Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/067

 

З.Хт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 195 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцлээр З.Хт холбогдох 1714000000057 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, З.Х, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

З.Х нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар баг 6-2 тоотод 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр З.Х, Д.Х нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас З.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар З.Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ын 2.2 дахь хэсэгт зааснаар З.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, З.Х нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ын 2.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Хт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Улсын яллагч ******* 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...З.Хыг 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг 6-2 тоотод иргэн З.Х, Д.Х нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа З.Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

1. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан атлаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буюу өөр хоорондоо зөрчилдөж байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.

2. З.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж зэвсгийн чанартай буюу хутгыг хэрэглэж З.Х, Д.Х нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байхад прокуророос З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь буруу байна гэсэн шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол” гэж заасан бөгөөд энэ нөхцөл байдал үүссэн үед зэвсэг барьж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2-ын 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр байна гэж ойлгогдож байна.

Гэвч З.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2-ын 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь буруу юм.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 195 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Шүүхийн шийдвэр ойлгомжгүй гарсан. Гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоолдоо дурьдсан мөртлөө З.Хын үйлдлийг цагаатгаж, мөн хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр цагаатгах тогтоол гэсэн мөртлөө хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан тул шүүхээс ямар шийдвэр гарсан нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна гэв.

Шүүгдэгч З.Хын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорт буцаасугай гэдгийг хүчингүй болгуулж, тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

З.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар баг 6-2 тоотод иргэн З.Х, Д.Х нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байхад анхан шатны шүүхээс З.Хын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр түүнийг дээрх гэмт хэрэгт нь гэм буруугүй гэж үзэн цагаатгасан нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны болж чадаагүй байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогчоос “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...” байхыг шаардахаар тогтоож өгсөн, уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь 1 дэх хэсэгтээ заасан “бүлэг” гэх шинжийг заавал хангасан байхыг ойлгох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” гэхийг гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг үндсэн агуулгаас нь зөрүүтэй ойлгон буруу тайлбарлан хэрэглэж З.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2-ын 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэхээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй хэмээн цагаатгасан нь үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа З.Хт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 гэж буруу бичих, “...хөнгөн хохирол...” гэхийг “...хөнгөн гэмтэл...” гэж хуульд байхгүй үг хэллэг хэрэглэсэн, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан зарим дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй, тогтоох хэсгээс илт зөрүүтэй дүгнэлт хийсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг дурдав.

Цаашид шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тов тогтоохтой зэрэгцэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хамтатган шийдвэрлэж байхыг анхаарвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 195 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, З.Хт холбогдох эрүүгийн 1714000000057 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол З.Хт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Т.ДАВААСҮРЭН