушаал, Бүрд сумын ___-ийн даргын албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, Ерөнхий боловсролын сургуулийн ___-ийн албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 19-25, 23, 49-54, 179-183, 55, 58 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамж, Бүрд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай сахилгын шийтгэл оногдуулж, ур чадварын нэмэгдлийг хасах тухай тушаалын хуулбарууд, Шүүгдэгч Д.Я-, А.Э- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 125-126, 230-231 дүгээр хуудас/,
Зарлагын баримтууд, нэхэмжлэх, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___-ийн дансны хуулга /2 дугаар хх-ийн ........хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч А.Э-, Д.Я- нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сард өөрийн байгууллагын ажилчдын цалингийн урамшуулал олгох жагсаалтыг ___ А.Э-ын нэр бүхий хуурамчаар үйлдсэн жагсаалтаар сольж, өөрсөддөө давуу байдал олгож мөнгийг А.Э-ын дансаар авсан,
Мөн А.Э-, Д.Я- нар нь бүлэглэн тус сумын ___-ийн ажилчдад урамшуулал олгох ажилчдын нэрстэй тус сумын Төрийн сангийн тэмдэг бүхий жагсаалтыг буюу эрх олгосон баримт бичгийг сольж А.Э-ын нэр бүхий жагсаалтыг хуурамчаар үйлдэн Төрийн банкинд өгч урамшууллын мөнгийг авсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч А.Э-, Д.Я- нар үйлдсэн болох нь
хохирогч Ц.Э-, Ш.О-, Ц.Д-, Д.А- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-156, 157-161, 164-166, 168-169, 173-175 дугаар хуудас/, гэрч Б.Ж-, Ц.М нарын мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 4-5, 173-175 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17/18 дугаар мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, А.Э-, Б.О гэх нэр бүхий данс руу мөнгөн шилжүүлэг хийх тухай ___-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ____ Б.Э-, ___ Д.Я- нарын гарын үсэг бүхий баримт /1 дүгээр хх-ийн 20-22 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг ойлгоно гэж заасан. Шүүгдэгч А.Э-, Д.Я- нар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, албан тушаалын тодорхойлолтын маягт, А.Э-ыг ___ээр томилсон тухай Бүрд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн б/05 дугаар захирамж, Д.Я-т ажил хавсран гүйцэтгүүлэх тухай Бүрд сумын ___ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаар тушаал, гэрч Э.Б-ийн “...___ нь ТҮСУ-5 гэсэн ангиллаар явдаг. ___ийн албан тушаалын тодорхойлолтыг төсвийн шууд захирагч учраас Төрийн албаны зөвлөлд хянуулж санал авна, үүний хүрээнд манайх Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байгаа. Эсхүл яамдаас нь шууд ирвэл баталгаажуулж явуулах юм. Д.Я-ийн тухайд сумын төвийн боловсрол хариуцсан нягтлан гэж явж байгаа тул Төрийн үйлчилгээний ТҮ-8 зэрэглэлд хамаарч байгаа нь ерөнхий нягтлан бодогч гэсэн ангиллаар явна. Ажлын байрны тодорхойлолтын ангилал зэрэглэл дээр ТҮ-8 гэсэн байгаа учраас ерөнхий нягтлан бодогч гэж ойлгоно.”гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс “...2019 оны сүүлээр байгууллагын цалингийн хэмнэлт үүссэн байсан. Манай сум 2019 онд шинэ ___-тэй болсон ба түүний нээлт гээд байгууллагад их өр үүсгэсэн байсан. Оны эцсээр хэмнэгдсэн цалингаа буцааж татуулахгүй байгууллагын өрийг багасгах гэж бид 2 ярилцсан. Өр тухайн байгууллагын зардал дээр тавигдаагүй. Хэмнэгдсэн цалинг өр дарах гэж хэлж авч болохгүй учир ажилчдын урамшуулал хэлбэрээр гаргаж аваад байгууллагын өр дарах гэж байсан. Тухайн мөнгөө гаргаж авчхаад өр дарж амжаагүй байхад ажилчдын хэл ам гарахаар нь өр дарахаа больё ажилчдадаа урамшуулал хэлбэрээр өгье гэж ажилчдад бүгдэд нь урамшуулал хэлбэрээр өгсөн. Байгууллагын ажилчид үр дүнгийн урамшуулал авах ёсгүй байсан. Хэмнэгдсэн цалин буцаагаад татах ёстой. Тэгээд ажилчидтай хоорондоо ярьж өрөө дарах шаардлагатай байгаа гэхэд манай ажилчид бүгд зөвшөөрсөн. Мөнгийг өрөндөө өгч амжаагүй байхад ажилчид маань урамшууллаа авна гэхээр нь мөнгийг нь өгсөн. Бид хоёр мөнгийг хувьдаа авъя гэсэн санаа байгаагүй” гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч уг тайлбар нь
Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 1 сарын эхээр миний танил эмэгтэй над руу залгаад танай урамшууллын мөнгө орсон байна лээ чи зээлсэн мөнгөө өгөх үү гэхээр нь би надад урамшуулал ороогүй асууж байгаад хэлье гэсэн. Тэгээд банкнаас асуусан чинь мэдэхгүй, хамт ажилладаг ажилчдаасаа асуусан чинь урамшуулал ороогүй гэж байсан. Тэгээд би сумын ___ М- гэх хүнээс асуусан чинь танай ___-ийн урамшуулал мөнгө орсон гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Э-тай уулзаж асуусан чинь өрөө дарах гээд мөнгө гаргуулсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-156 дугаар хуудас/,
Хохирогч Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгэхэд Э- өөрөө байхгүй ширээн дээр нь ажилчдад урамшуулал олгосугай гэсэн гарын үсэг, тэмдэггүй тушаал байсан. Тэгээд бидэнд урамшуулал олгох юм байна даа гэж бодож байсан. Тэгээд урамшууллын мөнгө ороогүй. 2020 оны 01 сар гаргаад Э- луу бид нар ороод бидэнд урамшууллын мөнгө өгөөгүй юмуу гэтэл өрөндөө өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар Төрийн сангаас тодруулсан чинь бидний нэр дээр урамшуулал олгох тушаал гаргаад Төрийн банкнаас бидэнд олгох мөнгийг авчихсан байсан...” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн 157-161 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай ___ А.Э- нь ажилчдын 2019 оны цалингийн үлдэгдэл буюу хэмнэгдсэн цалин болох 2 274 590 төгрөгийг ажилчдад урамшуулал олгох тушаал гаргаж бидэнд урамшууллыг өгөхгүйгээр өөрөө авсан байсан. ...Тухайн үед бид нар А.Э-аас асуусан чинь өр төлбөрт өгсөн гэж ярьсан бөгөөд бид нарт яагаад хэлээгүй юм бэ гэхэд юм дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164-166 дугаар хуудас/,
Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгэхэд эрхлэгч Э-ын ширээн дээр ажилчдад урамшуулал олгох тухай тушаал байсан. Уг тушаалыг О- бид 2 уншчихаад “бид нарт жилийн эцсийн урамшуулал олгох гэж байгаа юм байна” гэж ярилцаад гараад явсан. Тэгтэл сарын сүүл цалин дээр урамшуулал ороогүй бөгөөд манай ажилчид “он гараад орох юм байна” гэж хоорондоо ярилцаж байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын үед сумын Төрийн банкинд ороход банкны эрхлэгч нь “танай ажилчид урамшуулал орох ёстой гээд надаас асуугаад байна танайх урамшуулал орох ёстой юмуу” гэж надаас асуусан. ...Тэгээд манай ажилчид бөөнөөрөө эрхлэгч Э-аас “урамшуулал орсон гэж байна, бид нарт яагаад урамшуулал өгөөгүй юм бэ” гэж асуухад Э- “та нарт урамшуулал олгох нэрээр уг мөнгийг аваад ___-ийн өрийг дарсан гэсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/, Бүрд сумын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17/18 дугаар мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын 1-т Байгууллагын хамт олны хуралдааны шийдвэрийн дагуу ажилтан албан хаагчдад мөнгөн урамшуулал олгоно гэсэн боловч хамт олны хурал болсон талаар тэмдэглэл хэрэгт авагдаагүй, дээрх мөнгөн урамшууллыг А.Э-ын хувийн дансаар авч түүнээс Д.Я-ийн дансруу шилжүүлсэн болох нь А.Э-ын Төрийн банкны депозит дансны хуулга зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч А.Э-, Д.Я- нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас А.Э-, Д.Я- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Э-, Д.Я- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бүлэглэн нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч Ш.О-, Ц.Э-, Ц.Д-, Д.А- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч А.Э-, Д.Я- нар нь урамшууллын мөнгийг хохирогч нарт өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүх, шүүгдэгч А.Э-, Д.Я- нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэднийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор хуульчилсан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн нийт эдлэх ялыг 6 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүх шүүгдэгч А.Э-, Д.Я- нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 6 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Э-, Д.Я- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч А.Э-, Д.Я- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогтой А-ы Э-, Ж- овогтой Д-ийн Я- нарыг бүлэглэн өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар А.Э-, Д.Я- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 /таван сая таван зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар А.Э-, Д.Я- нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан А.Э-, Д.Я- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн нийт эдлэх ялыг 6 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар А.Э-, Д.Я- нар нь 6 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. А.Э-, Д.Я- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Э-, Д.Я- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА