Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 217

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг  

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд  

Шүүгдэгч П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-д холбогдох эрүүгийн 2021002130218 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн ............... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн................ сумын .....дугаар баг ................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  П /РД: ЖА ....................../.

Шүүгдэгч П нь 2018 оны 11 сараас 2020 оны 01 сар хүртэл хугацаанд Дорнод аймгийн ..............сумын 6 дугаар баг “Б” гэх газраас зөвшөөрөлгүй нойтон болон хуурай хэрэглээний мод, мөн нойтон түлээний мод бэлтгэж ......ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн хурааж ойн санд нийт 5090200.3 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.  

Иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг ................ сумын Засаг дарга эрүүгийн 2021002130218 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилсон. П-н бэлтгэсэн модыг улсын орлого болгох учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа П-н бэлтгэсэн модыг улсын орлого болгох учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 94-95/

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын үед “У” гэх газарт нутаглах иргэн П-н хашаанаас баруун хойд зүгт 50 орчим модыг огтлоод 2 хэсэг газарт хураасан байхыг анх харсан. ...Үүнээс хойш 2019 оны 07 дугаар сарын орчим 2018 онд мод хураасан байсан газарт очиж харахад дээрх мод нь урьд намайг харж байснаас нэмэгдсэн байсан ба үүнээс хойш дахин 2020 оны 01 дүгээр сард уг модыг харахад улам их болж нэмэгдсэн байхаар нь энэ талаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид мэдэгдсэн. ...хураагаад орхисон модыг анх 2018 онд харсан бөгөөд үүнээс хойш би дээрх газарт 2-3 удаа очиж харахад миний анх харсан модон дээр мод нэмж хураасан байсан. Дээрх мод нь бүгд нарс мод байсан болохоор миний анх харсан мод мөн эсэхийг мэдэхгүй гэхдээ анх хураагаад орхисон байсан газарт мод нэмж хураасан байхыг бодоход уг модон дээр хэн нэг нь мод нэмж бэлтгэж хураасан...” гэжээ. /хх-ийн 96-97, 113-114/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр заставын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад ............ сумын П нь үдийн орчим цэнхэр өнгийн Портер машинтай заставын урд талаар зүүн тийш яваад оройхон  20 орчим мод ачаад заставаас жоохон алсуур гэрийнхээ зүг явж байхыг 2 удаа харсан. Тэгээд П-г модонд явсны маргааш санамсаргүй гэрийнх нь гадуур гарахад гэрийнх нь гадаа цөөн мод байсан. Ийм учраас би уг модыг заставын баруун хойно буулгасан модыг мөн гэж бодож байна. ...П ойролцоогоор 4 метрийн урттай нарс мод 20 орчмыг ачаад 2 удаа явсныг заставын үүднээс харсан...” гэжээ. /хх-ийн 98-99/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Хэдний өдрийг сайн санахгүй байна. Манай хүргэн дүү намайг надтай хамт модонд яваад өгөөч, би ганцаараа хүч хүрэхгүй байна гэхэд нь 2 удаа модонд хамт явсан. Бид хоёр ........... сумын 6 дугаар багийн нутаг “Ц” гэх уулын баруун талын “Б” гэх газарт очиж мод ачиж ирсэн. Тухайн газарт өмнө нь тайраад унагасан нарс модны шар үзүүрүүд зөндөө байсан. Би тэнд очоод П бэлтгэсэн модноос өргөлцөж машинд хамт ачсан. Түүнээс өөр мод хөрөөдөж тайрч бэлтгэсэн зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 100-101/  

Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би П мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй. Харин манай талийгаач эхнэр Л-н гэрт байхад нь ирээд мод бэлтгэх эрхийн бичиг чинь байна уу, байвал би хүнд харуулчхаад буцаагаад аваад ирье гэж аваад авчирч өгөөгүй. ...П яагаад ойгоос мод бэлтгэсэн хугацаа дууссан эрхийн бичгээр дахин мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн мод бэлтгэх эрхийн бичиг дээрх хугацаа, тээвэрлэх хоног, ард нь бэлтгэж дууссан ойн инженерийн гарын үсэг байсаар байтал яагаад мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Мод бэлтгэх эрхийн бичгийг хараад хугацаа дууссан гэдгийг хүн уншаад мэдэх ёстой баймаар юм. П манай гэрээс тухайн мод бэлтгэх эрхийн бичгийг 2020 оны 01 сард билүү 02 сард авсан байх...” гэжээ. /хх-ийн 111/

Дорнод аймгийн ......сумын Сум дундын Ойн ангийн инженер шинжээчийн 2020 оны .... дугаар сарын ...-ны өдрийн дүгнэлтэд:

1. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг нь бичигдсэнээс хойш 1-3 хүртэлх хоногийн хугацаатай байдаг учраас мод бэлтгэх эрхийн бичгээр ойд нэвтэрч мод бэлтгэхийг хориглоно.  

2. Хүчингүй. Мод бэлтгэх эрхийн бичиг нь бичигдсэнээс хойш 1-3 хоног хүртэлх хугацаанд ойгоос мод бэлтгэнэ.

3. Дээрх моднууд нь П тайрахаас өмнө хууль бусаар тайрагдаж талбай дээрээ цэвэрлэгээ хийгдэлгүй үлдсэн нойтон нарс төрлийн шар үзүүрүүд болно.

4. Нойтон хэрэглээний мод 13,0127 м3, хуурай хэрэглээний мод 1,2769 м3, нойтон түлээний мод 1,8289 м3 тус тус байна.

5. Царам уулын баруун талд Битүү гэх нэртэй газар байхгүй. Харин П-н мод бэлтгэсэн газар нь Битүү гэх газар ба ашиглалтын бүсийн ойн санд хамаарна.

6. 190 ширхэг нойтон хэрэглээний мод 12,228 м3, 23 ширхэг хуурай хэрэглээний мод 1,2769 м3, 38 ширхэг нойтон түлээний мод 1,8289 м3 тус тус байна. Нийт 15,3938 м3 мод болно.

Нойтон хэрэглээний мод нь 12,288 м3 х 201778 х 1,8=4463006,5 төгрөг

Хуурай хэрэглээний мод нь 1,2769 м3 х 48098 х 1,8=110549,4 төгрөг

Нойтон түлээний мод нь 1,8289 м3 х 201778 х 1,4=516644,4

Нийт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 5090200,3 төгрөг болж байна гэжээ. /хх-ийн 120-121/

 

Шинжээч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дээрх мод бэлтгэх эрхийн бичгүүдээр П-н нь ойгоос мод бэлтгэж, бэлтгэсэн модоо тээвэрлэж болохгүй. Учир нь тухайн мод бэлтгэх эрхийн бичгүүд нь хугацаа дуусч ашиглагдсан учраас Пүрэвдорж нь ойгоос хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн байна. ...П нь 2018, 2019 онд ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Тухайн моднуудыг ямар нэг зөвшөөрлийн бичиггүй тээвэрлэсэн...” гэжээ. /хх-ийн 130-132/

 

П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны намар 10 сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Нэг өглөө Дорнод аймаг ............ сумын 6 дугаар баг “Б” гэх газарт очиж хашаа саравч барих зорилгоор газар үндсээрээ унасан байсан маш олон моднуудын шар үзүүр хэсгийг дружба гар хөрөөгөөр орой болтол тайрч орхисон. Тэгээд зөөвөрлөх машин олдохгүй байсан учраас тухайн газартаа үлдээгээд явсан. 2019 оны 10 дугаар сарын дундуураас эхлээд “Б” гэх газарт үндсээрээ унасан байсан шар үзүүр модны тайрч орхисон хэсгүүдийг зөөж эхэлсэн. Моднуудыг тээвэрлэхдээ өөрийн эзэмшлийн Портер маркийн ........ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөсөн...” гэжээ. /хх-ийн 138-139/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 7-10, 14-15/

Мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг /хх-ийн 11-13/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-88/

................ сумын эд зүйлийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 89/

Гэрч Ш-н мэдүүлэг /хх-ийн 105-106/

Гэрч Г-н  мэдүүлэг /хх-ийн 109-110/

Гэрч Д.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 116/

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаал, 1 дүгээр хавсралтын хамт /хх-ийн 126-127/

П-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 102-103/

....................сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 140-141/

П-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 144/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч П нь 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ...................сумын 6 дугаар багийн нутаг “Б” гэх газраас хэрэглээний нойтон мод 190 ширхэг, хэрэглээний хуурай мод 23 ширхэг, түлээний нойтон мод 38 ширхэг буюу нийт 251 ширхэг модыг  зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Hyundai Porter маркийн ..... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн хурааж, ойн санд 5,090,200.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч П-н мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б.Төгөлдөр, Б, Б, Ш, Г, Ц,  иргэний нэхэмжлэгч Г нарын мэдүүлэг, Дорнод аймгийн .................. сумын Сум дундын Ойн ангийн инженер шинжээчийн 2020 оны ... дугаар сарын ... -ны өдрийн дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан авсан шинжээч О мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ........... сумын эд зүйлийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр тогтоосон төлбөр хураамжийг төлөхгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн …........... сумын 6 дугаар багийн нутаг “Б” гэх газраас нийт 251 ширхэг модыг бэлтгэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 5,090,200.3 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан байгаль экологид хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч П-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүхээс шүүгдэгч П-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч П нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд 5.090,200.3 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн .............. сумын Сум дундын Ойн ангийн инженер шинжээчийн 2020 оны .... дугаар сарын ....-ны өдрийн “...190 ширхэг нойтон хэрэглээний мод 12,228 м3, 23 ширхэг хуурай хэрэглээний мод 1,2769 м3, 38 ширхэг нойтон түлээний мод 1,8289 м3 тус тус байна. Нийт 15,3938 м3 мод болно. Нойтон хэрэглээний мод нь 12,288 м3 х 201778 х 1,8=4463006,5 төгрөг, хуурай хэрэглээний мод нь 1,2769 м3 х 48098 х 1,8=110549,4 төгрөг, нойтон түлээний мод нь 1,8289 м3 х 201778 х 1,4=516644,4, нийт ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 5090200,3 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч О-н мэдүүлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны ... дугаар сарын ...-ны өдрийн А/.... тоот тушаал зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Г нь П бэлтгэсэн модыг улсын орлого болгох учраас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх боловч шүүгдэгч П-н ойн санд учруулсан хохирол нөхөн сэргэгдээгүй, төлбөр төлөгдөөгүй тул шүүгдэгч П 5,090,200.3 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө ... 7.2.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого, 7.2.4. хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого … эх үүсвэрээс бүрдэнэ” гэж тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан П-н эзэмшлийн 2 сая төгрөгийн үнэлгээтэй, ........ДОА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэглээний нойтон мод 190 ширхэг, хэрэглээний хуурай мод 23 ширхэг, түлээний нойтон мод 38 ширхэг буюу нийт 251 ширхэг модыг тус тус хураах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч П-н ойн санд учруулсан 5,090,200.3 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан П-н эзэмшлийн 2 сая төгрөгийн үнэлгээтэй, ....... ДОА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэглээний нойтон мод 190 ширхэг, хэрэглээний хуурай мод 23 ширхэг, түлээний нойтон мод 38 ширхэг буюу нийт 251 ширхэг модыг тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн болон татвар төлөгчийн гэрчилгээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П-н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-н  550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан П-н эзэмшлийн 2 сая төгрөгийн үнэлгээтэй, ..............ДОА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэглээний нойтон мод 190 ширхэг, хэрэглээний хуурай мод 23 ширхэг, түлээний нойтон мод 38 ширхэг буюу нийт 251 ширхэг модыг хураах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч П-н ойн санд учруулсан 5,090,200.3 /таван сая ерэн мянга хоёр зуун төгрөг гурван мөнгө/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, ...... ДОА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, хэрэглээний нойтон мод 190 ширхэг, хэрэглээний хуурай мод 23 ширхэг, түлээний нойтон мод 38 ширхэг буюу нийт 251 ширхэг модыг тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖА............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн болон татвар төлөгчийн гэрчилгээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.                        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА