Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2016/01556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Боржигон овогт Э.А /РД:.............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Э.Н” ХХК /РД:............../-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс 5.512.500 төгрөг тус тус  гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, өмгөөлөгч С.Даваасүрэн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Э.А би 2014 оны 12 сарын 08-ны өдөр “Э.Н” ХХК-д механикаар тухайн үедээ захиралтай нь ярилцаад ажилд орсон.  Анх намайг ажилд ороход санамж бичиг өгч танилцуулж, сарын үндсэн цалин 2.000.000 төгрөг,  хагас, бүтэн сайн өдөр буюу амралтын өдөр дуудахад ирж ажиллана, илүү цагийн хөлс 2 сая төгрөгт багтана гэсэн тул илүү цагаар ажиллуулсны хөлсийг хүлээн зөвшөөрөөгүй учир Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй. Тухайн үед гэрээг дахин шинэчлээд эргэж хэлье гэж байсан.

2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд дөрвөн 7 хоногийн 1 хагас сайн өдөр нь  амраад, гурван 7 хоногийн хагас сайн өдрүүдэд нь ажилласан байдаг. Миний эрхэлж байсан механикийн ажил нь орж ирсэн машиныг гардан засах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээнд механик нэг бүрчлэн ийм ажил хийнэ гэж нарийн зүйл тусгаагүй байсан. Санамж бичигт сарын ажлын хөлсийг 2 сая төгрөг байна гэсэн байсан.

Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.

2016 оны 4 сарын 13-ны өдөр  хүртэл ажилласан. 2016 оны 3 сард галын агуулахад байгаа машиныг шалга гээд явуулсан. Тухайн машинаа шалгаж дуусаад шалгасан баримтаа шил арчигч дээр нь үлдээсэн. Гэтэл 7 хоногийн дараа баримтыг нь гадна талд нь хийсэн байна,  дотор талд нь хийх ёстой байсан гэж сануулга өгсөн, сануулгыг англи хэл дээр бичгээр өгсөн. Уг машиныг засах үүрэгтэй гэж  гэрээнд зааснаас өөрөөр нарийн зүйл  тусгаагүй.

Хоёр дахь удаагийн сануулга нь 2016 оны 4 сарын 13-ны өдөр дахин нэг машины катушк засах гээд тухайн түлхүүр нь байхгүй байсан тул түлхүүр хийлгэх шаардлагатай байсан тул түлхүүр хийлгэхээр яваад 3 цаг болсон машинаа янзалж дуусаагүй байхад үйлчлүүлэгч гадагшаа явлаа гээд машинаа аваад явсан тул машин засаж чадаагүй гэдэг үндэслэлээр сануулга өгөөд, тухайн өдрөө англи хэл дээр ажлаас халсан тушаал өгсөн. Халагдсан тушаалаа Монгол дээр авъя гэхэд өгөөгүй. 2016 оны 4 сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгч хариуцагч талд мэдэгдсэнээр Монгол хэл дээр тушаалаа авсан. Надад нийт 3 тушаал англи хэл дээр гарган өгсөн байдаг. Би техникийн англи хэлтэй, мэргэжлийн англи хэл  мэдэхгүй.

“Э.Н” ХХК нь  үнэтэй засварын газар юм. Ажиллаж байх хугацаанд намайг хууль бус юм их хий гэж шахдаг байсан. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байхаар халсан гэсэн таамаг надад байгаад байдаг,  нотлох шаардлагатай гэвэл үүнийг нотлох үйлчлүүлэгч нар байгаа. Үйлчлүүлэгчээ хохироосон асуудал их гаргадаг байсан.

Дээрх үндэслэлүүдээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул нэхэмжлэл гаргасан юм.

Сануулга нь Монгол хэл дээр одоо уншуулаад байна. Тухайн үед надад Англи хэл дээр уншуулж байсан. Орчуулга нь үйл явдлыг урвуулсан маягтай, бодитой биш байна гэж үзэж байна. Жишээ нь: Салхины шил дээр сануулга өгсөний тухайд дараа маргасан байхад энд тухайн үедээ маргасан гэсэн утгатай байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед талууд хоорондоо тохиролцоод гарын үсэг зурсан баримт нь үндсэн цалин 2 сая төгрөг, ийм ажил үүрэг гүйцэтгэх юм байна гэдгээ хүнээр орчуулуулаад ажиллаж эхэлсэн байдаг. Даваа-Баасан гариг ийм цагийн хуваариар ажиллана, Бямба гаригт ийм цагийн хуваариар ажиллана гэсэн байсан. Бямба гаригт яагаад ажиллаж байгааг асуухад ажиллах ёстой гэсэн байдаг. Тийм бол ажилласан цагийн цалин яах ёстой талаар асуухад Хөдөлмөрийн гэрээнд илүү цагийн ажилласан цалин нь 2 саядаа орно гэхэд нь зөвшөөрөөгүйн улмаас гарын үсэг зураагүй байдаг.

Ажиллаж байх хугацаандаа амралтын өдөр тогтмол ажилласан бөгөөд үүнээс улбаалаад илүү цагийн маргаан гарч ирж байна. Ажил олгогчийн зүгээс илүү цагийн цалин яагаад олгоогүй юм бэ гэхэд, үндсэн цалиндаа орсон гэж хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч маань Хөдөлмөрийн гэрээтэй танилцаж байгаад цалин олгох хэсэг буюу илүү цагийн цалин олгох хүртэл танилцсан байдаг. Ажил олгогч илүү цагийн цалингаа тохиролцоод эргээд шинэчилсэн гэрээ өгөх тухай хэлсэн боловч өнөөдрийг хүртэл тийм зүйл болоогүй байна.

Э.А нь ажилласан хугацааны цалин гаргуулахаар мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгсөн. Ажил олгогч урт хугацааны мөнгө олгохгүй гээд 2015 оны 6 сар хүртэлх хугацааны цалинг гарган өгөх боломжтой нэгэнт шүүхээр явах гэж байгаа бол шүүхээрээ яваад аваарай гээд үлдсэн цалинг олгоогүй. Илүү цагаар ажиллуулсан гэдгээ хариуцагч тал маань шүүхэд өгсөн хариу тайлбар болоод нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбараараа хүлээж зөвшөөрсөн байгаа. 

Анх хөдөлмөрийн гэрээ байгуулахаас эхлэн зөрчилтэй, тохиролцсон баримт нь санамж бичиг юм. Тэр санамж бичиг дээрээ юу хийх талаараа ойлголцсон, Хөдөлмөрийн гэрээний хувьд талууд баталгаажуулаагүй. Цалинд бямба гаригийн цалин орсон гэсэн тул нэхэмжлэгч  хүлээн зөвшөрөөгүйн улмаас гарын үсгээ зураагүй юм. 2015 оны 01 дүгээр сарын зөрчил гаргаад дараа нь 2016 оны 4 сарын зөрчил гаргасан гэж үздэг. Гэтэл хөлөмөрийн хуульд зөрчил гаргаснаас хойш 1 сарын дараа дахин зөрчил гаргаагүй бол зөрчилгүйд тооцно гэсэн байна. Тэгэхээр 2015 оны зөрчил хүчингүй болж байгаа.

Тухайн үед ажил олгогчоос юу хийх ёстой талаар тодорхой заавар зөвлөгөө өгөөгүй байж үүрэг даалгавар өгсөн байхад биелүүлээгүй гэж арга хэмжээ авсан. 3 дахь зөрчил нь машин засах гээд 12 цагт ирээд тухайн засвар хийх түлхүүр байгаагүй тул ажилтан өөрөө хийлгэж ирээд машины засвар хийх гэхэд цаг хугацаанд нь засвар хийсэнгүй гэж арга хэмжээ авсан. Мөн зөрчил гаргасан тухай сануулга өгөхдөө англи хэл дээр үйлдээд өгсөн нь хууль зөрчиж байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, компанийн баримт бичиг нь Монгол хэл дээр явагдах ёстой ялангуяа ажилтнууддаа Монгол хэлээр баримт өгөх ёстой байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай том, соёлтой компани гээд байгаа боловч ажилтандаа хууль бус зүйл хийхийг даалган шаардаж байгаа нь үйлчлүүлэгчдийг ноцтойгоор хохироож буй явдал юм. Үүнийг нь хэлсний төлөө сануулах хуудас өгөн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.

Халагдах тушаалыг Монгол хэл дээр гаргаж өгөх үүрэгтэй атал мэргэжлийн хяналтын байгууллагад хандан байж авсан нь мэргэжлийн хяналтын актаар нотлогдож байгаа. Ажил олгогч нь нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдлийн дагуу олгогдож буй мөнгийг сайн дураараа олгосон гээд байна.

Гэтэл энэ нь тийм биш юм. Нийгмийн даатгалын дэвтэр дээр энэ мөнгөн дүн байгаа болохоор ажлын хөлс гэж ойлгож болно. Сахилгын арга хэмжээнүүдийг хөдөлмөрийн гэрээнд үндэслэх ёстой байтал тийм зүйл алга тэгэхээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр халсан.

 Хөдөлмөрийн гэрээг орчуулаад, орчуулснаа нотариатаар батлуулчихаад хүчин төгөлдөр гээд байна, уг нь нотариат 2 талыг байлцуулан байж баталснаар хүчин төгөлдөр болох ёстой  гэтэл тийм зүйл алга.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Монгол Улсын хууль зөрчиж байна гэж үзээд ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтрээ нөхөн бичүүлэх зэрэг шаардлагатайгаар нэхэмжилж байна.

Илүү цагаа 134 хоног ажилласан гэж үзэж,  5.512.500 төгрөгийн  цалин, нийт  22,270,536 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Алтантулгыг “Э.Н” ХХК нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэж ажлаас халсан. Нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажиллаж байхдаа 2015 оны 01 сарын 19-ны өдөр ажилд орсон.

 Нэхэмжлэгч Э.А нь сахилгын зөрчил удаа дараа гарган 3 сануулах хуудас авсан, удирдлагын тавьсан шаардлага хүлээн авдаггүй, байгууллагын өмчид хайр гамгүй ханддаг тул ажил олгогч сануулга хуудас өгөн мөн өөрөө сануулах хуудас дээр гарын үсэг зурсан байгаа. 3 удаа сануулга авсан тухайд Хөдөлмөрийн  гэрээгээ үндэслээд, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн.

Манай байгууллага нь үнэтэй машин засдаг, үүнд зөрчил гаргах нь өндөр эрсдэлтэй юм. Манай зүгээс Алтантулгад Хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн. Компанийн бичиг баримт нь  Англи хэл дээр явагдаад  Монгол хэл дээр орчуулагдан гардаг бөгөөд нэхэмжлэгч маань тодорхой хэмжээний Англи хэлний мэдлэгтэй тул 1 жил хагас ажилласан. Тушаалыг 2016 оны 4 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч маань ажлаа орхин явсан тул тэр дор нь тушаалыг өгөх боломжгүй байсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тул тушаалыг Монгол хэл дээр өгөх ёстой гэдгээ байгууллага мэдэж байсан.

Тушаалыг 4 сарын 13 биш 18-ны өдрөөр гаргасан. Энэ орчуулсан материал нь нэхэмжлэгчийн талаас гарган өгсөн материал байна. Эхний удаагийн тушаал гээд байгааг манайх тушаал биш мэдэгдэл гэж үздэг. Тиймээс дугааргүй гаргасан байгаа. Тухайн тушаал гээд байгаа мэдэгдэх хуудсаа компаниийн зүгээс хүчингүй болгож 0012013 дугаартай тушаал гаргасан. 2 дахь тушаал нь хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тушаал юм. Эхний тушаал нь дугааргүй тушаал, 2 дахь нь хүчингүй болгосон тушаал, 3 дахь нь 0012013 дугаартай тушаал гаргасан. Яагаад 29-ний өдөр Э.Ад тушаал олгосон бэ гэхээр нэхэмжлэгч маань Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаад явсан байсан тул өгөөгүй байсан байдаг. Нэхэмжлэгч Э.Алтантулгын өөрийн зан байдал харьцаагаа ухамсарлахгүй байгууллагыг буруутган нэхэмжлэл, шаардлага гаргаж байгаа нь шударга бус байна.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийг манай байгууллагад ажилд орохдоо анх ажиллах хүний нөөц нөхөн олгох компаниар дамжуулж ажилд орсон. Тухайн үеийн ажилд зуучлах компанид өгсөн мэдээлэл дээр нь үндэслээд манай компани ажилд авч санамж бичгийг тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харахад удаан мэргэжлээрээ ажилласан тул ажилд авах үндэслэл болсон бөгөөд тодорхой хэмжээний Англи хэлтэй тул тухайн үедээ захиралтай тохиролцоод ажилд орсон. Тухайн үед Хөдөлмөрийн гэрээг өөрт нь тулгаж ажилд аваагүй, өөрөө энэ нөхцлөө хүлээн зөвшөөрч ажиллаж эхэлсэн.

 Байгууллагын зүгээс амралтын цагаар тийм ч их ажиллуулж байгаагүй, цаг бүртгэдэг системтэй учир түүнээс дэлгэрэнгүй харж болох юм . Талуудын дунд илүү цагийн ажлын хөлс хэзээ ч яригдаж байгаагүй. Компани нь бүх ажилласан цаг болоод амралтын өдрийн ажилласан цагийг ч гэсэн бүртгэдэг тул үүнээс харж болно. Нэхэмжлэгч Э.А нь урамшуулал авч байгаагүй гэж байна. Гэтэл манай компани зүгээс урамшуулал олгож байсан. Харин нэхэмжлэгч илүү цаг ажилласан гэдгээ нотлохгүй байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь зөрчил болоод сануулгын агуулгаа холиод байна. Алтантулга нь удирдлагын шаардлага биелүүлээгүй  бөгөөд сануулан хэлэхэд  эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг олгохдоо хүчээр өгөөгүй, өөрөө ирж аваагүй. Мэргэжлийн хяналтын газарт хандсаны улмаас бид илүү цагийн цалин олгосон юм биш. Хуурамч зүйл байхгүй , цалингийн хүснэгт таарч байна. Манайх нэхэмжлэгчийг үндэслэлгүйгэр халаагүй, дотроо ажилчдад тааламжгүй харилцаа үүсгээд байсан тул халагдах үндэслэл болсон. Анх  хүсэмжилж байгаа цалин 2 сая төгрөг гэсний үндсэн дээр манай компани хүлээн авч ажил олгосон юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлага болоод нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс 5.512.500 төгрөг тус тус  гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч  Э.Алтантулгыг сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлаас халсан 2016 оны 4 сарын 18-ны 002/2016 тоот тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

“Э.Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын  2016 оны 4 сарын 18-ны 002/2016 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Компаний дүрмийн 13 дугаар зүйлд заасныг  үндэслэн Э.Алтантулгыг 2016 оны 4 сарын 18-ны өдрөөс механикийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч Э.Алтантулгыг “Э.Н” ХХК-д механикаар ажиллуулахдаа  Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тушаал гаргаагүй боловч ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу 2014 оны 12 сарын 08-ны өдрөөс  ажил үүрэг гүйцэтгүүлсэн,  ажилтан Хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар тохиролцсон гэж ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн энэ үеэс талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байгаа бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.” гэж зааснаас  үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй, ажилтны буруугаас болж хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажилтан хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлсэн нөхцөлд ажил олгогч нь Э.Алтантулгыг ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй тул энэ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүй юм.

 “Э.Н” ХХК –ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 002/2016 тушаалаар Э.Атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөрсөн, хууль зүйн үндэслэлгүй, хэлбэрийн хувьд ч хуульд нийцээгүй байна.

Иймд Э.Алтантулгыг “Э.Н” ХХК-ийн механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Алтантулгын ажилгүй байсан хугацааны  дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  “2005 оны 5 сарын 05-ны өдрийн 55 дугаар  тушаалаар /дундаж цалин хөлс тодорхойлох/ батлагдсан журмыг үндэслэн Э.Алтантулгын сарын цалинг 2.088.101,6 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 2016 оны 4 сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл нийт 7 сар, 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /2.088.101,6х7 сар=14.616.711,2 төгрөг, 2.088.101,6:21,5=97.121х18 хоног=1.748.178 төгрөг, нийт 16.364.889,2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.”, 53.2.-т “Энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.” гэж заасан, талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ хуульд зааснаар нэмэгдүүлсэн хөлс олгох талаар талууд хамтын гэрээ болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй байх ба, илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс 5.512.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн энэ шаардлагаа нэхэмжлэгч бичгийн нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119., 120.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т заасныг үндэслэн Э.Алтантулгыг “Э.Н” ХХК-ийн механикийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.11.-д зааснаар “Э.Н” ХХК-иас 16.364.889,2 төгрөгийг гаргуулж Э.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.512.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.        

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Э.Н” ХХК нь Э.Алтантулгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг дурдсугай.

             4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийгн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 сарын 01-ний өдөр төлсөн 103.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э.Н” ХХК-иас 239.774 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР