Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0156

 

 

 

 

 

 

 

 

                         Ж.Эгийн гомдолтой 

                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Ж.Э

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч Ж.Э

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э

Гомдлын шаардлага: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 000948 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Ж.Э

Хариуцагч: Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2021/0091/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Ж.Эгаас Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эт холбогдуулан “...2021 оны 11 сарын 04-ний өдрийн 000948 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр: 

“...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Эгийн “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 0000948 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ж.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Хариуцагч Ч.Э, төрийн аудитын газрын ахлан аудитор Т.Н нарын тайлбараар намууд тайлан авах талаар албан тоот хавсралтаар журам хүргүүлсэн гэж мэдүүлсэн боловч надад намаас болон сонгуулийн хороо, хариуцсан ажилтны хэн нь ч хэлээгүй, танилцуулаагүй. Сонгуулийн сурталчилгааны цөөхөн хоногийн хугацаанд миний бие Хаан банкинд хандивын данс нээлгэсэн боловч орлого ороогүй буюу дансаа 0 төгрөгтэйгөөр хаалгаж дансны хуулгыг 0 төгрөгөөр нотариатаар батлуулан гаргаж өгсөн. Тухайн үед энэ тухай сонгууль эрхэлсэн Улаангом сумын МАН-ын хороонд дансны тайлангаа өгсөн цаашаа аудитын газарт хүргэгдээгүй гэж үзэж байна.

3.2.Үндсэн хууль, сонгуулийн тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдлыг хангадаг бол сонгуулийн хороо, сонгууль эрхэлсэн байгууллага болох МАН-ын Улаангом сумын хороо, аймгийн аудитын байгууллага нэр дэвшигчдэд шударга бус хандаж ажил албан тушаалтнуудад тайлан өгөхийг шаардаж авсан дүр эсгэж жирийн иргэд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, угтаа эрх бүхий албан тушаалтнуудын ширээнээс ширээнд дамжсан журам зааврын төлөө дааж давагдашгүй ял шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна.

3.3.Нөгөөтээгүүр сонгууль эрхэлсэн байгууллага МАН-ын хороо, төрийн өмнө иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлээгүй аудитын газрын албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг мөн. Аливаа хэргийн нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж буруутай этгээдэд шийтгэл ногдуулдаг нь хуулийн зарчим, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэмжээг харгалзана гэж хуульчилсан, гэтэл би эс үйлдэхүйгээр ямар шинжид хамаарч, хэдий хэмжээний хохирол хэнд учруулсан гэдгээ мэдэхгүй байна.

3.4.Эхний үлдэгдэл “0”, эцсийн үлдэгдэл “0” гэж дарга нарт илтгээгүйн төлөө 10 сая төгрөгийн торгууль ногдуулсанд одоог хүртэл итгэхгүй байгаа, өөрөөр хэлбэл сонгогдох эрхээ эдэлснийхээ төлөө хуулийн туршилтад өртөж хохирох ёсгүй, ийм иргэндээ ээлгүй төр засаг, шүүх байгаад гомдож байна. Монгол Улсад мөрдөгдөж буй 318 хуулийг иргэд байтугай хуульчид ч бүрэн төгс уншиж судлаагүй, мэдэхгүй байгаа нь бодит үнэн.

3.5.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт миний бие эргэлзэж байна, учир нь Монгол Улсын нэрийн өмнөөс иргэндээ хамгийн харгис шийдвэр гаргасан, өөрөөр хэлбэл ямар ч байгууллагад нэг ч төгрөгийн хохирол учруулах, эсхүл зөрчил үйлдээгүй байхад жирийн сонгогдох эрхээ эдэлсэн иргэнээ торгож яллаж байна.

3.6.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “иргэн Ж.Эд” холбогдох зөрчлийн хэргийн шийтгэвэрт үл таних “иргэн Ч.Б” гэдэг хүний хэргийг хамт хэлэлцсэн байна, учир нь надад үл ойлгогдох шүүхийн шийдвэрийг албан тоотоор гардуулсан. Гомдол гаргагчийг өөр хэн нэгэнтэй андуурч шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.7.Иргэн Ж.Э миний энэ зөрчил гаргасан гэх хэргийг дахин нягтлан шалгаж дараах асуудлыг тодруулж өгнө үү. Үүнд:

А. Аудитын газраас намуудад ирүүлсэн албан тоотыг сонгууль эрхэлсэн байгууллагад хэзээ ирүүлсэн эсэх,

Б. Зөрчил үйлдсэн талаар надад хэзээ, ямар албан тушаалтан мэдэгдсэн эсэх,

В. Зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ямар арга хэмжээг аймгийн сонгуулийн хороо, сонгууль эрхэлсэн байгууллага буюу Увс аймгийн МАН-ын хороо хэрхэн ажиллаж заавар, зөвлөмж, сургалт хийснийг тогтоох,

Г. Аймгийн аудитын газар зөвлөн туслах, хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж хэрэгт хавсаргах зэрэг болно.

3.8.Төрийн байгууллага, албан тушаалтан эрхээ эдэлж торгох байдлаар шийтгэж чаддаг тохиолдолд үүний адил үүргээ биелүүлж ард иргэддээ зөвлөх, туслах, урьдчилж сануулах ёстой гэж үзэж байна.

3.9.Миний бие өндөр насны тэтгэврийн 350.000 төгрөгийн орлоготой, ногдуулсан төлбөрийг төлөх боломжгүй, тэр тусмаа энэ хэргийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргана.

Иймд дээрх үндэслэлээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас давж заалдах гомдлыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэв.

ХЯНАВАЛ:

1.Шүүхийн шийдвэрт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч Ж.Э 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшиж оролцохдоо хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайландаа аудитын дүгнэлт гаргуулан Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

2.Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “…нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …торгоно” гэж заасан бөгөөд давж заалдах гомдолд дурдсанчлан хандивын дансанд орлого орсон эсэх, тухайн сонгууль эрхэлсэн төв байгууллага болох аймгийн МАН-ын хорооноос энэ талаар урьдчилан танилцуулж, шаардсан эсэх, цаашлаад хуулийн энэхүү заалтыг мэдсэн эсэх, сонгуульд ялсан эсэхээс үл хамаарч Ж.Э нь зардлын тайлангаа заасан хугацаанд хүргүүлэх үүргээ нэр дэвшигчийн хувьд биелүүлэх үүрэгтэй.

3.Уг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.3 дугаар зүйлд шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг тус тус хуульчилсан байна.

   Хуулийн эдгээр зохицуулалт болон нэхэмжлэгчээс сонгуулийн зардлын тайлангаа заасан хугацаанд холбогдох байгууллагад ирүүлээгүй шалтгаанаа тайлбарласан давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд үүнийг зөрчлийн шинжгүй гэж дүгнэх боломжгүй.

   Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд энэ тохиолдол хамаарахгүй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг дээрх болон бусад хууль, хэм хэмжээний актаар зөрчлийн шинжгүй гэж тодорхойлоогүй тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд хуульд заасан хариуцлага хүлээлгэснийг “иргэндээ харгис шийдвэр гаргалаа” гэж дүгнэхгүй.

   Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Э 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “…Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг мэдэж байсан, гэхдээ дансанд нэг ч төгрөгийн орлого ороогүй, зарлага гараагүй учраас сонгуулийн зардлын тайлангаа өгөх шаардлагагүй гэж үзсэн, намын нөхдийн ярианаас ч орлого, зарлага байхгүй тохиолдолд тайлан өгөх шаардлагагүй гэж тухайн үед сонсож байсан…” гэснээс үзэхэд хуулийг буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин тухайн үед сонгуулийн зардлын тайлангаа аймгийн Төрийн аудитын газарт бус харин МАН-ын хороонд хүргүүлсэн байх тохиолдолд шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг тэрхүү намын хорооноос иргэний журмаар шаардахад шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг тэмдэглэв.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Ч.Эын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын талаар тусгахдаа “…Улаангом сумын 10 дугаар тойрогт “МАН”-аас нэр дэвшсэн Ч.Б нь… хуулийн 56.3-т заасныг хэрэгжүүлээгүй гэх Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд Зөрчлийн хэрэг нээсэн…” гэсэн нь ойлгомжгүй байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гарагч Ж.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   А.САРАНГЭРЭЛ

                                                                                                                              

ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН