| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0191/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 192
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-д холбогдох эрүүгийн 2021000000202 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... дугаар баг ............... хорооллын................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ......дүгээр сарын .....-ны өдрийн 2020/ШЦТ/............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х /РД: ЖЬ................/
Шүүгдэгч Х нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг ...................тоотод орших гэртээ согтуурсан үедээ эхнэр Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр Х нь /кран/ машинаар Хэрлэн сумын 10 дугаар баг “Хэрлэн номин” худалдааны төвийн зүүн талаас хашаандаа цементэн бетон шон авчрахаар гэрээсээ гарч яваад өдөр нь кран эвдэрсэн хүнээр засуулах гэж байна, мөнгө хэрэгтэй гэж хэлээд надаас бэлнээр 50.000 төгрөг авсан юм. Тухайн үед кран янзалж байсан Б гэх залуу нь мөн ахин мөнгө нэхсээр байгаад миний нөхрөөр найз Г нь бас 100.000 төгрөг авхуулсан байсан бөгөөд тэд нар кран янзалж байхдаа бага зэрэг архи ууцгаасан байсан. Тэгээд ямар ч байсан миний нөхөр Х намайг гэртээ байхад орж ирээд амарсан юм. Ингээд 22 цагийн орчимд байх манай нөхрийг унтаж байхад буюу намайг гэрийнхээ гадаа хашаандаа юм хийж байхад кран янзалж байсан залуу Б нэлээд согтуу ирээд “хийсэн ажил дуусчихлаа мөнгөө авна” гэж хэлэхэд нь би унтаж байсан нөхөр Х-г сэрээж “энэ хүмүүстэйгээ учраа ол” гэхэд миний нөхөр гэрээс гарч тэд нартай хэсэг юм ярьж байгаад буцаад гэрт орж ирээд надад хандан “чи намайг унтаж байхад хүн дагуулж гэрт орж ирлээ. Наадах хүмүүс чинь ажлаа дуусгаагүй байгаа” гэж хэлээд надтай хэрүүл маргаан үүсгээд улмаар миний зүүн уруулын дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед миний амнаас цус гарч уруул маань шүдэндээ цохигдож оёдол тавиулсан юм.” гэжээ. /хх-ийн 07-09/
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр өдөртөө тохирсон зүйлээ янзалж дуусгаад орой нь үлдэгдэл мөнгөө авах гээд Х-н гэрт очоод гэрийнх нь гадаа Х ахаас үлдэгдэл мөнгөө нэхэхэд “би гэр лүүгээ ороод эхнэрээсээ мөнгө аваад ирье” гэж ороод гэр дотроо эхнэртэйгээ маргалдаж муудалцаж байгаад гарч ирсэн юм. Учир нь түүний эхнэр нь надад өгөх ёстой байсан мөнгийг өгөхгүй гээд маргалдах болсон. Миний хувьд яг эхнэрээ зодсон эсэхийг нь хараагүй. Учир нь би гэрийнх нь гадаа байсан” гэжээ. /хх-ийн 14/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны .. дугаар сарын .. -ны өдрийн …. тоот дүгнэлтэд:
1. Э-н биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18-19/
Х-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б манай гэрт согтуу ирээд надаас үлдэгдэл мөнгөө нэхсэн бөгөөд энэ үед эхнэр Э надад хандан “би чамд өдөр мөнгө өгсөн биз дээ” гээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Миний хувьд Б-д хандан “Чи согтуу байна, би чамд мөнгө өгөхгүй, одоо яв” гэж хэлээд буцаад гэрт орж ирэхэд эхнэр Э намайг амраахгүй хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурандаа нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед эхнэрийн дээд шүд нь бага зэрэг цус болоод цагдаа дуудна гээд байхаар нь би гэрээс гараад явсан...” гэжээ. /хх-ийн 25-27/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29/
Гэрч З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 31-32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Х нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ........................тоотод байх гэртээ согтуурсан үедээ эхнэр Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж дээд уруулд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э “...надтай хэрүүл маргаан үүсгээд улмаар миний зүүн уруулын дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б “...би гэрлүүгээ ороод эхнэрээсээ мөнгө аваад ирье” гэж ороод гэр дотроо эхнэртэйгээ маргалдаж муудалцаж байгаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны …. дугаар сарын …. -ны өдрийн …. тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, аюулын зэргийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Х үйлдлийн улмаас хохирогч Э-н дээд уруулд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны … дугаар сарын …-ны өдрийн ….. тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Х-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Эрдэнэсувд нь “...би өөрийн нөхөр Х-гээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй бөгөөд гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЬ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-т 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-т оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х-т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЬ.................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА