Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/13

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Гэрч Д.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч: Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө- овгийн Ж-ийн Ц-эд холбогдох эрүүгийн 1827000940005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар баг, ___ дугаар гудамж ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө- овгийн Ж-ийн Ц- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц- нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “___” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Ж.Ц- нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 онд Архангай аймагт туслан гүйцэтгэх ажил хийж байсан. Тэгээд 2018 оны намар цас орсон байхад Бат-Өлзий сумын ___ гэх газар манай хамаатны айлын гадаа техникүүдээ авчирч тавьсан. Тухайн газар засвар хийж байсан. Газрын хэвлийд хууль бусаар халдсан гэх техник хэрэгслүүд айлын гадаа жил өнжсөн бензингүй байсан, зарим нь дэнжид налуудуу газар байсан учраас ашиглах боломжгүй байсан...” гэв.

Гэрч Д.Ц- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би уурхай хариуцаж байсан. Дахин ажиллуулаагүй. Усан буу, ковш ашигласан гэв.

Гэрч Д.Ц-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уурхайн үйл   ажиллагааг ерөнхийд  нь хариуцдаг байсан. Манай уурхай 2018 оны 05 дугаар сард Баруун сөдтийн Шар хад гэх газар гарсан. Уурхайн  ажилчид тогтвор  суурьшилтай  ажилласан бага, хүмүүс ирэн очин ажиллацгаадаг. Уурхайн техникүүд зарим нь түрээс, зарим нь Ж.Ц-ийнх байгаа байх. Би сайн мэдэхгүй байна. Баруун Сөдтийн Шар хаданд байх кемпний баруун хойд талын газраас шороог эксковатороор ухаж, гаргасан шороогоо том хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар зөөж усан буун дээр буулгаж угааж байсан. Уурхай нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаггүй. Учир нь тогтсон ажилчид гэж байхгүй, цалин боддог нягтлан, нярав байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/

Хохирогч Б.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Ц- нь уурхай ажиллуулахаар Бат-Өлзий суманд ___ гэх газарт 2018 оны 05 дугаар сарын дундуур аваачиж байрлуулсан байсан. Тус газарт 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сумын ИТХ-ын төлөөлөгч нартай очсон. Нийт 17 хүн очсон. Намайг очиход техникүүдээ янзлаад суурилуулж байсан ба үйл ажиллагаагаа эхлээгүй байсан. Эхний удаад ингээд өнгөрсөн, дараа нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн МХГ-ын ахлах байцаагч, геологи уул уурхайн байцаагч, МХГ-ын геологи уул уурхай хариуцсан хэлтсийн дарга, хэлтсийнхээ 2 байцаагчтай бид очсон. Биднийг очиход уурхай нь ажиллаж байсан гэхдээ тухайн мөчид техникүүдээ ажиллуулаагүй харагдсан. Тус уурхай дээр шалгалт явуулаад 1 эксковатор, усан бууны мотор, цементийг холбож лац тавьсан. Тэгчихээд ажиллахгүй гэдгийг тухайн уурхай дээр байсан ажилчдад хэлчихээд Ц-д лацаа хүлээлгэж өгчихөөд явсан. Ж.Ц-эд ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Тус газарт хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй...Ж.Ц-ийн хувьд ___ гэх газар эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт хийх талаар сум орон нутагтай ярилцсан хэлэлцсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-48 дугаар хуудас/  

Гэрч Т.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би уурхай дээр 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цагийн үед ирсэн. Эксковаторыг өчигдөр өглөө буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээж аваад ажиллуулах гээд байж байхад шалгалтын хүмүүс ирж зогсоосон. Намайг уурхай дээр ирэхэд усан буу нь ажиллаж байсан. Эксковаторын жолооч ар гэрийн гачигдлаар гэр рүүгээ явсан гэсэн. Уурхай тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ж.Ц- гэдэг хүнд 2016 оны 09 дүгээр сард ___ улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг 40 орчим сая төгрөгөөр зарсан. Одоо хүртэл нэрээ шилжүүлж аваагүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. ___ улсын дугаартай автомашин одоо надад хамаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/

Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ машиныг анх Хятад улсаас орж ирэхэд нь би урдаас очиж авч ирсэн юм. Тэгээд тухайн үед бичиг баримтыг нь авахдаа Ж.Ц- намайг бичиг баримттайгаа явж байгаа бол чи  өөрийнхөө бичиг баримтаар бичиг баримтыг нь авчих гэж хэлээд тухайн үед бичиг баримтыг нь миний нэр дээр авсан. Бичиг баримт нь миний нэр дээр байгаа болохоос биш Ж.Ц-ийн өөрийнх нь эзэмшлийн автомашин мөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/

Ашигт малтмал газрын тосны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5803 дугаартай: “...Хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна...” гэсэн албан бичиг, /1 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/

Шинжээчийн  2019 оны 01  дүгээр сарын  21-ний өдрийн №01/21-01 дугаартай:  “...___ улсын дугаартай Роbех 520с маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаар ___ МУ-д 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орж ирсэн 240.000.000 төгрөг, ___ улсын дугаартай Нордбенз маркийн 2010 онд үйлдвэрлэж 2014 онд Монгол улсад орж ирсэн өөрөө буулгагч 42.000.000 төгрөг, ___ улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 38.000.000 төгрөг, ___ улсын дугаартай Bieben маркийн 2012 онд үйлдвэрлэсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн өөрөө буулгагч автомашин 43.600.000 төгрөг, ___ улсын дугаартай өөрөө буулгагч автомашин 43.600.000 төгрөг, Алтны баяжмалын шороог угаадаг байсан гэх усан буу 4.000.000 төгрөг, ___ улсын дугаартай 2014 оны үйлдвэрлэсэн МУ-д 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн шанагатай ачигч /ковш/ 40.000.000 төгрөг, Цахилгаан дизель үүсгүүр /15квт/ 3.500.000 төгрөг гэж тооцоолов  гэсэн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас/

___ ХХК-ий 2018/02 дугаартай: “...Ц-ийн хууль бусаар алт олборлолт явуулсан талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцож үзэхэд 1.37 га талбайд 15.385.883 төгрөгийн хохирол учирсан байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын дүн 1040.07 мян.төг, биологийн нөхөн сэргээлтийн зардал нийт 3140.836 мян.төг болно. Хаалтын дараахь мониторингийн зардал нь 418.09 мян.төг, нийт нөхөн сэргээлтийн зардал 4598.99 мян.төг болж байна...гэсэн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 109-159 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх 16-17, 18-20 дугаар хуудас/,

Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1 дүгээр хх 248 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техникүүдийг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 26-42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 185 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Ц- нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “___” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /1хх-ийн 45-48/, гэрч Т.Ө-ын /хх-ийн 62/, Д.Ц-ы /хх-ийн 78-79/, Б.Э-ын /хх-ийн 75/, Л.Б-ийн /хх-ийн 100/ мэдүүлгүүд, Ашигт малтмал газрын тосны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5803 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 194/, Шинжээчийн  2019 оны 01  дүгээр сарын  21-ний өдрийн №01/21-01 дугаартай дүгнэлт, ___ ХХК-ий 2018/02 дугаартай “...хууль бусаар алт олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээх зардал тооцох ажлын тайлан” /1 дүгээр хх-ийн 109-159/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20/, эклоги эдийн засгийн хохирол нөхөн сэргээлтийн зардлыг төлсөн талаар баримт /2 дугаар хх 57/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техникүүдийг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 26-42 дугаар хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ц-ийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.       

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Ц-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж яллах дүгнэлтэд буруу бичигдсэнийг залруулж, шүүгдэгч Ж.Ц-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлтээ зөвтгөж байна” гэж тайлбарласан болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ж.Ц-ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч Ж.Ц-эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.Ц-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Ц-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Ц- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын эрэл хайгуул хийх журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

 Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг; 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; гэж тус тус заасан байх тул ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн эрэл хайгуул хийж байсан ”алт” хамаарч байгаа юм. Иймд шүүгдэгчийг газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглан эрэл хайгуул явуулсан гэж шүүх дүгнэж байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхэд хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч, өөрөө ухагч эксковатор зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй ба эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, ашиг олох зорилгоор ашиглагддаг гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Ц- нь ___ улсын дугаартай Роbех 520с маркийн 240.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, ___ улсын дугаартай Нордбенз маркийн өөрөө буулгагч 42.000.000 төгрөг, ___ улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 38.000.000 төгрөг, ___ улсын дугаартай Bieben маркийн өөрөө буулгагч 43.600.000 төгрөг, ___ улсын дугаартай өөрөө буулгагч 43.600.000 төгрөг, алтны баяжмалын шороог угаадаг байсан гэх усан буу 4.000.000 төгрөг, ___ улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 40.000.000 төгрөг, цахилгаан дизель үүсгүүр /15квт/ 3.500.000 төгрөг нийт 454.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий техник гэмт үйлдэлдээ ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Ж.Ц-ийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг бүрэн нотолоогүй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, тухайн техник хэрэгслийг ашигласан эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. Илүү төлөгдсөн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь хангалттай нотлогдсон. 8 ширхэг техник хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гарсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагч Ж.Ц- болон яллагдагчийн өмгөөлөгч Н.Болд нарт хуульд зааснаар танилцуулж, танилцуулсан талаар тэмдэглэл үйлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа яллагдагчийг эрхээр нь хангаж байсан байна.  Иймд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас 7 ширхэг хохирлын баримт нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүхээс 7 ширхэг нотлох баримтыг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй тул хохирол илүү төлөгдсөн гэж үзэх боломжгүй юм.   

Шүүгдэгч Ж.Ц- нь экологи эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 19.984.870 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 100100355401 тоот дансанд төлсөн болох нь Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

шүүгдэгч Ж.Ц-ийн цагдан хоригдсон 9 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 135.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ц-эд оногдуулсан 8.500.000 төгрөгийн торгох ялаас хасч 8.365.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

шүүгдэгч Ж.Ц-эд шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаандаа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

шүүгдэгч Ж.Ц- нь 9 хоног цагдан хоригдсон, бусдад хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Ж.Ц-ийн эзэмшлийн 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн портер машиныг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

шүүгдэгч Ж.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө- овгийн Ж-ийн Ц-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ө- овгийн Ж-ийн Ц-ийг 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ийн цагдан хоригдсон 9 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 135.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ц-эд оногдуулсан 8.500.000 төгрөгийн торгох ялаас хасч 8.365.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-эд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Ц- нь 9 хоног цагдан хоригдсон, бусдад хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ийн эзэмшлийн 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн портер машиныг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ээс 454.700.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН