| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0065/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/70 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/70
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч: Ц.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овогтой Ц-ийн П-ид холбогдох эрүүгийн 2027000560056 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1961 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг, “___” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц- овогтой Ц-ийн П- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ц.П- нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, 74 ширхэг болгон өөрийн эцэг Г.Ц-ийн эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Ц.П- нь шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ:
Манайх Бат-Өлзий сумаас 70 км зайтай хөдөө байдаг. Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Бат-Өлзий сум руу өвс, тэжээл авах зорилгоор явсан. Тэгээд явах замдаа түлшний мод бэлтгэж ирээд баригдсан гэв.
Иргэний нэхэмжлэгч М.М-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... Ц.П- нь миний хариуцсан талбайгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгээд, тээвэрлэсэн нь шалгагдаж байна. Мод бэлтгэсэн гэх газар нь орчны бүс бөгөөд улсын тусгай хамгаалалттай ордог. Мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл алга байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"…Тухайн үед манай нөхөр машин дотроо түлшний мод ачсан гэж байсан. Тэгээд сумын төв рүү орж ирэхэд цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд машинд ачсан модныхоо бичиг баримтыг шалгуулна уу гэсэн. Тэгээд цагдаа нар мод ачсан машиныг саатуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Гэрч Г.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Г- гэх хүнээс ___ улсын дугаартай цагаан өнгийн “Фургон” маркийн автомашин худалдаж авсан. Фургоноо унаж бай гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Улаанбаатар хотоос 2018 онд хүнээс 5 000 000 төгрөгөөр авч байсан. Авсан хүнийхээ нэрийг санахгүй байна. Би 2020 оны 03 дугаар сард Бат-Өлзий сумын иргэн Ц-ид 4 000 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
Гэрч Т.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Ц.П- миний хариуцсан багийн иргэн байгаа юм. Надтай ямар нэг хамаатан садны холбоо байхгүй. П- нь одоо манай багийн “___” гэх газарт мал маллан амьдарч байна. Мөн сумын төвд нэг гэр нь байдаг. П- нь архи, дарс уудаггүй төлөв даруу, малч ухаантай насаараа мал маллаж байгаа манай багийн ахмад малчдын нэг бөгөөд сум орон нутагтаа нэр хүнд сайтай хүн байгаа юм. Элдэв янзын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хувь хүний төлөвшилт сайтай хүн байгаа юм. 4 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь нас биед хүрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Гэрч Л.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би Ц.П-ийг бага байхаас нь мэднэ. Ерөнхийдөө хүнтэй муудалцаж хэрэлдэж байхыг огт хараагүй. Хувь хүний төлөвшилт бол маш сайн. Элдэв янзын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хувь хүний төлөвшилт сайтай хүн байгаа юм. П- нь 1980 оноос 1983 оны хооронд цэргийн алба хаасан цэргийн алба хааж ирээд нэгдэлд мал маллаж байсан. Тэрнээс хойш одоог хүртэл мал маллаж байна. Одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг Горхин дэнж гэх газарт гэр бүлийнхээ хамтаар мал маллаж байна. Архи дарс тамхи аль алийг нь хэрэглэдэггүй элдэв янзын буруу зуршил байхгүй бөгөөд төлөвшилт бол мундаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би Ц.П-ийг багаас нь мэднэ. Хүүхэд байхын л дуу цөөнтэй хүнтэй харьцаа сайтай, элдэв янзын буруу зуршил байхгүй, архи дарс хэрэглэдэггүй. Хөдөө мөл маллаж байгаа сум орон нутагтаа нэр хүнд сайтай тийм л хүн. Гэр бүлийнхэн хүнийг Ү- гээд хүн байдаг. Эднийх 4 хүүхэдтэй. Одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг Горхин дэнж гэх газарт гэр бүлийнхээ хамтаар мал маллаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,
Гэрч Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Ер нь бол төлөв даруу томоотой, сайн хүн байгаа юм. Олон таван үг байхгүй мал хөөсөн малчин одоо эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг ___ гэх газар байдаг. Архи дарс тамхи аль алийг нь хэрэглэдэггүй элдэв янзын буруу зуршил байхгүй бөгөөд төлөвшилт сайтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Сум дундын ой ангийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт:
“...Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно. Тухайн модыг бэлтгэсэн гэх 2 дугаар багийн ___ гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орно. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 221 742 төгрөг болж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны тодорхойлолт /хх-ийн 8-10, 11-13, 53-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.П-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хохирол төлсөн баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86, 91, 94 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.П- нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, 74 ширхэг болгон өөрийн эцэг Г.Ц-ийн эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.П- үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч М.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 74, 20-21, 24 дүгээр хуудас/, гэрч Б.Ү-ын мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.П-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Ц.П- нь улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Ц.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Ц.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 221 742 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 221 742 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 665 226 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлоо төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.П-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл Г.Ц-ийнх болох нь гэрч Г.Ц-, Б.Г- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Ц.П- нь гэмт хэрэг үйлдэхдээ төрсөн эцэг Г.Ц-ийн эзэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай цагаан өнгийн фургон” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Ц.П- нь гэмт хэрэг үйлдэхдээ төрсөн эцэг Г.Ц-ийн эзэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай цагаан өнгийн фургон” маркийн тээврийн ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Ц-ийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Лэндс” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч Ц.П-оос фургон маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хууль бусаар бэлтгэсэн 70 000 төгрөгийн үнэлгээ бүхий 74 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25 000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.П-ийг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ц.П-ийг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Прокуророос хохирол төлбөр төлөх зорилгоор шүүгдэгчийн 5 тооны адууг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ба уг тогтоолыг хэвээр үлдээж, Ц.П- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц- овогтой Ц-ийн П-ийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Ц.П-ид хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар Ц.П-ийг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Ц.П-ийг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ц.П-ийг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5-т зааснаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай 5 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Ц.П-оос гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5 000 000 төгрөгийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бусаар бэлтгэсэн 70 000 төгрөгийн үнэлгээ бүхий 74 ширхэг шинэс мод, 25 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг тус тус улсын орлого болгосугай.
7. Ц.П- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА