Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/69

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч: С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой С-ын Э-д холбогдох эрүүгийн 2027000690053 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй,

урьд Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Б- овогтой С-ын Э- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 0.422 м3 нойтон шинэс модыг хөрөө, сүхээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч С.Э- нь шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ:

Би 2020 оны 02 дугаар сарын эхээр адуундаа явж байсан чинь унанги мод байсан. Тэгээд сумын төв аваачиж цуулж хана хийсэн гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            "...С.Э- гэж хүн надаас мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Тухайн хэрэг хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол С.Э- нь байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Я-ын гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч П.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"… Манай нөхөр С.Э- нь 2020 оны 02 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн ___ руу адуундаа явж ирэхдээ ___-д хүмүүсийн хаягдал юм хийчихээр мод байна гээд явсан. Тэгээд тэр өдрөө яваад 3-4 удаа гэрийн модны хананы бэлдэц авчраад хашаандаа манай нөхөр С.Э- гэрийн хананы 22 ширхэг хана бэлдээд байж байсан чинь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Бат-Өлзий сумын байгаль орчны байцаагч Я-, болон тус сумын цагдаагийн хэсгийн экологийн байцаагч Баасан нар ирээд манай нөхөр Э-ийн хийсэн байсан гэрийн цуулбар хананы гарал үүслийн бичиггүй юм байна гээд цуулбар ханануудыг ачуулаад саатуулах байранд аваачиж саатуулсан гэсэн. Би яг ямар нэртэй газраас гэрийн хананы бэлдэц бэлтгэсэн малаар мэдэх зүйл байхгүй. Малдаа явлаа гээд явдаг байсан. Манай нөхөр хананы бэлдэц бэлтгэж ирэхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслээр явдаг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Я-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр сумын экологийн байцаагчийн хамт эргүүл хяналт, шалгалт хийж байх хугацаанд тус сумын 3 дугаар баг, 1 дүгээр хорооны 12-1200 тоотод байх С.Э-ийн гэрт очиход гэрийн моднууд өрөөнд тавьсан байсан. Тэр дунд цуулбар хана байхаар нь шалгахад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй 22 ширхэг  хана бэлтгэсэн байсныг хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ..” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 72, 75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 0.422 м3 нойтон шинэс модыг хөрөө, сүхээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклоор тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч С.Э- үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 23-24, 72, 75 дугаар хуудас/, гэрч Б.Я-, П.Д- нарын мэдүүлэг /хх-ийн 26, 27 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Э-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч С.Э-ийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Э- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 697 830 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 697 830 *3=2 093 490 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 2 093 490 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул С.Э-өөс 2 093 490 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч С.Э- нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг ашигласан байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй. Мөн хууль бусаар бэлтгэсэн 440 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг гэрийн хана нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Э-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, цүдгэр хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой С-ын Э-ийг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.Э-ийг 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.Э-д оногдуулсан 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Э-өөс ойн санд учруулсан хохирол 2 093 490 /хоёр сая ерин гурван мянга дөрвөн зуун ерин/ төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Э-ийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 440 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг гэрийн ханыг улсын орлого болгож, модон иштэй сүх 1 ширхэг, цүдгэр хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА