Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/068

 

Ш.Бөд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлээр Ш.Бөд холбогдох 1714000310027 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Ш.Б, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Ш.Б нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Доод жаргалант” гэх газарт 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ******* ******* улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчиж явсан Ц.Мын амь насыг хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ш.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Халх овогт Ш.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ үеэс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Ш.Бөд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Ш.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд шүүхээс шүүгдэгч Ш.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол гэж заасан байхад шийтгэх тогтоолд Ш.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Прокурорын газраас Ш.Бийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг Доод жаргалант гэх газарт 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ******* ******* улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчиж явсан Ц.Мын амь насыг хохироож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2017/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2. 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн аль нь ч байхгүй ба хууль ёсны үндэслэлтэй шийдвэр болсон.

Улсын яллагчийн эсэргүүцэлд Ш.Бийг нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлээс Ш.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэргийг ялгаж тайлбарласан гэж үзэхээр байгаа юм.

Иймд шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, харин улсын яллагчийн эсэргүүцэл нь үндэслэлгүй байна. Улсын яллагчийн эсэргүүцлээр Ш.Бөд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөх талаас оролцохгүй болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолд дурьдсан нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа биш байх тул гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ш.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 441 тоот шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Ш.Бийг шүүхэд шилжүүлсүгэй” гэж /хх-ийн 110-111-р тал/ түүний үйлдээгүй хэрэгт нь шүүхэд шилжүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснийг зөрчсөн зөрчил болжээ.

Иймд шийтгэх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс Ш.Бөд холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.Бөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.Бөд холбогдох эрүүгийн 1714000310027 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН