Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1116

 

 

 

 

 

 

 

   2020          06           15                                   2020/ШЦТ/1116

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Бтүүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох 2006 02210 1320 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэр бүл март дэлгүүрийн гадна байрлуулсан Hyundai Porter 2 маркийн 60-24 УНИ улсын дугаартай авто машинаас хохирогч М.Б эзэмшлийн орлогын 1.170.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14 дүгээр тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэр бүл супер маркетийн гадна компанийн эзэмшлийн Хьюндай портер-2 маркийн 6024 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ирсэн. Тэгээд супер маркетруу орж гарч ирээд машиныхаа хойд бүхээгээс бараа авч оруулчихаад машиндаа суухад миний өмсдөг ажлын хантааз жолоочийн суудал дээр байхаар нь үзэхэд халаасанд нь байсан 1 сая төгрөг алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б хүсэлт /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

     

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Бнь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэр бүл март дэлгүүрийн гадна байрлуулсан Талх чихэр ХК-ий эзэмшлийн Hyundai Porter маркийн 60-24 УНИ улсын дугаартай авто машин дотроос хохирогч М.Б ажлын хантаазны халаасанд байсан орлогын 1.170.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тамхи татах гээд гал асуухаар машины хаалгыг нээж үзэхэд халааснаас нь мөнгө цухуйж байхаар нь авсан” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14 дүгээр тал/,

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний өмсдөг ажлын хантааз жолоочийн суудал дээр байхаар нь үзэхэд халаасанд нь байсан 1 сая төгрөг алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-н зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Б.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч М.Бнь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Б-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бнь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-с учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

                                                                                                

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар Б.Б-д долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бнь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                                                                                                

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ