Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/65

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч Б- овогт Н-н Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000610055 дугаартай, 146/2020/0057/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б- овогт Н-н Э- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б- овогт Н-н Э- /РД:___/ нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр “Хуш” мод бэлтгэж, 2 метр 40 см урттай 43 ширхэг болгон өөрийн найз Ө.М-ын эзэмшлийн ___ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр “Хуш” мод бэлтгэж, 2 метр 40 см урттай 43 ширхэг болгон ___ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Э-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн найз Ө.М-тай хамт ойд бэлтгэсэн модоо найзынхаа машинтай очиж авсан. Сумын төв рүү орох замд цагдаа таарч шалгалт хийж, мод тээвэрлэх эрхийн бичиг баримтаа шалгуулна уу гэсэн. Тухайн үед надад зохих зөвшөөрөл байхгүй байсан учир ачиж явсан модыг хурааж тээврийн хэрэгслийг саатуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Н.Э- нь миний хариуцсан талбайгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. Тус газар нь орчны бүс бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Н.Э- нь мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо төлөөд барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58 дугаар хуудас/,

Гэрч Н.Загарзүсэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 04 дүгээр сарын эхээр Бат-Өлзий сумын Баян гэх газрын аманд алба хаагчидтай хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цагийн үед ___ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин өнгөрсөн. Тухайн машиныг араас нь очоод шалгахад дотор нь Ө.М-, Н.Э- нар байсан. Ө.М- машиныг барьсан байсан. Машины ачааг шалгахад ачаан дээр 2 метр урттай хуурай хуш моднууд байсан. Модныхоо бичиг баримтыг шалгуулна уу гэхэд Ө.М- нь хэлэхдээ манай найз Н.Э- мэдэж байгаа. Би Н.Э-г мод татаад өгөөч гэхээр нь туслаад явж байна гэж хэлсэн. Тухайн хоёр хүний тээвэрлэж явсан мод зөвшөөрөлгүй байсан учир саатуулсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Н.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед манай гэрт ирээд би чамд 20,000 төгрөгөнд түлш хийж өгье надад мод татаад өгөөч гэж хэлсэн. Бид хоёр хамт явж Урд агуйтын давааны өвөрт бэлдээд тавьчихсан байсан модыг ачаад ирсэн. Намайг мод ачих гээд очиход харанхуй болсон байсан. Бэлдээд тавьсан моднуудыг харахад 2 метрийн урттай, нарийнхан хуш моднууд байсан. Би Н.Э-гээс ямар учиртай мод юм гэж асуугаагүй. Би модыг тоолоогүй. Н.Э- надад хэлэхдээ 43 ширхэг мод ачсан гэж хэлсэн. Би цагдаагийн хэсэг дээр ирээд тухайн модыг зөвшөөрөлгүй мод гэж мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би Н.Э-тэй гэр бүл болоод 12 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Бид хоёр эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Манай нөхөр зан байдлын хувьд төлөв даруу хүнтэй муудалцаад байдаггүй тийм л хүн. 2020 оны 04 дүгээр сарын эхээр манай нөхөр мотоциклио унаад цахилгаан хөрөөгөө аваад гараад явсан. Орой гэртээ ирээд Урд агуйт ороод газрын унанга мод бэлдчихээд ирлээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь бэлтгэсэн модоо аваад ирье гээд гараад явсан. Би хэнтэй явсныг нь мэдэхгүй. Цагдаад баригдсаны дараа Ө.М-тай хамт явсныг нь мэдсэн. Манай хүүхэд бие муутай. Тухайн үед бага хүүхэддээ сүүний мөнгө олохоор л явсан байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Сум дундын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай дүгнэлтэнд: Н.Э-гийн бэлтгэсэн 43 ширхэг мод нь бүх төрлийн хэрэглээний хуурай модны төрөлд орно. Хуурай нарийхан ойн түймэр болон салхи шуурганд унаж хатсан хуш модыг 2,40 метрийн урттай тайрч гэрийн багананы иш хийдэг. Экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж байна...”гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Н.Э-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модоо тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                             Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Н.Э- нь “Хуш” мод хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 303579 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул шүүгдэгчид 910737 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан нөхөн төлбөр 910737 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж байгаль орчны санд оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Н.Э- нь гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Ө.М-ын эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай, Портер маркийн автомашиныг Лэндс ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ө.М-ын эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ___ улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Учир нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдвол уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хуулийн зохицуулалттай.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цахилгаан хөрөө, 172,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2,40 мерийн урттай 43 ширхэг хуурай хуш модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулах,  Ө.М-ын эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ___ улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал,  хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт Н-н Э-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Н-н Э-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Н.Э-гээс нөхөн төлбөр 910737 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль орчны санд оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Ө.М-ын эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ___ улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 25,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цахилгаан хөрөө, 172,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2,40 мерийн урттай 43 ширхэг хуурай хуш модыг хурааж үнийг нь улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй ___ улсын дугаартай Портер маркийн ачааны автомшины үнийг буюу 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол төлүүлж илүүг нь  улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА