Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 11

 

 

Ц.Чийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд оролцогч нартай цахимаар холбогдож хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2017/00106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б -т холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 5,940,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 2015 оны 04 сарын 14-ний  өдрийн байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 250000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Чгийн  давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Т.Бт 2015 оны 4 сарын 14-нд үндсэн зээл 3,500 юань ороод 1,700,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй 2015 оны 6 сарын 14 хүртэлх хугацаанд зээлдүүлсэн. зээлийн хүүнд 1,700,000 төгрөг төлөөд үндсэн зээлээ төлөөгүй хүү  340,000х20 сар= 6,800,000 алданги 850,000 төгрөг одоо нийт 8,480,000 төгрөг гаргуулахаас 5,940,000 төгрөг гаргуулж өгнө үү. Үндсэн зээл 3,500 юанийг юанаар авна гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Чгаас 3500 юань зээлээгүй болно. Нэхэмжлэлд дурдаж байгаа 3500 юанийг иргэн Чгийн түр хамтран амьдарч байсан Цгаас авсан. 2015.04.14-нөөс 2015.05.14-нд үндсэн зээл болох 3500 юанийг 1 сарын хүү болох 180000 төгрөг өгсөн. Энэ хугацаанд үндсэн зээл болох 3500 юань буюу 1 000 000 төгрөгийг өгч чадаагүй тул шахалтаар 1700 000 төгрөгө болгон төлж өгнө гэсэн бичиг хийлгэж авсан. 3500 юанийг төлж дуусгасан. Уг нь 3500 юанийг зээлэхэд гэрээ хэлцэл хийгдээгүй, итгэлцлийн журмаар зээлсэн. Үүнд хүү, торгууль, алдангийн талаар дурдаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 06 сарын 15-нд 1,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай гар дээрээ авсан. Тухайн үед бидний хооронд ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ хийгээгүй, амаар тохиролцож 2 сарын дараа өгөхөөр тохирч авсан. Ингэж тохирч авахдаа мөнгө олж өгсөнд баярлалаа гээд 100,000 төгрөг өгөөд миний хувьд хугацаа дуусахад нийт 1,350,000 төгрөгийг төлсөн бөгөөд анх мөнгө авахдаа 100,000 төгрөг, дараа нь Эрээн хотоос орж ирээд 80,000 төгрөг, дараа 1,170,000 төгрөг өгч төлж дуусгасан. Ч миний төлсөн дээрх мөнгийг тухайн үед авахдаа ингээд зээлсэн төлбөр тооцоо дууссан гэж авч байсан мөртлөө үндсэн зээлээс хасахгүйгээр одоо зээлийн хүүд тооцож авсан гэж иргэн намайг илт хохироож байна. Иргэний хуульд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх ба дээрх гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зээлийн гэрээний хүүд илүү төлсөн 250,000 төгрөгийг Ц.Чгаас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 04 сарын 14-ний өдөр бид 2 ярьж тохироод зээлийн гэрээ хийсэн. Сөрөг нэхэмжлэлд бичсэн 1,350,000 төгрөгийг надад өгөөгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Боос зээлийн гэрээний үүрэгт 6,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,934,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагч Т.Б нарын хооронд 2015 оны 04 сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 46,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,150 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож,…шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд бүрэн дүүрэн үнэлэлт өгөлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүү, алданги шаардах эрхгүй гэжээ. Гэтэл зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч би 2014.06.20-нд хариуцагч Бт 3500 юань зээлдүүлсэн. Б нь 2014.06.20-нд зээлийн хүү гэж 100,0 төгрөг, 7 сарын 24-ний орчимд 84,0 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөхгүй байсан учир 2015.04.14-нд анх амаар тохирч хийсэн гэрээг биелээгүй учир нотариат дээр очиж нөхөж зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан юм. Нотариат дээр байгуулсан гэрээгээ заасан хугацааанд нь биелүүлээгүй учир хүү, алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар гэрээ байгуулснаас хойш өгсөн 1170000 төгрөгийг зээлийн хүү гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлараар нотлогдож байна. Зээлийн гэрээнд хүү алданги тооцох эрхтэй гэснийг биелүүлээгүй. Нэхэмжлэгч би танихгүй хүнд барьцаа, батлан даалтгүй, хүүгүй 3500 юань зүгээр өгсөн болоод 3 жил орчим хугацаанд хохирч байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Үндсэн зээл 3500 юань ороод хүү алданги нийлээд 2200000 төгрөг нэхэмжилж байна. Анх мөнгө авахдаа байгуулсан аман гэрээ нотариат дээр хийсэн гэрээнүүд хүчин төгөлдөр бус болоод байгаад гомдолтой байна гэв.                                      

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу ”...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж” шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан эрхийн хүрээнд  шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч Т.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа бичгээр байгуулсан зээлийн гэрээнд үндэслэжээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б зөвшөөрөхгүй гээд ”...энэ хүн данснаасаа 3500 юань авч солиулаад надад  1 000 000 төгрөгийг өгсөн, энэ хүнд нийт 1 354 000 төгрөгийг төлсөн, үүнээс 100 000 төгрөгийг баярласнаа илэрхийлж өгсөн учир тооцоонд оруулахгүй, мөнгө зээлсэн тухай бидний хооронд хийгдсэн гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн учир үүнийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж,  250 000 төгрөг илүү төлснийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.    

Зохигчдын хооронд 2014-06-20-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч Т.Бын өмчлөлд 3500 юань буюу /нэхэмжлэл гаргах үеийн ханшаар /хх-4// 1 260 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлсэн нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-50/, зохигчдын тайлбар, гэрч Б.Янжинсүрэнгийн мэдүүлэг /хх-26/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч  2015-04-14-ний өдрийг хүртэл 184000 төгрөгийг, зээлийн гэрээг нөхөж байгуулснаас хойш буюу 2015-04-14-нөөс хойш 1 170 000 төгрөг, нийт 1 354 000 /100 000+84 000+1 170 000/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй байна.

 Хариуцагч Т.Б 2015-04-14-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид зээлийн хүүнд гэж 184000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй учир талууд мөн өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг /хх-5/ нөхөж бичгээр байгуулжээ.

Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдэх”, мөн хуулийн 199.2-т заасан “хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулах” тухай агуулгад нийцсэн ба хариуцагч Т.Б өмнө үүссэн үүргийг хүлээн зөвшөөрч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл талууд өмнө тохирсон тохиролцоогоо нөхөж бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2-т нийцсэн гэж үзэх бөгөөд харин уг бичгээр байгуулсан  зээлийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр болох тул нэхэмжлэгч нь энэ үед үүссэн үүргийг буюу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх зээлийг  хүү, алдангийн хамт бичгээр байгуулсан гэрээний дагуу шаардах эрхтэй болох ба анхан шатны шүүх гэрээ байгуулах үед мөнгийг зээлдэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “... зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх” гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Үүнээс үзэхэд хариуцагч өөрийн төлөх ёстой өрийг хүлээн зөвшөөрч амаар байгуулсан зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан нь  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэсэн агуулгад нийцсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Харин талууд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд 1700000 төгрөгийг бодитоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж заасан боловч энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдоогүй ба уг гэрээг байгуулахаас өмнө зээлдэгч буюу хариуцагч Т.Бын өмчлөлд 3500 юань буюу 1260000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.Янжинсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг төлбөрийн хувьд дээрх гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй учир хариуцагч Т.Бын дээрх гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгчид  хүүнд гэж зөвшөөрч өгсөн 184000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойшхи хугацааны тооцоонд оруулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч Т.Б нь 3500 юань зээлээгүй 1000000 төгрөг зээлсэн, бичгийн гэрээг хүчээр байгуулсан гэж маргах боловч  үүнийгээ шүүхэд нотлоогүйн гадна  нэхэмжлэгчээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3500 юань зээлсэн болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч юаны төгрөгтэй харьцах ханшийг нэхэмжлэл гаргах үеийн банкнаас зарласан хэмжээгээр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д нийцсэн гэж үзнэ.

Иймд талууд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1260000 төгрөгийн хувьд 2 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй гэрээ байгуулсан гэж үзэх бөгөөд хэрэгт гэрээг бичгийн хэлбэрээр сунгасан үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч  нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар гэрээг бичгээр байгуулсанаас хойшхи буюу гэрээнд заасан 2 сарын хугацаанд хүү төлөх үүрэгтэй байжээ.

Тодруулбал гэрээ ёсоор тооцоход:

  • Үндсэн зээл 3500 юань х 360 төгрөг / хэрэгт авагдсан  нэхэмжлэл гаргах үеийн юаны ханш/ = 1260000 төгрөг
  • Зээлийн хүү 1 сарын 20% буюу 1260000 төгрөг х 20% = 252000 төгрөг, 2 сарын хүү 252000 төгрөг х 2 сар = 504000 төгрөг
  • Бичгээр байгуулсан гэрээний дагуу нийт төлбөл зохих төлбөр буюу нийт үүрэг  1260000+504000=1764000 төгрөг.
  • Үүнээс төлсөн буюу гүйцэтгэсэн үүрэг 1170000 төгрөгийг хасвал /1764000-1170000/ 594000 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлөх үүрэгтэй.
  • Талууд гэрээгээр алдангийн нөхцөлийн талаар тохирсон, хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцвол алдангид 297000 төгрөг /594000:50 хувь/ төлөх үндэслэлтэй. 

Харин хариуцагчийн гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, илүү төлсөн 250000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж, хариуцагчийг хүчээр айлган сүрдүүлж гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй. 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2017/00106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...6000...,” гэснийг “891000” гэж, ”...5934000 ...” гэснийг “5049000” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Т.Бын “2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү төлсөн 250000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

3 дахь заалтын “ ...4550 ...” гэснийг  “25934” гэж тус тус өөрчилж,  мөн заалтаас “...42150 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Чгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                                         Н.БОЛОРМАА