Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2017/00489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,                           

Нэхэмжлэгч:  “И” ХХК /РД:............6/-ийн  нэхэмжлэлтэй,               

Хариуцагч:  “Ө.С” ХМХ /РД:............./-д холбогдох,      

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.                          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Саруултөгс, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.С нь 2016 оны 9 сарын 19-ний өдөр “...........................” гэсэн нийтлэлдээ “...Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал “И” гэх компаниар тээвэр зууч хийлгэх ёстой гэсэн аман шийдвэрийг Д.Ж дарга гаргасан байх юм ... Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “И” ХХК-ийн ард дээрх эрхэм дарга байдаг гэнэ. Бүр баримт болгон хэлэхэд тэрбээр тус газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө дээрх компанийн захирал байсан нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдын дунд тархсан байна ... Гэвч эрхэм даргын “И” компани давуугийн давуу эрхээр оролцох болсоор чамгүй хугацаа өнгөрчээ..." гэсэн бодит байдалд огт нийцээгүй, худал, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг, давуу эрхтэй мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж, “И” ХХК-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, бидний харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсдын өмнө цаашлаад олон улсын тавцанд бизнесийн нэр хүндийг унагааж, их хэмжээний хохирол учруулах нөхцлийг бүрдүүллээ.

 Ө.Сы 2016 оны 9 сарын 19-ний өдрийн ..... дугаарт нийтэлсэн “...........................” нэртэй нийтлэл гарснаас үүдэн  И.мн, Н.мн вэбсайтууд “...........................” нэртэй нийтлэлүүдээр нэхэмжлэгч байгууллагын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан. 

“И” ХХК нь Монгол Улсдаа ачаа тээвэрлэх арвин туршлагатай, тээвэрлэлтийг хамгийн зохимжтой хувилбараар зохион байгуулж, түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшний чанартай үйлчилгээг гадаад, дотоодын харилцагчид, хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгч нартаа хүргэж, тэдний талархлыг хүлээсэн ажилсаг хамт олон билээ.

Үйлчлүүлэгч компани, байгууллага, хувь хүмүүс нь тээвэр зуучийн үйлчилгээгээ хэнээр хийлгүүлэх нь өөрсдийнх нь мэдлийн асуудал тул бидний зүгээс ямар нэгэн давуу эрхтэйгээр үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Түүнчлэн УБТЗ-ын орлогч дарга Д.Ж нь манай компанийн захирлаар ажиллаж байгаагүй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагаа баримтаар бүрэн нотлогдоно.

Ө.С нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “...Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтруүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ...” гэж заасны дагуу нийтэлж буй мэдээ, мэдээллийнхээ үнэн зөв эсэхийг нягтлан шалгахгүйгээр мэдээлсэн нь “И” ХХК-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна.

Иймд Ө.С нь “И” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээллэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын тус компанийн нэр төрд халдан, гутаан доромжилж худал гүтгэлэгийн чанартай нийтлэл бичээгүй бөгөөд УБТЗ-д “И”-ийн тухай гадны тээвэр зуучийн компанийн гомдол гаргасан албан тоотод тулгуурлан бичсэн билээ.

Тухайлбал, 2016 оны 4 сарын 28-ны өдөр Олон улсын тээвэр зуучлалын газраас УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт хандан Оросын тээвэр зуучийн компани УБТЗ-аар үйлчлүүлэх хэцүү. "И" гэдэг компаниар үйлчлүүлэхгүй бол элдэв шалтгаан тоочиж хүндрэл учруулдаг хэмээн тухайн албан бичигт дурдсан байдаг юм.

Уг албан бичгийг үндэслэн бид тус компанийг тухайн үед УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан Д.Жг танил талын хүрээгээ ашиглан тус компанид давуу эрх эдэлж байгаа талаар нийтэлсэн юм. Өөрөөр хэлбэл, дээрх албан бичигт Д.Ж даргыг “И” компанид давуу эрх олгож байгаа хэмээн бичсэн гэсэн үг.

Мөн түүнчлэн бид энэ талаарх мэдээллийг Монголын Төмөр замчдын холбооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга асан Эрдэнэ гуайтай уулзаж энэ талаар асууж тодруулахад тус  компанийн талаар сонинд гарсан мэдээллийг хүртэл өгч байсан билээ. Одоо Эрдэнэ гуай талийгаач болсон учраас тус компанийг хэрхэн яаж давуу эрх эдэлдэг, үүнд хэн гэгч албан тушаалтан оролцож тус компанийг тээвэр зууч хийлгэж байгаа талаарх яриа бичлэгийг үзвэл манай сонинд дурдагдсан бүхий л зүйл нотлогдох болно.

Ямартай ч бид тодорхой баримт албан бичигт үндэслэн тус нийтлэлийг гаргасан учраас “Ийсвинд” ХХК- ийн нэр төрд халдаж олон улсын тавцанд бизнесийнх нь нэр хүндийг унагагаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Ө.С” ХМХ-д холбогдуулан, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч нь Ө.Сы 2016 оны 9 сарын 19-ний өдрийн ..... дугаарт нийтэлсэн “...........................” нэртэй нийтлэл, И.мн, Н.мн вэбсайтуудад нийтлэгдсэн “...........................” нэртэй нийтлэлүүдээр нэхэмжлэгч байгууллагын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгсэл буюу  Ө.С, И.мн, Н.мн вэбсайтуудаар дамжуулан няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардаж байгаа гэж шаардлагаа тодруулж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч “Ө.С” ХМХ нь 2016 оны 9 сарын 19-ний өдрийн ..... дугаартаа  “...........................” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан болох нь зохигчдын тайлбар, тухайн өдрийн Ө.С зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...........................” гэсэн гарчигтай нийтлэл нь бодит байдалд огт нийцээгүй, худал, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг, давуу эрхтэй мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааснаар “И” ХХК-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, бидний харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсдын өмнө цаашлаад олон улсын тавцанд бизнесийн нэр хүндийг унагааж, үр дагавар үүсгэх нөхцлийг бүрдүүллээ гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарт “Монретранс” ХХК-иас ирүүлсэн 2016 оны 4 сарын 28-ны өдрийн №152 тоот албан бичигт тулгуурлан нийтлэлээ бичсэн, Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга агсны яриа, тухайн үеийн Төмөр замын удирдлагын зөвлөгөөний бичлэг энэ байдлыг нотолно. Д.Жтай холбоотой нийтлэл л бичсэн болохоос нэхэмжлэгч компанитай холбоотой зүйл бичээгүй, энэ компанид ямар хохирол учирсан, ажил хэргийн нэр хүндэд нь яаж халдсан, нэхэмжлэгч хэрхэн хохирсон нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 21 дүгээр 21.2-д “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

“Ө.С” ХМХ нь 2016 оны 9 сарын 19-ний өдрийн ..... дугаартаа  “...........................” гэсэн гарчигтай нийтлэлдээ Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жгийн талаар бичихдээ “…Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал “И” гэх компаниар тээвэр зууч хийлгэх ёстой аман шийдвэрийг Д.Ж дарга гаргасан байх юм…”, “…Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Йиствинд” ХХК-ийн ард эрхэм дарга байдаг гэнэ. Бүр баримт болгон хэлэхэд тэрбээр тус газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө дээрх компанийн захирал байсан, нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдын дунд тархсан байна.”, “…Гэвч эрхэм даргын “Йиствинд” компани давуугийн давуу эрхээр оролцох болсоор чамгүй хугацаа өнгөрчээ.” гэж бичсэн байх ба эдгээр мэдээллээс үзвэл “Йиствинд” ХХК нь хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, шударга бус байдлаар давуу эрхийг олж авч, үүний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг гэх агуулга бүхий байгаа нь нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүнд, тухайн компанийн талаарх олон нийтийн үнэлэмжид сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь дээрх нийтлэлийнхээ бодит байдалд нийцсэн, үнэн зөвийг, цаашлаад нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй болохыг нотлоогүй, татгалзлаа баримтаар өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүг уг мэдээг тарааснаар “Йиствинд” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзнэ.

Хэдийгээр ОХУ-ын аж ахуйн нэгжээс Улаанбаатар төмөр замын даргын нэр дээр ирүүлсэн албан бичгийн агуулгыг үндэслэл болгосон гэж хариуцагч тайлбарлаж, уг албан бичгийг нотлох баримтаар өгсөн боловч энэ албан бичгийн агуулга нь тараасан мэдээний үнэн зөвийг нотлохгүй юм.

Хэвлэл мэдээллийн байгууллага түүний сэтгүүлчдийн нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх гэсэн сэтгүүл зүйн үндсэн зарчмыг баримтлах, өөрт байгаа эх сурвалжид тулгуурлан нийтлэл бичих үүрэгтэй бөгөөд уг эх сурвалжид дурдсан мэдээллийн агуулгыг гуйвуулан дүгнэлт хийж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараасныг эх сурвалжаас үндэслэж мэдээ нийтэлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн З.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.” гэж заасан.

Иймд, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “И” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг даалгах хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад заасан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголтуудын нэр, нэр төр, алдар хүнд гэсэн ойлголтууд нь иргэнд хамаатай тул “И” ХХК-ийн нэр төр, алдар хүндийг сэргээлгэх ойлголт хуулийн этгээдэд хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь И.мн, Н.мн вэбсайтуудад нийтлэгдсэн “...........................” нэртэй нийтлэлүүдээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэн уг шаардлагаа нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг үзлэг хийх замаар бэхжүүлж үнэлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул уг баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж, И.мн, Н.мн вэбсайтуудаар дамжуулан няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүх хариуцагч “Ө.С” ХМХ өөрийн сонины 2016 оны 9 сарын 19-ний өдрийн ..... дугаараар дамжуулан “...........................” гэсэн гарчигтай нийтлэлийн “Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал И гэх компаниар тээвэр зууч хийлгэх ёстой аман шийдвэрийг Д.Ж дарга гаргасан байх юм …”, “…Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Йиствинд” ХХК-ийн ард эрхэм дарга байдаг гэнэ. Бүр баримт болгон хэлэхэд тэрбээр тус газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө дээрх компанийн захирөл байсан нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдын дунд тархсан байна.”, “…Гэвч эрхэм даргын “Йиствинд” компани давуугийн давуу эрхээр оролцох болсоор чамгүй хугацаа өнгөрчээ.” гэсэн хэсэг нь “И” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь тогтоогдсон гэж үзэж “И” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг тус тус баримтлан Ө.Сы 2016 оны 9 сарын 19-ний өдрийн ..... дугаарт “...........................” гэсэн гарчиг бүхий нийтлэлд “Ийсвинд” ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу сониноор дамжуулан няцаалт хийхийг “Ө.С” ХМХ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нэр төр, алдар хүнд гутаасан болохыг тогтоолгох болон  И.мн, Н.мн вэбсайтуудаар дамжуулан няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БААТАР

 

 

                                         ШҮҮГЧИД                                    Б.УУГАНБАЯР

 

 

Ө.УЯНГА