| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0771/Э |
| Дугаар | 761 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 761
2020 08 24 2020/ШЦТ/761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2009019311051 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: . / Б.Б нь:
- 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ...тоот гэртээ, эхнэр Б.Хонгорзултай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Хонгорзулын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол / хх 04 /
Хохирогч Б.Хонорзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ орон дээрээ хэвтэж байхад манай нөхөр Б.Б намайг хэл амаар доромжилж, шууд миний толгой руу цүнх авч шидсэн. Тэгэхээр нь би босоод Б.Бтай хэрэлдэж эхлэхэд тэрээр миний нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохиход би даруй цагдаад дуудлага өгсөн. Би еөрийн нөхөр Б.Баас хохирол нэхэмжлэхгүй. Нөхрийнхөө гаргасан энэ үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна гэжээ. / хх 11-12 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8346 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Хонгорзулын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 15-16 /
Яллагдагч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би тэр өдөр эр хүний уужуу, саруул ухаан, тэвчээр гаргачихгүй эмэгтэй хүний /өөрийн эхнэр/ биед хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч хоорондын бүх асуудлуудаа эцэслэн шийдвэрлэсэн. Надад холбогдох хэрэгт хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ. / хх 26-27 /
Шүүгдэгч 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26-28 /
Шүүгдэгч Б.Б урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 31 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 49 тоот гэртээ эхнэр Б.Хонгорзултай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:... Манай нөхөр Б.Б намайг хэл амаар доромжилж, шууд миний толгой руу цүнх авч шидэж, миний нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Хонгорзулын мэдүүлэг / хх 11-12 /, ...Б.Хонгорзулын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8346 дугаар дүгнэлт / хх 15-16 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзаж, түүнд прокурорын санал болгосон 500.000 / таван зуу / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Хонгорзул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 40 / гэсэн тул Б.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон торгуулийг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ