Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 753

 

        

 

 

 

 

 

2020       08         19                                     2020/ШЦТ/753

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,            

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Тд холбогдох эрүүгийн 2009004560988 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "..." ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ........оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ...../ С.Т нь:

 

- 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Тиарарезорт ХХК-ний үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн тогтоол" гэх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гарган өгч, өөрийгөө "Тиарарезорт" ХХК-ний гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Гэрч Арэнд Шипхорст Преупер /SCHIPHORST PREUPER AREND ROELOFZ-ийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...С.Т нь компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч болох миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, хуурамч "Тиарарезорт ХХК-н үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн тогтоол" гэсэн бичиг хийж өөрийгөө манай Тиара Ресорт ХХК-ний гүйцэтгэх захирлаар сонгосон гэх утгатай бичгийг улсын бүртгэлийн газарт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгч компанийн бүртгэлд өөрчлөлт оруулсан байсан гэжээ. / хх 28-29 /

Гэрч О.Нарандэлгэр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...С.Т нь өөрийгөө Тиара Ресорт ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилсон агуулга бүхий Арэнд Шипхорст Преуперийн гарын үсгийг хуурамчаар зурж үйлдсэн бичгийг улсын бүртгэлд бүртгүүлж албажуулсан байсан гэжээ / хх 30-31 /

Яллагдагч С.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн огноотой Тиара резорт ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол буюу С.Т миний Тиара Резорт ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдсон тухай утгатай баримт дээр байгаа Нидерланд улсын иргэн компанийн хувьцаа эзэмшигч Арэнд Шипхорст Преуперийн гарын үсгийг дуурайлган зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэжээ / хх 87-88 /

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 8/5446 тоот албан бичгээр гаргаж өгсөн материалууд / хх 35-57 /

Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2-5а/1903 тоот албан бичиг, лавлагаа / хх 77-79 /

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/5603 тоот албан бичиг, лавлагаа / хх 81-83 /

Шүүгдэгч С.Тыг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 87-88 /

Шүүгдэгч С.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 90 / зэрэг болно.

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна. Зүйлчлэлийг зөвшөөрч байна гэв.  

 

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Тиарарезорт ХХК-ний үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн тогтоол" гэх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гарган өгч, өөрийгөө "Тиарарезорт" ХХК-ний гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... С.Т нь компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч болох миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж , хуурамч "Тиарарезорт ХХК-ний үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн тогтоол" гэсэн бичиг хийж өөрийгөө манай Тиара Ресорт ХХК-ний гүйцэтгэх захирлаар сонгосон гэх утгатай бичгийг улсын бүртгэлийн газарт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгч компанийн бүртгэлд өөрчлөлт оруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Арэнд Шипхорст Преупер /SCHIPHORST PREUPER AREND ROELOFZ-ийн мэдүүлэг / хх 28-29 /, ...С.Т нь өөрийгөө Тиара Ресорт ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилсон агуулга бүхий Арэнд Шипхорст Преуперийн гарын үсгийг хуурамчаар зурж үйлдсэн бичгийг улсын бүртгэлд бүртгүүлж албажуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Нарандэлгэрийн мэдүүлэг / хх 30-31 /, ...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн огноотой Тиара резорт ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол буюу С.Т миний Тиара Резорт ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдсон тухай утгатай баримт дээр байгаа Нидерланд улсын иргэн компанийн хувьцаа эзэмшигч Арэнд Шипхорст Преуперийн гарын үсгийг дуурайлган зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.Тын мэдүүлэг / хх 87-88 /, ...Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 8/5446 тоот албан бичгээр гаргаж өгсөн материалууд / хх 35-57 /, ...Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2-5а/1903 тоот албан бичиг, лавлагаа / хх 77-79 /, ....Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/5603 тоот албан бичиг, лавлагаа / хх 81-83 / зэрэг болно.

            Шүүхээс шүүгдэгч С.Тыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Т нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч С.Тыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Т нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ