| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/0056/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/64 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/64
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Шүүгдэгч: Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч Б- овогт Б-ын Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000660054 дугаартай, 146/2020/0056/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн ___ тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б- овогт Б-ын Г- /РД:___/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б- овогт Б-ын Г- /РД:___/ нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон “Шинэс” мод хууль бусаар бэлтгэж, 2 метрийн урт 185 ширхэг болгон, өөрийн эзэмшлийн улаан шар өнгийн Чансаа маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон “Шинэс” мод хууль бусаар бэлтгэж, 2 метрийн урт 185 ширхэг болгон, өөрийн эзэмшлийн улаан шар өнгийн Чансаа маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Б.Г-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдөр “___” гэх газраас унь хийх зорилгоор унанги мод түүсэн. Түүсэн модоо 2 метрийн урттай тайраад 4 ханатын 185 ширхэг унины бэлдэц хийсэн. 185 ширхэг унины бэлдэцээ өөрийн мотоциклиороо 3-4 удаа зөөж сумын төв рүү авч явж грашдаа оруулсан. Модоо засаж янзалж байтал байгаль орчны байцаагч Б.Я- ирээд модыг шалгаж хууль бусаар мод бэлтгэсэн гэж хураагаад авч явсан гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Б.Г- гэж хүн надаас 2020 онд хэрэглээний мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Б.Г- нь байгаль орчинд учруулсан хохирол болох Б.Я-ын гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Г-ын мод бэлтгэсэн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт орохгүй. Орчны бүсэд хамаардаг газар юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Манай нөхөр Б.Г- нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 5 дугаар багийн нутгаас гэрийн модны бэлдэц олж ирнэ гээд явсан. Тэгээд тэр өдрөө 3-4 удаа яваад гэрийн модны унины бэлдэц авчираад граш дотроо хураасан. Бат-Өлзий сумын 5 дугаар баг “___” орлоо гээд явдаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Д.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр экологийн байцаагчийн хамт эргүүл хяналт шалгалт хийж байх хугацаанд тус сумын 3 дугаар багт байх иргэн Б.Г-ын гэрт очиход гэрийн моднууд байсны дунд цуулбар унины цуудасууд байсан ямар нэг бичиг баримт байх үндэс байхгүй тул шалгахад холбогдох бичиг баримт байхгүй байсныг хураан авсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/,
Сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай дүгнэлтэнд: Энэ мод нь нойтон “Шинэс” модны төрөлд багтах бөгөөд нотйон шинэс модыг цуулж гэрийн хана хийдэг. Экологи эдийн засгийн үнэлгээ 496,088 төгрөг болж байна...”гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модоо тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Г- нь нойтон “Шинэс” мод хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн улаан шар өнгийн Чансаа маркийн мотоциклиор гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 496,088 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул шүүгдэгчид 1,488,264 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Г- нь хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улаан шар өнгийн Чансаа маркийн мотоциклийг Вендо ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох хуулийн зохицуулалттай тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өөрийнх нь эзэмшлийн 450,000 төгрөгийн үнэлгээтэй, улаан шар өнгийн Чансаа маркийн мотоциклийг хурааж, худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цахилгаан хөрөө, 20,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг модон иштэй сүх, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2 метр урттай 185 ширхэг гэрийн унины цуудсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Г-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн модоо тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б- овогт Б-ын Г-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 50,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цахилгаан хөрөө, 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, 185000 төгрөгийн үнэлгээтэй 185 ширхэг гэрийн унины цуудсыг хурааж үнийг нь улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 450,000 төгрөгийн үнэлгээтэй Чансаа маркийн мотоциклийг шүүгдэгчээс хурааж худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА