Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/73

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч: Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогтой Б-ын Д-ид холбогдох эрүүгийн 2027000000044 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг, “___” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогтой Б-ын Д- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Д- нь 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор тээвэрлэж гэртээ авчирч, 17 ширхэг гэрийн цуулбар хана болгон бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Б.Д- нь шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ:

Мөнгөний хэрэг гараад нөхөрлөлийн талбайгаас 2 ширхэг мод авчирж хана хийсэн гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            "...Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол Б.Д- нь байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэргийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл  байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

Гэрч Д.У-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"… Манай нөхөр Д- 2020 оны 02 дугаар сард Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг “___” гэх газраас ойчсон мод гээд 2-3 ширхэг мод авчирсан. Тэгээд тэр модоо гэрийнхээ гадаа авчраад ганцаараа сүхээр цуулаад татуургаар зороод монгол  гэрийн 17 ширхэг хана хийсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр манай хөдөө байх гэрт сумаас цагдаа нар ирээд хийсэн ханыг үзээд зөвшөөрөлгүй мод байна. Тухайн хананы модыг шалгаад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"… Би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Бат-Өлзий сумын 1 дүгээр баг ___” гэх газраас үндсээрээ ойчсон байсан 2 модыг 2 метрээр тайраад цуулаад тухайн цуулсан модоороо 17 ширхэг монгол гэрийн хана хийсэн. Тэр хийсэн ханаа өөрийнхөө баг гэртээ хадгалж байсан юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын эхээр цагдаа нар ирээд гэрт байсан. Ханыг хураасан. Миний мод хийсэн газар манай гэрээс 1 км гаран зайтай. Тэгээд өөрийнхөө эзэмшлийн хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор гэр лүүгээ зөөж гэрийнхээ гадаа авчирсан. Би тэгээд гэрийнхээ гадаа авчираад 2 модоо 2 метрээр тайрсан. Тайрахдаа өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж 4 ширхэг болгосон. Тэгээд хөрөөдсөн 4 ширхэг модоо өөрийнхөө эзэмшлийн сүхээр цуулж жижиглэсэн. Тэгээд жижиглэсэн цуулбараа өөрийнхөө татуургаар зорж янзалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"… 2020 оны 02 дугаар сард байх намайг хонинд яваад ирэхэд Д- мод цуулсан байсан. Би бол мод авчирч байхыг нь харсан цуудаснууд нь нилээн хэдэн ширхэг байсан. Цуулсан цуулбараа гэртээ оруулаад хураачихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Гэрч Н.Загарзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"… 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр байг яг он сар өдрийг нь бол мэдэхгүй байна. Би тасгийн алба хаагчдын хамт Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутагт хяналт шалгалтаар Д- гэх айлын гадаа очиход 5 монгол гэр байсан бөгөөд жижиг гэрийнх нь хаалга онгорхой байсан бөгөөд дотор талд нь хана харагдаж байсан. Тэгээд жижиг гэрт ороход гэрийн хойд хэсэгт монгол гэрийн хананууд давхарлаад тавьчихсан байсан. Тэгээд У- гэх хүнээс ямар учиртай хана болох талаар асуухад мэдэхгүй хүний хана байгаа юм гэж хэлсэн. Тус ханануудыг дан цуулбар модоор хийсэн байсан. Тэгээд Д- би мод хийсэн газраа хааж өгнө гээд Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “___” гэх газарт очсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай

“...Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1-р мужид хамрагддаг. Энэ мод нь нойтон шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 570 216 төгрөг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу зүсмэл материалын модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 2.9-өөр тооцдог. Шинэс модны хохирлын үнэлгээ 0.326 шоо метр х 570216 = 185890 х 2.9 = 539081 төгрөг. 1.Нойтон шинэс модыг цуулж гэрийн хана хийдэг.

2. Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно

3. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 539 081 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 143 дугаар хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8, 9-12 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор тээвэрлэж гэртээ авчирч, 17 ширхэг гэрийн цуулбар хана болгосон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Д- үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.У-, Д.Б-, Н.Загарзүсэм нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 72, 74, 75, 143 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Д-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч Б.Д- нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Д-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 539 081 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 539 081*3= 1 617 243 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 1 617 243 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Б.Д-оос 1 617 243 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Б.Д- нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 200 000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг ашигласан байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй. Мөн хууль бусаар бэлтгэсэн 425 000 төгрөгийн үнэлгээ бүхий 17 ширхэг гэрийн цуулбар ханыг улсын орлого болох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 000 төгрөгийн үнэлгээ бүхий хананы татуурга,  25 000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин цахилгаан хөрөө, 10 000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүхийг улсын орлого болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой Б-ын Д-ийг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Д-ийг 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Д-ид оногдуулсан 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-оос ойн санд учруулсан хохирол 1 617 243 /нэг сая зургаан зуун арван долоон мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Д-ий эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 200 000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 425 000 төгрөгийн үнэлгээ бүхий 17 ширхэг гэрийн цуулбар хана, 15 000 төгрөгийн үнэлгээ бүхий хананы татуурга, 25 000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин цахилгаан хөрөө, 10 000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүхийг тус тус улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д-ид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА