Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 812

 

Н.Мандаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00114 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Мандаа,

Хариуцагч М.Гэрэлтуяад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 998 661 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

 

Нэхэмжлэгч Н.Мандаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Мандаа, түүний өмгөөлөгч С.Дорждулам,

Хариуцагч М.Гэрэлтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мандаа надаас М.Гэрэлтуяа нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 8 900 000 төгрөг, 7 300 ам.долларыг нэг сарын хугацаатайгаар, хүүгүйгээр бэлнээр тоолж хүлээн авсан. М.Гэрэлтуяа нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр миний Хаан банкны дансаар 8 900 000 төгрөг шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл 7 300 ам.долларыг зээлийн гэрээний хугацаа дуусаад 7 сар өнгөрч байхад өгөлгүй иргэн намайг хохироож байгаа тул шүүхийн журмаар гаргуулан авахаар нэхэмжилж байна. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар 7 300 ам.доллар нь 17 998 661 төгрөг болж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх энэ хүнтэй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5 000 ам.доллар, 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж түүн дээрээ нэмж мөн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр бас 25 000 000 төгрөг авахдаа 1 өрөө байр барьцаанд тавьсан. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэхэд зээлээ төлж дуусгасан. 28 000 000 төгрөгийн үндсэн зээл дээр хүү гэж 13 114 000 төгрөгийг төлж, 41 114 000 төгрөг болсон. Гэхдээ бэлнээр огт хүлээн аваагүй 7 300 ам.доллар гэж бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ нь 5 000 ам.долларын хүү гэж 2 300 ам.долларыг нэмж бичсэн гэж ойлгогдож болохоор байна. 1 609 ам.долларыг би хугацаанд нь төлсөн байгаа.

2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Н.Мандаатай биечлэн уулзаж, тооцоо нийлсэн. Би Иргэний хуулийн дагуу 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож ам.долларын зээлийг төлнө. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр анх Н.Мандаагаас 5 000 ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн үед миний хүү гадаадад суралцаж байсан бөгөөд сургалтын төлбөрийг нь яаралтай төлөх болсон тул уг мөнгийг зээлж авсан. Сарын 2.9 хувийн ам.долларын хүү бол бусад банкуудтай харьцуулахад даруй 10 дахин их байгаа юм.

Иймд шүүх хүүг хуулийн дагуу багасгаж өгнө үү. Энэ хугацаанд хүүнд нь 1 609 ам.долларыг төлсөн болно. Барьцаанд тавьсан байсан орон сууцаа чөлөөлөхийн тулд Н.Мандаагийн тавьсан нөхцөлөөр өмнө зээлсэн мөнгөний хүүг нэмж 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 23 812 075 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Гэрэлтуяагаас 2 548 824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мандаад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гэрэлтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 47 879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мандаад буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Мандаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хариуцагч М.Гэрэлтуяад өмнө нь зээлийн гэрээгээр төгрөгөөр болон ам.долларын зээл олгож байсан. 2013 оны 10 дугаар сарын 21 болон 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуүлагдсан зээлийн гэрээний дагуу М.Гэрэлтуяа төлбөр тооцоог хийж дуусгасан учир би шүүхэд эдгээр гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй. Харин энэ гэрээнүүдийг дуусгавар болгосны дараа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шинээр байгуулсан зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийн гүйцэтгэл болох 17 998 661 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой байхад шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өмнөх дуусгавар болсон гэрээнд хамаарах нотлох баримтаар миний нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хангаагүйг шүүгч хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Сүүлчийн гэрээг байгуулахдаа би М.Гэрэлтуяад 8 900 000 төгрөг, 7 300 ам.долларыг 1 сарын хугацаатай хүүгүй зээлүүлсэн бөгөөд уг зээлийн гэрээг 239 дугаартай нотариатчаар гэрчлүүлж бүртгэлийн 505 дугаарт бүртгэсэн байна. Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бид өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, зээлийн барьцааг чөлөөлсөн бөгөөд үүнийгээ мөн адил 239 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн бүртгэлийн 506 дугаарт бүртгэсэн байна. Үүнийг хариуцагч шүүхэд нотлох баримтаар өгсөн байна. Бид 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулахдаа уг мөнгийг бэлнээр өгч авалцаж мөнгө хүлээлцсэн тухай баримтыг М.Гэрэлтуяа өөрийн гараар бичиж 2 талаасаа гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуүдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Дээр дурдсанаар 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, иргэний үнэмлэхүүдээ нотариатаар баталгаажуулж, бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг М.Гэрэлтуяа өөрийн гараар бичиж, төгрөг болон ам.долларын мөнгөн тэмдэгтийг дэвсгэртээр тоо ширхэгтэйгээр нь бичиж 2 талаасаа гарын үсэг зурсан байхад шүүгч намайг гэрээ байгуулсан өдөр М.Гэрэлтуяад 8 900 000 төгрөг, 7 300 ам.доларыг бодитоор хүлээлгэн өгөөгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Мөн Мандаа зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

М.Гэрэлтуяа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгүулсан зээлийн гэрээний дагуу 8 920 000 төгрөгийн төлбөрийг миний Хаан банкны дансаар шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор гүйцэтгэсэн тухай нотлох баримтыг М.Гэрэлтуяа нь өөрөө шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх гэрээг байгуулагдаагүй хэмээн үгүйсгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч ам.долларын хүүг шүүхээр багасгуулахыг хүссэнийг шүүх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өдрийн гэрээний ам.долларын зээлийг шүүхээр нэхэмжилсэн учир шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байна .

Анхан шатны шүүхийн ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцох, мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу үүргийн гүйцэтгэлийг тооцох асуудлыг би хүлээн зөвшөөрч байна. Үүний дагуу тооцоход миний нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өдрийн зээлийн гэрээний үнийн дүн болох 23 812 075 төгрөгөөс М.Гэрэлтуяагаас хүлээн авсан 8 920 000 төгрөгийг хасахад 14 892 075 төгрөг болон багасаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр надад олгохоор шийдвэрлэсэн 2 548 824 төгрөг дээр 12 343 251 төгрөгийг М.Гэрэлтуяагаас нэмж гаргуулан нийт 14 892 075 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Н.Мандаа нь зээлийн гэрээний үүрэгт 7 300 ам.доллар буюу 17 998 661 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч М.Гэрэлтуяа эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй үндэслэлээ 7 300 ам.долларыг бодитоор шилжүүлэн аваагүй тул тус гэрээний дагуу үүрэг үүсэхгүй, харин  өмнөх зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 5000 ам.долларыг төлөхийг зөвшөөрнө гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан байна.

            Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 21-нээс хойш зээлийн харилцаа үүссэн ба 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн сунгалтын гэрээний агуулга, зохигчдын тайлбараас үзвэл гэрээ тус бүрийг зээлийн үлдэгдлийг тооцсоны үндсэн дээр талууд харилцан тохиролцож байгуулсан гэж үзэхээр байхаас гадна  нэхэмжлэгч нь төгрөгийн зээлтэй холбоотойгоор шаардлага гаргаагүй тул талуудын хооронд үүссэн нийт зээлийн гэрээний үүргийг тооцох шаардлагагүй байна.

Талууд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 5000 ам.долларыг 4 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэй зээлдүүлсэн тухайд маргаагүй, харин нэхэмжлэгчээс уг гэрээний үүргийг хариуцагч биелүүлснийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шинээр гэрээ байгуулж, дахин 7 300 ам. долларыг зээлдэгчид шилжүүлсэн гэснийг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч М.Гэрэлтуяагаас 5000 ам.долларын зээл, хүүгийн  төлбөрийг хэзээ хэрхэн хүлээн авч, өмнөх зээлийн гэрээний үүрэг дууссаныг баримтаар нотолж,   хариуцагчийн татгалзлыг няцаагаагүй байна.

Дээрхээс 7 300 ам.долларыг бодитоор хүлээлгэн өгсөн гэдэг нь хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй тул уг үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй, харин 5000 ам.долларын зээлийн үлдэгдэл дээр 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2016 оны 4 дүгээр сарын 8-ныг хүртэлх 19 сарын хүү нэмж тооцон 7 300 ам. доллар гэж бичсэн гэх хариуцагчийн  тайлбар хэргийн бодит байдалд илүү нийцэхээр байна.

Мөн 5000 ам.долларын зээлийн гэрээг 4 сараар сунгасан нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дууссан, дахин бичгээр гэрээ байгуулж хугацааг сунгасан баримтгүй  тул мөн хугацаанаас хойш Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүү авах эрхээ алдах бөгөөд 2 300 ам.долларын хүү нэмж тооцох үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд 5000 ам. доллараар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн төгрөгийн доллартай харьцах албан ёсны ханш 2026,93 төгрөгөөр тооцож 10 134 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 10 134 600 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7 864 011 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болон нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуульд зааснаар хуваарилсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/00114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын   “...2 548 824 төгрөгийг” гэснийг “10 134 650 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 7 864 011 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “47 879 төгрөгийг” гэснийг “177 104 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 442 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ