Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 239

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Хохирогч А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:  

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 2021002840255 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..... оны 05 дугаар сарын 05-ны өдөр................. суманд төрсөн, .....  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн.............. сумын 4 дүгээр баг “М” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э /РД: ..................../.

Шүүгдэгч Э  нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг “М” гэх газарт байх гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А-тай маргалдан ноцолдож улмаар түүнийг хүчээр дарж унагааж А-н эрүүл мэндэд баруун хөлийн шилбэ, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э-н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд хэлсэн зүйл дээр нэмж хэлэх зүйлгүй. Хохирогчид 1,500,000 төгрөг өгөх гэсэн боловч авахгүй байна” гэв.

Хохирогч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд хэлээд байх зүйлгүй. Хамт архи ууж байгаад нэг мэдэхэд хөлөө хугалсан байсан. Би хагалгаанд орж эмчилгээнд ойролцоогоор 1 сая төгрөг зарцуулсан. Надад баримт бол байхгүй. Гэхдээ Э-гээс  би 2,500,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд хадлан хадаж байсан газраасаа зүүн хойш Э гэх айлд очиход Э нь Б, О гэх 2 хүнтэй архи ууж байсан ба Б, О хоёр хэсэг сууж байгаад гэрээс гараад явсан. Ингээд Э бид хоёр мотоциклтой 4 дүгээр багийн “..............“ гэх газарт байх Х-с 1 шил архи аваад хөдөө хувааж уугаад тэндээсээ Ц гэх айлд очиж дахин 1 шил архи хувааж уусан. Харин Ц архи уугаагүй. Тухайн үед би сандал дээр сууж байтал Э над руу “Чи надад 50 боодол өвс өгөх ёстой” гэхээр нь би “Яахаараа өгдөг юм” гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл Э над руу уурлаж босч ирээд хоёулаа гэрээс гарч учраа олно гээд намайг сандал дээрээс татахаар нь би гэрээс гарахгүй гэтэл надтай ноцолдож эхэлсэн. Тэгээд намайг арагш дарж унагахад миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан. ...Надаас эмчилгээний зардал гэж нийт 1 сая төгрөг гарсан. Эмчилгээний зардлын баримт гэх зүйл алга. Би тэрнээс 1,500,000 төгрөг авахгүй, нэг мөсөн 2,500,000 төгрөг авна...” гэжээ. /хх-ийн 10-13/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны .....дугаар сарын .....-ны өдрийн ...... тоот дүгнэлтэд:                                                                       

1. А-н биед баруун хөлийн шилбэ, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 22-23/

Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хөдөө гэртээ О, Б нартай архи уугаад сууж байтал А манай гэрт ирсэн. Архи пиво дуусаад О, Б нар явсан. Харин А бид хоёр төмөр замын ...... дугаар өртөө рүү очиж тэндээс 1 шил архи аваад хөдөө хувааж уугаад дуусахаар нь урагшаа “М” гэх газарт байх жоншны гэр рүү очиход гэрт Ц гэх залуу байсан бөгөөд бид хоёрт нэг шил Хараа архи гаргаж өгөхөөр нь А бид хоёр хувааж уусан. Тэр үед А надад өгөх ёстой байсан 50 боодол өвсөн дээрээс болж маргалдаж байхад Ц хониндоо явлаа гээд яваад өгсөн. Харин А бид хоёр маргалдаж байгаад би түүнд хандаж хоёулаа гэрээс гарч ярилцъя гээд сандал дээр сууж байхад нь хувцаснаас нь татсан чинь урдаас эсэргүүцээд гэрээс гарахгүй байхаар нь бид хоёр ноцолдож би гэрээс чирч гаргах гэж байхдаа А дараад уначихсан. Тэгэхэд түүний баруун хөлийн шилбэ хугарсан. Удалгүй Ц гаднаас орж ирээд А машиндаа суулгаад сумын эмнэлэг явсан...” гэжээ. /хх-ийн 28-30/

Гэрч О-н мэдүүлэг /хх-ийн 16-17/

................ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31-32/

Э-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

Э-н 2019 оны мал тооллогын баримт /хх-ийн 35-36/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э-д  нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн …..... сумын ...... дүгээр баг “М” гэх газарт байх гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А маргалдан ноцолдож улмаар түүнийг хүчээр дарж унагаасны улмаас түүний биед баруун хөлийн шилбэ, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...А  бид хоёр ноцолдож би түүнийг гэрээс чирч гаргах гэж байхдаа дараад уначихсан. Тэгэхэд түүний баруун хөлийн шилбэ хугарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийн давхар нотолсон хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Э над руу уурлаж босч ирээд хоёулаа гэрээс гарч учраа олно гээд намайг сандал дээрээс татахаар нь би гэрээс гарахгүй гэтэл надтай ноцолдож эхэлсэн. Тэгээд намайг арагш дарж унагахад миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны …. дугаар сарын …. -ны өдрийн .......... тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Э-н үйлдлийн улмаас хохирогч А-н  биед баруун хөлийн шилбэ, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ... дугаар сарын ... -ны өдрийн ....  тоот “А-н биед баруун хөлийн шилбэ, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Э-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Э-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч А нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан ”...Надаас эмчилгээний зардал гэж нийт 1 сая төгрөг гарсан. Эмчилгээний зардлын баримт байхгүй. Гэвч би Э-н 1,500,000 төгрөг авахгүй, нэг мөсөн 2,500,000 төгрөг авна...” гэсэн иргэний нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байгаагаа илэрхийлж шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,500,000 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ түүний үндэслэл, нэхэмжилж буй хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан үзэх бөгөөд хохирогч А нь хохирлын талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилж буй 2,500,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилж буй 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЗИ ...........регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА