Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 583

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Ц 

Хариуцагч: Н дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/16 тоот захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, миний эзэмшлийн гэрчилгээнд дурьдагдсан солбицол цэг бүхий 1000,26 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Н дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2012 оны 01 дүгээр сарын 29-нд өргөдөл гаргаж Н дүүргийн * дугаар хороо Т байгалийн цогцолбор газарт байрлах 1026 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан. 137 тоот гэрчилгээний дугаартай эрхийн гэрчилгээн дэх газрыг эзэмшиж байсан. Гэтэл уг газар нь “Т  ” ХХК-ийн газартай давхцаж байгаа тул уг “Т  ” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 01-нд эзэмших эрхийн гэрчилгээ хугацаа дууссан учир Э.Ц ын нэр дээр Х тусгай хамгаалалтын газар гэрчилгээ олгосон байж байгаад буцааж Х тусгай хамгаалалтын газрын байгалийн цогцолборт газрын тухайн үед Нын Газрын алба руу шилжиж дахин гэрчилгээг буцааж олгосон. Тухайн үед Э.Ц  нь тусгай хамгаалалтын газраас авсан гэрчилгээг Нын Газрын албанаас гэрчилгээг баталгаажуулж авах гэсэн боловч “Т  ” ХХК-ийн газартай давхцаад байгаа учир олгох боломжгүй гэж Х тусгай хамгаалалтын газраас Нын Газрын албанд ирэхдээ Э.Ц ын нэр дээр нийт 07,34 га газар болж ирсэн тул Э.Ц  нь Нын Газрын албанаас гэрчилгээ авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш  2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Ц  нь өргөдөл гаргаж 137 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Энэ гэрчилгээнд газрын хэмжээг нарийн тусгаагүй байсан. Байгаль орчны яамны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 тоот тушаалаар энэ газар нутаг нь тусгай хамгаалалтын газар нутгаас чөлөөлөгдөж Н дүүргийн 0* дугаар хороо Тийн нийт 262,05 га газрыг Н дүүрэгт хүлээлгэж өгсөн. Тус хүлээлгэж өгсөн актад Э.Ц ын нэр нь солбилцолын нэртэй бичигдэж 15 жилийн хугацаатайгаар Н дүүргийн Газрын албанд үйл баримтууд нь шилжиж ирсэн байгаа.

 Э.Ц  137 га газрын гэрчилгээн дээр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Н дүүргийн Засаг даргад 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүсэлт гаргатал Н дүүргийн Засаг дарга 2015 оны А/268 дугаартай захирамжаар 700 метр квадрат газар эзэмших захирамж гаргасан байгаа. Э.Ц  нь яагаад 700 метр квадрат болсон талаар лавлаж асуутал таны газар 1 га газар хүрэх боломжгүй байна. Яагаад гэвэл “Т  ” ХХК-ийн газартай давхцаж байгаа учраас 700 м.кв болгосон гэж амаар тайлбар өгсөн байгаа. Бид  энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн байгууллагад хандсан. 

Анх нэхэмжлэл гаргахад “Т  ” ХХК-ийн газартай давхцаж байсан. Хамгийн анх шүүхэд нэхэмжлэлийг Н дүүргийн Засаг дарга гаргахад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/235 тоот захирамжаар “Т  ” ХХК-д 9000 м.кв газрыг олгосон байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т  ” ХХК нь манай газарт хамааралгүй газар болсон гэж хариу тайлбар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т  ” ХХК нь “Ц ” ХХК гэж нэрээ өөрчилсөн гэх тайлбарыг өгч сүүлдээ “Ц ” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ худалдсан байдаг.

Гуравдагч этгээдээр “Ц ” ХХК-ийг татаж хариу тайлбар авахад “Т  ” ХХК-иас маргаан бүхий газрыг худалдаж авсан тухай хариуг ирүүлсэн. Анх газар эзэмших он сар нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/137 тоот тушаалаар газрыг эзэмших эрхтэй болсон. Гэтэл миний үйлчлүүлэгчийн газар эзэмших эрх нь хөндөгдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н дүүргээс газрын хэмжээ тодорхойгүй байна гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Ийм учраас Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/16 тоот захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Э.Ц ын нэр дээр 137 м.кв газрын эзэмших эрхийг даалгаж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Их Хурлын 2012 оны 38 дугаар тогтоолоор зарим тусгай хамгаалалтай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулахаар үндэслэж зарим нутагт тогтоол гарч үндсэн тогтоолын дагуу тодорхой газрууд шилжиж ирж улмаар үүний дагуу “Т  ” ХХК-иас өгсөн өргөдөл хүсэлтийн дагуу Засаг даргаас 2016 оны А/235 дугаар захирамжаар 9000 м.кв газрыг олгосон байдаг. Энэ нь болохоор яг тусгай хамгаалалтай тогтоолын 05 дугаар зүйлд заасны дагуу 0,9 га газар байсан учраас үүнийг үндэслэж бичилт хийж өгсөн байдаг. Үүний дагуу 2016 оны А/235 дугаар захирамж гарсан. Дараа нь шилжүүлэх хүсэлт гаргаж 2017 оны А/235 дугаар захирамжаар “Т  ” ХХК-иас “Ц ” ХХК-руу шилжсэн учир энэ захирамжид ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэв.

 Дөрөв. Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Г  шүүхэд гаргасан тайлбар болон 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Ц  нь “Ц ” ХХК-ийн захирал байсан. Тухайн үед захирлаар ажилж байхад газрын гэрчилгээ жоохон асуудалтай байсан учраас газрын гэрчилгээг шилжүүлэх ажил даалгасан. Э.Ц  нь компанийн нэр дээр бус хувийн нэр дээр газрын гэрчилгээ гаргуулсан байдаг. Бүх болсон үйл явц хууль ёсны дагуу байсан учраас газрын гэрчилгээ хууль ёсны дагуу болсон гэрчилгээ юм” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Н дүүргийн Засаг даргын 2016 оны А/235 тоот захирамжийг хүчингүй болгож, 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан Н дүүрэг * дугаар хороо Горхи-Т байгалийн цогцолбор газарт байрлах талбайн хэмжээ 1 на газар бүхий газрын эзэмших эрхийг сэргээлгэх” гэж тодорхойлж байгаад “Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/16 тоот захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, миний эзэмшлийн гэрчилгээнд дурьдагдсан солбицол цэг бүхий 1000,26 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Н дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж өөрчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Улсын Их хурлын  2012 оны 38 дугаар тогтоолоор Тийн байгалийн цогцолборт газраас 262,5 га газрыг тусгай хамгаалалтнаас чөлөөлж газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийг жагсаалтаар актын дагуу Н дүүрэгт шилжүүлэн өгч, жагсаалтад иргэн Э.Ц д дүүргийн Засаг дарга 2015 оны А/268 дугаар захирамжаар 700м2 газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг газар нь бусад аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн талбайтай давхцсан үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч тал “миний бие Х тусгай хамгаалалтай газрын захиргаанд хамаарагдаж байхдаа 1 га газар эзэмшиж байсан бөгөөд Н дүүргийн харъяанд ирсэний дараа миний эзэмшлийн газрыг 700 мкв болгон өөрчилж, бусдын эзэмшлийн газартай  давхцалтай болсныг  хүлээн зөвшөөрөхгүй” гэж хариуцагч тал “тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас 2014 оны  2 дугаар сард  ирсэн газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтаар иргэн Э. Ц ын ашиглалтын газар 742м2 гэж ирсэн тул гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж маргаж байгаа болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/16 дугаартай  захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагын тухайд: “Н дүүргийн Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/16 дугаартай захирамжийн хавсралтын 46 дахь хэсэгт  “Т  ” ХХК-ийн эзэмшлийн 9000м2 газрыг “Ц ” ХХК-д нэр шилжүүлэн эзэмшүүлж, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 2016 оны А/235 дугаартай захирамжийн “Т  ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Анх тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Т-Алтай” ХХК-д Улаанбаатар хотын Н дүүргийн Тийн байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар  0,9 га талбайг таван жилийн хугацаатай ашиглуулахаар 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1/306 дугаартай гэрчилгээ олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримт болох Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 1/306 дугаартай гэрчилгээ, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах эрхийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл таван жилээр сунгасан тэмдэглэл бүхий гэрчилгээний хавсралт зэргээр нотлогдож байна.

Улсын их хурлын 2012 оны 38 дугаар тогтоолоор Тийн байгалийн цогцолборт газраас 262,5 га газрын тусгай хамгаалалтаас чөлөөлж, Тийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2014 оны 2 дугаар сард газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтаар Н дүүрэгт хүлээлгэн өгчээ.

Тусгай хамгаалалтаас чөлөөлөгдсөн газар нутагт байрлаж буй газар ашиглах зөвшөөрөлтэй иргэн аж ахуйн нэгж байгууллагын судалгааны жагсаалтын 5 дахь хэсэгт “Т  ” ХХК-ийг “аялал жуулчлалын зориулалт”-аар 0,9 га газрын гэрчилгээтэй  болохыг тэмдэглэсэн байна.

  Үүний дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Н дүүргийн өмч, газрын харилцааны албанд /хуучин нэрээр/ Д.Заанхүүгээс “улсын тусай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн 1/306 дугаартай гэрчилгээгээ гээгдүүлсэн тул дахин газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгөхийг хүссэн хүсэлтийг  гаргаж, Н дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар  сарын 17-ны өдрийн А/235 дугаартай захирамжаар “Т  ” ХХК-ийн ашиглах зориулалттай байсан 9000 кв.м газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгожээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Т  ” ХХК-иас Н дүүргийн өмч, газрын харилцааны газарт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлт,  газрын эрх шилжүүлэх гэрээ, Н дүүргийн газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 16/636 тоот “Т  ” ХХК-ийг газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт, Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн А/16 дугаартай захирамж,  “Ц ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/16 дугаар захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. 

Мөн дээрх захирамж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна“ гэснийг мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцжээ.

2. Миний эзэмшлийн гэрчилгээнд дурьдагдсан солбилцол бүхий 1000,26 кв.м газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “гэрчилгээжүүлэх тухай” А-466 дугаартай тушаалаар “...Тийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө, хаваржаа, хашаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газарт хэмжилт хийн координатыг тогтоон гэрчилгээжүүлэлт хийхийг Хн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргад  зөвшөөрчээ”. 

Үүний дагуу 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э.Ц аас тус хамгаалтын захиргаанд гаргасан өргөдлийн дагуу Хн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Э.Ц тад Горхи-Тийн байгалийн цогцолборт газарт “өвөлжөө”-ийн зориулалтаар газрын ашиглуулах эрхийн гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч дээрх газар ашиглах тухай хүсэлтдээ: “Н дүүргийн * дугаар хороо 1 дүгээр баг 39 тоотод багаасаа амьдарч ирсэн Т   ХХК-ийн нэр дээр манай хашаа бүртгэлтэй байдаг уг газраа надад эзэмшүүлэхээр болсон тул миний нэр дээр гэрчилгээ олгож өгнө үү. Т   ХХК-ийн эзэмших хугацаа дууссан дахин сунгуулаагүй...” гэжээ. Гэтэл “Т  ” ХХК нь 2006 оноос Горхи-Тийн байгалийн цогцолборт газарт 0,9 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээ авч, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сунгуулж, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эзэмших эрхтэй болсон болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчид Горхи-Тийн байгалийн цогцолбор газарт “өвөлжөө”-ийн зориулалтаар  газар ашиглах эрхийг олгосон болох нь  2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эрхийн гэрчилгээ, тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөгдсөн газрыг хүлээлгэн өгсөн акт, Байгал орчин, Аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэн Э.Ц  нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Н дүүргийн газрын харилцааны албанд  “... 2008 оноос хойш амьдарч ирсэн газраа эзэмших”-ийг хүссэн өргөдөл гаргаж, Н дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/268 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт зааснаар Э.Ц д Т * дугаар хороонд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 700 кв.м газрын эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэснийг зөрчөөгүй байна.

 Улсын их хурлын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Горхи-Тийн байгалын цогцолборт газар Н дүүргийн * дугаар хорооны Тийн төв суурин байрлах 265.5 га газрыг улсын тусгай хамгаалалттай назар нутгаас чөлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А-07 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөгдсөн газрыг хүлээлгэн өгсөн байх ба энэхүү хүлээлгэн өгсөн актад Э.Ц  2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг 137 тоот эрхийн гэрчилгээтэй гэж тэмдэглэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-466 дугаар тушаалаар Горхи-Тийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө хаваржаа, хашаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газарт хэмжилт хийж кординатыг тогтооон гэрчилгээжүүлэлт хийхийг тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны даргад зөвшөөрсөн тул үүний дагуу  хамгаалалтын захиргааны 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01а тоот тушаалаар ажлын комисс томилж, гэрчилгээжүүлэлт хийгджээ.

Газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны зурган мэдээллээр “Ц ” ХХК нь нэгж талбарын 18683320687173 дугаар бүхий  7813 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байх бөгөөд Э.Ц ын эзэмшиж буй гэх 741.43 м.кв талбай бүхий газар нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгэлгүй, “Т  ”, “Дикиндом”, “Ц ” зэрэг ХХК-иас нэхэмжлэгчид газрын эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй байна.

Хэдийгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 2/1460 дугаартай албан бичигт Хн тусгай хамгаалалтай газрын захиргаанаас иргэн Э.Ц д олгосон эрхийн гэрчилгээн дээр бичигдсэн гар бичмэл солбилцол бүхий газар нь 10026 м.кв талбай гэж байгаа боловч бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн хүсэлтээр “өвөлжөө”-ийн газрыг нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, уг газрыг Н дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна.

Н дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/268 дугаар захирамаар иргэн Э.Ц д “гэр бүлийн хамтын хэрэгцээ”-ийн зориулалтаар олгосон 700 м.кв газрыг, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/235 дугаар захирамжаар “Т  ” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 9000 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/16 дугаар захирамжийн хавсралтын 46  дахь хэсгээр тус дүүргийн Засаг даргын 2016 оны А/235 дугаар захирамжаар “Т  ” ХХК-ийн “аялал жуулчлалын” зориулалтаар эзэмшиж байсан 9000 м.кв газрыг “Ц ” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй хэдий ч Н дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” А/268 дугаар захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт иргэн Э.Ц д “гэр бүлийн хамтын хэрэгцээ”-ийн зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчинтэй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчид  газар олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгох ТОГТООХ НЬ:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.4-д тус тус заасныг баримтлан иргэн Э.Ц ын нэхэмжлэлтэй, Н дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Н дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/16 тоот захирамжийн “Ц ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Н дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/268 дугаар захирамжийн дагуу Э.Ц д бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй, эзэмшлийн гэрчилгээнд дурдагдсан хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох”-ыг Н дүүргийн Засаг даргад даалгасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ