Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0134

 

 

 

 

 

 

 

 

                         Б.Гын нэхэмжлэлтэй 

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Б.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Га

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 39 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Га

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 126/2021/0036/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Гаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “4 дүгээр хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр: 

“...2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 5 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас ... илт хууль бус болохыг тогтоолгох ... хэсгийг хэсэгчлэн татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож,

2.2.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 5 дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Хурлын шийдвэр нь Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэргийг үндэслэн гаргасан бөгөөд Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудал нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд батлагдсан дараалал ёсоор хэлэлцээд шийдвэрээ гаргах ёстой асуудал байсан боловч тухайн үеийн Засаг дарга нь хурлаа орхиж гарсан ИТХ-ын дарга, төлөөлөгч нар буюу зөвхөн намын төлөөллийг дагаж орон нутгийн ажлыг гацаасан, ИТХ-ын хуралдаанд оролцож буй дийлэнх төлөөлөгчдөд ажлаа тайлагнаагүй, “...намайг огцруулаарай гэсэн хүсэлтээ өөрийн биеэр гаргасан шийдвэр болон хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул тухайн хуралдааны олонх төлөөлөгч огцруулах тухай саналаа хурал даргалагч Д.Пд хүргэхэд хурал даргалагч Засаг даргыг огцруулах горимын саналыг хүлээн авч хугацаанаас нь өмнө огцруулах саналын томьёоллоор санал хурааж шийдвэрийг гаргасан болно.

3.2.Эдгээрээс үзэхэд Б.Гын бүрэн эрх нь хэрэгжиж байгаа ИТХ буюу түүний үндсэн хэлбэр, тодруулбал хуралдаанаас гарсан олонхын шийдвэрийг илтэд хууль бус хэмээн хүчингүй болгож байгаа нь бусад төлөөлөгчдийн бүрэн эрх буюу хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, хурлаас сонгосон томилсон албан тушаалтны илтгэл сонсгол хэлэлцүүлэх санал гаргах эрхийг үл хүндэтгэсэн, ИТХ-ын бүрэн эрхэд зааснаар Засаг даргыг огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжилсан, мөн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан шийдвэр болох 5 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй, шүүхээр хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн аливаа тогтоол, шийдвэрийг Хурал өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгодог бүрэн эрхийг зөрчсөн, үүний дагуу тухайн шүүхийн шийдвэр нь буруу шийдвэр болсон байна.

3.2.Мөн Б.Гын хөдөлмөрлөх болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн дүгнэж байгаа нь сумын ИТХ, түүний төлөөлөгч нар нь Засаг даргыг хөдөлмөрлөх хугацаанд нь ажлаа сайн хийлгэх, асуулга тавих үйл ажиллагаанд нь хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэл авах бүрэн эрхтэй, харамсалтай нь тухайн үеийн Засаг дарга Б.Г нь ажлаа тайлагнаагүй, ИТХ-ыг үл хүндэтгэсэн, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй төрийн ажлыг гацаасан, мөн “өөрөө огцруулж өг” гэсэн утга бүхий хүсэлтээ утсаар хүргүүлсэн нь Засаг даргыг огцруулах бүрэн үндэслэл болж байна.

3.3.Нөгөөтээгүүр ажлаа хийж чадаагүй Засаг даргаас болж нийт ИТХ-ын төлөөлөгч нар болон ард иргэд сонгогч түмэн төрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дутмаг байгаа нь төлөөлөгч нар болон сонгогч иргэдийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзэж байна.

3.4.Улаан-Уул сумын ИТХ-ын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаас нийт төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан 5 дугаар тогтоол буюу ИТХ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нутаг дэвсгэрийнхээ хүрээнд бие даан гаргасан хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Улаан-Уул сумын ИТХ-аас гаргасан олонхын шийдвэрийг хууль ёсны хүрээнд шийдвэрлэсэн захирамжийг үгүйсгэх, шинээр ИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаанаас нийт 20 төлөөлөгчийн 11 төлөөлөгч буюу олонхын саналаар нэр дэвшиж Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар сонгогдон батламжлагдсан шийдвэрт харшилж Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд сонгогдсон Улаан-Уул сумын Засаг дарга Б.Б миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Б.Га шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “…илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж тодорхойлсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу “хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгох” гэж ойлгохоос бус хуулийн 106.3.2-ын илт хууль бус болохыг тогтоох шаардлагатай адилтган үзэхгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох шаардлага хамтдаа байх боломжгүй тул шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн татгалзсаныг баталсан хэсэгт өөрчлөлт оруулж, харин давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2007 оны/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга …хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, …асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” боловч ийнхүү оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй болохыг хуулийн 24.3-т тодорхой заажээ.

4.Эрхээ хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан үүргээ буюу журмыг биелүүлэх шаардлагыг ийнхүү хуулиар тогтоосон байхад иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар өмнө батлагдсан хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт шийдлийн хувьд зөв байна.

5.Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 27 дугаар тогтоолоор баталсан хэлэлцэх асуудалд энэ талаар тусгаагүй, 8 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ч энэ асуудлыг хэлэлцэхээр тогтоогүй, харин тус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний хагас жилийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, 2021 оны эхний хагас жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, 2020 оны аудитлагдсан тайланг зөвшөөрөх тухай, 2021 оны төсөвт тодотгол хийх тухай, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэхэмжлэгчээс оруулахгүй татгалзсан гэсэн шалтгаанаар түүнийг Засаг даргаас огцруулах гэж буй тохиолдолд хуулийн 32.6-д заасны дагуу “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж улмаар Хурлын даргад өргөн мэдүүлэх байдлаар уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэх” боломжтой.

6.Түүнээс хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй, хуульд заасан журмыг зөрчин Засаг даргыг огцруулсаныг олонхын саналаар шийдвэрлэсэн байсан ч зөвтгөх үндэслэлгүй.

7.Мөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдааныг Хурлын дарга биш, Тэргүүлэгч ч биш, харин Хурлын төлөөлөгч Д.П удирдан явуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасантай нийцээгүй байна.

8.Шийдвэрийн үндэслэл хэсэгт “…иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын өөрт хамаарах заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг өөрчилж, шүүх энэхүү шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно…” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй актын талаар дурдсан алдаа гаргасныг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн /2007 оны/ 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 5 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нөхөж төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БАТБААТАР 

 

ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН