Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/72

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: М.Д-,

Хохирогч: Ц.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан, Г.Гандөш,

Шүүгдэгч: М.Д-, Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой М-гийн Д-, Б- овогтой Ц-ийн Б- нарт холбогдох эрүүгийн 2027000070048 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг нутагт оршин суух, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогтой М-гийн Д- /РД:___/

2. Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “___” гэх газар оршин суух хаягтай, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогтой Ц-ийн Б- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч М.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ц.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

М.Д- гэдэг залуутай бааранд танилцсан. Бааранд байсан чинь надтай явсан Ж- гараад явсан тэгсэн Г- гэдэг залуутай барилцаад авсан байсан. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь салахгүй байхаар нь Г-той маргалдаад байж байсан чинь М.Д- хажуугаас орж ирээд миний нүүрэн хэсэгт цохиод авсан. Тэгсэн би өөрөөсөө түлхэж аваад шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд баарны гаднаас салаад явсан. Миний хамаранд гэмтэл учирсан гэв.

Хохирогч М.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр Ц.Б- гэдэг залуутай бааранд танилцсан. Бааранд маргалдаан болоод бүгд гараад явсан. Би хамгийн сүүлд гарсан чинь гадаа зодоон болсон шинжтэй байсан. Ц.Б- дээр очсон чинь миний шүд рүү цохичхоод яваад өгсөн. Тэгээд намайг андуураад цохисон байх гэж бодоод яаж байгаа юм бэ шүд хугалчихлаа гэж хэлсэн. Дараа нь ардаас нь очсон чинь хамар хэсэг рүү цохисон. Тэгээд замын цаана намайг унагааж зодсон гэв.

Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгтэл баарны үүдэнд Ц.Б-, М.Д- хоёр хоорондоо нэгнийгээ заамдчихсан байсан ба Б- нь түрүүлж М.Д-ийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохьсон ба зөрүүлээд М.Д- нь Б-ын нүүрэн тус газар 1 удаа цохьсон ба тэр даруй би дундуур нь орж Д- Б- нарыг салгасан. Би ардаас нь бие засчихаад очиход Д- Б-ыг газар цасан дээр нэг өвдөгөөрөө дарчихсан байдалтай, М.Д-ийн хамарнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгтэл баарны үүдэнд Ц.Б-, М.Д- хоёр хоорондоо нэгнийгээ заамдчихсан байсан ба Б- нь түрүүлж М.Д-ийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохьсон ба зөрүүлээд М.Д- нь Б-ын нүүрэн тус газар 1 удаа цохьсон ба тэр даруй би дундуур нь орж Д- Б- нарыг салгасан. Би ардаас нь бие засчихаад очиход Д- Б-ыг газар цасан дээр нэг өвдөгөөрөө дарчихсан байдалтай, М.Д-ийн хамарнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

Гэрч М.О-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны орой Бат-Өлзий сумын төвд тоглолт болж байсан. Тухайн тоглолтыг би манай бэр Ү-ын хамт үзэж байгаад 21 цаг өнгөрч Бат-Өлзий сумын төвд байх 2 давхар цагаан өнгийн бааранд Ү-тай хамт орсон юм. Бид 2 нэг нэг ширхэг пиво захилчихаад сууж байтал бид 2 дээр Б.Ж-, Ц.Б- нар бааранд орж ирсэн. Тухайн бааранд мөн хэд хэдэн залуучууд хажуу талын ширээнд сууж байсан. Тэгээд Ц.Б-, Б.Ж- нар Ү- бид хоёртой танилцаад нэг ширээнд хамт суусан. Хамт суугаад архи, пиво захиалж ууцгаасан. Ширээнд сууж байсан залуучууд нилээн халж ирээд хоорондоо маргалдах шинжтэй байсан. Тэгээд Ж- нэг залуутай түрүүлээд 23 цагийн орчим гараад явсан ба араас бусад залуучууд нь гарсан. Тэгээд баарны гадаа хоорондоо маргалдаж байсан. Тухайн үед баарны ойр орчим зодоон болсныг мэдээгүй. Харин баарны үүднээс Б.Ж-, Ц.Б- нарыг аваад Ү- бид хоёр цехийн хороо чигтэй явсан ба араас ална хядна гээд залуучууд орилолдоод байсан ба бид нар тэр үед гудамж руу орцгоосон. Тэгээд цаашаа зугтаж байгаад зам гарч хоосон хашаа байхаар нь тийшээ орсон юм. Тэнд байж байхад хашаан хажуугаар 4-өөс 5 залуучууд өнгөрч байсан ба бид нар явчихлаа гээд хаашаанаас гартал бид нарыг хараад дахиад хөөсөн. Мөн араас ална хяна гээд хөөгөөд байсан.Тэр үед Ү-ыг би чи тухайн залуучуудыг саатуулж бай би Б. Ж-, Ц.Б- нарыг цаашаа явлаа гэж хэлээд Ү-ыг хүлээгээд бид гурав арын гудамжаар нь тойроод явсан.Тэр үед би хөлөө эвгүй гишгэж явж чадахгүй байсан ба Б.Ж- нь үүрээд явья гэхээр нь би үүрүүлсэн юм. Тэгээд тухайн Б.Ж-, Ц.Б- нарыг би гэртээ харь гэсэн чинь одоо харих гэхээр согтуу болохоор ээжид загнуулна танайд хоноё гэж тухайн Б.Ж-, Ц.Б- нар хэлсэн ба би Б.Ж- Ц.Б- нарыг дагуулаад гэртээ очсон.Гэрт манай хүүхдүүд унтаж байсан ба гэрлээ асаалгүй шууд газраар Б.Ж-, Ц.Б- нарыг унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2019 оны 12 сарын 25-ны орой Бат-Өлзий сумын төвд О-тэй хамт “ICE TOP” хамтлагийн тоглолт үзчихээд орой 20 цаг өнгөрөөгөөд Бат-Өлзий сумын төвд байх 2 давхар цагаан өнгийн бааранд О- эгч орж бүжиглэчихээд гаръя гэхээр нь хамт орсон юм. Бид хоёр 2 ширхэг 0.45 граммын пиво захиалчихаад сууж байтал бид 2 дээр Б.Ж-, Ц.Б- нар нь ирж О- бид хоёртой танилцаж нэг ширээнд хамт суусан. Бид нэг ширээнд архи, пиво ууцгааж байгаад намайг бүжиглэж байхад бөөнөөрөө баарнаас гараад явсан. Тэгээд баарны гадаа зодоон болоод байна гэхээр нь гарахад хоорондоо бөөнөөрөө зууралдчихсан байсан. О- эгч бид хоёр Б.Ж-, Ц.Б- хоёрыг тэд нараас салгаад цааш гудамж уруудаад тухайн залуучуудаас бид нар зугтсан. Тэгээд замдаа Ц.Б- нь хоцорчихсон чинь Ц.Б-ын өмнөөс надтай хамт явж байсан. Б.Ж-, О- нар нь очиж салгасан. Над дээр Ц.Б-ыг авч ирэхэд  Ц.Б-ын хамарнаас цус гарч байсан ба О- эгч хэлэхдээ “..Ц.Б- нь хамрандаа цохиулчихлаа. Цус нь тогтохгүй байна гэж байсан.” Тэгээд бид дөрөв айлын хашаа руу орж нуугдсан ба хэсэг хугацааны дараа гараад хашааны үзүүрт явж байхад цаанаас бид нарыг тэнд байна гээд орилхоор нь дахиж зугтаалгах гээд Ганхүлэгтэй хамт явж байсан залуучууд гудамж өгсөөд ирж байхаар өмнөөс нь би хорьж байгаад О- эгчтэй хамт тухайн Б-, Ж- гэх хоёр залуучуудыг зугтаалгасан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №913 тоот

“1. М.Д-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний хугарал, хоёр шүдний хөдөлгөөн оролт, хамар, хоёр зовхи, уруулд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №32 тоот

“...1 Үзүүлэгч Ц.Б-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/,

Хохирогч М.Д-ийн биеийн байдлын талаарх эмнэлгийн тодорхойлолт, Шүүгдэгч М.Д-ийн зан байдал болон оршин суугаа газрын талаарх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирлын баримт, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол,  /хх-ийн 59, 107, 108, 132-134, 135-139 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-ын оршин суугаа газрын талаарх Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа, амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд,малын А дансны хуулбар /хх-ийн 100, 102, 104, 125-127, 128-129, 130-131 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Д-, Ц.Б- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98, 129 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргүүдийг шүүгдэгч Ц.Б-, М.Д- нар үйлдсэн болох нь

хохирогч М.Д-, Ц.Б- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-17, 18-20 дугаар хуудас/, гэрч Г.Г-, Б.Ж- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 21-23, 24-28 дугаар хуудсууд/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №913 тоот “1.М.Д-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний хугарал, хоёр шүдний хөдөлгөөн оролт, хамар, хоёр зовхи, уруулд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №32 тоот “...1 Үзүүлэгч Ц.Б-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Б-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-, М.Д- нар нь харилцан зодолдож Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Ц.Б-, М.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-, М.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Б- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч М.Д- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй ба Ц.Б-ыг зодоогүй гэж тайлбарлан маргадаг боловч гэрч Г.Г-ын “...Б- нь түрүүлж М.Д-ийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохьсон ба зөрүүлээд М.Д- нь Ц.Б-ын нүүрэн тус газар 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-гийн “...Тэгтэл баарны үүдэнд Ц.Б-, М.Д- хоёр хоорондоо нэгнийгээ заамдчихсан байсан ба Б- нь түрүүлж М.Д-ийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохьсон ба зөрүүлээд М.Д- нь Б-ын нүүрэн тус газар 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч М.О-гийн “...Тухайн үед Ц.Б-ын хамарнаас цус гарчихсан байсан. ...Би Ц.Б-д 00 цаас өгсөн” гэх мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн “...Үзүүлэгч Ц.Б-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийнхээ дагуу хохирогч Ц.Б- нь шүүгдэгч М.Д-оос 364 600 төгрөг, хохирогч М.Д- нь шүүгдэгч У.Б-аас 375 000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулаагүй байна.

Хохирогч Ц.Б-ын нэхэмжилсэн 35 200 төгрөгийн баримт нь хэрэгт хамааралгүй өөрийн эрүүл мэндийн даатгалд төлсөн төлбөр байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ц.Б-аас 375 000 төгрөг гаргуулан хохирогч М.Д-ид, шүүгдэгч М.Д-оос 329 400 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь хохирогч М.Д-оос хохиролтой холбогдуулан хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, учир нь мөрдөгч эх баримтыг үгүй хийсэн талаараа тэмдэглэл үйлдэн хуулбар хувийг хэрэгт хавсаргасан байгааг үнэлэх боломжтой юм.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б-, М.Д- нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, тэдний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг ялгамжтай буюу шүүгдэгч Ц.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Д-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч М.Д-, Ц.Б- нар нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул тэднийг цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг, шүүгдэгч М.Д-, Ц.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогтой М-гийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б- овогтой Ц-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Д-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар М.Д- нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, Ц.Б- нь  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Д-оос хохиролд 329 400 /гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “___” гэх газар оршин суух/, шүүгдэгч Ц.Б-аас хохирол 375 000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч М.Д-ид /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг/ тус тус олгосугай.

5. Хохирогч М.Д-, Ц.Б- нар нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч М.Д-, Ц.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Д-, Ц.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА