Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/23

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: М.Б-,

Шүүгдэгч: Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогтой М-ын Б-, Ж- овогтой Н-гийн Н- нарт холбогдох эрүүгийн 2027000400019 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “___” ХХК-ийн блокны үйлдвэрт ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Эрдэнэтолгой баг, ___ тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б- овогтой М-ын Б-/РД:___/.

2. Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “___” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрт ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Эрдэнэтолгой баг, ___ тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ж- овогтой Н-гийн Н- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Б-, Н.Н- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг Ганган-Орхоны Эрдэнэзуугийн гудамжинд Г.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч Г.Т- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 00 цаг 00 минутын үед баарнаас гарсан. Бид “___” баарнаас гараад ертөнцийн зүгээр баруун тийш явган хүний замаар Г.Э-, Б.О- бид гурав явж байсан чинь бид нарын араас гурван залуу ирсэн. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байгаад согтуурхаж намайг М.Б- гэх залуу барьж аваад нүүр лүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд М.Б- бид 2 зууралдаад байж байсан чинь цэнхэр куртиктэй Н.Н- гэх залуу хажуугаас орж ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Би Н.Н-ид цохиулаад хамраас цус гараад байж байсан чинь цагдаа нар ирсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирээд гэрэлд харсан чинь миний хамар гэмтчихсэн юм шиг байсан. Тэгээд би хэдэн хоногийн дараа Улаанбаатар хот руу явж Окулоплатик клиник эмнэлэгт хамрын хугарлыг засах мэс ажилбарыг хийлгэсэн. Миний хамар орчим гараараа цохисон. М.Б-, Н.Н- нараас 1 080 500 төгрөгийг өгсөн. Би одоо цаашид М.Б-, Н.Н- нартай өөрийн хүсэлтээр сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-26 дугаар хуудас/,

Гэрч Х.О- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгээд баар цаг болж 00 цаг 00 минутын орчим “___” баарнаас  гарсан. Тэгээд М.Б-, Н.Н- бид гурав ертөнцийн зүгээр баруун тийш явган хүний замаар яву байтал 3 залуу тааралдсан. Тэгээд тэр гурван залуу согтуурхаж мөн  бид нар согтуу байсан учир хоорондоо юм ярьж байгаад маргалдсан. Тэгээд Г.Т- гэх хүн согтуурхаж М.Б-ыг заамдаж зууралдсан чинь М.Б-, Г.Т- гэх хүнийг заамдаж барьж аваад нүүр орчим газар гараараа нэг удаа цохиж газар унагаасан. Г.Т-, М.Б-, А- нар газар унаад Г.Т- гэх хүн дээшээ хараад хэвтчихсэн Н.Н-ийн хувцаснаас гараараа барьчихсан тавихгүй байсан чинь Н.Н-, Г.Т-, Н.Н-, М.Б- нар их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч Б.О- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгээд Г.Т-, Г.Э- бид гурав баарнаас гараад ертөнцийн зүгээр баруун тийш явган хүний замаар явж байсан чинь бид нарын араас гурван залуу хүрч ирээд бид нар хоорондоо юм ярьж байгаад согтуурхаж жижиг биетэй М.Б- гэх залуу нь алалцах уу гэж хашхираад Г.Т- руу дайрсан тэр үед Г.Э-,  Н.Н- нар салгаж байгаа бололтой дундуур нь ороод байсан. Харин би энэ хүмүүсийг  салгах гээд дундуур нь орж 2 тийш нь болгож байгаад нэг харсан чинь Г.Т- газраас босож байгаа харагдсан. Тэгээд бид нар зууралдаж байсан чинь цагдаа нар ирсэн. Миний харснаар жижиг биетэй М.Б- гэх залуу Г.Т- руу алалцах уу гээд дайрсан. Тэгээд л тэнд байсан хүмүүс салгах гээд бужигнасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42  дугаар хуудас/,

Гэрч И.Бадрахзул нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Хархорин сумын Ганган-Орхон багийн Эрдэнэзуугийн гудамжинд хүн зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход Г.Т-, Г.Э-, Б.О- нар зууралдсан байдалтай Б.О-, Х.Оргилдболд нар салгасан байдалтай байж байсан. Тэгээд би тухайн хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2672 тоот:

“...1. Үзүүлэгч Г.Т-ийн биед хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана болон хянга цөмөрч бяцарсан хугарал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч М.Б-, Н.Н- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг Ганган-Орхоны Эрдэнэзуугийн гудамжинд Г.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-26 дугаар хуудас/, гэрч Х.О-, Б.О-, И.Бадрахзул нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 34-36, 37-39, 40-42, 45-46 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2672  тоот “...1. Үзүүлэгч Г.Т-ийн биед хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана болон хянга цөмөрч бяцарсан хугарал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/, шүүгдэгч М.Б-, Н.Н- нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б-, Н.Н- нар нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас М.Б-, Н.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч М.Б-, Н.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Б-, Н.Н- нар нь өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч Г.Т-ын биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Н.Н-, М.Б- нарт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Н-, М.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой М-ын Б-, Ж- овогтой Н-гийн Н-  нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Н.Н-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр, М.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5зааснаар Н.Н-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр, М.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн /Н.Н- нь сард 125 000 төгрөг, М.Б- нь сард 150 000 төгрөг/ төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Н.Н-, М.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баритмаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Н-, М.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.­

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА