| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0564/Э |
| Дугаар | 541 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 541
2020 08 18 2020/ШЦТ/541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
Улсын яллагч Ц.Ганчимэг,
Хохирогч, шүүгдэгч С.А-,
Хохирогч, шүүгдэгч Х.Ш-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-, Х.Ш- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010010600665 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .....
2. Монгол Улсын иргэн, ..... Баянхонгор аймгийн "Галуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын хойд талын гудамжинд иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа нүүр рүү нь 2-3 удаа, мөн зүүн талын шанаа, толгой руу нь чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Ш-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын хойд талын гудамжинд иргэн С.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа нүүр рүү нь 3-4 удаа цохих, цээжний хэсэгт гараараа 2-3 удаа тус тус цохиж зодсноос эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
С.А-ээс шүүгдэгчээр: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогчоор мэдүүлэхдээ “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Х.Ш- шүүгдэгчээр: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.”
Хохирогчоор “...шүүгдэгч С.А-ээс хохирлын төлбөрт 120.000 төгрөг хүлээн авсан, хоорондоо эвлэрсэн тул гомдол саналгүй...” гэв.
Хоёр. Эрүүгийн 2010010600665 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад баримтууд:
1.Хохирогчоор С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө манай найз Н.Б-ын гэрт 2.5 литрийн Боргио нэртэй 2 пиво Н.Б-, С.А-, Н.Г-бид 4 хувааж уусан. Орой 23 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд тэдний гэрээс дүү С.А-тай хамт гарсан. Манай дүү Н.М-гэх залууд хандаж 80 айлын залуучууд том байнаа гэж хэлсэн. Тэгэхэд би хажууд нь байж байсан. Тэгсэн чинь Н.М-гэх залуу намайг чи хаанахын юм бэ гэж асуусан. Би чамд би хаанахынх байх нь хамаагүй чи зүгээр яв гэж хэлсэн.Тэгэхэд Н.М-гэдэг залуу над руу ирээд намайг заамдаж аваад чи юу гэнээ гээд миний майкийг урсан. Тэгэхээр нь би Н.М-г толгойгоороо толгойд нь мөргөсөн. Тэгээд Н.М-гэдэг залуу миний нүүрэнд 3-4 удаа гараараа цохьсон. Тэгээд одоо больё гэсэн чинь Н.М-гэдэг залуу за больё гээд байж байсан цаанаас нэг махлаг хүүхэн гарч ирээд хашгираад байсан. ...Тэр үед Н.М-гэдэг нь жинхэнэ нэр нь Х.Ш- гэдэг залуу байсан. Намайг Н.М-буюу Х.Ш- гараараа нүүрэнд 3-4 удаа, цээжний хэсэгт 2-3 удаа цохиж гэмтээсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
2.Хохирогчоор Х.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цаг өнгөрч байхад би 80 айлын хойд талд байдаг дугуйн дээр Т.Х-тай сууж байсан. Тэгээд С.А-, С.А- нартай тааралдаад юм яриад зогсож байтал Т.Х- гэртээ орсон байсан. Арай махлаг С.А- гэдэг нь халамцуу байсан. С.А- нь 80 айлын гөлөгнүүд минь гээд миний толгойны зүүн тал руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгэхэд цаанаас Т.Х- гэрээсээ гараад ирсэн. Т.Х- намайг өмөөрөөд С.А-ийг түлхсэн чинь С.А- нэг удаа зүүн талд нь цохиж авсан. Тэгээд би очоод яаж байгаа юм бэ гээд барьцалдаж аваад хоорондоо 2-3 удаа цохиод салсан. Намайг чулуугаар зүүн талд нэг удаа цохиж авсан. Тухайн үед язарсан байсан. Толгой үзүүлсэн 120.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
3.Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой гэртээ хоолоо хийгээд сууж байтал манай нөхөр Н.Б-гаднаас орж ирээд манай найз Н.М-г 3 хүн араас нь явуулахгүй байна. Гараад аваад ирье гэхэд нь би хамт гарахад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 5 дугаар гудамжинд М- ахыг тойроод зогсчихсон байсан. Би очоод Н.М-г авах гэтэл толгойн хагарсан байдалтай байхаар нь би яактай үсээ боосон залууг нь “чи яаж байгаа юм” гээд цохьтол намайг шууд үгийн зөрөөгүй хамар луу гараараа 2 удаа цохьсон. Н.М-ах болиулах гээд тэр залууг бариад автал Н.М-г мөн цохьсон. Тэгээд манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 29 дүгээр хуудас/
4. Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд найз Баагийгийнд дүү С.А-тай хамт очиод 2.5 литрийн Боргио нэртэй пиво бид гурав хувааж уусан. Би дүүтэйгээ харих гэж шөнө 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд 80 айлын хойд талын гудамжинд явж байхад манай дүү С.А- Х.Ш-тай юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод хажууд нь зогсож байсан. Тэгтэл Х.Ш- намайг хаанахынх юм гэж асуусан. Тэгэхэд нь би миний хаанахынх байх нь чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхэд чи ямар том бацаан бэ гээд Х.Ш- нь намайг барьж авсан. Тэгэхээр нь би толгойгоороо мөргөсөн. Тэгээд би одоо больё гэж хэлсэн. Х.Ш- намайг зүгээр явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэл амаараа ярилцаад болиод байж байсан. Тэгээд цаанаас нэг бүдүүн эмэгтэй гарч ирээд чи манай ахыг цохьсон гээд намайг шууд нуруунд нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Х.Ш- намайг гараараа нүүрэнд 2-3 удаа, цээжинд 4-5 удаа цохиж авсан. Х.Ш-ад учруулсан гэмтлийг би учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч Х.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ”...2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цаг өнгөрч байхад би 80 айлын хойд талын гудамжны үзүүрт байдаг дугуйн дээр хуурай дүү Т.Х-тай суугаад юм ярьж байсан. Тэгэхэд тухайн үед танихгүй байсан. Одоо бол С.А-, С.А- гэдэг залуутай таараад юм яриад зогсож байсан. Тэгээд намайг тэр хоёртой юм ярьж байхад Т.Х- гэртээ орсон байсан. Тэгэхэд би өндөр туранхай С.А-тай юм яриад зогсож байхад С.А- нь 80 айлын гөлөгнүүд минь гээд миний толгой руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд би боль гээд цаашаа явж байхад цаанаас Т.Х- гэрээсээ гараад ирсэн. Тэгээд С.А-ийг Т.Х- намайг өмөөрөөд түлхсэн чинь С.А- нэг цохиж авсан. Тэгэхэд нь би очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд барилцаж аваад хоорондоо 2-3 удаа цохилцоод салсан. Тэгээд намайг чулуугаар нэг удаа зүүн талд цохиж авсан. Тухайн үед язарсан байсан. Би С.А-ийг гараараа цохиж гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5444 дугаартай дүгнэлтэнд
“...С.А-ийн биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5943 дугаартай дүгнэлтэд:
”...Х.Ш-ын биед тархи доргилт, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/,
8.Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 60-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын байрны хойд талын гудамжинд иргэн Г.Ш-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар гараараа түүний нүүрэнд 2-3 удаа цохих, мөн зүүн талын шанаа, толгой руу нь чулуугаар цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
Шүүгдэгч Х.Ш-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын байрны хойд талын гудамжинд иргэн С.А-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа түүний нүүрэнд 3-4 удаа цохих, цээжний хэсэгт гараараа 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
-хохирогчоор С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.М-гэдэг залуу ...намайг заамдаж аваад ...миний майкийг урсан. ...би Н.М-г толгойгоороо толгойд нь мөргөсөн. ... Н.М-гэдэг залуу миний нүүрэнд 3-4 удаа гараараа цохьсон. ...Намайг Н.М-буюу Х.Ш- гараараа нүүрэнд 3-4 удаа, цээжний хэсэгт 2-3 удаа цохиж гэмтээсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
-хохирогчоор Х.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.А- нь ...миний толгойны зүүн тал руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. ..Намайг чулуугаар зүүн талд нэг удаа цохиж авсан. Тухайн үед язарсан байсан... гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
-гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би очоод Н.М-г авах гэтэл толгой нь хагарсан байдалтай байсан....Н.М-ах болиулах гээд тэр залууг бариад автал Н.М-г мөн цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх 29 дүгээр хуудас/
- шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ямар том бацаан бэ гээд Х.Ш- нь намайг барьж авсан. Тэгэхээр нь би толгойгоороо мөргөсөн. ...Х.Ш- намайг гараараа нүүрэнд 2-3 удаа, цээжинд 4-5 удаа цохиж авсан. Х.Ш-ад учруулсан гэмтлийг би учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,
-шүүгдэгч Х.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... С.А- нь ...миний толгой руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. ...барилцаж аваад хоорондоо 2-3 удаа цохилцоод салсан. Тэгээд намайг чулуугаар нэг удаа зүүн талд цохиж авсан. Тухайн үед язарсан байсан. Би С.А-ийг гараараа цохиж гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5943 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5444 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын бие биенийхээ биед халдсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.
Шүүгдэгч С.А-, Х.Ш- нар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.А-, Х.Ш- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай:
Шүүгдэгч, хохирогч С.А-, Х.Ш- нар нь бие биедээ хөнгөн хохирол тус тус учруулсан байх ба, хохирогч Х.Ш- нь миний бие шүүгдэгч С.А-ээс хохирлын төлбөрт 120.000 төгрөг хүлээн авлаа, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэх тул шүүгдэгч С.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж, хохирогч С.А- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Х.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, Х.Ш- нарыг тус бүрийг 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч С.А-, Х.Ш- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэрэг баримтаар шүүгдэгч С.А- 2015 онд, Х.Ш- нь 2017 онд тус тус ял шийтгэгдэж байсан байх ба, ялгүй болсон байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Иймээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Тус хэрэгт шүүгдэгч С.А-, Х.Ш- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдаж, эд мөрийн мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.А-, Х.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, Х.Ш- нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, Х.Ш- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, Х.Ш- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.А-, Х.Ш- нарт тус бүрт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А-, Х.Ш- нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлбөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.А-, Х.Ш- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН