Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00416

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Очир овогт Б.Н /РД:.........../, Очир овогт Б.Ц /РД:................../,

Нэхэмжлэгч: Боржигон овогт Ш.Г /РД:.............../, Боржигон овогт Г.М /РД:................/  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 сарын 27-ны өдрийн .................. дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 8 сарын 17, 22-ны өдрийн .......................дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 сарын 14-ний өдрийн ..................дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ц нь Баянгол дүүргийн ......... 46 тоот үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч,

 Б.Н нь ......................601 тооторон сууц, 58, 59 зоорын давхар, авто зогсоолын хамтран өмчлөгч,

Ш.Г, Г.М нар нь Баянзүрх дүүрэг .................... 140 тоот орон сууцны хамтран өмчлөгч нар юм.

Эдгээр орон сууцнуудыг “Монгол цэцэнс даймонд” ХХК-иас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжилж, хурааж, улмаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын хувьд битүүмжилсэн, хураасан ажиллагаанд огт оролцож чадаагүй бөгөөд ийнхүү битүүмжилсэн хураасан актыг танилцуулаагүй болно.

Ийнхүү битүүмжилж хураасан талаар мэдэгдээгүй бөгөөд улмаар үнийн санал авах тухай мэдэгдэл ирж бичгээр үнийн санал авсан юм.

Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үе шатуудад гомдол гарган шийдвэрлүүлэх хуульд заасан эрхийг эдлэх боломжгүй болгож шууд дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна” гэсэн байна. Харин Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар олон нийтэд 14 доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Тэгтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрх ашиг сонирхол нь зөрчигдөж буй гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч нарт  хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй байна. Дуудлага худалдаа болох товыг 2016 оны 9 сарын 22 буюу дуудлага худалдаа болохоос 8 хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

 Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2.6-т “Энэ хуульд заасан журам шүүхийн шийдаэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 197 дугаар зүйлийн 197.24.-т “хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна

3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Төрийн банкинд 854.900.314 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү төлбөрийн үнийн дүнд бүхий л орон сууцыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 06 сарын 27-ны өдөр гаргасан 150/68 болон 150/66 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тоггоол, 2016 оны 08 сарын 17, 2016 оны Ш сарын 22-ны өдрийн 150/74, 150/73, 150/75, 150/78 тоот Эд хөрөнгө хураах тоггоол, 2016 оны 09 сарын 14-ны өдрийн ..................тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны дууллага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н, Б.Ц, Ш.Г, Г.М нарын гаргасан төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураан, улмаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамтран өмчлөгч нарыг оролцуулаагүй, мэдэгдээгүй, хуульд заасан эрхийг эдлэх боломжгүй болгосон тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 07-ны өдрийн 03050 дугаар захирамжаар 'Монголцэцэнс даймонд” ХХК-иас 854.900.314 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 6 сарын 02-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ” гэж заасан бөгөөд хамтран өмчлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох талаар хуульчилсан заалт байхгүй.

Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нар нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үе шатуудад гомдол гарган шийдвэрлүүлэх хуульд заасан эрхийг эдлэх боломжгүй болгож шууд дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн гэжээ.

Шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 9 сарын 07-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа ирүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг тус албанд гаргаж байгаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” заасны дагуу төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2016 оны 9 сарын 22-ны өдөр хүргүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 197 дугаар зүйл заалт нь төлбөрт хураагдсан хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй.

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт дурдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н, Б.Ц, Ш.Г, Г.М нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 сарын 27-ны өдрийн .................. дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 8 сарын 17, 22-ны өдрийн .......................дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 сарын 14-ний өдрийн ..................дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.         

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03050 дугаар захирамжаар “Төрийн банк” ХХК-ийн 852.689.615 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Монголцэцэнс даймонд” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 6 сарын 02-ны өдрийн 16280685 дугаар тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03050 дугаар захирамж, 2016 оны 5 сарын 06-ны өдрийн 101/ШЗ2016/18810 дугаартай захирамж, 101/ГХ2016/02020 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16280685 дугаар тогтоол гаргасан, энэ тогтоолыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна.

Тус алба нь 2016 оны 6 сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 3/20951 тоот мэдэгдэл төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК-д хүргүүлж тэмдэглэл үйлдсэн, “Монголцэцэнс даймонд” ХХК 2016 оны 6 сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг төлөөлж оролцох итгэмжлэл Г.Мад олгосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 6 сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/66, 150/68 дугаар тогтоолоор Ү-2206011967 бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/4 дүгээр байрны А2-501, 601 тоот орон сууц, зоорийн давхрын 58, 59 тоот авто зогсоолын хамт, Ү-2206021407 бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Зайсангийн гудамж 52 дугаар байрны 49 тоот  127.78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц тус тус битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарлан, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мад    мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн,  шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн байна.

Мөн албанаас 2016 оны 8 сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/75, 150/76 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 5 Б байрны 46 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, /13311/, Их Монгол Улсын гудамж, 418 дугаар байрны 140 тоот хаягт байршилтай, 43.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мад   мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 сарын 17-ны өдрийн 150//73, 150/74, 2016 оны 8 сарын 22-ны өдрийн 150/77, 150/78 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мыг байлцуулан  хурааж, энэ тухай тэмдэглэл үйлдэн Г.Мад төлбөрийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн байна. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас 2016 оны 8 сарын 31-ний өдрийн 3/27679, 3/27680, 3/27681, 3/27682, 3/27683, 3/27684, 3/27685, 17867 дугаартай албан бичгээр үнийн санал авч, тэдний харилцан зөвшөөрч тогтоосон үнийн 70 хувиар тооцож барьцааны хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тус тус тогтоож, энэ тухай нэхэмжлэгч Б.Н, Б.Ц, Ш.Г, Г.М нарт 3/28812, 3/28814, 3/28808, 3/28809 албан бичгээр мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шуудангаар хүргүүлж,  баримтжуулсан, барьцааны хөрөнгийг 2016 оны 9 сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 6 сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн 16280685 дугаар тогтоолын дагуу явагдсан  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 сарын 27-ны өдрийн .................. дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 8 сарын 17, 22-ны өдрийн .......................дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 сарын 14-ний өдрийн ..................дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Н, Б.Ц, Ш.Г, Г.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116., 118. дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 34.4.-т  заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 сарын 27-ны өдрийн .................. дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 8 сарын 17, 22-ны өдрийн .......................дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 сарын 14-ний өдрийн ..................дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Н, Б.Ц, Ш.Г, Г.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР