| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2018/0032/З |
| Дугаар | 213 |
| Огноо | 2018-04-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 213
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч Д.Халиуна нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Н
Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга
Гуравдагч этгээд: С.Р
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд С.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.Н 2018 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эрх, ашиг нэлээн хөндөгдсөн. Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэтгэвэрт гарах байсан. Төрийн байгууллагад 26 жил ажилласан. Энэ байдлыг минь харгалзан, хүндэтгэж үзэх ёстой гэж бодож байна. Намайг ажлаас чөлөөлөхөд намын үзэл бодол, хувь хүний үзэл бодол орсон. Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын асуудал, цалин хөлс, зэрэг олон зүйлээр насны эцэст хохирч байна.
Миний хувьд өмнөх хохирлуудаа нөхөж авах хүсэлтэй байна. Түүнээс ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, эгүүлэн ажилд томилуулах шаардлага байхгүй. Томиллоо гэхэд зэрэгцээд тэтгэвэрт гарна. Мөн С.Р г ажилгүй болгох гэсэн зүйлгүй. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөцийн мэргэжилтний чиг үүрэг байсаар байгаа.
С.Р хэлэхдээ “дарга үүрэг өгөхөөр даргын үүргийн дагуу л хийсэн” гэдэг. Ажлын байрны тодорхойлолтод ажиллах ёстой чиг үүргийг заасан байдаг. Төрийн байгууллага, хувийн байгууллага аль аль нь чиг үүргийнхээ дагуу ажил, үүргээ гүйцэтгэх ёстой. Бүх зүйлийг үүрэг даалгавраар хийнэ гэж байхгүй. Удирдлагын шийдвэрээр л С.Р ажилд томилогдсон болохоос энэ хүний буруу биш юм. Гэхдээ тангараг өргөсөн төрийн албан хаагч хийж байгаа үүрэгт ажлын талаар үнэн зөв ярих ёстой байх.
Хурал хийсний дараа 28-ны өдөр тушаалаа гаргаад зохион байгуулалтаа батлаад, ямар ч сонсох ажиллагаа явуулаагүй, бүх хүмүүсээ чөлөөлсөн тушаал танилцуулсан. Тухайн тушаалаар жирэмсэн, хүүхдээ асарч байсан гээд 30 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн. Төр захиргааны албан ажлыг хувь хүний эрх ашгийн үүднээс улс төржүүлж олон албан хаагчдын эрх, ашгийг хөндсөн.
Намайг ажлаа архивт хүлээлгэж өгөөгүй гэж С.Р байна. Тухайн үед ажлаа хүлээлгэж өгөх эзэн байгаагүй. Тушаал гарсан 28-ны өдөр 5 дахь өдөр байсан. 1 дахь өдөр гэхэд оронд орж ирэх бүх хүмүүс ирчихсэн байсан учраас ширээн дээрх зүйлсээ цуглуулж аваад гарсан. Тэгэхэд ажил хүлээлцэх ямар ч боломжгүй байсан. Миний компьютер дээрх ажлууд төрийн албаны зөвлөлийн шаардлага болон хуулийн дагуу байсан. Манай байгууллага 2015 онд Архивын улсын үзлэгээр улсад 3 дугаар байр эзэлсэн. Тэгэхэд миний ажлыг захиргаа, хүний нөөц талаасаа өндрөөр үнэлсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын захиргаа, удирдлагын дарга хүний нөөцийн ажилтнаа дагуулан ирж миний ажлыг үзүүлж байсан. Миний хувьд төрийн ажил тасралтгүй явагдах ёстой гэдэгт анхаарч, ажиллаж ирсэн. Байгууллагын 2014 оны шилдэг ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Нийслэлийн хүндэт цол тэмдэг зэргээр тус тус шагнуулж байсан. Өмнө нь ч гэсэн голдуу удирдах албан тушаалд ажиллаж байсан. Туршлагыг маань мэргэжлээс илүү авч үзсэн байх. Ийм ч учраас дарга, удирдлагын итгэлийг алдахгүйг хичээж, алдаагүй ажилласан. Биднийг анх ажилд авахдаа орлогч дарга н.Батаа нэг бүрчлэн уулзаж, анкеттай танилцсан. Тухайн үед ажилд орсон албан хаагчдын анкет дээр н.Батаа даргын гарын үсэг байгаа. Биднийг ажилд авахдаа маш өндөр шалгуураар шалгаж авсан. Иймд шүүх бүрэлдэхүүнийг үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэсэн зарчим байдаг. Энэ зарчим нь захиргааны үйл ажиллагаандаа баримтлах хамгийн том зарчим юм. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Б/159 дүгээр тушаалыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь нотлогддог. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэл болгосон байсан. Тус заалтуудыг уншаад үзвэл төрийн албанаас Ж.Н ийг чөлөөлж байгаа бодит нөхцөл байдал буюу нэгдүгээр зүйл дээр бичсэн хуулийн заалт, хуулийн үндэслэл хоёр нь хоорондоо ямар ч уялдаа холбоо байхгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн болон өөр албан тушаалд сонгогдож томилогдсон тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх заалт юм. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалт нь “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэсэн байгаа. Дээр нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр заалтыг барьсан байсан. Энэ заалт нь төрийн албан хаагчийн баталгааг төр хангах ёстой гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмыг үндэслэсэн заалт юм. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн нэмэлт баталгаа юм. Энэ баталгаагаар төр Ж.Н ийг хангаж чадаагүй. Учир нь Э.Болормаа даргын Б/159 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа буюу урьдчилсан байдлаар мэдэгдэх, тайлбар, санал авах ажиллагаагаа хийгдээгүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч хэлдэг.
Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль гарснаас хойш гарсан байгаа учраас энэ акт нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой цаг хугацаанд гаргасан тушаал байгаа. Тийм учраас тухайн тушаал нь Захиргааны ерөнхий хууль, тогтоомжийг зөрчсөн байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжийг Э.Болормаа дарга зөрчсөн гэдэг нь нотлогдож байгаа. Э.Болормаа даргыг 2018 онд ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 зөрчсөн гэж байна. Энэ бол маш том үндэслэл юм. Б/159 дүгээр тушаалын гол үндэслэл болгосон захирамжийг Э.Болормаа дарга зөрчсөн гэдгийг томилсон эрх бүхий албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг дарга баталсан. Тэгэхээр үндэслэлд дурдсан захирамжийг Э.Болормаа дарга зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг Э.Болормаа дарга тушаал гаргахдаа мөн зөрчсөн. Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтэд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон албан тушаалтан төрийн албаны хүний нөөцийн бодлого шийдвэртэй холбоотой зүйлийг шийдвэрлэхгүй гэж заасан байгаа. Э.Болормаа дарга түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалыг эрхэлж байх үедээ Ж.Н ийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэж үзэж байгаа. Иймд дээрх хуулиудыг Э.Болормаа даргын гаргасан тушаал зөрчсөн байна гэж үзэж байгаа.
Төрийн алба тасралтгүй үргэлжлэх ёстой. Мөн мэргэшсэн, тогтвортой байх ёстой гэсэн үндсэн том зарчим бий. Тэгэхээр энэ зарчим нь дээрх тушаал гарснаас болж алдагдсан. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр явагдсан бүтэц, орон тоо бол хууль бус түрэмгийллийн шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болсон гэдгийг тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэж байсан хүмүүс хэлсэн. Тэгэхээр ийм нөхцөл байдалд байсан хүн ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн ч юм уу, мэргэжил мэргэшлийн дагуу ажил, албан тушаалдаа тэнцээгүй гэсэн үндэслэлээр тушаал гаргах үндэслэлгүй байсан.
Төр нь төрийн албан хаагчийг баталгаагаар хангах ёстой. Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа гэсэн хамгийн том зарчмыг төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Төр энэ баталгаагаар хангах үүргээ биелүүлсэнгүй. Улсын Дээд шүүхийн тогтоол дээр хэдийгээр Ж.Н ийг ажлаас чөлөөлсөн тушаалд орон тоо хасагдсан гэсэн нэр томъёо гараад байгаа ч гэсэн чиг үүрэг нь хэвээрээ байна. Чиг үүрэг нь хэвээрээ байгаа учраас тэр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хүн болон адилтгах албан тушаал дээр нь яагаад томилох саналыг хүргүүлээгүй юм бэ гэдгийг тодруулж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас шийдвэрлээгүй байна гэж бичсэн байгаа. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь анх 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын А/10 дугаартай захирамжаар байгуулагдсан. Энэ байгууллага нь тухайн үедээ 5 хэлтэс, 56 албан хаагчийн орон тоотой байгуулагдсан. Энэ бүтэц маань өөрөө 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4 хэлтэс, 35 хүний орон тоотой батлагдсан. Үүний дагуу бүтцийн зохион байгуулалт хийгдээд нийтдээ 21 хүн халагдах, чөлөөлөгдөх үндэслэл бий болсон. Энэ тушаалыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга дур мэдэн гараагүй юм. Үүний үр дүнд 2 хэлтэс татан буугдаж 21 хүн ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ингэж чөлөөлөхдөө хуулийн үндэслэлтэй 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа явуулаад, чөлөөлөгдсөн хүмүүст 3 сарын 1 удаагийн тэтгэмжийг олгосон байдаг. Хүний нөөцийн албан тушаал дээр гэж яриад байдаг уг бүтэц нь батлагдахдаа хүний нөөцийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэдэг орон тоо бол байгаагүй одоо ч бас байхгүй. Захиргаа санхүүгийн хэлтэс нь нэг даргатай, 1 ахлах мэргэжилтэнтэй, 12 мэргэжилтэнтэй байна гээд бий болсон” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд С.Р 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд тайлбараа бичгээр гаргаад өгсөн. Тэр тайлбар дээрээ би анх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Тодорхой хугацаанд ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ахлах мэргэжилтнээр томилогдсон. Яагаад томилогдсон бэ гэхээр албан байгууллага дотроо захиргаа санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг болон тавигдах шаардлага нь миний боловсрол болон бусад зүйлд нийцсэн учраас захиргаа санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллах уу гэдэг саналыг тавиад, ажилсан байгаа. Захиргаа санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд тэр чигт нь хяналт тавьж, бусад мэргэжилтнүүд болон бусад хэлтсүүдийн үйл ажиллагааг доголдуулахгүй авч явах үүргийг хүлээж ажилладаг. Яг миний ажлын чиг үүрэг дээр хүний нөөцийн удирдлагаар хангах гэсэн чиг үүрэг бол байхгүй. Гэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй ажилладаг” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэж тодруулжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаартай захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг дөрвөн хэлтэс, дарга, орлцогчтойгоор баталсан орон тооны дээд хязгаарыг 35 хүртэл байхаар баталж, үүний дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаартай тушаалаар “Захиргаа, санхүүгийн хэлтэс 12 хүнтэй байхаар хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн”-ий орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон үйл баримт болжээ.
Нэхэмжлэгч тал “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Болормаагийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ж.Н ийг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/159 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг мөн уг албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч тус байгууллагын хүний нөөц, боловсон хүчний хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй” гэж, харин хариуцагч тал “Газрын зохион байгуулалтын бүтэц баталж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтэс 12 хүний бүрэлдэхүүнтэй, хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтний орон тоо хасагдсан тул хуульд заасан журмын дагуу нэг удаагийн тэтгэмж өгч ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргаж байгаа болно.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.
1. “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/05 дугаар тушаалаар 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Ж.Н ийг хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар томилж, тус газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Ахлах мэргэжилтэн томилох тухай” Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулж, дахин 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Ж.Н ийг ажилд томилох тухай” Б/54 дүгээр тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэст хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэж байсныг хэвээр үлдээж ТЗ-6-3 шатлалын дагуу үндсэн цалинг 533.625 төгрөгөөр тооцжээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамжаар “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын бүтцийг 4 хэлтэстэй байхаар, орон тооны хязгаарыг 35 хүртэл албан хаагчтай байхаар баталсан байхад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/46 дугаартай тушаалаар тус газрыг 3 хэлтэс, 35 албан хаагчтай ажиллахаар баталж, нэхэмжлэгчийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар “албан тушаалын орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ.
Хэдийгээр хариуцагч “...газрын зохион байгуулалтын бүтцээр хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтний орон тоо хасагдсан” гэж тайлбар гаргаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог “56 хүртэл үүнээс газрын дарга, орлогч дарга 2” гэж баталсан нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжийн хавсралтын 22 дугаарт “Худалдан авах ажиллагааны газар 4 хэлтэс, орон тоо 35 хүртэл үүнээс дарга, орлогч” гэж баталж, Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/34 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Захиргаа удирдлагын хэлтэс 11 орон тоотой, “хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1” гэсэн, мөн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Захиргаа санхүүгийн хэлтэс 12 орон тоотой” гээд хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтний орон тоог хассан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч төрийн байгууллагын орон тооны бүтцийн өөрчлөлтөөр хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтний орон тоог хассан боловч тухайн ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж, энэ чиг үүргийг Захиргаа санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн бүрэн хэрэгжүүлж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Худалдан авах ажиллагааны газрын даргын 2013 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан “Ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-ын 1.Ажлын байрны зорилго: “...төрийн албан хаагчдын судалгаа гаргах, үнэлж дүгнэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх...” 2.Ажлын байрны үндсэн зорилт: “...байгууллагын нийт албан хаагчдын судалгаа гаргах, үнэлж дүгнэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, хөдөлмөрийн сахилга зөрчил гаргасан ажилтнуудын талаарх асуудлыг шийдвэрлүүлэх, ...албан хаагчдын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт” гэх зэрэг баримтаар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах”-аар зохицуулсан бөгөөд хариуцагчаас дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гуравдагч этгээдийг ажилд шууд томилж, харин нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заагаагүй үндэслэлээр ажил, албан тушаалаас чөлөөлөгдөхгүй бөгөөд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд шилжин ажиллах, давтан сурах, энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг авах баталгаагаар хангагдах эрхтэй, эдгээр баталгаагаар хангах боломжгүй тохиолдолд нэг удаагийн тэтгэлэг олгож ажлаас чөлөөлөх зохицуулалтыг захиргааны байгууллага хуульд заасан дарааллыг хэрэгжүүлээгүй байна.
Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр байгууллагынхаа ажилчдыг ажил албан тушаалаас нь чөлөөлсөн өдөр тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар тухайн үед Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэжлийн шалгалтанд ороогүй байсан С.Р г Захиргаа санхүүгийн хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, гуравдагч этгээд С.Р нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан боловч ажил үүргийн хуваарь өөр албан тушаалд очсон байхад хуульд заасны дагуу өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах арга хэмжээ аваагүй атлаа төрийн албанд тавигдах шаардлага хангаагүй хүнийг гаднаас шинээр ажилд томилсон захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвтгөх боломгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байх бүх хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор байна.
Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эрхэлж байхдаа ТЗ-6-3 шатлалын дагуу урьд авч байсан цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.
2. “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоос үзэхэд ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагад эдийн засагч, эрх зүйч, бизнесийн удирдлага, мэргэшилд удирдахуйн ухааны чиглэлээр мэргэшсэн, туршлага мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, магистр түүнээс дээш зэрэгтэй гэжээ.
Дээрх албан тушаал нь дан ганц хүний нөөцийн ажил албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлдэггүй болох нь ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн чиг үүргээр нотлогдож байх бөгөөд мөн нэхэмжлэгчийг тус ажлын байрны ерөнхий шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байх тул шүүхээс дээрх ажлын байранд томилохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн Дээд Сургуулийн бүрэн курсыг 1986 онд Хүнсний үйлдвэрийн машин, аппаратын мэргэжлээр төгссөн, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Герман Улсын Чөлөөт Залуучуудын Эвлэлийн Төв Зөвлөлийн дэргэдэх Вилхельм Пийкийн нэрэмжит Залуучуудын Дээд Сургуулийг 31 дэх удаагийн олон улсын удирдлагын ухааны дээд курст суралцаж Удирдагч мэргэжлээр төгссөн, 2013 онд Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орсон, 2013 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна.
Гуравдагч этгээд С.Р нь 2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Худалдааны удирдлагын чиглэлээр, 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр чиглэлээр тус тус суралцаж төгссөн байх ба 2017 оны 02 дугаар сард Төрийн албаны шалгалтанд тэнцэж, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна.
Мөн Төрийн албаны тухай хуулиар тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг шалгаруулан томилох эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд байх тул шүүхээс энэхүү ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан иргэн Ж.Н ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.Н эд ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 11,814,884 /арван нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг /үүнээс нэг удаагийн олгосон тэтгэмжийг хасч тооцож/ гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА