Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0152

 

 

 

 

 

 

 

 

        Б.Дийн нэхэмжлэлтэй 

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Д

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д

Хариуцагч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 720 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2021/0640/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Доос Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид холбогдуулан “...2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр: 

“...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Доос Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан “Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1.“...Шийдвэрт “...Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлийн болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргаагүй, харин ч гишүүний үүргээ биелүүлсэн байсан нь түүнийг хуульчаар ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзэж байна.

3.2.Анхан шатны шүүх намайг 2 жилийн тэнсэх ялаар шийтгүүлсэн гэж дүгнэсэн атлаа үүний зэрэгцээ 2 жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхээ хасуулсан талаар огт дурдаагүй, түүнчлэн “..зөвхөн хуульчийн эрх төдий” гэж дүгнэсэнд нь гомдолтой байна.

3.3.Шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь үнэлэх шаардлагатай байсан. Монголын Хуульчдын холбооны гаргасан тушаал нь хэлбэрийн хувьд алдаатай, өөрөөр хэлбэл он, сар, өдөр нь стандартын шаардлага хангаагүй, тушаалын дугаар алдаатай захиргааны акт байсан эсэхийг шүүх үнэлж шийдвэр гаргах байжээ.

3.4.Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч маргаан бүхий тушаал гаргахдаа цаг хугацааны хувьд зөрүүтэй, миний гаргасан хүсэлт, сонсох ажиллагаа хийхгүйгээр, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан хийгдвэл зохих үе шатуудыг зөрчиж тушаал гаргасанд гомдолтой байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 93А дугаар хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх тул түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар тушаал хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Уг хуулийн дээрх заалтаас гадна 20 дугаар зүйлийн 20.1.1-д “өргөдөл гаргагч нь гэмт хэрэгт холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа” тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэхээр, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, …” тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохоор тус тус зааснаас үзэхэд аль ч тохиолдолд хуульч хүн санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон л бол түүний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор байна.

3.Өөрөөр хэлбэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос эхлээд дуусгавар болох бүхий л цаг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэхгүй байх шаардлагыг тавьсан байх бөгөөд үүнийг зөвхөн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх үедээ” гэсэн агуулгаар явцууруулан тайлбарлаж үл болно.

4.Учир нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг олгох”-оор заасан, иймд нэхэмжлэгч Б.Д ямар ажил, албан тушаал хашиж байснаас үл хамааран маргаан бүхий тушаал гарах хүртэл хуульч байсан байх тул хуулийн дээрх шаардлага нэгэн адил мөрдөгдөнө.

5.Тухайлбал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх; хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах; иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах, шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох гэж тодорхойлоод, эдгээрээс зөвхөн шүүхэд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох тохиолдолд л эрх нээлгэсэн байхыг шаарджээ.

Иймд гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээснийг “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй байх үеийнх” гэж тайлбарлах байдлаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй.

6.Харин давж заалдах гомдолд дурдсанаар маргаан бүхий тушаал хэлбэрийн хувьд ямар алдаатай болох, он, сар болон тушаалын дугаар хэрхэн зөрүүтэй байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл энэ талаарх гомдлын үндэслэл ойлгомжгүй байх тул дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Дийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН