Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0153

 

 

 

 

 

 

 

 

  С.Гийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, түүний өмгөөлөгч В.Д

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.Г

Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга

Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Гуравдагч этгээд Ш.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамж хүчин төгөлдөр байсныг тогтоох, захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 275 м.кв газрын эзэмших эрхийг сунгаж эзэмшүүлэхийг аймгийн Засаг даргад даалгуулах   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч М.Э,

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, түүний өмгөөлөгч В.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул  

Хэргийн индекс: 116/2021/0013/З           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Гоос Дорнод аймгийн Засаг дарга, тус аймгийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамж хүчин төгөлдөр байсныг тогтоох, захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 275 м.кв газрын эзэмших эрхийг сунгаж эзэмшүүлэхийг аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: 

“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.12, 23.4.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Гийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжаар /600 м.кв/ 275 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, эзэмшил газрын байршилд ...дахин хэмжилт хийж нягтлан шалгахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгож, ...хуулийн дагуу шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бд даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжаар тус сумын 6 дугаар баг “Гантиг” ХХК-ийн зүүн талд 275 м.кв газрыг гражын зориулалтаар иргэн С.Гид 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “...Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана...”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй...” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор хуульчилсан, гэтэл иргэн С.Гийн газар эзэмших эрх олгосон Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 255 дугаар шийдвэрийн эрх зүйн үйлчлэл талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу 2015 онд дуусгавар болсон байх бөгөөд газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг даргад хандаж гаргаагүй байна.

3.2.Анхан шатны шүүх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан тухайд:

3.2.1.Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу иргэн С.Г нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа талаар шүүхэд хандахаас өмнө тус байгууллагын дээд шат болох аймгийн Засаг даргад гомдол гаргах эрхтэй байсан. Иймд анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй юм.

3.3.Аймгийн Засаг дарга нь иргэн С.Гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй тухайд:

3.3.1.Аймгийн төвийн шугам сүлжээ бүхий газрыг иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Хэрлэн сумын Засаг дарга шийдвэрлэдэг байсан. Гэвч /2002 оны/ Газрын тухай хуулиар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг аймгийн Засаг даргын шийдвэрлэхээр хуульчилсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... шүүхэд гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэнэ”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж тус тус заасан. Гэтэл аймгийн Засаг дарга иргэн С.Гийн газар эзэмших эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байна.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, түүний өмгөөлөгч В.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.“...Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.1.Нэхэмжлэгчээс “Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгахыг даалгах” шаардлага гаргасаар байтал шүүхээс “нэхэмжлэгч С.Гийн Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжаар /600 м.кв/ 275 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, эзэмшил газрын байршилд ...дахин хэмжилт хийж нягтлан шалгахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож, ...хуулийн дагуу шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бд даалгах’’ гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэж байгаа явдал гэж үзэж байна.

4.1.2.Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргыг хариуцагчаар татаж, түүний эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасаар байтал шүүхээс дур мэдэн хариуцагчийг өөрчилж шийдвэр гаргаж байгаа нь хууль бус юм.

4.2.Нотлох баримтыг буруу тайлбарлаж, үнэлсэн тухайд:

4.2.1.Дээрх маргааны явцад тогтоогдсон үйл баримт болох С.Гид эзэмшүүлсэн гэх газрын байршил, Ш.Эын эзэмшил газрын байршилтай давхцаж байгаа нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, шинжээчийн дүгнэлтийг “дээрх 2 иргэнд эзэмшүүлсэн газар нь хоорондоо давхцаагүй байх боломжтой” гэж буруу тайлбарласан.

4.2.2.Хэргийн гол үйл баримт болох 2 иргэнд эзэмшүүлсэн гэх газрууд хоорондоо давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлт төдийгүй, гэрчүүдийн тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн өөрсдийн тайлбараар нотлогдсоор байтал шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгож, тайлбарлах замаар хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.3.Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй талаар:

4.3.1.Дээрх маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай, хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээг хариуцагч нар болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа тайлбарладаг боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлд энэ талаар дүгнэгдээгүй байна.

4.3.2.Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.12, 23.4.3, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан шийдвэрлэжээ.

4.3.3.Тодруулбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”-д заасан хэм хэмжээ нь талуудын маргаж буй асуудлын талаар шууд зохицуулаагүй, ерөнхий чиг үүргийн талаар зохицуулсан хэм хэмжээ байна гэж үзэхээр байна.

4.3.4.Харин Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.12-т “газар зохион байгуулалтын талаарх мэргэжлийн боловсон хүчний бодлогыг эрхлэх, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах”, 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж улсын бүртгэлд бүртгэх”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан. Ингэснээр маргааныг шууд зохицуулахгүй, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд шууд хэрэглэгдэх, үндэслэл бүхий хэм хэмжээ биш байна. Харин гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хууль зүйн үндэслэл болгон тайлбарлаж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “3ахирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэсэн хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”, 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэсэн уг маргааныг хянан шийдвэрлэгдэхэд хамаарал бүхий гол зохицуулалтуудыг огт авч үзээгүй, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй нь хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэхээр байна.

4.4.Эцэст нь дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр гуравдагч этгээд Ш.Эын газар эзэмших эрхэд шууд халдаж, иргэний хууль ёсны эзэмшилтэй газрыг өөр этгээдэд сунган эзэмшүүлэх нөхцөл байдал үүсээд байна.

4.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн гол үйл баримтууд болох С.Гийн маргаж буй газар нь Ш.Эын эзэмшил газартай байршлын хувьд давхцаж байгаа. Харин С.Гийн газар эзэмших эрхийн хугацаа дууссанаар Газрын тухай хуулийн 39.1.1-д заасны дагуу түүний газар эзэмших эрх дуусгавар болсон бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар уг хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө аймгийн Засаг даргад хүсэлт гаргаагүй” болох нь бүхий л нотлох баримт, тайлбаруудаар тогтоогдсон.

4.6.Аймгийн Засаг даргад огт хүсэлт гаргаагүй байхад түүний эс үйлдэл, түүнчлэн эс үйлдлийн хууль ёсны байдал яригдахгүй бөгөөд даалгах шийдвэр гаргах боломжгүй юм, өөрөөр хэлбэл тодорхой үйл баримт, нарийвчилсан хуулийн зохицуулалтыг огт авч үзэлгүй, хоёрдмол шинжтэй, хуульд нийцэхгүй дүгнэлт гаргаж, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Шүүхийн шийдвэрт хариуцагч, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2.Шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 51 дүгээр захирамжаар С.Гийн гаргасан нэхэмжлэлийн “…газар эзэмшиж байсан болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 275 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сунгахыг аймгийн Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсантай холбогдуулан хамтран хариуцагчаар аймгийн Засаг даргыг татжээ.

Гэтэл Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамж хүчин төгөлдөр байсныг тогтоолгох шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулж чухам ямар шаардлага гаргасан болох нь ойлгомжгүй байгаагаас гадна “…С.Гийн эзэмшил газрын байршилд дахин хэмжилт хийж, нягтлан шалгах” нэхэмжлэлийн шаардлага огт байхгүй байхад үүнийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ 275 м.кв газрын эзэмших эрхийг сунгахыг даалгах шаардлагыг “…хуулийн дагуу шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бд даалгасугай” гэсэн нь хэрэгжүүлэх боломжгүй, тодорхойгүй шийдвэр болжээ.

Учир нь шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газар бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий газарт дахин хэмжилт хийснээр нэхэмжлэгчид хуулийн дагуу шийдвэр гаргах ямар бодит боломж байгаа болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай тогтоогдогүй атлаа сунгаж эзэмшүүлэх эсэх талаар хуулийн дагуу шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж буй нь үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн чухам аль хэсэгт хамааруулан Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжаар 275 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож буй нь ойлгомжгүй, ер нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэх эрх хэмжээ байгаа эсэх, хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шийдвэрийн төрөлд энэ нь хамаарах эсэхийг ч анхаарах шаардлагатай.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсаны үндсэн дээр хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримт бүрт дүгнэлт өгөх байдлаар хэрэгжүүлэх боломжтой, тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН