| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 101/2014/04296/И |
| Дугаар | 181/ШШ2016/01565 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2016/01565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сармай овогт Ш.Ч /РД:................/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Шагжаа овогт Б.Б /РД:................../-д холбогдох,
Гэм хорын хохиролд 16.057.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өлзий-Отгон, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, иргэдийн төлөөлөгч М.Амараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар: 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд Ш.Ч миний хувийн эзэмшлийн ............... улсын дугаартай Шааньси маркийн авто машиныг ................. улсын дугаартай Приус маркийн авто машин мөргөж осол гаргасныг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг шалгасан. Уг авто машины жолооч Б.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эсрэг урсгал сөрж, миний авто машинд 8.057.400 төгрөгийн хохирол учруулсан. Энэ үнэлгээг “В” ХХК 2 талыг байлцуулан гаргасан. Энэ үнэлгээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
2013 оны 12 сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Баянзүрх дүүгийн Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Э.Батмөнх гаргаж, 2013 оны 12 сарын 31-ний өдөр Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ......... тоот тогтоол гарсан.
Иймд Ш.Ч надад учирсан 8.057.400 төгрөгийн хохирлыг Б.Бгоос гаргуулж өгнө үү.
Мөн Ш.Ч миний бие 2013 оны 11 сарын 30-ны өдөр “Несис” ХХК-иас ............... улсын дугаартай ........................ маркийн ачааны автомашиныг 30,000,000 төгрөгөөр тохиролцон, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2013 оны 11 сарын 30-ны өдрөөс 2014 оны 4 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд тохиролцсон хуваарийн дагуу нийт 167 удаагийн зөөлтөөр “Мон Элс” ХХК-иас элс татаж өгч төлбөр тооцоог барагдуулахаар болсон.
Ингээд гэрээнд заасан хугацааны дагуу ажиллаж, 2013 оны 11 сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл нийт 10 удаагийн элс таталт хийсэн байсан. Гэтэл 2013 оны 12 сарын 10-ны өдөр миний өмчлөлийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг элс ачаад явж байхад Б.Б нь өөрийн унаж явсан ................. улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсан бөгөөд үүнээс болж миний автомашин эвдэрч, зогсолтонд орсон.
Миний бие атвомашин худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлэхийн тулд 2013 оны 12 сарын 10-ны өдрөөс 2013 оны 12 сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэх ёстой 40 удаагийн элс таталтыг “Бүтээмж Оюу” ХХК-ийн 48-27 УБВ улсын дугаартай, 68-21 УНХ улсын дугаартай өөрөө буулгагч автомашинуудыг хөлсөлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Дээрх хоёр тээврийн хэрэгслийн хөлсөнд нийт 8,000,000 төгрөг өөрөөсөө төлсөн.
Хэрвээ Батхолбоо нь миний тээврийн хэрэгслийг гэмтээгээгүй байсан бол миний бие дээрх хоёр тээврийн хэрэгслийг хөлсөлж илүү хөлс төлөх шаардлагагүй, өөрийнхөө тээврийн хэрэгслээр гэрээний үүргээ биелүүлэх боломжтой байсан. Иймд хариуцагч Б.Бгоос тээврийн хэрэгсэл хөлслөхөд төлсөн 8.000.000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээр нэмж гаргуулж өгнө үү.
Несис” ХХК болон Ш.Ч нарын хооронд 2013 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан №7 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр осол болох үед тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг өөрийн эзэмшилд байсан болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэв.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс шууд бус хохирлыг төлөх боломжгүй. Энэ талаар Улсын Дээд шүүх тайлбар гаргасан байгаа. 2013 оны 12 арын 31-ний өдрийн Тээврийн прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. “В” ХХК-ийн үнэлгээ учир дутагдалтай, үнэлгээ хийсэн тээврийн хэрэгслийн марк дугаар нь зөрөөд байдаг. Энэ нь хэргийн материалын 23 дугаар хуудсанд тодорхой харагдаж байна.
254В23 марктай 4266039107 арлын дугаартай машиныг 4.700.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хэргийн материалын 15-р хуудсанд байгаа “Нисэс” ХХК-ийн тодорхойлолтоор 55-26 дугаартай машиныг Ш.Чийн хувийн эзэмшилд шилжүүлсэн гэсэн утгатай байдаг. Тэгэхээр машины дугаарууд зөрөөд байна.
Хэргийн материалын 45 дугаар хуудсанд байгаа автомашины гэрчилгээний дугаар нь хэргийн материалын 65 дугаар хуудсанд байгаа машины арлын дугаартай зөрөөд байдаг. Тэгэхээр үндсэн тээврийн хэрэгсэл нь тодорхойгүй байна. Зөрүүтэй байгаа учир дахин үнэлгээ гаргасан. Дахин үнэлгээ гаргахдаа нэг машиныг 25 сая төгрөгөөр үнэлсэн байдаг.
Уг автомашинуудад дахин үнэлгээ хийх боломжгүй талаар хэргийн материалын 61 дгээр хуудсанд тодорхой тусгагдсан. Ш.Ч нь машинаа авчирч үнэлгээ хийх боломж байхгүй гэдэг. Тэгэхээр арлын дугаар, тээврийн хэрэгслийн зориулалт зэрэг нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болгон дээр өөрчлөгдөж солигдоод байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ч нь Shaanxi SX3254BL324 маркийн, ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 8.057.400 төгрөг, уг ослын улмаас өөр тээврийн хэрэгсэл хөлслөхөд төлсөн 8.000.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч Б.Б нь зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь Ш.Ч биш байсан, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹16573 дугаартай Шинжээчийн дүгнэлт, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах №1244 дугаартай санал, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын ......... дугаартай тогтоол, Захиргааны шийтгэвэр ногдуулах тухай 265 дугаартай шийтгэвэр зэрэг бичгийн нотлох баримтаар 2013 оны 12 сарын 11-ний өдрийн орой 21 цагт, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Баянзүрхийн товчооны МТ ШТС-ын арын замд ................. улсын дугаартай, Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7.-д заасныг зөрчсөний улмаас Shaanxi SX3254BL32 маркийн, ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол болсон, ослын улмаас Б.Бгийн биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Зохигч осол болсон, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн “Несис” ХХК-ийн 2013 оны 10 сарын 14-ний өдрийн №13 дугаартай тээврийн хэрэгслийг Ш.Чийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, “Несис” ХХК болон Ш.Ч нарын хооронд 2013 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан №7 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэргээс дүгнэхэд осол болох үед тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан боловч Shaanxi SX3254BL32 маркийн, ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ш.Чийн өмч байсан болох нь тогтоогдож байна. Иймд Ш.Ч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар хариуцагч Б.Бгийн учруулсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
“Хаан банк” ХХК-тай 2013 оны 10 сарын 14-ны өдрийн №ЗГ/2455 дугаартай Б.Бгийн байгуулсан Барьцаат зээлийн гэрээгээр ................. улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг Б.Батхолболоо осол болох үед эзэмшилдээ байлгаж байсан болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Б нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцан барагдуулах үндэслэлтэй байна.
Иймд, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ш.Чид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Б.Бгоос гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг гаргасан “В” ХХК-ийн үнэлгээг шаардлагын үндэслэл болгосон ба, Зам тээврийн ослыг шалгаж байх үед Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газрын Автомашины эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэх тогтоолоор “В” ХХК нь дүгнэлт гаргаж, 8.057.100 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байх тул шүүх энэ дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр автомашинд учирсан хохирлыг нэхэмжилсэн хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Ч нь уг ослын улмаас автомашинаа ашиглах боломжгүй болсон байх бөгөөд үүнээс үүдэн бий болсон нэмэлт зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ш.Ч нь осол 2013 оны 12 сарын 10-ны шөнө 23 цаг 40 минутад болсон байхад, Ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 12 сарын 10-ны өдөр “Бүтээмж оюу” ХХК-ийн захирал Д.Оюунбат, иргэн Д.Оюунбат нартай байгуулсан буюу автомашин түрээслэхээр бусадтай байгуулсан гэрээнүүд нь осол болохоос өмнө байгуулагдсан, өөрийнх нь 1 автомашин эвдэрсэн байхад 2 автомашин түрээслэсэн, ачаа тээвэрлэсэн гэх баримтад түрээслэсэн гэх 2 автомашинтай хамт өөрийнх нь эзэмшлийн авомашин тээвэрлэснээр мэдээлэл агуулагдсан байна. Хэрэв Ш.Ч өөрийн автомашинаа хэрэглэсэн бол гарах хэрэглээний зардлыг тухайлбал шатахуун тослох, материал гэх мэтийг хэмнэснээ энд давхар тооцуулж, гэм хор нөхөн арилгах үүргийн хэмжээнээс хасалт хийх ёстой байтал хасалт хийгээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Чийг автомашинаа ашиглах боломжгүй болсоны улмаас дээрх Ажил гүйцэтгэх гэрээг бусадтай байгуулсан гэж үзэх боломжгүй, мөн нэмэлт зардал гарсан байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 8.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119., 120.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар Б.Бгоос 8.057.100 төгрөг гаргуулж Ш.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 8.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгоос улсын тэмдэгтийн хураамжид 143.864 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ө.УЯНГА