Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1108

 

 

 

 

 

 

   

    2020        06          12                                    2020/ШЦТ/1108

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Т.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч М.Малчбек, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М.М-д холбогдох эрүүгийн ........................... дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч М.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг дулааны шугам /траншей/ дотор иргэн Д.М-н хүзүүн тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Кино үйлдвэрийн хойд талын хашааны траншейнд Баатаржанжин болон амь хохирогч 2 цуг сууж байсан. Манай траншей цаад талын траншейнд байдаг байсан. Би өөрийн траншей руу орох гэж явж байгаад Баатаржанжин, амь хохирогч хоёрыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг хараад би Баатаржанжин, амь хохирогч хоёр руу орсон. Тэгсэн Баатаржанжин “аяга байхгүй байна” гэхээр нь шуудайнаасаа хутгаа гаргаад ундааны сав тайраад архи согтууруулах ундаа хэрэглээд юм яриад сууж байсан чинь амь хохирогч өмнө нь Баатаржанжинг зодож байсан болохоор хоорондоо хэрэлдэж байгаад амь хохирогч хутгатай Баатаржанжин руу дайрахаар нь намхан траншей байсан болохоор би амь хохирогчийн хутгыг булааж авах гэж зууралдаж байгаад хоолойг нь зүссэн. Тэгээд би “та нар өөрсдөө учраа ол” гэж хэлээд явсан. Маргааш өглөө түүхий эд авдаг газар амь хохирогч байхгүй байсан. Нөгөөдөр нь амь хохирогч ганцаараа байхаар нь би “Нарантуул” худалдааны төв рүү очоод цагдаагийн ахлагч Батбаатарт “энэ траншейнд хүн нас барсан байна” гээд дагуулаад очсон. Тухайн үед би цагдаагийн ахлагчид “би энэ хүнийг алчихлаа, түүхий эд дээр  ирэх болов уу гэсэн ирсэнгүй. Ийм зүйл болчихлоо, өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хэлье” гээд цагдаагийн газар очоод мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: “Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Бид нар айлаас тавуулаа талийгаач дундах нь байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр миний гар утасруу залгаад сайн уу ах бие чинь гайгүй юу гэж асуусан. Тэгэхээр нь би чи хаана байгаа юм гэхэд би сүмд байна гэж хэлэхээр нь хаана байдаг юм би яваад очьё гэхэд би гайгүй байгаа, дүү нь зүгээр гэж хэлээд мэнд мэдсэн юм. Тэрнээс хойш бол холбоогүй. Талийгаач манайхаар ирж очиж явдаг хүн байсан ... суварга босгосон зардалд 1.600.000 төгрөг, том хүмүүсийн зэд 200 хүнийх 1.300.000 төгрөг, 75 хүүхдэд зэд 225.000 төгрөгөөр худалдаж авсан, ирсэн хүмүүсийн хоол унд, бензин, тосны бусад зардал 4.300.000 төгрөгийн зардал гарсан, баримт авагдаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91 дүгээр тал/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ээлжтэй /ажилтай/ байсан ба намайг Нарантуул дээр эргүүл хийгээд явж байхад иргэн Малчбек над дээр ирээд хойд траншин дотор үхсэн хүн байгаа гэсний дагуу очиж шалгахад нас барсан хүн байсан. Очхоосоо өмнө өгч байгаа мэдээлэл үнэн эсэхийг шалгахаар иргэн Малчбектэй ямар шалтгааны улмаас хэзээ нас барсан хүн юм бэ гэж асуухад 2 хоногийн өмнө хоолойндоо зүсүүлж нас барсан гэж ярьсан. Хүн нас барсан байсныг хараад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрлүү мэдэгдэж бүрэлдэхүүн дуудуулсан. Хүлээж байх хугацаандаа үргэлжлүүлэн ярилцахад хэн дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар асуухад эхлээд Жанжин үйлдсэн гээд байхаар нь харсан уу, яаж мэдээд байгаа юм гэхэд “за би үнэнээ хэлье, чулуу хөөлгөөд яахав, ногоон иштэй хутгаар би хутгалсан ба мөнгөн дээрээс маргалдсан, миний уурыг хүргээд байсан, би угаасаа хэрцгий хүн шүү дээ” гэсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107 дугаар тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн: “М.Мнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, М.Мнь мэдүүлэг өгөх чадвартай байна, М.Мнь хэрэг хариуцах чадвартай байна, М.М эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 196-197 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 286 дугаартай: “Талийгаач нэр хаяг тодорхойгүй 45-50 орчим настай, эрэгтэй гэх цогцост хүзүүний хэсэгт гүрээний ерөнхий баруун тараагуур, хураагуур судасыг бүрэн бус тасалсан, зүсэгдсэн шарх, шарх орчмын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба уг гэмтлийг аваад амьд явах боломжгүй. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн ходоодонд хоолны агууламжгүй байна. Талийгаач хоёрдугаар бүлгийн цустай байна. Талийгаач нэр хаяг тодорхойгүй 45-50 орчим насны эрэгтэй гэх цогцос нь хүзүүний баруун хэсэгт гүрээний ерөнхий баруун тараагуур, хураагуур судасыг бүрэн бус тасалсан, зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэх дүгнэлт /1хх-ийн 198-201 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаартай: “Амь хохирогч Д.М цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр илэрсэн дотор эрхтнүүдийн ялзрал, цогцосны хожуу үеийн өөрчлөлтөнд байдлаас үзэхэд нас бараад 24 цагаас дээш болсон байна,” гэх дүгнэлт /2хх-ийн 45-49 дүгээр тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч М.М нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худаг /траншей/ дотор хохирогч Д.М-н хүзүүн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүзүүний баруун хэсэгт гүрээний ерөнхий баруун тараагуур, хураагуур судсыг бүрэн бус тасалсан, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Кино үйлдвэрийн хойд талын хашааны траншейнд Баатаржанжин болон амь хохирогч хоёр цуг сууж байсан. Манай траншей цаад талд нь байдаг байсан. Би өөрийн траншейруу орох гэж явж байгаад Баатаржанжин, амь хохирогч хоёрыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг хараад би Баатаржанжин, амь хохирогч хоёрлуу орсон. Тэгсэн Баатаржанжин аяга байхгүй байна гэхээр нь шуудайнаасаа хутга гаргаад ундааны сав тайраад архи согтууруулах ундаа хэрэглээд юм яриад сууж байсан чинь амь хохирогч өмнө нь Баатаржанжинг зодож байсан болохоор хоорондоо хэрэлдэж байгаад амь хохирогч хутгатай Баатаржанжинруу дайрахаар нь намхан траншей байсан болохоор би амь хохирогчийн хутгыг булааж авах гэж зууралдаж байгаад хоолойг нь зүссэн. Тэгээд би та нар өөрсдөө учраа ол гэж хэлээд явсан. Маргааш өглөө түүхий эд авдаг газар амь хохирогч байхгүй байсан. Нөгөөдөр нь амь хохирогч ганцаараа байхаар нь би Нарантуул худалдааны төврүү очоод цагдаагийн ахлагч Батбаатарт траншейнд хүн нас барсан байна гээд дагуулаад очсон. Тухайн үед би цагдаагийн ахлагчид би энэ хүнийг алчихлаа, түүхий эд дээр  ирэх болов уу гэсэн ирсэнгүй. Ийм зүйл болчихлоо, өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хэлье гээд цагдаагийн газар очсон” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 4 дүгээр тал/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Ц.Б-н 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичсэн “... тэнэмэл амьдралаар амьдралтай Малчбек нь ирж уулзан Кино үйлдвэрийн арын хашаанд байх траншейнд нэг хүн үхсэн хоолойдоо хутгалуулсан үхсэн байгаа гэж хэлэхээр нь үнэн юм уу гэж асуухад үнэн үнэн 2 хонож байгаа гэхээр нь тухайн газрыг заалгаад очиж шалгахад гадна талаас нь тонгойж харахад доод талаараа хөл нүцгэн хүн байхаар нь жижүүрт мэдэгдсэн. Малчбектэй жижүүрийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө ярилцахад “би үнэнгээ хэлье, ерөөсөө чулуу хөөлгөхөө болилоо, би уйлдаг Мөнхөөтэй мөнгөн дээрээс болж маргалдаад надад байсан ногоон иштэй хутгаараа хоолойг нь зүссэн” гэх илтгэх хуудас /хх-ийн 06 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “... траншейны дотор талбай нь 2.5*2.2*1 метр хэмжээтэй, тоосгон ханатай урагш нарийссан шугаман нүхээр 3 ширхэг халаалтын төмөр трубатай, дотор орчин эмх замбараагүй цаас, гялгар тор зэргийн хог хаягдал хөглөрсөн байдалтай байв. Баруун талын трубаны хажууд толгой нь урагш, хөл нь хойш чиглэлтэй, нүүр тал нь дээшээ харсан байдалтай ... эрэгтэй хүний цогцос байлаа ... баруун эрүүний доор хүзүүний орчим зүсэгдэж цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гоожиж бохирлогдсон шархтай, уг шархны хэмжээг шугам тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав ... цогцосны баруун хөлийн үзүүр хэсэгт ногоон өнгийн 9.5 см урт бариултай, ажлын хэсэг нь 8.5 см урт шөвгөр хутга байсныг түр хураан авсан гэх /1хх-ийн 69-78 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн “... хүүрийн толбо биеийн ард хэсгээр улаан хүрэн өнгөөр бүдэг илэрсэн, хөшилт мөчдөд сул илэрсэн ... хүзүүний баруун хажуу хэсэгрүү үргэлжилсэн ташуу 8.5*1.5 см зах ирмэг тэгш, хүзүүний булчин, гүрээний судас дайрсан зүсэгдсэн шархтай, хэвлий хэсгээр хөөсөн, хөхөлбөр ногоон туяатай болж ялзарсан, ууцны хэсэг хэвлийн баруун хажуу хэсэг, баруун шуунд арьсны өнгөн давхарга хууларсан цэврүүтсэн” гэх тэмдэглэл /1хх-ийн 79-83 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн байцаалтад өгсөн: “Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр миний гар утасруу залгаад сайн уу ах бие чинь гайгүй юу гэж асуусан. Тэгэхээр нь би чи хаана байгаа юм гэхэд би сүмд байна гэж хэлэхээр нь хаана байдаг юм би яваад очьё гэхэд би гайгүй байгаа дүү нь зүгээр гэж хэлээд мэнд мэдсэн. Тэрнээс хойш бол холбоогүй ...  оршуулгын зардал нэхэмжилж байна, баримт аваагүй. Цаашид гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90, 91-92 дугаар тал/,

Гэрч Ц.Б  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ээлжтэй байсан ба намайг Нарантуул дээр эргүүл хийгээд явж байхад иргэн Малчбек над дээр ирээд хойд траншейн дотор үхсэн хүн байгаа гэсний дагуу очиж шалгахад нас барсан хүн байсан. Очихоосоо өмнө өгч байгаа мэдээлэл үнэн эсэхийг шалгахаар иргэн Малчбектэй ямар шалтгааны улмаас хэзээ нас барсан хүн бэ гэж асуухад 2 хоногийн өмнө хоолойндоо зүсүүлж нас барсан гэж ярьсан. Хүн нас барсан байсныг хараад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрлүү мэдэгдэж бүрэлдэхүүн дуудуулсан. Хүлээж байх хугацаандаа үргэлжлүүлэн ярилцаж, хэн дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар асуухад эхлээд Жанжин үйлдсэн гээд байхаар нь харсан уу, яаж мэдээд байгаа юм гэхэд “за би үнэнээ хэлье, чулуу хөөлгөөд яахав, ногоон иштэй хутгаар би хутгалсан ба мөнгөн дээрээс маргалдсан, миний уурыг хүргээд байсан, би угаасаа хэрцгий хүн шүү дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107 дугаар тал/,

Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “... талийгаач Мөнхбат бид 2 өглөө 9-10 цагийн үед босч хогондоо хамт явж, шил лаазаа тушаагаад гадуур явж байхдаа 2 шил 0.500 граммын Их монгол нэртэй архи авч гудманд гэгээ тасрахаас өмнө дахин нэг шил 0.500 граммын Их Монгол нэртэй архи авч ирээд хоёулаа хувааж уугаад би тасарсан байна лээ. Шөнө 2-3 цагийн үед ам цангаад сэртэл Мөнхбат хоолойдоо хутгалуулсан шархтай нас барчихсан байсан ...... бид 2 тэр өдөр ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй, дуугүй л архиа хувааж уугаад байсан. Траншейндаа ирэх үед маш их согтсон байсан ... намайг шөнө босоод ирэх үед хутга 2 трубаны голд байж байсан. Би талийгаачийг хутгалуулсан байхыг хараад хутгаа хартал цус болоогүй байсан ... талийгаач бид 2 л архи ууж байсан гаднаас өөр хүн орж ирсэнийг санахгүй байна. Маш их согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 98-100, 101-102 дугаар  тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай “... М.Мнь хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 196-197 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 286 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий  “Талийгаач нэр хаяг тодорхойгүй 45-50 орчим настай, эрэгтэй гэх цогцост хүзүүний хэсэгт гүрээний ерөнхий баруун тараагуур, хураагуур судсыг бүрэн бус тасалсан, зүсэгдсэн шарх, шарх орчмын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба уг гэмтлийг аваад амьд явах боломжгүй. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач хоёрдугаар бүлгийн цустай байна. Талийгаач нэр хаяг тодорхойгүй 45-50 орчим насны эрэгтэй гэх цогцос нь хүзүүний баруун хэсэгт гүрээний ерөнхий баруун тараагуур, хураагуур судасыг бүрэн бус тасалсан, зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт /1хх-ийн 198-201 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 600 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн ногоон иштэй хутган дээр цусны ул мөр илэрсэн. ДНХ тогтоцоороо эрэгтэй хүний цус байна” гэх дүгнэлт /1хх-ийн 217-218 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2039 дугаартай “2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 600 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хутганы ДНХ-ийн тогтоц ... Д.Мөнхбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 39-41 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаартай “Амь хохирогч Д.М цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр илэрсэн дотор эрхтнүүдийн ялзрал, цогцосны хожуу үеийн өөрчлөлтөнд байдлаас үзэхэд нас бараад 24 цагаас дээш болсон байна” гэх дүгнэлт /2хх-ийн 45-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч М.М хувьд цагдаагийн газарт өөрөө хэргээ илчилж очсон, хэргийн газрыг зааж өгсөн, үүний дагуу гэмт хэргийн талаарх мэдээллийг хойшлуулшгүйгээр шалгасан ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлсэн ул мөрөнд шинжилгээ хийсэн дүгнэлтүүд зэргээр цагдаагийн байгууллагад анх өгсөн мэдүүлэг нь давхар нотлогдсон бөгөөд мэдүүлэг гаргагч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан гэж дүгнэв.      

Шүүгдэгч М.Мнь талийгаач Б.М гараас хутгыг нь авах гэж ноцолдож байгаад хүзүүн тус газарт санаандгүй зүссэн гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин байцаах үед өгч, өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилснийг хавтаст хэргийн материалд тусгагдсан бусад мэдүүлэг болон бичмэл нотлох баримттай харьцуулан дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.     

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч М.М “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б хэрэгт “Суварга буян” ХХК-ий үйлчилгээний захиалгын хуудсыг хавсаргуулсан боловч суварга босгоход 1.600.000 төгрөгийг төлсөн гэх баримт авагдаагүй, түүнчлэн оршуулгын зардалд нийт 4.300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б гэм хорын хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу М.М-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч М.М “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс М.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулахаар, мөн тэрээр шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, М.Малчбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийгөө илчилсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.М нийт эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийн газраас хураан авсан ногоон өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон /1хх-ийн 40 дүгээр тал/ тогтоол үйлдсэн байх боловч хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй, яллах дүгнэлтийн хавсралтанд Нийслэлийн Цагдаагийн Газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтыг хадгалах байранд хадгалагдаж байгаа талаар дурьджээ.

Шинжээчийн дүгнэлтээр тус хутган дээр цус илэрсэн, илэрсэн цус нь талийгаач Б.М цустай тохирсон, тус хутгыг хэргийн газраас буюу цогцосны хажуу талаас хураан авч бэхжүүлсэн зэргээр эд мөрийн баримтаар тооцсон хутга нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно.

Хутга нь овор хэмжээний хувьд шүүхэд хүргүүлэх боломжгүй эд зүйл биш бөгөөд бусад ямар шалтгаанаар эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй талаар яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ ... эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ” гэж заасныг, мөн мөрдөгчөөс хэргийн газрын үзлэгээр түр хураан авсан хутга, архины шил, дундуур нь тайрсан ундааны сав зэргийг хойшлуулшгүйгээр хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал гаргасныг прокурор 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүчинтэйд тооцох тогтоол үйлдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор ... хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Гэвч М.М шүүхийн хэлэлцүүлэгт ногоон иштэй хутгыг шуудайндаа хийж авч явдаг, ундааны сав зүсэх зорилгоор шуудайнаас гаргаж ирсэн, уг хутгаар бусдад халдсан талаар мэдүүлдэг, энэ үйл баримттай хэргийн оролцогчдоос хэн аль нь маргаагүй бөгөөд дээрх зөрчлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж дүгнэлээ.  

Иймд дээрхи эд мөрийн баримт болох ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч М.М цагдан хоригдсон 151 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Малчбекэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. М овогт М.-н М-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч М.М -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.М-н нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.М-д оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.М-н урьд цагдан хоригдсон 151 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-н гэм хорын хохирол нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох М.М-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

          11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОДОНТУУЛ                 

                                                        ШҮҮГЧИД                             Г.ХАТАНЦЭЦЭГ

                                                                                                  Ц.МӨНХТУЛГА