Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/066

 

Э.Нид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 554 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлээр Э.Нид холбогдох 1714000000101 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Э.Н, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, онцгой байдлын аврагч ахлагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Э.Н нь 2017 оны 10 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 25 дугаар байрны гадна иргэн Л.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Э.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Батцэнгэл нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Галдан гэцэл овогт Э.Нид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг авахаар дуудаж ирүүлсэнийг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг сануулж түүнээс гэрчээр мэдүүлэг авсан байна.

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Д.Дэлгэржав нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Галдан гэцэл овогт Э.Нид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулан яллагдагчаас мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, 7.5 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглож хуульчилсан.

Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж хуульчилсан байна.

Үүнээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа хүн нь Э.Н байна. Гэтэл мөрдөгч тухайн сэжигтэнээс гэрчээр мэдүүлэг авсан нь яллагдагчаар өөрөөр нь холбогдсон хэргийг нь нотлуулсан байна. Ингэснээр тодорхой эрх бүхий албан тушаалтнуудад яллагдагчийн гэм буруугийн талаар ойлголт үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг тус тусад нь ялган хуульчилсан байхад сэжигтэн, яллагдагчийг гэрчтэй адилтгаж мэдүүлэг авсан байгаа нь буруу болж тухайн хуулийг болон хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж заасан. Мөрдөгч нь Э.Нийг яллагдагчаар татахаас өмнө түүнээс хэргийн талаар гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг авахдаа Э.Нийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “ Гэрч өөрийнх нь эсрэг, түүний гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” болохыг танилцуулж байцаалт авсан байна. Э.Н нь дээрх эрхээ эдлээгүй мэдүүлэг өгсөн байна.

Дээрх ажиллагаа нь Э.Нийг яллагдагчаар татагдахаас өмнө авагдсан тул хууль зөрчсөн үйлдэл биш юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Яллагдагчаар татсанаас хойш Э.Ноос гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй тул анхан шатны шүүхийн захирамж нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 19-21 дүгээр талуудад 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Батцэнгэл нь Эрдэнбаатарын Нямдоржоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авч, ингэж мэдүүлэг авахдаа мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй...” заасныг сануулан мэдүүлэг авсан бөгөөд Э.Н нь өөрөө уг эрхээ эдлэхгүйгээр гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Тухайн хэрэгт мөрдөгчийн гаргасан саналыг үндэслэн Баянхонгор аймгийн прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” /хх-ийн 1-р тал/ тогтоол гарсан байх тул хэрэг бүртгэлийн шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн мөрдөгчийн ажиллагааг буруутгах боломжгүй, хэргийг прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж нь тухайн хэрэгт цаашид ямар ажиллагаа нөхөн хийлгэх нь тодорхой бус ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хавтаст хэргийн 74-82 дугаар талуудад авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн огноо зөрүүтэй байх тул цаашид уг шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байгааг дурдав.

Цаашид шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тов тогтоохтой зэрэгцэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хамтатган шийдвэрлэж байхыг анхаарвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 554 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Нид холбогдох эрүүгийн 1714000000101 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.Нид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Т.ДАВААСҮРЭН