Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавалын Баатар |
Хэргийн индекс | 181/2016/00422/И |
Дугаар | 181/ШШ2017/00452 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2017/00452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Р” ХХК /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Р.Н” ХХК /РД:...................../-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 123.511.000 төгрөг, алданги 75.197.970 төгрөг, хүүгийн төлбөр 100.156.743 төгрөг, нийт 298.865.713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр, өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 4 сарын 18-ны өдөр '‘Р.Н” ХХК-тай “Бетон зуурмаг нийлүүлэх’' ............ дугаартай гэрээ байгуулж, нийт 493.511.000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг нийлүүлж, зуурмаг шахагч машины үйлчилгээ үзүүлсэн юм.
2014 оны 9 сарын 16-ны өдрийн байдлаар 303.511.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд гэрээний 5.4 заалтын дагуу хоногийн 0.2 хувийн алдангийг 2014 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн тооцож эхэлсэн бөгөөд 2015 оны 02 сарын 18-ны өдөр гэхэд нийт 268.511.000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, алданги нь 75.197.970 төгрөг болсон.
2015 оны 02 сарын 18-ны өдрөөс талуудын тохиролцоогоор алданги тооцохоо зогсоож, хүү төлөх нөхцлөөр ............-1 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх” нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зуйлүүдийн шинжийг агуулсан.
Гэтэл “Р.Н” ХХК нь 2014 оны 4 сарын 18-ны өдөр үйлдсэн “Бетон зуурмаг нийлүүлэх” ............ дугаартай үндсэн гэрээ, 2015 оны 02 сарын 18-ны өдөр үйлдсэн “Бетон зуурмаг нийлүүлэх’" нэмэлт гэрээг удаа дараа зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэг, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг, талуудын хооронд 2014 оны 4 сарын 18-ны өдөр үйлдсэн “Бетон зуурмаг нийлүүлэх” ............ дугаартай үндсэн гэрээ, 2015 оны 02 сарын 18-ны өдөр үйлдсэн “Бетон зуурмаг нийлүүлэх” нэмэлт гэрээний холбогдох зүйл заалтыг тус тус үндэслэн “Р.Н” ХХК-иас Нийлүүлсэн бетон зуурмагийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 123.511.000 төгрөг, ............ дугаартай гэрээний 5.4 дэх заалтын дагуу 2014 оны 10 сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 сарын 17-ны өдрийг дуусталх хугацааны үлдэгдэл төлбөрийн алданги 75.197.970 төгрөг, ............-1 дугаартай нэмэлт гэрээний 2.1 дэх заалтын дагуу 2015 оны 02 сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хүүгийн төлбөр 100.156.743 төгрөг, нийт 298.865.713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2014 оны 4 сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх” №............ тоот гэрээ байгуулагдаж, өнөөдрийн байдлаар гэрээний эцсийн нийт үлдэгдэл төлбөр 123,511,000 төгрөг байгаа ба дээрх үлдэгдэл төлбөрийг хэрхэн барагдуулах талаар талуудын захирлуудын түвшинд хийсэн уулзалтууд болон түүнийг баталгаажуулсан албан бичгүүдээр дараах тохиролцоонуудыг хийсэн болно. Үүнд:
1.1.Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа энэхүү санхүүгийн хямралаас шалтгаалж манай компанийн бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, хөрөнгө, мөнгөний гачигдал буюу бэлэн мөнгөний хомсдол бий болж буй энэ цаг үед ............ тоот гэрээний үлдэгдэл нийт 123.511.000 төгрөгийн санхүүжилтийг улс орны эдийн засгийн байдал болон компанийхаа санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлаж 2015 оны 12 сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тухай саналыг “Р.Н” ХХК-иас 2015 оны 12 сарын 07-ны өдрийн №240 тоот албан бичгээр хүргүүлсэн ба “Р” ХХК-ийн зүгээс дээрх төлбөрийн графикийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2015 оны 12 сарын 09-ний өдрийн №1/280 тоот албан бичгээр баталгаажуулсан болно.
Манай компанийн зүгээс ч дээрх төлбөрийн графикийн дагуу төлбөр төлөлт хийгдэж байгаа болно.
1.2.Мөн “Р” ХХК-д энэхүү хямралын нөхцөл байдал цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх, эдийн засаг хэзээ хэрхэн сайжирч, бизнесийн үйл ажиллагаа тогтворжихыг бид төлөвлөх боломжгүй байгаа энэ цаг үед манай компанийн зүгээс 123.511.000 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийн төлбөрийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр нэг дор шууд шийдвэрлэж өгөх боломжгүй байгаа бөгөөд харин өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан тухайн дүнд нийцүүлэн орон сууц болон барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх бараа материалыг бартерийн нөхцлөөр төлбөрийн гүйцэтгэлийг түргэн шуурхай хийх боломжтой болохыг удаа дараа буюу №240, №89 тоот албан бичгүүдээр мэдэгдсээр ирсэн боловч “Р”ХХК-иас өнөөдрийг хүртэлх хугацаанд тодорхой хариу ирүүлээгүй байна.
2.Нэхэмжлэлийн тухайд: Талуудын хооронд 2014 оны 4 сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх” №............ тоот гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
2.1. Учир нь тус гэрээгээр:
Нийлүүлэгч тал болох “Р”ХХК нь Захиалагч үнийг төлөхөөс өмнө өөрийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийг гэрээний 3.8,4.1-т заасан нөхцлөөр шилжүүлэх, Захиалагч тал болох “Р.Н”ХХК нь бетон зуурмагийн төлбөрийг гэрээний 3.2, 4.7, 6.1, 6.2-т заасан нөхцлөөр тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн болно.
2.2............. тоот Зээлээр худалдах-худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 263.2-т заасан заавал тусгагдах 4 нөхцлийг гэрээнд бичгээр байгуулж, баталгаажуулахыг үүрэг болгосон байдаг. Үүнд:
Бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг талууд бичгээр байгуулсан гэрээнд тохиролцоогүй буюу Иргэний хуулийн 263.2-т заасан шаардлагад агуулгын хувьд нийцүүлээгүй байгаа учир Иргэний хуулийн 263.4-т заасан үндэслэлээр “хүү төлөхгүй, гагцхүү гэрээний үндсэн төлбөр болох 123.511.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.
3.Нэхэмжлэгч тал 2015 оны 02 сарын 18-ны өдөр №............-1 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх нэмэлт гэрээ” байгуулсан гэж үзжээ.
З.1.Дээрх байгуулсан гэрээний агуулга тохиролцооноос үззхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэхээр байгаа хэдий ч, мөн хуулийн 263.2-т заасан шаардлагуудыг ............-1 тоот гэрээнд тусгаагүй байгаа нь Захиалагч гэрээний 2.1-т заасан “2015 оны 02 сарын 18-ны өдрөөс эхлэн тухайн үеийн төлбөрийн үлдэгдэл дүнг хэсэгчлэн төлөх ба тухайн төлбөрийг төлсөн дүнг хассан үлдэгдэл дүнд 1 /нэг/ сарын 2.5 хувийн хүү тооцож худалдагч талд нэмж төлөх” үүргийг хүлээхгүй болно.
4.Хариуцагчийн зүгээс ............ тоот гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр болох нийт 123.511.000 төгрөгийг улс орны эдийн засгийн байдал болон компанийнхаа бүхий л нөөц бололцоогоо дайчлаад тодорхой графикийн дагуу төлж барагдуулах боломжтой гэв.
Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу үндсэн төлбөр 123.511.000 төгрөг, алданги 75.197.970 төгрөг, хүүгийн төлбөр 100.156.743 төгрөг, нийт 298.865.713 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Р.Н” ХХК-тай 2014 оны 4 сарын 18-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, 2015 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх нэмэлт гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.
Хариуцагч “Рокман” ХХК-тай 2014 оны 4 сарын 18-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ нь зээлээр худалдах худалдан авах гэрээ бөгөөд энэ гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3.-т заасан 4 нөхцлийн аль алиныг тусгаагүй, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх нэмэлт гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэхээр байгаа хэдий ч, мөн хуулийн 263.2-т заасан шаардлагуудыг гэрээнд тусгаагүй байгаа тул хүү 100.156.743 төгрөгийг төлөх үндэслэлгүй, харин гэрээний дагуу авсан бүтээгдэхүүний үндсэн төлбөрийн үлдэгдэл 123.511.000 төгрөгийг төлнө гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2014 оны 4 сарын 18-ны өдөр ............ дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, “Р” ХХК-иас “Р.Н” ХХК-д чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлэх, нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан нөхцлөөр талууд сард нэг удаа тооцоо нийлж, тооцоо нийлсэн актаар баталгаажсан төлбөрийг “Р.Н” ХХК 5 хоногийн дотор “Р” ХХК-д төлөх, энэ хугацаанд бетон зуурмагийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг төлөх хариуцлага хүлээхээр тус тус тохиролцжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд 2014 оны 4 сарын 18-ны өдөр байгуулсан №............ дугаартай гэрээ, “Р” ХХК бетон зуурмагийг “Р.Н” ХХК-д нийлүүлсэн, тооцоо нийлж төлбөр тооцоо хийгдэж байсан үйл баримт, эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон байдлаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь Бетон зуурмаг нийлүүлэх №............ дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр 123.511.000 төгрөг, алданги 75.197.970 төгрөг, хүүгийн төлбөр 100.156.743 төгрөг, нийт 298.865.713 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас гэрээний үндсэн төлбөр 123.511.000 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж захиалсан бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн, хариуцагч “Роял Нью Кестл“ ХХК нь авсан бетон зуурмагийн үнэ 123.511.000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ“, 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 сарын 18-ны өдрийн №............ тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д “захиалагч тал нь нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр тооцоог 30 хоногт нэг удаа нийлж, төлбөрийг 5 хоногт багтаан нийлүүлэгч талд дансаар шилжүүлэх үүрэгтэй“, 5.4.-т “захиалагч нь бетон зуурмагийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд хүлээнэ.” гэж тохиролцсон тул хариуцагч нь 2014 оны 10 сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд тооцогдсон 75.197.970 төгрөгийн алдангийг хариуцан төлөх үндэслэлтэй байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 123.511.000 төгрөгийн 50 хувь 61.755.500 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 13.442.470 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 123.511.000 төгрөг, алданги 61.755.500 төгрөг, нийт 185.266.500 төгрөгийг хариуцагч “Роял Нью Кестл“ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Шүүх талуудын хооронд 2014 оны 4 сарын 18-ны өдөр байгуулсан №............ тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн тул талуудын хооронд 2015 оны 02 сарын 18-ны өдрийн №............-1 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх ............ тоот гэрээний нэмэлт гэрээ гэж төлбөр төлөх нөхцлийг өөрчлөн 1 сарын 2.5 хувийн хүү тооцохоор тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардлагад нийцээгүйн зэрэгцээ өмнө байгуулсан гэрээний үнийг нэмэгдүүлж байгаагаараа худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүүгийн төлбөр 100.156.743 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 263 дугаар зүйлийн 263.2.3.-т заасныг баримтлан хариуцагч “Р.Н” ХХК-иас 185.266.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113.599.213 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР