Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

  2020          08         18                                        2020/ШЦТ/542

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

Улсын яллагч: Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгч: А.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010011060689 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ...

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.П- нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9-347 тоотод “гар утас яах гэж авсан юм, чи яасан баян хужаа вэ” гэж төрсөн дүү А.Н-г галын төмөр болон хогийн шүүрээр толгой, бие рүү нь олон удаа цохиж, биед нь хөнгөн хохиролд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч А.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай дүү 2006 онд хүнтэй суусан. Дараа нь уулзахад хятад аавтай монгол ээжтэй хүнтэй суусан байсан. Утсаар над руу яриад нөхөр зодоод байна гэхээр нь би олон удаа ирж байсан. Манай дүү 6 хүүхэдтэй. Би дүүдээ маш их хайртай, гэтэл тэр хүнээс хүн чанар гараагүй. Өмнө жил манай дүү хятад руу яваад ирсэн. Би дахиж битгий яваарай гэж хэлсэн. Би 3 жил хятадад оёдолчин хийж байсан. Би дахиж битгий Хятад руу яв гэж дүүгээсээ гуйсан боловч зөрөөд 2 удаа явсан. Нэг явахдаа 2 сар ирээгүй. Тэр хооронд нь манай том охин очиж эргэж тойрч байсан. Хятад руу яваад ирэхгүй байхаар нь аргадаж авчирсан. 6 хүүхэдтэй байж Хятадад очиж хүнтэй сууна гэж хэлсэн. Урьд өдөр нь над руу яриад 6 дугаар сарын 02-нд хил нээгдэнэ гэнэ гэж хэлсэн. Тэгээд би очоод хүлээж байтал 30-иад минутын дараа ирсэн. Намайг хамт гарч дэлгүүр оръё гээд орж ирсэн. Тэгээд ууртай байсан учир асуутал нөхрөөсөө болоод гэж хэлсэн. Хэсэг байж байгаад цүнхнээсээ утас гаргаж ирээд ийм утас авсан гэж үзүүлсэн. Тэгээд би энэ утсаа зараад 600.000 төгрөг нэмээд өөр утас авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би утас авахгүйгээр ээмэг бөгж авчих гэж хэлтэл намайг янхан минь гэж хэлээд над руу дайрч сандал, ширээ зэргийг над руу шидсэн. Би тэгээд цагдаа дуудах гэтэл эгч дүүс байж цагдаа дуудах гэлээ гэхээр нь цагдаа дуудаагүй. Шүүрээр намайг цохиход иш нь хугарсан. Галын хайч төмрөөр цохисон. Тэгээд хоолны төмөр сав над руу шидэж, дух хавдсан. Би танай аавыг цааш нь харуулсан, одоо та нарыг цааш нь харуулна гэхээр нь би уурлаад, шүүрний  ишээр хөл рүү нь цохисон. Би тэвчээр алдагдаад цохисон үйлдлээсээ болоод ийм байдалд хүрсэн. Би дүүгээ сэтгэцийн эмнэлэгт үзүүлмээр байна. Би нөхөр гурван хүүхэдтэй, харамсаж байна. Манай нөхөр архи уудаггүй учир иймэрхүү зүйлийг мэдэхгүй. Би дүүгийнхээ хөл рүү цохьсоноо хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2010011060689 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч А.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...2020 оны 05 дугаар сарын 22-нд орой 19 цагийн үед би гэртээ очиход манай төрсөн эгч П- гэрт ирсэн байсан. Тэгээд би гэртээ орон дээрээ цүнхээ тавьсан байсан. Эгч П- нь миний цүнхнээс гар утас гаргаж ирээд “энэ гар утсыг яах гэж авсан юм” гэж асуусан. Тэгэхээр нь би “утас болохгүй болсон, тэгээд авсан юм” гэж хэлсэн. П- эгч “би 16 кв утас барьж байхад чи 64 кв утас бариад яах гээд байгаа юм” гэсэн. Тэгэхэд “чи ийм утас барих эрх байхгүй. Төрсөн дүү чинь махгүй байж байхад чи энэ мөнгөөр мах авч өгөхгүй яасан юм. Нэг бол энэ мөнгө надад өгөхгүй яасан юм. Би гадагшаа гарах гэж байхад чи яасан баян хужаа бэ” гэж хэлээд намайг зодсон. Тэгээд намайг галын төмрөөр хоёр хөлд цохисон. Тэгэхээр би булааж авсан. Тэгсэн чинь хогийн шүүрээр миний хоёр хөл рүү зогсоо зайгүй цохиж авсан. Тэгээд “чи намайг амьд байхад өөдлөх ёсгүй. Би цусаа цэвэрлэж авна. Миний эцэг халх гээд намайг хужаатай суусан, тэгээд намайг урагшаа явна гэсэн үү, чи яах гэж явж байгаа юм” гээд байсан. Тухайн үед хүүхдүүд байхад манай хүүхдүүдэд хандаж эх чинь биеэ үнэлэгч гээд хашгираад байсан. Тэгээд миний толгой хэсэг рүү шүүрээр олон удаа цохиж авсан. Хоёр гарны хэсэгт цохиж байсан. Ер нь бол миний бүсэлхийнээс доош, хоёр гарын буглаганаас дээш зодож, цохиж байсан... Миний биед учирсан гэмтлийг миний төрсөн эгч П- намайг хогийн шүүр, галын төмрөөр олон удаа цохиж дух, хамрын нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралтыг учруулсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

 

2. Насанд хүрээгүй гэрч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 22-нд гэртээ байж байхад орой 19 цагийн үед манай гэрт ээжийн эгч П- орж ирсэн...П- эгч уурлаад “наад утсаа буцаа” гэж уурлаад байсан. Тэгэхэд П- манай гэрт байсан хогийн шүүр барьж аваад тэр шүүрийг хугартал нь хөл, гар, толгой хэсэгт нь цохиод байсан. Тэгэхээр нь би “болиоч” гэсэн чинь бас гарт байсан галын дэгээ төмрөөр хөлийг цохиод байсан...Тэгээд П- “хужаа шээснүүдийг чинь ална, цусаа цэвэрлээд явна” гэж ээж рүү дайраад гарахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

3. Насанд хүрээгүй гэрч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 22-нд гэртээ би дүү эгч нартай хамт байж байхад Жаахан эгч буюу П- 19 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд манай ээж дараа нь ирсэн. Гар утаснаас болоод маргалдсан. Манай ээж Н-г толгой хөл рүү нь хогийн шүүрээр П- зөндөө олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

4. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 21 цагийн орчим гэртээ орсон чинь манай эхнэр Н- төрсөн эгч П-тай хэрэлдээд байж байсан. ...Намайг ороход Н- нь духны хэсэгт хавдсан. Өөр ил харагдах ямар нэг зүйл байхгүй байсан. Харин эгч нь галын дэгээ төмөр барьсан, Н-гийн хоёр хөл рүү нь цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

 

5. Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын үйлчлэгч ажилтай Н- нь өөрийн төрсөн эгч гэх нэг эмэгтэйтэй хэрэлдээд байж байсан...Н-гийн дух нь улайгаад хавдсан байсан...Н- хэлэхдээ эгч маань намайг галын дэгээ төмрөөр цохисон гэж байсан. Тэр эгч П- нь ч гэсэн хэлэхдээ “би дүүдээ уур хүрээд түүнийг цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

6. Шүүгдэгч А.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

 “... Тухайн үед А.Н- хутга авах гээд дайраад байхаар нь би түүнийг болиулах гэж зөндөө зууралдсан. Энэ үед түүний биед учирсан баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, зүүн гуяанд цус хуралт гэмтэл учирсан байх. Би түүний биед учирсан баруун, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлийг би түүний хөл рүү хогийн шүүрний иш модоор хоёроос дээш удаа цохиж учруулсан. Түүний биед учирсан духны цус хуралт гэмтлийг тэрээр намайг хоолны төмөр саваар цохиод байхаар нь би түүнийг түлхэхэд тэрээр хойшоо унахдаа хоолны саванд толгойгоо цохьсон. Тэгэхэд учирсан гэмтэл байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

 

7.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүний биед хийсэн үзлэг хийсэн 6413 дугаартай дүгнэлтэнд:

 “....А.Н-гийн биед дух, хамрын нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /шинжээч М.Золжаргал/ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

8.Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н-гийн биед учирсан баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

 

9.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  А.П- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.П-ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.П- нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9-347 тоотод “гар утас яах гэж авсан юм, чи яасан баян хужаа вэ” гэж төрсөн дүү А.Н-г галын төмөр болон хогийн шүүрээр толгой, бие рүү нь олон удаа цохиж, биед нь дух, хамрын нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогчийн А.Н-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эгч П- нь миний цүнхнээс гар утас гаргаж ирээд “энэ гар утсыг яах гэж авсан юм” гэж асуусан. “...чи яасан баян хужаа бэ” гэж хэлээд намайг ...галын төмрөөр, хогийн шүүрээр хөл рүү зогсоо зайгүй цохиж авсан. ...Тухайн үед хүүхдүүд байхад манай хүүхдүүдэд хандаж эх чинь биеэ үнэлэгч гээд хашгираад байсан. Тэгээд миний толгой хэсэг рүү шүүрээр олон удаа цохиж, гарны хэсэгт цохиж бас цохиод байсан. Ер нь бол миний бүсэлхийнээс доош, хоёр гарын буглаганаас дээш цохиж зодсон. ...Биед учирсан дух, хамрын нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлийг эгч П- хогийн шүүр, галын төмрөөр олон удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П- манай гэрт байсан хогийн шүүр барьж аваад тэр шүүрийг хугартал нь хөл, гар, толгой хэсэгт нь цохиод байсан. Тэгэхээр нь би “болиоч” гэсэн чинь бас гарт байсан галын дэгээ төмрөөр хөлийг цохиод байсан...Тэгээд П- “хужаа шээснүүдийг чинь ална, цусаа цэвэрлээд явна” гэж ээж рүү дайраад гарахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

-насанд хүрээгүй гэрч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Н-г толгой хөл рүү нь хогийн шүүрээр П- зөндөө олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

-гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 21 цагийн орчим гэртээ орсон чинь манай эхнэр Н- төрсөн эгч П-тай хэрэлдээд байж байсан...Намайг ороход Н- нь духны хэсэгт хавдсан. ..Харин эгч нь галын дэгээ төмөр барьсан Н-гийн хоёр хөл рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

-гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н- нь өөрийн төрсөн эгч гэх нэг эмэгтэйтэй хэрэлдээд байж байсан...Н-гийн дух нь улайгаад хавдсан байсан. ...Н- хэлэхдээ эгч маань намайг галын дэгээ төмрөөр цохисон гэж байсан. Тэр эгч П- нь ч гэсэн хэлэхдээ “би дүүдээ уур хүрээд түүнийг цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6413 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

-Шинжээч М.Золжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч А.П- нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан атлаа түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймээс шүүгдэгч А.П- нь хохирогч А.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.П-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.П- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.П-ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

 

Тус хэрэгт шүүгдэгч А.П- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.П-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.П-ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.П- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрх бүхий этгээд нь заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.П-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН