| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0258/э |
| Дугаар | 2020/ШЦТ/259 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/259
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Д-т холбогдох эрүүгийн 2021000000263 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ............ овогт Д. /РД: ................../
Шүүгдэгч Д нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний орой Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутагт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар Зийн эзэмшлийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг өшиглөж хонхойлгон, тус сумын цагдаагийн хэсгийн байрны цонхыг хагалан, хаалганы цоожийг эвдэж хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Болсон явдал үнэн. Тухайн үед *******ы гар боолттой байсан. Би цагдаа нарыг “ална, хядна” гэж хэлээгүй. Энэ асуудлаар жаахан дэгэсдүүлсэн байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…гэв.
Хохирогч З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цаг 30 минутын орчимд хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Т-ы хамтаар Цагаан-Овоо сумын 6 дугаар баг буюу сумын төвд өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан оройн эргүүл гүйцэтгэж ажиллаж байсан. Ингээд Т бид хоёр “Бат-Онцгой” гэх дэлгүүрийн урд талд явж байхад хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хойшоо ухрах үйлдэл хийж яваа харагдсан. Тухайн үед Т бид хоёр миний эзэмшлийн ******* ДОР улсын дугаартай “Гранд-2” маркийн машинтай явж байсан бөгөөд цагдаа Т-ыг буугаад тухайн машиныг шалгачих гэж хэлсэн. Т машинаас буугаад дохионы мод ашиглан тухайн тээврийн хэрэгслийг дохиж зогсоосон. Тэрээр жолоочийг шалгаж байхад тухайн машины жолооч Т хоёр маргаад байгаа байдалтай харагдсан. Тэгэхээр нь би буугаад очиход тухайн тээврийн хэрэгслийн жолооч харваас согтуу байдалтай харагдсан бөгөөд тэрээр “Би *******тай хамт явж байна, жоохон ажилтай явж байна, явуулчихаач дээ” гээд зандрангүй хэлсэн. Тэгэхээр нь “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох нь хориотой, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар саатуулах шаардлагатай байна машинаасаа бууна уу” гэхэд “би бууж чадахгүй” гээд шаардлага биелүүлэхгүй байсан. Би Т-д хандаж “шаардлага биелүүлэхгүй байгаа үйлдлийг нь баримтжуулж гар утсаараа бичлэг хийчих ээ” гэж хэлэхэд Т гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Бичлэг эхлэх үед би “та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй таны тээврийн хэрэгслийг түр саатуулах шаардлагатай” гэж хэлэхэд “та нар ямар сүртэй хар пизда нар вэ, наад бичлэгийг чинь устгуулчих ах нар надад зөндөө байна” гэж чанга дуугаар бархирсан. Д уурлаад Т-ы бичлэг хийж байсан гар утсыг цохиж газарт унагаад машинаасаа бууж ирсэн. Т гар утсаа авах гээд тонгойх үед Д буюу тухайн машины жолооч Т-ыг урд талаас нь тэвэрч аваад хажуу тийш газар руу шидээд нурууруу нь нэг удаа өшиглөх шиг харагдсан. ...би хашаан дээгүүр харахад Д миний машин дээр очиж зогссон. Машинаас нэг хүн бууж ирээд миний машин руу хэд хэдэн удаа өшиглөсөн. ...2-3 минутын дараа миний эхнэр ******* над руу залгаад “сая нэг улаан пудволктой, биеэрхүү залуу хаалга үүд эвдэж орж ирээд цагдаа нар хаана байна, ална пизда гэж хэлээд бахирч байгаад гарлаа” гэж хэлсэн....Миний зүгээс гаргах гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/
Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цаг 30 минутын орчимд хэсгийн төлөөлөгч З-ийн хамтаар Бат-Онцгой гэх дэлгүүрийн урд талд явж байхад хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хойшоо ухрах үйлдэл хийж яваа харагдсан бөгөөд би З-н машинаас бууж тухайн тээврийн хэрэгслийг дохиж зогсоосон. Тухайн тээврийн хэрэгсэл дээр очиж “бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Д “жолооны үнэмлэхийг гэртээ мартсан байна” гэхээр нь “тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлээрэй” гэхэд тухайн гэрчилгээг надад үзүүлсэн. Би тээврийн хэрэгслийн гэрчилгээг гурвалжилж Д-ыг үлээлгэхэд архи уусан байсан. З төлөөлөгч машинаасаа бууж ирээд “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, машиныг чинь саатуулах шаардлагатай” гэхэд Д эсэргүүцээд байсан. Тэр үед З төлөөлөгч гар утсаараа бичлэг хийж баримтжуул гэж хэлсэн бөгөөд би гар утсаараа бичлэг хийхэд “би эвээр ярьж байна шүү, аятайхан байгаарай” гээд байсан. ...хэсэг хугацааны дараа Д миний гар руу цохиж утсыг маань унагаасан. Би гар утсаа авах гээд тонгойх үед Д машинаасаа бууж намайг тэвэрч аваад газарт шидээд миний нуруу руу өшиглөх юмуу цохих үйлдэл гаргасан, бид хоёр аюулгүй байдлаа бодон тухайн залуугаас холдож зайгаа барьсан. Тухайн залуу “та муу хоёр пиздаг дайрч ална” гэж бархираад машиндаа сууж бид хоёрын араас хөөсөн. ...Миний зүгээс гаргах гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 тал/
- Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 тал/
- Гэрч Ж.*******ы мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39 тал/
- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа Т, цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч З нарын цагдаагийн албаны үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 56-57 тал/
- Д-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21, 50-53 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .......... овогт Д нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний орой Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутагт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар З-ийн эзэмшлийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг өшиглөж хонхойлгон, тус сумын цагдаагийн хэсгийн байрны цонхыг хагалан, хаалганы цоожийг эвдэж хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч З, Т, гэрч Г.*******, Ж.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа Т, цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч З нарын цагдаагийн албаны үнэмлэхийн хуулбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч З, Т нар нь шүүгдэгч Д-т гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Д-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д-ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ