Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Т.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой Т-ын Ш-т холбогдох эрүүгийн 2027000000059 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд  суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х- овогтой Т-ын Ш- /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Ш- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг, “___” гэх газрын бэлчээрээс иргэн Т.Д-гийн эзэмшлийн сартай хонгор халзан азаргыг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газрын бэлчээрээс иргэн Р.Э-ын эзэмшлийн зээрд халзан зүсмийн морь, өсгий цагаан хүрэн зүсмийн морь зэрэг нийт 2 тооны морийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч Т.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манайх 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газраас сартай хонгор зүсмийн азарга алдсан. Манай азарга Э-ын 2 тооны морьдтой хамт явдаг байсан. Гэнэт л гуравуулаа алга болсон. Байж болох бүхий л газар нутгаар Э-ын хамт хайж ирсэн боловч сураг гаргахгүй байсан. Зүүн талын хаа гуяан дээрээ 8 тоо тамгатай, эмгүй байсан. Урьд өмнө нь үе үе Ш- нь отроор явах үедээ Э-ын адууг авч явдаг байсан. Харин адуу алдагдах үед Э-ын адууг харж байгаагүй. Учир нь Э- 2 тооны морьдоо хайгаад олохгүй байхдаа Ш-аас сурсан “___ний” голоор танихгүй айлын дунд адууны хажууд байсан гэж хэлж хэлсэн гэж Э- надад хэлж байсан. Би 1 000 000 төгрөгөөр адуугаа үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манайх 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг “___” гэх газраас зээрд халзан зүсмийн морь, өсгий цагаан хүрэн зүсмийн морьдоо иргэн Д-гийн сартай хонгор зүсмийн азаргатай хамт тус тус алдсан. Би тухайн үед байж болох бзх газраар 5-6 хоног хайгаад олоогүй. Сураг гаргахгүй байхаар нь дахин эрж сураагүй. Д-гийн азаргатай 3-лаа хамт явдаг байсан. Тухайн үед асууж сурж байсан “___ний” голд байсан гэж хэлж байсан. Манай адууг 2015-2018 оны хооронд хардаг байсан. Гэхдээ 2 морь алга болох үед бол манайх адуугаа Ш- гэх залуугаас авчихсан байсан. Зээрд халзан морь тамга байхгүй. Өсгий хүрэн морь хөндлөнтэй зүрх тамгатай байсан. Зээрд халзан морь туранхай байсан учир 500 000 төгрөгөөр, өсгий цагаан хүрэн морь унаагүй тарган байсан тул 800 000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тухайн үед Ш- Рашаант сум орж мал махны ченж Д- гэх хүнээс мөнгө авах гэсэн хамт яваад ирэх үү гэж гуйсан. Тэгээд миний мотоциклтой сумын төв рүү орж Хаан банкны АТМ-с мөнгө аваад хөдөө гэрлүүгээ буцсан. Би хэдэн төгрөг авсан талаар одоо санахгүй байна. Ш-ын аав Т- гэх хүн тухайн үед эмнэлэгт хэвтэх гээд Рашаант сумын төвд Б- гэх эмээгийн гэрт байсан. Т- ахаас Хаан банкны карт авсан. Тэгэхээр би Т- гэх хүний карт байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,

Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Ш-тай нэг нутаг усанд төрж өссөн бие биенээ багийн мэддэг нэг нутгийн хүмүүс байгаа юм. Хамаатан садангийн холбоо байхгүй. Сартай хонгор зүсмийн азарга 800 000 мянган төгрөгөөр, зээрд халзан болон өсгий цагаан хүрэн зүсмийн морьдыг нийт 1 500 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Тухайн үед Ш- миний гар утас руу залгаад 3 тооны адуу зарах гэсэн юм. “___ний” гол дээр манай адуу байна хүрээд ир гэсэн. Би Булган аймгийн Рашаант сумаас С- гэх дүүгийн хамт хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. “___ний” гол дээр очсон чинь Ш- сартай хонгор азарга, зээрд халзан, өсгий цагаан хүрэн морьдыг бариад авчихсан хүлээж байсан. Тэндээс автомашин дээр ачаад би Рашаант сумруу ирсэн. Гурван адууг авахдаа 500 000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь аав Т- гэх хүний данс руу хэд хоногийн дараа Хаан банкнаас хийсэн. Ш- надад хэлэхдээ манай өөрийн адуу байгаа юм мөнгө төгрөгийн хэрэг гараад худалдаж байгаа гэж хэлсэн. Өөрийг нь хөдөө байдаг учир өөрийн адуунаасаа худалдаж байгаа байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг Булган аймгийн Рашаант сумын төвд байхад Д- ах утсаар намайг дуудаж улсын дугаарыг нь санахгүй байна ямар ч байсан цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашинаар явж Өвөрхангай аймгийн Бүрд сумын “___” гэх газарт очиж гурван тооны адууг авч ачиж намайг Булган аймгийн Рашаант суманд хүргэж өгсөн. Ш- нь Д- бид хоёрыг очиход уг гурван барьчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 73  дугаар  хуудас/,

Гэрч Т.Э-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Миний ах Ш- нь айлын том, бид хоёр төрсөн ах дүүс, миний ах сургууль, цэцэрлэгт явж байгаагүй, цэргийн албанд явж Улаанбаатар хотод хугацаат цэргийн алба хаасан. Тэрний дараагаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “___” болон “___” гэх газар нутагт мал маллаж амьдарч байна. Ах зан байдлын хувьд даруухан хүнд тусархаг, би ахыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар нь мэдэхгүй...” /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Гэрч Р.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний хүү Ш- нь зан байдлын хувьд сайхан сэтгэлтэй хүнд тусархаг хүн байгаа юм. Одоогоор эхнэр хүүхэд байхгүй, тусдаа гараагүй. Хөдөө мал маллаж амьдардаг. Би зургаан хүүхэдтэй Ш- нь айлын том нь Ш-аас бусад нь тусдаа гарсан. Миний том хүү моринд дуртай байнга л адуу мал ярьж явдаг хүн байгаа юм. Манай нөхөр Т- аймгийн алдарт уяаж цолтой тэгээд хүү өвлөж морь мал уядаг юм...” /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний Ш- зан байдлын хувьд хэвийн сайхан сэтгэлтэй хүнд тусч хүүхэд, цэцэрлэгт, сургуульд яваагүй боловсрол мэргэжил байхгүй хугацаат цэргийн албан явсан...” /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /хх-ийн 79, 114 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбар /хх-ийн 127, 130-131/,

Г.Д-, Ц.Т- нарын хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 16, 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ш- нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар баг, “___” гэх газрын бэлчээрээс иргэн Т.Д-гийн эзэмшлийн сартай хонгор халзан азарга,  

Мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газрын бэлчээрээс иргэн Р.Э-ын эзэмшлийн зээрд халзан зүсмийн морь, өсгий цагаан хүрэн зүсмийн морь зэрэг нийт 2 тооны морийг хулгайлж авсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Т.Ш- үйлдсэн болох нь

хохирогч Т.Д-, Р.Э- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63-64, 101-102 дугаар хуудас/, гэрч С.О-, Г.Д-, Б.С- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 21-22, 72, 73 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /хх-ийн 79, 114 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.8  дугаар зүйлийн 1-т ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”гэж заасан ба 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж тухай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэн бүрэлдэхүүн болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийн хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ш-ын бусдын 3 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.          

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч Т.Ш-аас мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Т.Д-д 900 000 төгрөг, хохирогч Р.Э-од 1 250 000 төгрөгийг гаргахаар шүүхээс шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч нь учирсан хохирлыг нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан ба энэ хугацаанд шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч Т.Д-д төлсөн болох нь хэрэгт авагдсан хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, хохирогч Р.Э- нь “...Т.Ш-аас 1 250 000 төгрөгийг хүлээн авсан. Миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн ба ба шүүхээс хохирогчийн эхнэртэй холбогдоход мөн уг тайлбарыг хэлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх, шүүгдэгч Т.Ш-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Т.Ш-т 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгчид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогтой Т-ын Ш-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 520 /таван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Т.Ширжирбаатарт оногдуулсан 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.САРАНТУЯА