Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 539

 

 

 

 

 

 

 

  2020          08         18                                        2020/ШЦТ/539

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,  

Улсын яллагч Ц.Ганчимэг /томилолтоор/,

Шүүгдэгч Б.М-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010013560719 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ..... тоот регистртэй, Б.М-.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.М-нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гранд мед” эмнэлгийн гадна иргэн Ө.Б-т таксигаар үйлчлэхдээ машинд нь гээгдүүлсэн Самсунг A10S загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Э.М-шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2010013560719 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

  1. Хохирогч Ө.Б- мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө үүрээр 04 цаг 27 минутанд Хан-уул дүүргийн 10 дугаар хороо 64а байрны гаднаас 87-00 УАА улсын дугаартай автомашинд суугаад “Гранд мед” эмнэлэг рүү явсан. Би таксины жолоочид хандаад би буцаад явна та байж байгаарай гэж хэлээд буугаад найзыгаа эмнэлэг рүү оруулж орон дээр хэвтүүлчихээд утсаа шалгаж үзтэл байхгүй байхаар нь утсаа таксинд орхисон байна гээд гарахад такси байхгүй явсан байсан. Би утасны дугаар луугаа залгахад авахгүй 08 цаг хүртэл холбогдож байгаад холбогдохоо больчихоор нь такси бариад гэрлүүгээ харьсан" гэх мэдүүлэг /хх13 дугаар хуудас/,

 

2. Шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 4 цагийн орчим өөрийн 87-00 УАА улсын дугаартай автомашинтай явж байгаад Буянт-Ухаа спорт цогцолборын урд талын автобусны буудал дээрээс 45-50 орчим насны согтуу эрэгтэй хүн авсан. Тэр хүн манай найзын бие нь муу байна яаралтай эмнэлэг явах хэрэгтэй байна гэж хэлээд гадаадын иргэн, харьяатын газрын ард талын байрнаас 2 найзтайгаа гарч ирээд машинд суугаад. ...”Гранд мед” эмнэлгийн гадна 05 цагийн орчим очсон.  ...намайг байж байгаарай гэж хэлээд өвчтэй хүнээ оруулчихаад буцаж гарч ирээд төлбөрөө дансаар хийгээд би явсан.  ...өдөр 14 цагийн орчим найз А-тай машин дотроо пиво уугаад сууж байтал А- жолоочийн эсрэг талын суудал доороос “Samsung” A10S маркийн гар утас олсон. Тухайн үед гар утас цэнэггүй байсан. Уг утсыг гэрлүүгээ авч ороод сим картыг нь гаргаад, скайтелын сим карт хийтэл ажиллахгүй болохоор нь “Reset” хийсэн боловч бас ажиллахгүй байхаар нь тус өдрөөс хойш хадгалж байсан....” гэх мэдүүлэг /хх27-28 дугаар хуудас/,

 

3. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Самсунг А10s гар утсыг 330.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” /хх17-18 дугаар хуудас/,

 

4. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх38 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Э.М-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

          1.Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Э.М-нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гранд мед” эмнэлгийн гадна иргэн Ө.Б-т таксигаар үйлчлэхдээ машинд нь гээгдүүлсэн “Самсунг A10S” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            -Хохирогч Ө.Б- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө ...87-00 УАА улсын дугаартай автомашинд суугаад “Гранд мед” эмнэлэг рүү явсан. ...найзыгаа эмнэлэг рүү оруулж ...хэвтүүлчихээд утсаа шалгаж үзтэл байхгүй байхаар нь утсаа таксинд орхисон байна гээд гарахад такси байхгүй явсан байсан. Би утасны дугаар луугаа залгахад авахгүй байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө ...87-00 УАА дугаартай автомашинтай явж байгаад Буянт-Ухаа спорт цогцолборын урд талын автобусны буудал дээрээс 45-50 орчим насны согтуу эрэгтэй хүн авсан. ...”Гранд мед” эмнэлгийн гадна 05 цагийн орчим очсон.  ...намайг байж байгаарай гэж хэлсэн. ...14 цагийн орчим найз А-тай машин дотроо пиво уугаад сууж байтал А- жолоочийн эсрэг талын суудал доороос Samsung” A10S маркийн гар утас олсон. ...ажиллахгүй байхаар нь тус өдрөөс хойш хадгалж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Э.М-нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг гэдгийг мэдсээр байж завшиж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол тус гэмт хэргийн шинжийг хангахаар хуульчилсан байна.

Тус хэрэгт “Ашид билгүүн” ХХК хөрөнгө даатгалын үнэлгээний байгууллага нь хохирогчийн гээгдүүлсэн Samsung” A10S маркийн гар утасны зах зээлийн бодит үнэлгээг 330.000 төгрөгөөр тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад  “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд тус хэргийн хохирол нь 330.000 төгрөгөөр тогтоогдсон байгаа нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Э.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б- бага хэмжээний буюу 330,000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.М-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Э.М-нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.М-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

 

Тус хэрэгт шүүгдэгч Э.М-т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.М-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М-нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрх бүхий этгээд нь заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН