Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/68

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Иргэдийн төлөөлөгч:Б.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Т.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогтой Т-ын О-д холбогдох эрүүгийн 2027000000036 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Барилгын коллежийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эмээгийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1 дүгээр баг, “___” газар оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т- овогтой  Т-ын О- /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.О- нь нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 17 настай Ц.А-г нуруун тус газар нь 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Т.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5 найзтайгаа архи уусан. Тэгэхдээ нэг найзынхаа амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Би хийсэн хэргээ хүлээж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...А- айлын хамгийн бага хүүхэд бид хэд нийлээд эхээс зургуулаа миний дүү 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Манай аав Ц- 2015 онд А-г 13 настай байхад нь өвчний улмаас нас барсан. Б- гэх залуу гар хурууг нь бариагүй байсан бол биеэ хамгаалж болох байсан. Тийм учраас энэ хэрэгт Б-ийг холбогдуулан шалгуулах хүсэлтэй байна. Мөн одоогоор манай гэр бүлд учирсан 9 617 710 төгрөгийг гаргуулж авмаар байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцоход зарцуулагдсан болон бусад бүх зардал мөнгийг гаргуулж авмаар байна зүв зүгээр дүүгээ хүний гарт алдсанд маш их гомдолтой байна манай ээжийн байдал маш муу байна. Харж хандаж хажууд нь байнга байдаг ганц хүн нь байхгүй болчихлоо...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-122 дугаар хуудас/,

Яллагдагч Т.О-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2027000000036 дугаартай тогтоолтой бүрэн танилцсан. Би яллагдагчаар татаж буй зүйл хэсгийг зөвшөөрч байна. Гэхдээ би энэ удаад мэдүүлэг өгч чадахгүй нь надад жоохон бодох нь байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/,

Яллагдагч Т.О-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

“...Би Баян-Өндөр сумын төв дээр 07 цаг өнгөрч байхад орж ирээд өөрийн ээж О-ын гэрт очиж цай унд уучихаад 09 цаг хүртэл байж байгаад Баян-Өндөр сумын эмнэлэг дээр очоод цусны шинжилгээ өгсөн. Тэгж байхад Д- гэх танай нутгийн Арвайхээр суманд сурдаг хүүхэд явж байхаар нь бид хоёр уулзан ярилцаад багийн дарга Н-гийн гэрт очоод цээж зургаа өгч цэргийн зарлангаа авсан. Бид 2 тэндээс Д-ийн эмээгийн гэрт очоод цай ууж суухдаа би Д-т хандаж манай гэрт очиж утсаар тоглъё гэж хэлээд гарч очоод бид 2 утсаар pubg пабжи тоглоод байж байтал талийгаач А- над руу залгаад хаана байна хөө наадмын талбай дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би завгүй байна гэж хэлээд утсаа тасалчихсан. Удалгүй талийгаач М-тай орж ирсэн. Тэрний араас Б-, С- 2 удалгүй орж ирсэн. Тэгээд би утсаар тоглоод байж байтал А- араасаа нэг шил Болор нэртэй архи гаргаж ирээд надад хандаж аяга байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би шилэн хундага шургуулганаас гаргаж өгсөн. Тэгээд бид хэд архи тойруулж ууж дуусгасан. Би тэр архинаас их уугаагүй. Дараа нь С- нэг шил Хараа нэртэй архи өврөөсөө гаргаж ирсэн. Тэр архийг эхэлж С- аяганы дундуур нь А- авч хундагалаад дуусгасан. Архи дуусах үед С- тамхи дуусчихлаа тамхинд явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд С-тай гарах гэж байхад А- араас архи дуусчихлаа шүү дээ хө гэж хэлсэн. Би С-ыг сундлаад Б-ийн дэлгүүр ороод би гадна талд үлдээд С-ад картаа өгөөд оруултал С- гарч ирэхдээ нэг шил архи авчихлаа зүгээр биз дээ хө гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлсэн. Бид хоёр буцаад манайд очиход С- нэг шил Харзтай гаргаж ирээд орны хойд талд тавьсан. Би С-аас тамхиа аваад гарч татчихаад ороод ирсэн чинь А- бид хэд хоёр хоёр уучихлаа чи гурав уучих гэхээр нь би уухгүй та нар өөрсдөө уу би урагшаа ээж дээр очино гэж хэлсэн чинь юун сүртэй юм бид хэд бүгд ижилхэн ууж байна гэсэн тэгээд би үгүй гээд босоод ирсэн чинь А- босч ирээд дээлнээс бариад авахаар нь би хамар луу нь нэг цохисон. Тэр үед гаднаас Б- ах орж ирээд хөөе яаж байгаа юм гээд бид хоёрыг салгасан. Тэгээд Б- ах яаж байгаа юм ахын дүү гэхээр нь бид хоёр Жоохон муудалцаад гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Би Д-тэй хамт үлдсэн. Би удалгүй гарсан чинь А- намайг жорлонгийн тэнд дуудсан очсон чинь миний шанаа хэсэг рүү цохиод газар унахад толгой руу хөшиглөсөн. Тэгээд М- ирээд бид хоёрыг салгахад чи бас манийгаа яаж байгаа юм гэсэн чинь больё гэж хэлээд М- А-г аваад өгсөн. Тэр үед Б- ах хашаан дотор орж ирээд нүүр гар угааж өгөөд Д-д намайг харж байгаарай гэж хэлчихээд гараад явсан. Би орон дээр унтаад өгсөн. Тэгээд удалгүй хаалга онгойх шиг болсон. Тэгсэн намайг хэвтэж байхад А- гартаа чулуу атгачихсан нүүр лүү цохиод байсан. Би өөдөөс нь босох гээд яаж байна аа гэж хэлсэн чинь гүйцээчихий гээд цохиод байсан. Намайг 4-5 удаа цохисон. Тэгээд А- шууд гараад гүйсэн. Би араас нь боссон чинь толгой эргээд газар ойчсон. Би орон дээр сууж байсан. Тэгсэн гэнэт гадагш А-гийн араас гарч очоод цохих шиг болсон А-г би хутгалчихсан байсан. Миний А-г хутгалсан хутга хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 82-85 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг 00-н тэнд бөөлжөөд байж байсан чинь А-гийн хамраас цус гарчихсан байдалтай С-тэй хамт гараад ирсэн. А- О- хоёр хашааны дотор талын үүд хэсэгт ярилцаад зогсож байсан. Тэр хоёрын яриаг сонсоход А- О-д хандаж чи яаж байгаа юм хамрын цус гоожуулдаг нь гэж хэлсэн чинь тэгсэн О- юм дугараагүй тэрхэн зуур л А- О-г унатал нь шаагаад авах шиг болсон. Тэгээд очоод хартал О- газар унасан байсан. Тэр хоёрыг М- салгасан. О-гийн ах урд талын хашаанаас гарч ирэхээр нь бүгд тараад гэр гэр лүүгээ явсан. Эмнэлгийн урд талд А-тай таарсан тэгээд над дээр ирэнгүүтээ хоёулаа О-гийнд очъё гэж хэлсэн тэгээд А-г сундлаад О-гийн гэрт очсон чинь А- дотогшоогоо О-гийн гэр лүү орчихсон би гэр лүү нь ороогүй гадаа мотоцикльтойгоо гадаа байж байсан чинь урд талын хашаан дээр урд талын хашаан дээр О-гийн ах Г- Ш- гээд нэг залуутай байж байснаа намайг дуудсан. Тэгэхээр нь намайг очиход Г- бууж ирээд надад нэг юм хэлсэн би тэрийг нь сайн санахгүй байна. Тэр үеэр А- гарч ирсэн тэгсэн Г- А-г заамдаад томроод байж байх үед О- гүйж гарч ирээд А-гийн нуруу руу цохих шиг болсон чинь А- эвхрээд ойчсон. Тэгэхээр нь би нурууг нь харсан чинь цус гоожоод байсан тэгсэн А- өөрөө босч ирээд миний мотоциклийг унаад намайг сундлаад манай хашааны урд хэсэг хүртэл очсон явж байхдаа надад мань чинь үхлээ ш дээ гэж хэлээд байсан би хойд талд нь уйлаад яваад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 162-164 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би С-, М- хоёрт ундаа аваад ирээч гээд 5000 төгрөг өгч явуулсан О- зүүн талын орон дээр сууж байснаа зүүн хойд талын авдарны урд сандал дээр сууж байсан А-гийн хажууд байсан сандал дээр суугаад хоорондоо юм ярьсан, яг юу ярьж байсаныг нь би сонсоогүй удалгүй тэр хоёрын ярианы өнгө чангараад муудалцах маягтай болоод ирсэн. Тэгсэн гаднаас О-гийн ах гээд нэг хүн орж ирсэн. Тэр ахыг гэрт орж ирэхэд араас нь М-, С- хоёр ундаагаа аваад ороод ирсэн. Би баруун орон дээр ганцаараа утсаа оролдоод сууж байсан чинь О- А-гийн толгой нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Тэгсэн чинь Б- ах тэр хоёрын дундуур орсон. Тэгээд О- түрүүлээд гэр рүү орсон би бие засчихаад яваад ороход О- зүүн талын орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би баруун талын орон дээр утсаа цэнэглээд оролдоод байсан байсан 10 орчим минутын дараа мотоцикль гадаа дугарах шиг болсон.  Тэгсэн гэрт А- орж ирсэн тэгээд О-гийн хажууд очоод О-г татаж орноос нь унагаагаад 2-3 алгадаад амьд уу хөөе гэж хэлсэн. Тэгэхээр нь би болиоч гэж хэлсэн.  Тэгсэн А- гараад явсан. Тэгэхээр нь би очоод би О-г орон дээр суулгаад нөгөө талын ор луу явуулсан чинь О- босоод гарах гэхээр нь хаачих гэж байгаа юм гэж асуусан чинь уулзчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би гадуур хувцсаа өмсөөд цэнэглэгчээ аваад араас нь гарахад хашааны хаалганы үүд хэсэгт О- надтай зөрж хашаа руу орсон зөрөхдөө юу ч дугаралгүй гэр лүүгээ яваад орсон гадаа гудамжинд Б- ах урд хашааны тэнд зогсож байсан. Харин А- Б-ийг сундлаад мотоцикльтой зүүн зүгт явж байгаад гудамжны үзүүрээр хойшоо эргээд яваад өгсөн. Тэр үед Б- ах О-г харж байхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би явлаа гээд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-158 дугаар хуудас/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...17 цаг өнгөрч байхад хойно ахиад мотоцикль дугарахаар нь О-г гараад явчихаж байгаа юм болов уу гэж бодсон чинь хашааных нь гадаа Б- ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би хүүе нааш ир яагаад нэгийгээ зодчихсон юм бэ гээд хашаан дээрээс Б-г загнаад байж байсан чинь А- нь гэрээс шууд гүйгээд гараад ирэхээр нь хашаа давж бууж А-, Б- хоёр дээр очоод би А-гийн цамцнаас нь бариад та нар яагаад нэгийгээ зодож байгаа юм гээд хэлж дуусаад цамцыг нь тавиад юм яриад зогсож байсан чинь О- гэнэтхэн хажууд хүрээд ирсэн байсан. Тэгээд А-гийн нурууных нь ар тал руу цохиод авах шиг болсон. Тэгсэн Б- хүүе наадах чинь хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн шиг санагдаж байна. Тэгээд харсан цус гарч байсан тэгэхээр нь би баруун талын үзүүрийн хашаанд байдаг О-гийн ээж О-ын хашаа руу гүйж очоод О- хүн хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151-154 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн манай хүүхэд чинь дутуу гарсан юм. Тэгээд 1 сар гаран болоод байж байх үед нь би өөр дээрээ авсан. Тэгээд манайд өссөн хүүхэд байгаа юм. Албан ёсоор үрчилж авсан нь бол 2010 онд албан ёсоор авсан. Миний хүү чинь хүнтэй их найзархуу хүнд их тусархуу их нийтэч тийм л хүүхэд байсан ямар нэгэн буруу зөрүү зан байхгүй өөрөөсөө дүү хүүхдүүдтэй байнга тоглож байдаг тийм л хүүхэд байсан малд их дуртай байсан. Улаанбаатар хот руу яваад сургуульд 2 жил сурч байсан юм. Энэ жил өвчин гээд сургууль нь амарсан байсан. Энд мал дээрээ л байсан юм. Миний хүү чинь зан ааш нь зүгээр л байсан юм өвөө нь энэ өвөл өнгөрсний дараа жаахан сэтгэл санаагаар унасан байх өвөө нь өнгөрөх үед манай хүү хотод байж байгаад уулзаж чадаагүй юм. Уур уцаар багатай хүүхэд байсан яагаад ийм юм хийснийг би ойлгохгүй байгаа юм сэтгэл санаа жаахан тавгүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...манай хүүхэд зан ааш нь эвдрээгүй хүүхдээрээ байсан хүүхэд байгаа юм хүнд тусархуу үгэнд ордог тийм л хүүхэд энэ өвөл өвөө нь өнгөрсөн. Тэрнээс хойш зан ааш нь жаахан өөр болсон жаахан уур уцаартай болсон байсан. Тэрнээс биш манай хүүхэд чинь дүү нартайгаа тоглосон хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 224 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...За бид 2 бага наснаасаа хамт хурдан морь унаж өссөн. Тэгээд би 2014 оны 09 сард Өвөрхангай аймгаас Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Оюунчимэг багштай 7 а ангид шилжиж ирсэн. Тэгээд бид 2 нэг ангид 3 жил хамт сураад О- шилжээд явсан. Бид 2 нэг ангид сурч байх үедээ  найзалж нөхөрлөдөг байсан. О-, А- 2 найзалж нөхөрлөдөг байсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ хамт явдаг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 225 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №35 дугаартай:

“...1.Талийгаач Ц.А-гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндий нэвтэрч, өрц, баруун уушгины доод дэлбэнд хатгагдсан шарх, баруун далны гадна шугамаар 10-11 дүгээр хавирганы түвшинд шарх, хамрын нуруу, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба цээжний хөндий нэвтэрч, өрц, баруун уушгины доод дэлбэнд хатгагдсан шарх, баруун далны гадна шугамаар 10-11 дүгээр хавирганы түвшинд шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын нуруу, дээд уруулд үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

4. Өрц цээжний хөндий, уушгины эдийн нэвтэрсэн шарх нь гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын нуруу, дээд уруулд үүссэн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Талийгаач Ц.А-гийн цусанд 1 промилли спирт илэрсэн байна. 1 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

6. Талийгаач Ц.А-гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

7. Талийгаач Ц.А- нь өрц, цээжний хөндий, баруун уушгины эдийн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд цочмог цус алдаж, улмаар баруун уушги агааржилтгүй болж нас баржээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 171-173 дугаар хуудас/,

Хэрэг учралын газар, цогцос, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 18-20, 23-35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.О-гийн иргэний мэдээлэл, Хаан банкны депозит дансны хуулга, Т.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 7-9 дүгээр ангид суралцаж байх хугацааны тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Баян-Өдөр сумын нийгмийн ажилтны тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Баян-Өдөр сумын 1 дүгээр багийн засаг даргын оршин суугаа газрын болон эд хөрөнгө, зан байдлын тодорхойлолтууд, малын А дансны хуулбар, Т.О-гийн сурагчийн хувийн хэргийн хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өдөр сумын засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/45 дугаартай согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг түр хориглох тухай захирамжийн хуулбар, /2 дугаар хх-ийн 155, 164-171, 172, 174, 175, 181-183, 184-185, 186-198, 199 дүгээр хуудас/,

Хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн .....хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.О- нь нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 17 настай Ц.А-г нуруун тус газар нь 1 удаа хутгалж алсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Т.О- үйлдсэн болох нь

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-122 дугаар хуудас/, гэрч Б.Д-, Н.Б-, насанд хүрээгүй гэрч С.Б-ийн нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151-154, 154-158, 162-164 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №35 дугаартай: “...1.Талийгаач Ц.А-гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндий нэвтэрч, өрц, баруун уушгины доод дэлбэнд хатгагдсан шарх, баруун далны гадна шугамаар 10-11 дүгээр хавирганы түвшинд шарх, хамрын нуруу, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба цээжний хөндий нэвтэрч, өрц, баруун уушгины доод дэлбэнд хатгагдсан шарх, баруун далны гадна шугамаар 10-11 дүгээр хавирганы түвшинд шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын нуруу, дээд уруулд үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Өрц цээжний хөндий, уушгины  эдийн нэвтэрсэн шарх нь гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын нуруу, дээд уруулд үүссэн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Талийгаач Ц.А-гийн цусанд 1 промилли спирт илэрсэн байна. 1 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 6. Талийгаач Ц.А-гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 7. Талийгаач Ц.А- нь өрц, цээжний хөндий, баруун уушгины эдийн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд цочмог цус алдаж, улмаар баруун уушги агааржилтгүй болж нас баржээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 171-173 дугаар хуудас/, шүүгдэгч Т.О-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.О- нь амь хохирогч Ц.А-гийн нуруун тус газар нь хутгалсны улмаас хохирогч Ц.А-гийн биед 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №35 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.О- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Шүүгдэгч Т.О-гийн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 17 настай Ц.А-г нуруун тус газар нь 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч Т.О-гээс хүнийг алах гэмт хэргийн улмаас учирсан хохирол 9 681 190 төгрөг нэхэмжилснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гаас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ“...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Т.О-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Тус гэмт хэргийн тухайд хүний амь хохирсон хор уршиг арилахгүй боловч хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Иймд шүүх Т.О- ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.О- нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 89 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн сиди 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, талийгаач Ц.А-, шүүгдэгч Т.О- нарын гарын хумс 2 уут, хутга 1 ширхэг, цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т- овогтой Т-ын О-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.О-д 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.О-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.О-гийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн сиди 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, талийгаач Ц.А-, шүүгдэгч Т.О- нарын гарын хумс 2 уут, хутга 1 ширхэг, цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Т.О- нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.САРАНТУЯА

               ШҮҮГЧИД                 Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                  Э.ДУЛМАА