Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 238

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-д холбогдох 2021003350236 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн .............. суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот ....... дүүрэгт байрлах “.......” барилгын компанид үйлчлэгч ажилтай, Улаанбаатар хот ....... дүүрэг .... дүгээр хороо .................хамт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- /РД: ЖМ................../.

Шүүгдэгч Х нь 2019 оны 09 дүгээр сард өөрийн болон гэр бүлийн өмчлөлд үхэр сүрэггүй боловч байгаа мэтээр иргэн М-г хуурч уг үхрээсээ тугалтай үнээ зарна гэж бодит байдлыг нуух замаар түүнээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг залилсан,

мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд өөрийн болон гэр бүлийн өмчлөлд үхэргүй боловч байгаа мэтээр иргэн Б 12 бяруу, 50 төлөг худалдахаар тохиролцож 5.710.000 /таван сая долоон зуун арван мянга/ төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ бол миний буруу. Би Б-с цувуулж мөнгө авсаар байгаад 5,710,000 төгрөг болсон нь үнэн. Би энэ мөнгийг төлчихнө гэж тооцоолоод авсан боловч ломбарданд байсан эд зүйлээ алдсанаас болж нэмж өрөнд ороод төлж чадаагүй. М авсан мөнгийг хүүхдүүдийнхээ сургуулийн хэрэгцээнд зарцуулсан. Миний хувьд одоо Улаанбаатар хотод ажилд ороод 6 сар болох гэж байна. Тийм учраас цалингийн зээл аваад хохирлыг ямар ч гэсэн барагдуулна гэж бодож байна” гэв.

            Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн фэйсбүүк хаяг болох “Босоо монгол Мөнхөө” гэх хаягаар үхэр, адуу худалдан авна гэсэн утга бүхий зар байршуулаад зарын дагуу надтай холбогдоод ирсэн хүмүүстэй ярилцаж тохиролцоод мал авдаг байсан. Намайг Дорнод аймгийн төвд байхад 2019 оны 09 сард өөрийгөө Х гэж танилцуулсан эмэгтэй хүн над руу залгаад надад мөнгөний хэрэг байна, би чамд тугалтай үнээ зарж борлуулъя, манай мал Чойбалсан суманд байдаг юм гэж хэлсэн. Тэгээд Х гэх эмэгтэйтэй Хэрлэн сумын .....дугаар баг...............гэх байрны урд өөрийнхөө машин дотор уулзаж тохироод тугалтай үнээг 1,000,000 төгрөгөөр авахаар тохироод 1 сая төгрөгөө шууд бэлнээр тоолж өгсөн. Дараа нь надад өгсөн утасны дугаар руу нь залгахад эсвэл холбогдох боломжгүй, эсхүл авахгүй байсан. Тэгээд би сураглаж явсаар түүний нөхөр гэх залуутай уулзахад “Би Х гэх хүнийг хаана байгааг мэдэхгүй. Хамт амьдрахаа больсон. Энэ хүний мал гэж манайд байхгүй” гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сарын орчим Хандааг ХААН банкинд үйлчлэгчийн ажил хийж байхад нь уулзахад мал байдаг гэж худлаа хэлсэн юм, цалингаа буухаар мөнгийг чинь өгье гэж хэлсэн боловч түүнээс хойш утсаа авахгүй эсвэл утсаа авахаараа янз бүрийн шалтаг тоочоод байна...” гэжээ. /хх-ийн 13-14/

            Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ..................... багт оршин суудаг бөгөөд хувиараа мал цуглуулахаар сумын фэйсбүүк групп дээр 2019 оны 02 сард бяруу, төлөг их хэмжээгээр худалдаж авна гэсэн зар тавьсан. Үүний дагуу манай сумын Х гэдэг эгч над руу анх 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 896........ дугаараас залгаж ярьсан. ...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд Х-с 12 бяруу, 50 төлөг авахаар тохиролцож нийт 5,710,000 төгрөгийг цувуулан өгсөн. Тэгээд Х эгчийг малаа авчирч өгнө гэхээр нь итгээд хүлээж байгаад 2019 оны 5 сард уулзахад эгч нь 2 хоногийн хугацаанд малыг чинь цуглуулаад өгье гэсэн боловч надаас авсан мөнгөнийхөө оронд малаа ч өгсөн юм байхгүй, утсаа ч авахгүй холбоо барихгүй алга болсон. Хөдөө гэр рүү нь очихоор нөхөр нь аймагт байгаа гээд байгаа учир намайг хуурч залилаад байна гэж үзэж байна. ...Надад 12 бяруу 50 төлөг 6 сард бэлэн өгнө гэж хэлж байсан. Хөдөө гэрт мал маань байгаа, би хотоор эмчилгээ хийлгээд явж байна, өөрөө очиж байгаад өгнө гэж хэлдэг бөгөөд сүүлд өгөх мал байхгүй болсон хойноо ломбарданд мөнгөн эмээл, хөөрөг байгаа. Түүнийгээ авч зараад мөнгийг маань өгнө гэдэг болсон. Ер нь надад хэлэхдээ бярууг бяруугаар нь төлгийг төлгөөр нь өгнө л гэдэг байсан...” гэжээ. /хх-ийн 43-49/

            Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би М-д зарахаар тохирсон тугалтай үнээгээ өгөөгүй, мөн авсан 1 сая төгрөгөө ч өгч чадаагүй байна. Уг нь манайд тоонд ороогүй 1 тооны тугалтай үнээ байсан бөгөөд тэрийгээ зараад өгнө гэж бодож байсан чинь манай нөхөр хүнд өгчихсөн байсан. Нөхөр Б надаас салаад хаашаа явсан нь мэдэгдэхгүй болчихсон учраас би хүнд худлаа хэлсэн болчихсон. ...Би Б-г .............. сумын зарын групп дээр бяруу, төлөг авна гэсэн зар тавьсан байхыг хараад холбогдож бяруу төлөг хамаагүй өгнө, мөнгө авъя гэж цувуулж мөнгө авсан. Тухайн үед мөнгө авахдаа эгч нь ямар ч гэсэн малыг чинь болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод эмчлүүлж байснаа болиод БНХАУ-ын Алтан-Эмээлд байдаг бариач дээр очиж үзүүлэх гэж явах хооронд манай нөхөртэй уулзсан байсан. ...Манайх өөрийн гэсэн үхэр байхгүй, хэдэн хонь ямаатай байсныг манай нөхөр өрөндөө өгөөд дууссан. Энэ асуудлаас болоод нөхөртэйгээ таарамжгүй болоод салчихаад байгаа. Би дахиж ийм асуудал гаргахгүй, миний буруу. Би энэ авсан мөнгөө ямар ч байсан төлж барагдуулна...” гэжээ. /хх-ийн 20-22, 60-62/

           

Гэрч Н мэдүүлэг /хх-ийн 54-55/

Х, М-с мөнгө тоолж авч буй гэрэл зургийн хуулбар /хх-ийн 10/

...........................сумын .....дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77-78/

Б 2018, 2019 оны мал тооллогын баримт /хх-ийн 79-80, 83-84/

Б ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 92-99/

Х-н гадаад паспортын хуулбар /хх-ийн 100-101/

Х-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/

Х-н эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 68/

Х-н гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 69-70/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х-нь өөрийн болон гэр бүлийн өмчлөлд үхэр сүрэггүй боловч байгаа мэтээр 2019 оны 09 дүгээр сард хохирогч М хуурч уг үхрээсээ тугалтай үнээ зарна гэж бодит байдлыг нуух замаар түүнээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 13-ны хооронд хохирогч Б мөн өөрийн болон гэр бүлийн өмчлөлд үхэр сүрэггүй боловч байгаа мэтээр хуурч 12 бяруу, 50 төлөг худалдахаар тохиролцож 5.710.000 /таван сая долоон зуун арван мянга/ төгрөгийг тус тус авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би М зарахаар тохирсон тугалтай үнээгээ өгөөгүй, мөн авсан 1 сая төгрөгөө ч өгч чадаагүй байна. Уг нь манайд тоонд ороогүй 1 тооны тугалтай үнээ байсан бөгөөд тэрийгээ зараад өгнө гэж бодож байсан. ...Би Б  ............ сумын зарын групп дээр бяруу, төлөг авна гэсэн зар тавьсан байхыг хараад холбогдож бяруу төлөг хамаагүй өгнө, мөнгө авъя гэж цувуулж мөнгө авсан. ...Манайх өөрийн гэсэн үхэр байхгүй, хэдэн хонь ямаатай байсныг манай нөхөр өрөндөө өгөөд дууссан. Энэ асуудлаас болоод нөхөртэйгээ таарамжгүй болоод салчихаад байгаа. Би дахиж ийм асуудал гаргахгүй, миний буруу. Би энэ авсан мөнгөө ямар ч байсан төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийн давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М “...тугалтай үнээг 1,000,000 төгрөгт авахаар тохироод 1 сая төгрөгөө шууд бэлнээр тоолж өгсөн. Дараа нь надад өгсөн утасны дугаар руу нь залгахад эсвэл холбогдох боломжгүй, эсхүл авахгүй байсан. Тэгээд би сураглаж явсаар түүний нөхөр гэх залуутай уулзахад “Би Х гэх хүнийг хаана байгааг мэдэхгүй. Хамт амьдрахаа больсон. Энэ хүний мал гэж манайд байхгүй” гэж хэлсэн...” гэх, хохирогч Б “... Х 12 бяруу, 50 төлөг авахаар тохиролцож нийт 5,710,000 төгрөгийг цувуулан өгсөн. Тэгээд Х эгчийг малаа авчирч өгнө гэхээр нь итгээд хүлээж байгаад 2019 оны 5 сард уулзахад эгч нь 2 хоногийн хугацаанд малыг чинь цуглуулаад өгье гэсэн боловч надаас авсан мөнгөнийхөө оронд малаа ч өгсөн юм байхгүй, утсаа ч авахгүй холбоо барихгүй алга болсон...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн .............. сумын ..... дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 155 тоот “Б нь 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 6, хонь 5, ямаа 20, нийт 31 тоо толгой мал тоолуулсан бөгөөд эхнэр Х нэр дээр “А” данс байхгүй болно” гэх тодорхойлолт, хохирогч Б ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Х, М-с  мөнгө тоолж авч буй гэрэл зургийн хуулбар, Х гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Х нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Х-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос 500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 6,210,000 төгрөгийн хохирлын төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 40 настай, эмэгтэй, бага боловсролтой,  Улаанбаатар хотын ............. дүүрэгт байрлах “...............” барилгын компанид үйлчлэгчийн ажил хийж байгаа бөгөөд хоёр охины хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Х-г бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн улмаас хохирогч Б 5,710,000 төгрөгийн, М-д 1,000,000 төгрөгийн, нийт 6.710.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч Б-т 500,000 төгрөгийн төлж үлдэгдэл хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Х-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 6,210,000  төгрөгийг гаргуулж, хохирогч М-д 1,000,000 төгрөгийг, Б-д 5,210,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-н  хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х-г гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 6,210,000 /зургаан сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг ................... тоотод оршин суух М-Д /РД: ЖЮ ................../-д, 5,210,000 /таван сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн ...... сумын ................ багт оршин суух Б-н  /РД: ЖВ............../-т тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖМ.................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА