Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/069

 

Э.М, Ц.Б, Ц.С, Ө.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч  Э.М, Ө.Т

Шүүгдэгч  Э.Мын өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч Ц.Сийн өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээд Ө.Тгийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч  Э.М, Ц.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  Э.М, Ө.Т, Ц.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 201405000067 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Э.М, дээд боловсролтой, нутгийн удирдлага мэргэжилтэй, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, 1980 оны 4 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 69, 213а-д зааснаар 13 жил хорих ял шийтгүүлж байсан

2. Монгол Улсын иргэн, Ө.Т, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй

3. Монгол Улсын иргэн, Ц.С, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

4. Монгол Улсын иргэн, Ц.Б, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Э.М нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох “*******” ХХК-тай шууд гэрээ байгуулж,

мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засвар, халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон “*******” ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад “*******” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож, Ц.Соос 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг,

2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийн хээл хахуулийг ******* дугаарын дансаар,

мөн “Баянлүнхайрхан” хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.800.000 төгрөгийг шилжүүлэхгүй 2.000.000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Баянлүнхайрхан” хоршооны захирал Ц.Бөөс 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг Ө.Тгийн хувийн 5239011415 тоот дансаар давтан үйлдлээр авсан,

Ц.Б нь Заг сумын засаг дарга  Э.Мт 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Заг сумын Засаг даргын тамгын газрын нярав Ө.Тгийн хувийн дансаар дамжуулан 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Ц.С нь “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах, “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерийг тус тус авахын тулд 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийн хээл хахуулийг ******* дугаарын дансаар өгсөн,

Ө.Т нь  Э.Мыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдаа урвуулан 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох “*******” ХХК-тай шууд гэрээ байгуулж,

мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон “*******” ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад “*******” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож, Ц.Соос 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг,

2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийн хээл хахуулийг ******* дугаарын дансаар авсан мөнгийг хувийн дансандаа авч хадгалсан,

Мөн  Э.Мын “Баянлүнхайрхан” хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.800.000 төгрөгийг шилжүүлэхгүй 2.000.000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Баянлүнхайрхан” хоршооны захирал Ц.Бөөс авсан 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг хувийн 5239011415 тоот дансаар авч давтан үйлдлээр  Э.Мтай бүлэглэн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Э.М, Ө.Т нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Ц.С, Ц.Б нарт мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Ө.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Э.Мт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч  Э.Мыг хахууль авах, шүүгдэгч Ц.С, Ц.Б нарыг хээл хахууль өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг нэг жил хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Ц.С, Ц.Б нарыг тус бүр 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.С, Ц.Б нарт тус бүр оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтэрүүлж, тэдгээрт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Ц.С 56,  Э.М 7 хоног тус тус цагдан хоригдсон, Ө.Т, Ц.Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Э.Мын энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.М арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хоёр жилийн хугацаанд тэнцүү хувааж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар  Э.Мын эзэмшлийн 000143809 дугаартай Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр баг, 10 дугаар гудамжны 31 тоотод байх 993 мкв газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн тэмдэглэлийн дэвтэрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Э.Маас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Ө.Тгийн хувийн 5239011415 тоот дансанд байгаа 6.000.000 төгрөгийг хураан авч, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар  Э.М, Ө.Т, Ц.С, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Э.М, Ө.Т, Ц.С, Ц.Б нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс Ө.Тг төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд хэмээн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн тогтоол нь үндэслэлгүй байна. Шүүхээс Ө.Тг гэм буруутай гэж удаа дараалан буцаасан атлаа цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Ө.Тд холбогдох хэргийг авлигын хэрэг биш гэж үнэлсэн бол түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг үл мэдээлсэн” гэх хөнгөн ялтай хэргээр гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжтой байсан, түүний үйлдлийг нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч  Э.М гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 1990 оноос хойш Заг сумандаа ахуй үйлчилгээний дарга, Цацал хоршооны дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан, нарийн бичгийн дарга, хурлын дарга, Засаг дарга зэрэг төрийн албыг 20 гаруй жил хашихдаа хувьдаа мөнгө завших, хууль бусаар хөрөнгөжих үйлдэл гаргаагүй, тийм ёс суртахуун ч байхгүй, чин шударгаар хөдөлмөрлөж явсан жирийн нэгэн албан хаагч байсан.

Хээл хахууль авах гэдгийг Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан Эрүүгийн хуулийн тайлбараас үзэхэд хээл хахууль авсан тал нь өөртөө ашиг олох, өгч байгаа тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах өгөх хоёр талын сонирхолын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг гэжээ.

Хээл хахуулийн гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын дагуу өөрийн эрхэлж байгаа албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж өөрөө шууд эд материалын болон материаллаг бус ямар нэгэн ашиг олохыг хэлнэ гэж тус тус заасан байх юм.

Энэ талаас нь авч үзвэл Ц.Соос шилжсэн 6.000.000 төгрөг, Ц.Бөөс шилжсэн 1.000.000 төгрөгийн аль алинаас нь би өөртөө ашиг олох байдлаар нэг төгрөг ч аваагүй юм. Бодит байдлыг та бүхэнд толилуулахыг хүсч байна.

1. Ц.Соос шилжиж ирсэн 6.000.000 төгрөгийн тухайд манай захиргаа өөрийн гэсэн буудал байдаггүй учир аймаг, орон нутгаас сургалт семинар хурал цуглаан, хяналт шалгалт хийх зэрэг янз бүрийн ажлаар ирж байгаа албан хаагчдыг байрлуулах байр байхгүй учир сургууль эмнэлэг гэх мэт байгуулагуудыг гуйж ирсэн зочин гийчнийг түр байрлуулдаг байсан юм. Тухайн байгууллагууд ч дуртай байдаггүй. Манай сумын үе үеийн удирдлагууд сумын захиргааныхаа дэргэд буудалтай болох хүсэл мөрөөдөлтэй байсан боловч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад хэрэгжүүлж чаддаггүй байсан юм. Бид ярилцаад захиргааныхаа конторт засвар хийе, буудалтай болъё гэж шийдээд иргэний танхимын засвар халаалтын ажилд 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, үүнийхээ 42.000.000 төгрөгөөр нь засвар өргөтгөлөө хийе, үлдсэн 8.000.000 төгрөгөөр нь буудалтай болъё гэж иргэддээ танилцуулж саналаа дэмжүүлсэн юм. Мөн төсвийн тухай хуулийн дагуу иргэдийн саналаа тамгын газар дээрээ эрэмблээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж батлуулан сумын засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулж ажилд нь оруулсан. Үнэлгээний хорооны боловсоруулсан техникийн тодорхойлолтод 8.000.000 сая төгрөгөөр буудлын байшинг хаана бий болгохыг төсөвлөхдөө захиргааны халаалтын зуухнаас контор буудал хоёулаа халдаг байвал эдийн засгийн хувьд ашигтай юм гэдгийг бодолцсон. Захиргааны конторын зүүн талд 10 метр хүрэхгүй зайд Эрдэнэцогт сумын засаг дарга Ц.Төмөрбаатарын хувийн эзэмшлийн байшин байдаг юм. Одоо ч байгаа, Ц.Төмөрбаатар нь 2008 онд Заг сумаас шилжиж явахдаа өөрийнхөө байшинг зарна, авах хүн байвал мэдэж байгаарай гэж ярьж байсан юм. 2013 оны 2 дугаар сард манай сумын хурлын дарга М.Давхарбаяр Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар бид гурав Баянхонгор аймгийн төвд байдаг Хонгор зоогийн газарт хоол идэж байхдаа байшингийн талаар ярилцсан юм. М.Давхарбаяр дарга эхлээд байшинг чинь 4-5 сая төгрөгөөр авъя гэсэн санал гаргасан, Ц.Төмөрбаатар дарга хариуд нь барилгын материалын үнэ, нэмэгдэж 10.000.000 төгрөгнөөс доош өгөхгүй гэж байсан. Бид гурав нилээд ярилцсаны эцэст 7.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа Ц.Төмөрбаатар нь би байшингаа зарахаа болилоо гэсэн, ямар шалтгаан болсоныг мэдээгүй.

Ц.Төмөрбаатар ярилцсаныхаа дагуу байшингаа зарсан бол Ц.Соос Ц.Төмөрбаатарт байшингийн үнэ шилжих байсан юм. Ц.Төмөрбаатар байшингаа зарахгүй гэсэн болохоор бид буудал барих 8.000.000 төгрөгөө захиргааныхаа мэдэлд төвлөрүүлж авчихаад хавар Хөвсгөл аймгийн Их Уул сумаас ирдэг модон байшингаас өөрсдийн төлөвлөж байгаа хэмжээний байшинг мөнгө төгрөгөндөө тааруулаад авъя гэж бодоод буудлын байшингаа захиргааныхаа ард барихаар тооцож халаалтын зуухандаа буудлын байшин руугаа дулаан өгөх халаалтын шугамын хоолойг гаргаж бэлдсэн, одоог хүртэл байгаа.

Сумын 90 жилийн ой 2014 оны 7 дугаар сард болох байсан болохоор түүнээс өмнө буудлын байшингаа ашиглалтанд оруулаад зочид хүлээж авна гэж тооцож байсан учир Ц.Соос буудлын 8.000.000 төгрөгөө хурдхан авъя гэж бодсон.

Захиргааны байшинд засвар хийж байсан “Эн Би Эс Эй Си ХХК-ийн барилгын хүмүүс хоол хүнснийхээ зарим зүйлийг манай дэлгүүрээс зээлээр авч үнэ нь 600.000 төгрөг болсон байсан. Би Ц.Стой утсаар ярихдаа өөрийн дэлгүүрийн өр 600.000 төгрөгийг аль алиныг нь нэхдэг байсан, 2013 оны 11 дүгээр сарын сүүлчээр Ц.С над руу утсаар яриад би танай өрийг өгье та дансаа өгөөч гэсэн, би өөрийнхөө ******* тоот дансаа өгсөн.

2013 оны 12 дугаар сарын 3-нд Ц.С над руу яриад би таны данс руу 2.300.000 төгрөг шилжүүллээ, 600.000 төгрөг нь танай дэлгүүрийн өр шүү үлдсэн 1.700.000 төгрөг нь буудлын урьдчилгаа мөнгө гэж хэлсэн, би хариуд нь баярлалаа буудлынхаа үлдэгдэл мөнгийг хурдхан өгөөрэй гэсэн. Түүнээс хойш 2-3 удаа утсаар ярьж үлдэгдэл мөнгөө нэхсэн. Учир нь Ц.Соос мөнгөө аваад няравтаа хадгалуулчихъя, хавар эрт буудлынхаа байшингаа баръя гэж бодсон өөр зорилго байгаагүй. Ц.Соос 2013 оны 12 дугаар сарын 30-нд миний дансанд 4.300.000 төгрөг орж ирсэн, ингээд нийтдээ 6.000.000 сая төгрөг болсон. 12 дугаар сарын 31-нд банк данс хоорондын гүйлгээ хийгээгүй, 2014 оны 1 дүгээр сарын 1, 2-нд амралтын өдөр таарч банк ажиллаагүй, надад аймаг орох ажил гараад 4 хоноод ирсэн юм. Тэгээд өөрийнхөө дансанд байсан 6.000.000 төгрөгөө тамгын газрын нярав Ө.Тгийн дансанд 2014 оны 1 дүгээр сарын 9-нд шилжүүлээд буудлын барилгын үнэ гэдгийг хэлсэн. Ц.С мөнгө шилжүүлэхдээ зориулалтаа тодорхой бичсэн байдаг. Жишээ нь 2013 оны 12 дугаар сарын 3-нд буудлын барилгын үнэ гэж 2.300.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-нд буцаан төлөлт гэж 4.300.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 6.000.000 төгрөгийн зориулалт буудал барих мөнгө юм.

Цаг хугацаагаар тооцох юм бол бас миний ******* дансанд 1.700.000 төгрөг 36 хоносон, 4.300.000 төгрөг 9 хоносон. Энэ хооронд дээрх мөнгөнүүдийг би авч ашиглаагүй, дансны хуулганд тодорхой байгаа. 6.000.000 сая төгрөг няравын дансанд 2014 оны 1 дүгээр сарын 9-нөөс одоог хүртэл бэлэн байгаа. Мөрдөн шалгасан хүмүүс прокурор намайг 6.000.000 сая төгрөгийн хахууль авлаа гэж буруутгаад байгаа нь уг асуудлыг аль өнцгөөс хараад байгааг ойлгохгүй байна.

2. Ц.Бөөс шилжиж ирсэн 1.000.000 төгрөгийн тухайд сум байгуулагдсаны 90 жилийн ойг 2014 оны 7 дугаар сард хийхээр төлөвлөсөн байсан. Ойгоо угтаж сум орныхоо өнгө үзэмжийг сайжруулах хог шороогоо цэгцлэх, далан шуудуу татах гэх мэт газар шорооны ажил их байсан юм. Бэлтгэл ажлаа жилийн өмнөөс эхлэе гэж бодоод ухдаг, түрдэг зориулалт бүхий трактортой болъё гээд иргэдээсээ санал авсаны дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 50.000.000 төгрөг баталж өгсөн. Үүний дагуу үнэлгээний хороо байгуулж ажилд нь оруулсан. Тракторын тендерт 2 аж ахуйн нэгж оролцсоноос үнэлгээний хороо “Баянлүн хайрхан” хоршоог шалгаруулаад саналаа ирүүлсэний дагуу захирамж гаргаж гэрээ байгуулсан.

Ц.Б нь гэрээний дагуу нийт үнийн 90 хувь болох 44.000.000 төгрөгийг авч 6 дугаар сарын 10-нд трактороо хүлээлгэж өгсөн. Би Ц.Бт захиргаа энэ трактороор газар ухна, хог түүнэ, бусад аж ахуйн ажил хийнэ, тракторт хийх шатахууны зардал тамгын газарт байхгүй, 2.000.000 төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлээч гэж хэлсэний дагуу Ц.Б зөвшөөрсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Ц.Б 1.000.000 төгрөг өөрт чинь өгөх үү гэхэд нь би баярлалаа, би мөнгө авахгүй Ө.Тд өгөөрэй гэсний дагуу Ц.Б нярав Б.Түмэннасангийн данс руу шилжүүлсэн байсан. Ц.Бийн өгсөн 1.000.000 төгрөгөөр хийх ажлыг нь би нярав Ө.Тд зааж өгсөний дагуу Ө.Т тракторын жолооч Энхжаргал нар уг ажлыг гардан хариуцаж дуусгасан. Би мөнгө төгрөг зарцуулах ажилд оролцоогүй, уг мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, нийтийн үйл хэргийн төлөө зарцуулагдсан.

Прокурор яллах дүгнэлтэндээ 2.000.000 сая төгрөг өгвөл тракторын үлдэгдэл 4.800.000 төгрөгийг шилжүүлнэ гэж хясан богдуулах замаар 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тайлбараар хясан боогдуулах гэдгийг хээл хахууль өгөгчид тохиолдсон онцын шаардлага, тулгамдсан хэрэгцээ зэргийг ашиглан түүний хүсэлтийг хээл хахууль өгсөн тохиолдолд бүтээх боломжтойг ойлгуулж заавал хээл хахууль өгөгчийн хүсэлтийг гүйцэтгүүлэхийг хэлэх юм байна.

Ц.Соос 6.000.000 төгрөг, Ц.Бөөс 1.000.000 төгрөг шилжиж ирсэн нь үнэн боловч тэдгээр мөнгөний зарцуулалт, зорилго нь хээл хахууль авах, өгөх гэсэн санаа шийдэл байгаагүй юм.

Надад ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг би анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй, би хээл хахууль аваагүй гэдгээ мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө үүнийгээ бичиж гарын үсэг зурж саналаа илэрхийлж байсан. Энэ хэрэг явдлын, бидний үнэн зөв байдлыг тогтоохын тулд давж заалдах шатны шүүх өмнө нь 2015 оны 5 дугаар сард, 2016 оны 1 дүгээр сард магадлал гаргаж байсан нь зохих үр дүнгээ өгсөн гэж би хувьдаа үздэг юм.

Давж заалдах шатны шүүх дараах саналыг анхаарч үзэхийг хүсч байна.

1. Мөрдөн байцаах алба энэ үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг мөн үү, тэр тусмаа авлига хээл хахуулын хэрэг мөн үү, энэ хүний хувьдаа авч ашигласан хөрөнгө байна уу гэж олон талаас нь харахын оронд буруутгах ямар шалтаг шалтгаан байна гэдэг талаас нь дандаа хандаж байгаа нь буруу арга юм шиг байна.

2. Хэргийн материал бүрдүүлэхийн тулд зарим нэгэн зүйлийг зориудаар өөрийнхөө санаагаар бичсэн байсан. Жишээ нь: Яллагдагч  Э.М нь Заг сумын засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан биеийн тамир, спорт цогцолбор барьж, байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох “*******” ХХК-тай шууд гэрээ байгуулж, мөн иргэний танхимын барилга дээврийн засварын ажил гүйцэтгэх тендерт оролцсон “*******” ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад шууд гэрээ байгуулах эрхийг олгож хариуд нь Ц.Соос 6.000.000 төгрөгийн хээл хахуулийг хувийн ******* тоот дансаар авсан гэх мэт.

Бодит үнэн нь юу вэ? гэхээр 6.000.000 төгрөг бас хээл хахуулийн мөнгө биш буудал барих мөнгө буцаж шилжиж ирсэн юм. Одоо тэр мөнгө няравын дансанд байгаа юм. Биеийн тамир спорт цогцолбор барьж байгуулах тендерийг шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүд зориудаар буруу ажиллаж барилгын тусгай зөвшөөрөл нь дуусан үнийн санал нь өрсөлдөгч компаниас өндөр “Баян шар Булаг” ХХК-ийг шалгаруулсан байсан. Үнэлгээний хорооныхон тендерт оролцсон компаниудын ерөнхий үзүүлэлтүүдийг үнэлэхдээ илт худлаа дүгнэсэн байсан. Хэрвээ үнэлгээний хорооны гишүүд шударга ажилласан бол “*******” ХХК-ийг шалгаруулах байсан нь огт эргэлзээгүй юм гэж үзээд шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан.

Харьцуулалтын тендер амжилтгүй болсон тохиолдолд захиалагч буюу засаг дарга шууд гэрээ байгуулж болохыг заасан байдаг. Засаг дарга хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэнийг буруу гэж үзээд байгаа нь ямар учиртай юм болоо.

Иргэний танхимын барилга дээврийн засварын ажлын тендерт 4 аж ахуйн нэгж урилга авч оролцохоо илэрхийлж байсан боловч “*******” ХХК-иас өөр аж ахуйн нэгж оролцоогүй юм билээ. Үнэлгээний хорооноос Засаг даргад ирсэн зөвлөмжид тендерт нэг оролцогчийн материал ирсэн учир харьцуулалт хийж шалгаруулах боломжгүй байна, захиалагч өөрөө мэдэж шийдвэрлэхийг зөвлөсөн байсан. Үүний дагуу миний бие төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтуудыг баримтлан тендер амжилтгүй болсон тохиолдолд захиалагч шууд гэрээ байгуулж болох заалтын дагуу гэрээ байгуулах шийдвэр гаргасан юм.

Дээрх 2 тендер 2013 оны 7 дугаар сард болсон, Ц.Соос буудлын мөнгөний буцаан төлөлт 2013 оны 12 дугаар сард шилжиж ирсэн. Гэтэл үүнийг мөрдөн байцаагч, 6.000.000 төгрөгийн хахууль авчихаад шууд гэрээ байгуулах эрх олгосон мэтээр материал бүрдүүлсэн.

3. Ц.Бөөс шилжиж ирсэн 1.000.000 сая төгрөг бол сумын 90 жилийн ой угтсан бэлтгэл ажлын хүрээнд шатахууны үнэ гэж ирсэн мөнгө энэ мөнгөөр газар шорооны ажил хийгээд дууссан. Гэтэл үүнийг трактор нийлүүлсэний үлдэгдэл төлбөр болох 4.800.000 төгрөгөө авах гэхэд нь 2.000.000 төгрөг өгвөл өгнө гэж хясан богдуулах замаар 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг Ө.Тгийн дансаар дамжуулж авлаа гэж зориуд буруутгахаар хэргийн материал бүрдүүлсэн. Уг нь 1.000.000 төгрөгийн тухайд гэвэл би Ц.Бт шатахууны үнэнд 2.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлээч гэж хүссэн нь үнэн боловч тэр 1.000.000 сая төгрөг нь миний дансанд орж ирээгүй. Би тэр мөнгийг захиран зарцуулаагүй.

4. Прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцдог албан тушаалтан боловч яллах талыг дандаа барьж төр иргэнээ хэлмэгдүүлж болохгүй байх. Мөрдөн байцаагчаас ирүүлж байгаа хэргийн материалыг олон талаас нь сайтар нягталж үзэх нь чухал байдаг болов уу. Олон хэрэг дээр ажилладаг учир цаг хугацааны хувьд бүгдтэй нь бүрэн танилцаж амжидаггүй, мөрдөн байцаагчийн ирүүлсэн хэргийн материалд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг юм болов уу гэж бодсоноо нуусангүй. Хэн нэгэн хүний гарцаагүй хийсэн хэргийг өмгөөлж болохгүй байх, хийгээгүй хэргийг хийсэн мэтээр асуудалд хандах нь шударга ёсонд нийцэхгүй байх.

Сангийн яамны дэргэдэх худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн тендертэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргахдаа зөвхөн  Э.М миний үйл ажиллагаан дээр дүгнэлт хийсэн байсан. Уг нь миний хүсэлт шүүхийн шийдвэрээр бол бүхэлд нь дүгнэлт гаргах ёстой болов уу. Сангийн яамны мэргэжилтэн үнэлгээний хорооны гишүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах ёстой байсан болов уу? Яагаад би үүнийг бичээд байгаа юм бэ? гэхээр прокурор, анхан шатны шүүх  Э.М миний биеийг буруутган, үнэлгээний хорооны гишүүдийн шийдвэрийг зөв гэж үзээд байгаа учир үнэлгээний хорооны шийдвэр зөв байсан эсэхийг нягтлан шалгуулах шаардлага байгаа бөгөөд үүнд хэргийн гол учир байгаа.

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 16 дугаар талд шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж бичсэн байна. Би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл би хээл хахууль аваагүй юм. Иймд шүүхийн тогтоолын энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн 17 дугаар талд шүүгдэгч Э.Мын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Ө.Тгийн хувийн 5239011415 тоот дансанд байгаа 6.000.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэжээ. Мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүх намайг 6.000.000 сая төгрөгийг хувьдаа авчихсан гэж ял төлөвлөж байгаа, тэгвэл тэр 6.000.000 төгрөгийг надад өгчихөж болдоггүй юм уу. Шүүхийн тогтоолд зааснаар миний биеийг хахууль авсан гээд 10.000.000 төгрөгөөр торгоод дээр нь хахуульд авсан гээд байгаа 6.000.000 төгрөгийг улсын орлого болгоно гэдэг нь давхар шийтгэл болоод байна уу гэж би хувьдаа бодож байна. Андуу бодсон байж магадгүй.

6. Шүүх хурал бол мэтгэлцээний талбар байх ёстой болов уу гэж би боддог юм. Иймд мэдүүлгээ худлаа өгөөд байгаа Эрдэнэцогт сумын засаг дарга Ц.Төмөрбаатар, Заг сумын хурлын дарга байсан М.Давхарбаяр нарыг шүүх хуралд биечлэн оролцуулах саналтай байна.

7. Миний бие өөртөө ашиг олох зорилгоор нэг ч төгрөг аваагүй. Би хээл хахууль авах ёс суртахуун байхгүй. Гэтэл хэрэгт буруутгаж байгааг миний бие дахин нягтлуулах хүсэлтэй байна.

8. Анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 2-т заахдаа шүүгдэгч Э.Мт 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй гэсэн байна. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол гэж заажээ. Би Засаг даргын албан тушаалаа 2016 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгсөн. Одоо эрхэлсэн ажилгүй жирийн иргэн, хясан богдуулах аргыг хэрэглээгүй. Иймд надад оногдуулсан хахууль авах гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

9. Миний бие хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй. Улсад болон хувь хүнд нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Иймд энэ хэргийг бүхэлд нь хянаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгч Ц.С гаргасан давж заалдах гомдолдоо: Манай компани 2013 оны 4 дүгээр сард Заг сумын Засаг даргын тамгын газраас зарласан “Спорт цогцолбор” барьж байгуулах тендерийн урилгыг хүлээн авч сонгон шалгаруулалтын баримт бичигт заагдсан материалыг хугацаанд нь бүрдүүлж оролцсон, гэтэл тус тендерт “Баяншарбулаг” ХХК оролцсон бөгөөд уг тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гурван гишүүн нь дээрх компанийн эзний ах дүү нар байсан тул манай компани тус сумын ерөнхийлөн захирагч буюу Засаг даргад гомдол гаргасан, Засаг дарга нь манай гомдлын дагуу шалган үзэхдээ тендерт оролцсон “Баяншарбулаг” компанийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсныг илрүүлж “Төрийн болон орон нутгийн өмчийн бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” хууль, болон холбогдох бусад журмын дагуу манай компанитай шууд гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу ажил гүйцэтгэлийг хийж байх хугацаанд Иргэний танхим засварлах гэсэн тендер зарлагдсан. Тус сонгон шалгаруулалтын гүйцэтгэх ажлын материалд 8.000.000 төгрөг нь зочид буудал барих мөнгө бөгөөд үндсэн ажил гүйцэтгэх өртөг нь 42.000.000 төгрөг гэж заасан байсан. Энэ тендерт манай компани оролцохоор урилгыг хүлээн авахад гурван компани бүртгүүлсэн байсан боловч тус ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний комисс шийдвэр гаргахдаа захиалагч буюу сумын Засаг даргыг гэрээ байгуулан ажиллахыг зөвлөсөн шийдвэр гаргасан байсан. Тэр шийдвэрийнх нь дагуу сумын Засаг даргатай манай компани гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн, ажил гүйцэтгэлийн дараа зочид буудлын барилга барих 8.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг банкны орлогын баримтад “Зочид буудлын мөнгийг буцаан төлөв” гэж гүйлгээний утга дээр нь тодорхой бичиж шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа нь хээл хахуулийн ямар нэгэн шинжгүй билээ. Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

Цагаатгагдсан этгээд Ө.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараахь тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газарт 2006 оноос өдийг хүртэл няравын ажил хийж байгаа, тус хэргийг анх шалгах явцад авлигатай тэмцэх газраас намайг гэрчээр тогтоон байцаалт авч байсан. Гэнэт 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр надад Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж сэжигтнээр шалгаж, сумын Засаг дарга Н.Мөнхбаяртай хамтран оролцсон гэж байгаад гомдолтой байна.

Ямар ч гэрч, нотлох баримтгүйгээр албан тушаал, хийж байгаа ажил үүрэгтэй холбогдуулан шалгаж, гүтгэж хуулийн ямар ч үндэслэлгүйгээр гэрч гэж хууль сануулан асууж байцааж байгаад, одоо болохоор хэрэгтэн гэх зэргээр мөрдөн мөшгиж, хуулиар хамгаалсан эрх, эрх чөлөөг минь хясан боогдуулж байгаад иргэн хүний болон төрийн албан хаагчийн хувьд гомдолтой байгаагаа уламжилж байна.

Би олон жил няравын ажил үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн нэр дээр нэг л орлого, зарлагын харилцах данстай. 2010 оноос өмнө няравын баримтаар алба хаагчдын цалинг авч, гарын үсгийг зуруулан бэлнээр олгодог байсан, 2011 оноос хойш ажилчдын харилцах данс руу цалинг нь бэлэн бусаар нягтлан бодогч нь шилжүүлдэг болсон.

Би Засаг даргын тамгын газарт няраваар ажиллласан үеэс буюу энэ дансыг эзэмшсэнээс хойш ажил үүргийн холбоотой мөнгө орлогдох, зарлагдах гүйлгээг байнга хийсээр ирсэн. Тухайлбал аймгаас бараа, материал авч ирэх гэж явахдаа байгууллагын бэлэн мөнгийг харилцах дансандаа байршуулан ирж зарлагдаад баримтаа нягтлан бодох бүртгэлийн дагуу нягтландаа өгч санхүүгийн тооцоогоо нийлдэг байсан.

2013 оны 7 дугаар сарын 4-нд нярав миний эзэмшдэг харилцах данс руу "Баянлүнхайрхан" хоршооноос 1.000.000 төгрөг түлшний үнэ гэж орлогоор шилжиж орж ирсэн, мөн 2014 оны 1 дүгээр сарын 9-нд мөн 6.000.000 төгрөг "Эй Би Эс Эй Си" ХХК-иас Засаг даргын тамгын газрын дэргэдэх зочид буудлын мөнгө гэж орж ирсэн. Би энэ мөнгийг дур мэдэж зарлагдахгүй, дутааж, үрэхгүй байх зорилгоор буюу их хэмжээний мөнгө байсан тул хугацаат хадгаламжид банкны хүү тооцогдоод бага ч болов өсөөд байж байг, буцааж хэрэглэгдэх үед нь хүүтэй нь гаргаад өгнө гэсэн бодолтой байсан. Хэрэв миний бие үүнийг авлига өгч авч байна гэсэн бол банкаар аваад банкинд хүүтэй хадгалуулахгүй байсан. Энэ талаар төрийн сангийн төлөөлөгч Д.Дуламсүрэнд хэлэхэд буудал барих мөнгө тул төсвийн дансанд оруулж болохгүй, учир нь буцаагаад татчихдаг тул байгууллагын эд хариуцагч нярав учраас чи дансандаа байлгаж бай гэж надад хэлсэн.

Гэтэл намайг авлига авсан гэж буруутгаж байгаад үнэхээр гомдолтой байна. Би энэ мөнгөнөөс огт захиран зарцуулаагүй, би бусдад тендер өгч бусдаас мөнгө авах эрх мэдэлтэй хүн биш бөгөөд худалдан авах ажиллагааны талаар нэг ч зүйл мэдэхгүй би оролцоогүй. Зочид буудал барих талаар манай дарга нар их л ярилцдаг байсан бөгөөд тухайн жил манай сумын ой болох гэж байгаатай холбогдуулан маш их бүтээн байгуулалтын ажил хийж байсан. Би тус мөнгийг хувьдаа завших талаар ямар ч бодол санал байхгүйгээр барахгүй яаж сумын сайн сайхны төлөө зарцуулах вэ гэж боддог байсан.

Засаг дарга ч гэсэн надад тухайн мөнгийг өгөхдөө 90 жилийн ойн бэлтгэл ажил болгож суманд буудал барих, хог түрэх ажил хийх мөнгө юм шүү гэж хэлж байснаас биш өөрөөр ойлгуулж хэлж байсан удаагүй. Би шударга хөдөлмөрөөр амьдарч өнөөдрийг хүрсэнээс хэн нэгнээс илүү дутуу харж явж байсан удаа байхгүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Тухайн хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас нь эхлэн прокурорын хяналт тавьж байна. Анхан шатны шүүхээс Ө.Тг яллагдагчаар татуулахаар хэргийг 3 удаа мөрдөн байцаалтад буцааж байсан атлаа түүнд холбогдох хэргийг авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв шүүх түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзсэн бол хэргийн зүйлчлэлийг өөрчлөн үл мэдээлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх ёстой байтал ингэж шийдвэрлээгүй, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг үндэслэлгүйгээр ял шийтгэж байгаад гомдолтой байна. Ц.Соос авсан 6.000.000 төгрөг нь манай суманд буудал барих, Ц.Бөөс авсан 1.000.000 төгрөг нь сумын хог зайлуулах зардалд зарцуулагдах мөнгөнүүд байсан бөгөөд би хувьдаа нэг ч төгрөг зарцуулаагүй, одоогоор буудал барих ёстой 6.000.000 төгрөг нь Ө.Тгийн дансанд байгаа. Би авлига авсан гэмт хэрэг үйлдээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээд Ө.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би авлига аваагүй, би хэрэг хийгээгүй гэдгээ мөрдөн байцаагчид удаа дараа хэлж байхад прокурор гэмт хэрэг хийсэн гэж эсэргүүцэл бичиж байгааг ойлгохгүй байна гэв.

Шүүгдэгч  Э.Мын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг бараг 4 жил гаран шалгагдаж одоо 7 дахь удаагийн шүүх хуралдаан болж байна. Хэрэгт зөвхөн яллах талын нотлох баримтууд авагдсан бөгөөд цагаатгах талын баримт огт хавсаргагдаагүй байгааг анхаарч үзэхийг хүсье. Иймд  Э.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Э.Мын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Э.Мын үйлдэл, оролцоо гэмт хэргийн субектив шинжийг агуулаагүй, уг мөнгийг ямар зорилгоор аваад байгаа гэдгийг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн үү гэдэгт анхан шатны шүүх анхаарч үзээгүй, шийтгэх тогтоол хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Сийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендэрүүд хууль бус явагдсан байсан тул эрх олгогчоос миний үйлчлүүлэгчийн компанитай шууд гэрээ байгуулсан байдаг. Тухайн суманд буудал барих мөнгийг буцаан шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Тг цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч нарын давж заалдах гомдлуулад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Г.Тамир 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Ц.Сийг “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах, “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерүүдийг тус тус авахын тулд 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.300.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4.300.000 төгрөг нийт 6.600.000 төгрөгийн хээл хахуулийг Хаан банкны ******* дугаарын  Э.Мын дансаар дамжуулан Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга  Э.Мт өгсөн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татан байцаалтын тэмдэглэл үйлдэн уг зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэх үедээ хэрхэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн, эсхүл нэмэлт оруулсан талаар ямар нэгэн тогтоол үйлдэлгүйгээр Ц.Сид 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүх уг зүйл хэсгээр нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр  Э.М, Ц.Б, Ц.С, Ө.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх  Э.М, Ц.Б, Ц.С, Ө.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын яллагч Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч  Э.М, Ц.С нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлийг энэ удаад хянан шийдвэрлэх боломжгүй байгааг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол  Э.М, Ц.Б, Ц.С, Ө.Т нарт тус бүр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                     ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                         Т.ДАВААСҮРЭН